125-р хичээл
Сургаал ба Гэрээ 119–120
Оршил
1838 оны зун гэгээнтнүүд умард Миссурид Сүмийг барьж байгуулахаар ажиллаж байхдаа санхүүгийн хүндрэлтэй тулгарчээ. Бошиглогч Иосеф Смит Их Эзэнээс удирдамж эрэлхийлсэн ба 1838 оны 7-р сарын 8-нд Сургаал ба Гэрээ 119, 120-д цэдэглэгдсэн илчлэлтүүдийг хүлээн авсан байна. Их Эзэн эдгээр илчлэлтдээ аравны нэгийн хуулийн талаар зааж, тодорхой хэдэн Сүмийн удирдагчид аравны нэгийн санг зохицуулах эрх мэдэл өгсөн.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 119:1–4
Их Эзэн аравны нэгийн хуулийг илчлэв
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах түүхийг чанга уншихад урь.
“Бразилийн Сан-Паулод амьдардаг эмэгтэй гэр бүлээ тэжээхийн тулд сургуульд сурангаа ажил хийдэг байжээ. Би уг түүхийг түүний өөрийнх нь үгээр ярья. Тэр ингэж ярьсан юм.
‘Миний сурч байсан их сургуульд өртэй оюутнуудыг шалгалт өгөхийг хориглодог байв.
Би нэг үе санхүүгийн хүнд байдалд орсноо … санадаг. Төлөвлөсөн мөнгөө бодож үзтэл аравны нэг, сургалтын төлбөр хоёроо хоёуланг нь төлөх мөнгө хүрэлцэхгүй байсан учраас аль нэгийг нь төлөхөөр сонгох хэрэгтэй болов. Би аль нэгийг нь сонгох хэрэгтэй байв. Хоёр сар тутам өгдөг шалгалт дараагийн долоо хоногт эхлэх байсан ба хэрэв би шалгалтуудаа өгөхгүй бол тэр хичээлийн жилд цааш суралцах боломжгүй байлаа. Би сэтгэлээр унаж, … гутрав. … Миний өмнө хүндхэн шийдвэр тулгараад байсан ба би ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байлаа’” (“We Walk by Faith,” Ensign, 2002 оны 5-р сар, 73).
-
Та үүнтэй адил нөхцөл байдалд байгаа хүнд юу гэж хэлэх байсан бэ?
Нэг суралцагчийг түүхийн үргэлжлэлийг уншихад урь.
“Энэ зовнил миний бодгалийг [хэдэн өдрийн туршид] эзэмдсэн юм. Тэгээд би гэнэт, баптисм хүртэх үедээ аравны нэгийн хуулиар амьдарна гэж зөвшөөрснөө санав. Миний энэхүү амлалт зөвхөн номлогчдод хамаатай биш, харин Тэнгэрлэг Эцэгт миний өгсөн амлалт юм. Яг энэ үед, сэтгэлийн шаналгаа арилж, оронд нь амар амгалан, шийдвэр төгс байх мэдрэмж төрж билээ. …
Тэр шөнө би Их Эзэнээс шийдэмгий бус байдлынхаа төлөө уучлалт гуйсан. Ням гарагт … би агуу их талархлаар аравны нэг болон өргөлөө төлсөн. Тэр өдөр онцгой өдөр байсан. Би дотроо мөн Тэнгэрлэг Эцэгтэй хамт аз жаргалтай, амар амгалан байлаа’“(“We Walk by Faith,” 73).
Суралцагчдаас энэ нөхцөл байдалд хэрхэн хандах байснаа тунгаан бодохыг хүс. Суралцагчдыг үүнтэй адил нөхцөл байдал тулгарах үед туслах зарчмуудыг өнөөдрийнхөө судар судлах цагаараа олж мэдэхэд урь.
1837 оны эхэнд Сүм болон гишүүд ч маш хүнд санхүүгийн асуудлуудтай тулгарсан гэдгийг тайлбарла. Эдгээр санхүүгийн асуудал нь үндэсний эдийн засгийн уналт, гэгээнтнүүдийг гэр орноос нь хөөсөн Миссури болон Огайо дахь дээрэмчдийн хүчирхийлэл, зарим гэгээнтний өргөлийн хуулийн дагуу амьдрах хүсэлгүй байсан зэргээс болсон юм. 1838 он гэхэд Миссуригийн Колдвэлл гүнлэгт илүү олон гэгээнтэн цугларахын хэрээр Фар Вестэд ариун сүм барих зэрэг Их Эзэний тэдэнд зарлигласан зүйлийг гүйцэлдүүлэхийн тулд Сүмд мөнгө хэрэгтэй байв. Огайо болон Миссури дэх бишопууд аравны нэг болон өргөлөө агуулахад авчрахад гэгээнтнүүдийг урамшуулан дэмжиж байлаа.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 119-ийн хэсгийн оршлыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иосеф Смит тэр үед юу гэж асуусныг олж мэдэхийг хүс.
-
Иосеф Смит Их Эзэнээс юу гэж асуусан бэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 119:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иосеф Смитийн хүсэлтэд өгсөн Их Эзэний хариултыг олж мэдэхийг хүс.
-
4-р шүлэгт цэдэглэснээр, аравны нэг гэж юу вэ? (Суралцагчид дараах зарлигийг олж тогтоох ёстой. Их Эзэн биднийг орлогынхоо арав хуваасны нэг хэсгийг аравны нэгт төлөх ёстой хэмээн зарлигласан. Та энэ зарлигийг самбар дээр бичиж болно.)
4-р шүлэг дэх ашгийнхаа гэдэг үгийн утгыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Энэ хууль нь ‘тэдний бүх ашгийн аравны нэг’ хэмээн энгийнээр заагдсан. Ашиг гэдэг нь ашиг орлого, цалин хөлс, нэмэгдэл гэсэн утгатай байдаг. Энэ нь ажил хийсэн хүний цалин, бизнесийн үйл ажиллагааны ашиг, өсөн нэмэгдэж эсвэл үйлдвэрлэж буй ямар нэг зүйлийн өсөн нэмэгдэл эсвэл бусад эх сурвалжаас авч буй орлого байдаг. Их Эзэн энэ нь өнгөрсөн цаг үед байсны нэг адилаар ‘үүрд’ байх болно” хэмээн хэлжээ (Conference Report, 1964 оны 4-р сар, 35-д).
-
Их Эзэн аравны нэгээ төлөхөд хэцүү байсан тэр үед гэгээнтнүүдэд аравны нэгээ төлөхийг зарлигласнаас та юу мэдэж авч байна вэ?
-
Аравны нэгээ төлөх нь ямар байдлаар итгэлийн үйлдэл болдог вэ?
Суралцагчдад аравны нэгээ хэрхэн төлөхийг ойлгоход нь туслахын тулд Аравны нэг ба бусад өргөлийн маягтыг үзүүл. Суралцагчдыг саяхан мөнгөтэй болсон гэж төсөөлөхийг хүс. Нэг суралцагчийг хэр их мөнгө төсөөлснөө хэлэхийг хүс.
-
Ийм хэмжээний мөнгөнд хэдэн төгрөгийн аравны нэг төлөх ёстой вэ?
Аравны нэгийн дүнг маягтан дээрх зохих хэсэгт бичээд, дараах асуултыг тавь.
-
Хэрэв бид маягтан дээрх өөр өөр хандивын төрлүүдэд өөрсдийн орлогын аравны нэгийг хуваавал аравны нэгээ бүрэн төлж байна уу? (Тэдний орлогын аравны нэг нь аравны нэг хэсэгт бичигдэх ёстой гэдгийг суралцагчид ойлгосон эсэхийг шалга.) Тэдний бусад санд хандивлаж буй аливаа хандивууд нь тэр арван хувиас тусдаа байдаг.)
Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Аравны нэгийн сан хэрхэн ашиглагддаг талаарх өөрсдийн ойлгосныг нэг нэгэндээ тайлбарлахыг тэднээс хүс. Дараа нь тэднийг Сургаал ба Гэрээ 119:2 дахь Их Эзэний өгсөн тайлбарыг уншихад урь.
-
2-р шүлэгт цэдэглэснээр, аравны нэгийн санг юунд ашигладаг вэ? (Аравны нэгийг “[Их Эзэний] өргөө буюу [ариун сүмүүдийг барихад]”, мөн “Сионы суурийг тавихад болон санваарт зориулан” [цуглааны байруудыг барих болон арчилж засварлах, судруудыг орчуулж, хэвлэх, мөн дэлхий даяарх номлолын болоод гэр бүлийн түүхийн ажлыг дэмжих зэрэг Их Эзэний ажлын бусад хэсгийг санхүүжүүлэхэд] ашигладаг. Өнөөдөр Сүмд ямар нэгэн өр байхгүй гэдгийг та тайлбарлаж болно. Дараах үнэнийг самбар дээр бич. Аравны нэгийн сан ариун сүмүүдийг барихад мөн Их Эзэний ажлыг гүйцэтгэхэд ашиглагддаг.)
Сургаал ба Гэрээ 119:5–7
Их Эзэн аравны нэгийн хуулийг тайлбарлав
Жүжигчилсэн тоглолтод оролцох хоёр суралцагчийг урь. Нэг суралцагчид Сүмийн итгэлтэй гишүүний дүрд мөн өөр нэг суралцагчид Сүмийн гишүүн бус хүний дүрд тоглохыг даалга. Хоёр дахь суралцагчид дараах асуултыг бичсэн цаас өг. Би чамайг орлогынхоо 10 хувийг сүмдээ өгдөг гэж сонссон. Та нар яагаад ийм зүйл хийдэг юм бэ?
Хоёр дахь суралцагчийг энэ асуултыг чанга уншихад урьж, нэг дэх суралцагчийг асуултад хариулахад урь. Тэднийг жүжигчлэн тоглосны дараа ангийнхнаас хэрхэн хариулах байсныг асуу. Энэ асуултад олон сайн хариулт байгаа гэдгийг онцол.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 119:6–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас аравны нэгийн хуульд дуулгавартай байснаар юу гүйцэлддэгийг олж мэдэхийг хүс.
-
6-р шүлэгт цэдэглэснээр, аравны нэгийн хуулийг дуулгавартай дагаснаар юу гүйцэлддэг вэ? (Сионы нутгийг Их Эзэнд ариусгах.)
Суралцагчдад энэ шүлгийг ойлгоход нь туслахын тулд ариусгагдах гэдэг нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглээс чөлөөлөгдөж, цэвэр, ариун болохыг хэлж байгаа гэдгийг тайлбарла. Үүнээс гадна, Сион нь бодит газраас илүү зүйл гэдгийг суралцагчдад сануул; энэ нь “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” (С ба Г 97:21) хүмүүс юм.
Суралцагчдыг аравны нэгийн хуульд дуулгавартай байснаар ирэх үр нөлөөнүүдийг өөрсдийнхөө үгээр нэгтгэн дүгнэж хэлэхэд урь. Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Аравны нэгээ төлөх нь биднийг хувь хүн болон Сүмийн хувьд ариусгадаг. Энэ зарчмыг самбар дээр бич. Та суралцагчдад энэ зарчмыг судрынхаа зайд бичихийг зөвлөж болно.
Суралцагчдад уг зарчмын ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд нь туслахын тулд тэднээс дараах асуултуудын аль нэгэнд хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихийг хүс.
-
Аравны нэгээ төлөх нь хэрхэн танд ариусгагдахад тусалж байгаа вэ?
-
Аравны нэгээ төлөх нь бусдад ариусгагдахад ямар арга замаар тусалдаг гэж та бодож байна вэ?
Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөн хэдэн суралцагчийг бичсэн зүйлээ тайлбарлахад урь. Та мөн өөрийнхөө туршлагыг хуваалцаж, аравны нэгийн хуулийн талаарх гэрчлэлээ хуваалцаж болно.
Сургаал ба Гэрээ 120
Их Эзэн аравны нэгийн хуваарилалтыг хариуцах зөвлөлийг зохион байгуулав
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 120-ийн оршлыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, энэ илчлэлтийн зорилгыг олж мэдэхийг хүс.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 120:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн аравны нэгийн сангийн захиран зарцуулалтыг шийддэг зөвлөлд хэн хэн байхыг сонгосон болохыг олж мэдэхийг хүс.
-
Хэн аравны нэгийн санг хэрхэн захиран зарцуулахыг шийддэг вэ?
Та Сургаал ба Гэрээ 120-д дурдсан зөвлөл нь Сүмийн бүхий л төлбөр тооцоо, зарцуулалтыг хянах үүрэгтэй байдаг гэдгийг тайлбарлаж болно. Уг зөвлөлийг одоогоор Аравны нэгийг захиран зарцуулах зөвлөл гэж нэрлэдэг ба энэ нь Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга, Тэргүүлэх бишопын зөвлөлөөс бүрддэг.
-
Сургаал ба Гэрээ 120:1-д цэдэглэснээр, уг зөвлөлийн гишүүд аравны нэгийн санг яаж зарцуулахыг хэрхэн шийддэг вэ? (Аврагчийн “тэдэнд хандах … дуу хоолойгоор.” Өөрөөр хэлбэл, илчлэлтээр.)
Энэ илчлэлт нь аравны нэгийн санг хэн удирддаг талаар юу зааж байгааг өөрсдийн үгээр нэгтгэн дүгнэхэд суралцагчдыг урь. (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Их Эзэн Өөрийн сонгосон үйлчлэгчдээр дамжуулан аравны нэгийн сангийн захиран зарцуулалтыг удирддаг.)
Энэхүү зарчим өнөөдөр Сүмд хэрхэн хэрэгжиж байгааг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд тойрог эсвэл салбар бүр цуглуулсан аравны нэгийн сангаа Сүмийн удирдах газар руу илгээдэг гэдгийг тайлбарла. Орон нутгийн удирдагчид энэ ариун сан хэрхэн захиран зарцуулагдахыг шийддэггүй. Аравны нэгийг захиран зарцуулах зөвлөл Их Эзэний удирдамжаар эдгээр шийдвэрийг гаргадаг.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Аравны нэгийг захиран зарцуулах зөвлөл аравны нэгийн санд гүн хүндэтгэлтэй ханддаг талаар ярихдаа:
“Намайг олон жилийн өмнө Иерусалимд байхад маань өгсөн бэлэвсэн эмэгтэйн зоос надад бидний хариуцдаг сангуудын ариун байдлыг байнга сануулдаг ба би үүнийг албан тасалгааныхаа ширээний ар талын ханын шүүгээнд хадгалдаг юм. Бэлэвсэн эмэгтэй тэдгээрийг өгсөн ба тэдгээр нь баян залуугийн аравны нэгтэй адил өргөл юм. Тэдгээрийг Их Эзэний зорилгын төлөө анхаарал, болгоомжтой захиран зарцуулах ёстой. Бид тэдгээрт болгоомжтой хандаж, тэдгээрийг хамгаалдаг ба Их Эзэн Өөрийнхөө ажлыг мөн хүмүүсийн сайн сайхныг бүтээн байгуулахын төлөө захиран зарцуулах байснаар тэдгээрийг захиран зарцуулж байгаа эсэхээ мэдэхийн тулд бүхий л арга замаар хичээдэг” хэмээжээ (“This Thing Was Not Done in a Corner,” Ensign, 1996 оны 11-р сар, 50).
Суралцагчдыг аравны нэгийн хуулийн тухай ямар нэгэн нэмэлт ойлголт эсвэл гэрчлэлээ хуваалцахад урь.