Институт ба семинар
156-р хичээл: Сүмийн байгууллагууд ба хөтөлбөрүүд


156-р хичээл

Сүмийн байгууллагууд ба хөтөлбөрүүд

Оршил

Сүм үргэлжлүүлэн өргөжин дэвжихийн хэрээр Их Эзэн Сүмийн удирдагчид ба гишүүдийг гэгээнтнүүдийг адислах байгууллагууд болон хөтөлбөрүүдийг Сүм дотор хэрэгжүүлэхээр урамшуулжээ. Эдгээр байгууллага, хөтөлбөрийн зарим нь анх байгуулагдахдаа тийм ч чухал хэрэгтэй байгаагүй ч Сүм хөгжин дэвжихийн хэрээр тэдгээр нь Их Эзэний хүүхдүүдийн авралын төлөөх ажилд амин чухал болсон.

Заах зөвлөмж

Сүмийн байгууллага, хөтөлбөрүүд биднийг бэлтгэж, мөнх амьдрал өөд өсөж дэвжихэд тусалдаг

Суралцагчдаас найз нь Залуу эмэгтэйчүүдийн цуглаан болон үйл ажиллагаанууддаа явахыг хүсэхгүй байна гэж төсөөлөхийг хүссэнээр хичээлээ эхэл. Тэр тэдгээр нь хөгжилтэй биш, бас цагийн гарз гэж хэлдэг.

Энэ жишээг танилцуулсныхаа дараа, суралцагчдаас энэ найздаа Залуу эмэгтэйчүүдийн цуглаан болон үйл ажиллагаануудын зорилгыг ойлгоход нь туслахын тулд юу гэж хэлж болохыг дотроо бодохыг хүс.

  • Залуу эрэгтэйчүүд ба залуу эмэгтэйчүүдийн байгууллагуудын зорилгыг та нар юу гэж хэлэх вэ?

  • Байгууллагынхаа зорилгыг мэдэх нь үүний нэг хэсэг болсон хүмүүст хэрхэн тусалдаг вэ?

Суралцагчдыг Мосе 1:39-ийг дотроо чимээгүй уншаад, Тэнгэрлэг Эцэгийн хийдэг бүх зүйл дэх зорилгыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс. Та үхэшгүй байдал гэдэг нь амилсан байдалд мөнхөд амьдрах нөхцөл байдлыг хэлдгийг суралцагчдад сануулж болно. Есүс Христийн Цагаатгалаар энэ амьдралдаа ёс бус эсвээс зөв шударга байснаас үл хамааран бүх хүн амилуулагдана. Мөнх амьдрал бол Бурхантай адилхан болж, гэр бүлээрээ Түүний оршихуйд мөнхөд амьдрахыг хэлдэг. Үхэшгүй байдлын адил, мөнх амьдрал нь Есүс Христийн Цагаатгалаар боломжтой болдог. Гэсэн хэдий ч, энэ нь түүнчлэн ‘сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай’ (Итгэлийн тунхаг 1:3) байхыг шаарддаг.

  • Хэрэв Бурханы зорилго үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг Өөрийн хүүхдүүдэд тохиолгон авчрах юм бол Сүмийн зорилго юу вэ?

(Суралцагчдыг хариулсны дараа, дараах үнэнийг самбар дээр бич. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд мөнх амьдралыг тохиолгон авчрахад Түүнд тусалдаг.) Дараа нь асуу.

  • Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд үхэшгүй байдал, мөнх амьдралыг тохиолгон авчрахын төлөө Сүмийн тусалдаг зарим арга зам юу вэ?

Сүм нь биднийг мөнх амьдрал өөд дэвжихэд туслах санваарын хавсралт бүлгүүд гэж нэрлэгддэг хэд хэдэн байгууллагатай гэдгийг тайлбарла. Суралцагчдаас тэдний заримыг нэрлэхийг хүс. (Хариултуудад Халамжийн нийгэмлэг, Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг ба Ням гаргийн анги мөн гэр бүлийн үдэш, шашны семинар болон институт зэрэг хөтөлбөр багтаж болно.)

Суралцагчдад Сүмийн зохион байгуулалт ба хөтөлбөрүүд бидэнд хэрхэн сайн мэдээнд хөгжиж, үүнээс суралцахад тусалдгийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрийн хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь. Энэ мэдэгдэл нь хэдийгээр шашны семинар болон институтын талаар хэдий ч зааж байгаа зарчим нь Сүмийн бусад хавсралт бүлэг, хөтөлбөрүүдэд түүнчлэн хамаарч болохыг тайлбарла.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Эдгээр хөтөлбөр чухал хэрэгцээтэй байх үедээ бус харин сайн сайхан байхад нь эхэлсэн юм. Тэдэнд цэцэглэх мөн Сүмийн харуул хамгаалалт болон өсөж дэвжих хугацаа өгөгдсөн. Тэд одоо хамгийн бэрх цагт орчин үеийн Израилын авралын төлөөх тэнгэрийн хишиг болцгоожээ” (“Teach the Scriptures” [СБС-ийн шашны багш нарт хандаж хэлсэн үг, 1977 оны 10-р сарын 14], 3, LDS.org).

  • Семинар та нарыг амьдралын зарим бэрхшээлд хэрхэн бэлдсэн бэ?

тараах материал шигтгээ зурагИх Эзэн биднийг амьдралын бэрхшээлүүдэд бэлтгэж мөн мөнх амьдрал өөд өсөж дэвжихэд туслахын тулд Сүмд олон хөтөлбөр болон байгууллагуудыг сүнслэгээр удирдан байгуулсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сүмийн байгууллагууд болон хөтөлбөрүүдийн заримаас хүлээн авсан тусламжаа ярилцахад туслахын тулд ангийг зургаан бүлэгт хуваа. Бүлэг бүрд дараах асуултуудын хуулбарыг (эсвэл тэдгээрийг самбарт бич) болон дараах түүхэн дүгнэлтийг өг. Суралцагчдыг дүгнэлтүүдийг бүлгүүддээ судалж, асуултуудад хариулахад бэлтгэхийг хүс.

Энэ байгууллага эсвэл хөтөлбөр хэрхэн эхэлсэн бэ?

Энэ нь биднийг өнөөдрийн сорилт, бэрхшээлүүдтэй нүүр тулахад хэрхэн бэлтгэдэг гэж та нар бодож байна вэ?

Энэ нь биднийг мөнх амьдрал өөд өсөж дэвшихэд хэрхэн тусалдаг гэж та нар бодож байна вэ?

Ням гаргийн хичээл

1849 онд Ричард Баллантин гэдэг нэртэй Сүмийн гишүүн хүүхдүүдэд Хүндэтгэлийн өдөр сайн мэдээнээс суралцах орчин хэрэгтэй байгааг мэдэрчээ. Их Британи дахь гэгээнтнүүд аль хэдийн Ням гаргийн анги хичээллүүлж байсан ба Баллантин ах анхны Ням гаргийн ангийг Ютад өөрийн Солт Лэйк хотын тойрогт 1849 оны 12-р сард эхлүүлэв. Үүний дараахан бусад тойрог бүгдээрээ өөрсдийн сургалтын хөтөлбөрийн дагуу адил хичээлүүдийг явуулж эхэлсэн байна. 1867 онд Сүмийн удирдагчид нэгдсэн сургалтын хөтөлбөр бүхий Дезерет Ням гаргийн хичээлийн холбоог зохион байгуулжээ. 1870 он гэхэд Ням гаргийн 200 гаруй анги зохион байгуулагдсан байв. Өнөөдөр тойрог, салбарууд хэд хэдэн Ням гаргийн ангитай болсон байна.

Залуу эмэгтэйчүүд

Ерөнхийлөгч Бригам Янг 1869 оны 11-р сарын 28-нд гэртээ охидтойгоо уулзаад, үеийнхэндээ сайн мэдээний гэрчлэлтэй болоход, хувцаслалт болон үйлдэлдээ даруу байхад мөн дэлхийн хандлагууд ба шинж чанараас зайлсхийхэд туслах удирдагчид байхыг тэднээс хүсжээ. 1870 онд залуу эмэгтэйчүүдийн албан ёсны байгууллага эдгээр зорилтод дэмжлэг үзүүлэхээр зохион байгуулагдсан. Энэ байгууллага Залуу эмэгтэйчүүдийн Мючел хөгжлийн холбоо (ЗЭмМХХ) гэгдэх болсон бөгөөд хожим нь Залуу эмэгтэйчүүд гэдэг нэртэй болсон. 1970-аад оны эхээр удирдагчид Хувийн хөгжил дэвшил хөтөлбөрийг танилцуулсан. 1985 онд тэд Залуу эмэгтэйчүүдийн эрхэмлэх чанар болон загварыг танилцуулав.

Залуу эрэгтэйчүүд

Залуу эрэгтэйчүүдийн Мючел хөгжлийн холбоо (ЗЭрМХХ) 1875 оны 6-р сарын 10-нд ерөнхийлөгч Бригам Янгийн удирдлаган доор байгуулагдсан. Энэ байгууллага нь залуу эрэгтэйчүүдийг сүнслэгээр мөн оюуны чадавхаа хөгжүүлэхэд туслахаас гадна зугаатай үйл ажиллагаануудаар хангах зорилготой байсан юм. 1913 оноос Сүм Нэгдсэн Улсад Америкийн скаут хөвгүүдтэй хамтран ажиллах болжээ. Олон улсын хувьд боломжтой газрууддаа Скаутын бусад хөтөлбөртэй хамтран ажиллах болов. Байгууллагын нэр ч өөрчлөгдсөн бөгөөд эхлээд Аароны санваар–МХХ, тэгээд Аароны санваар, дараа нь Залуу эрэгтэйчүүд болжээ. 2001 онд Сүмийн удирдагчид Бурханы өмнө хүлээсэн үүрэг хөтөлбөрийг танилцуулав.

Хүүхдийн хэсэг

1877 онд Аурилиа Спэнсэр Рожэрс ‘өдөр шөнөгүй хотоор хөндлөн гулд чөлөөтэй гүйлддэг хөрш хөвгүүдийнхээ биеэ авч яваа байдлын талаар ямар нэгэн зүйл хийх ёстой гэж маш хүчтэй мэдэрчээ. Тэрээр эдгээр хүүхдийн олонход нь [тэднийг бэлтгэх] үндсэн зарчим болон эрхэмлэх зүйлс бас сайн мэдээг урагшлуулах мэдлэг эсвэл зан чанар эсвэл бүр сайн эцэг эх эсвэл иргэд байх зүйлс заагдахгүй байгааг мэдэрчээ” (“History of Primary,” lds.org/callings/primary/getting-started/history-of-primary). Тэр тухайн үедээ Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Элиза Р.Снөүтэй уулзсан бөгөөд тэд ерөнхийлөгч Жон Тейлороос бишоп Жон Хэссийн удирдлаган доор Ютагийн Фармингтонд Хүүхдийн хэсэг байгуулах зөвшөөрөл авсан байна. 224 хүүхдээс бүрдсэн Хүүхдийн хэсгийн хамгийн анхны цуглаан 1878 оны 8-р сарын 25-нд болов. 1880 онд Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч дуудагдан, Хүүхдийн хэсгийн ангиуд тойрог бүрд байгуулагдаж эхэлжээ.

Шашны семинар болон институт

1888 онд Сүм Боловсролын ерөнхий зөвлөл болон Сүмийн сургуулиудыг байгуулж, Сүмийн сургуулиудад хамрагдаагүй хүмүүст зориулан шашны боловсролтой болоход нь зориулж сүнслэг сууриар хангах шашны ангиудыг бий болгожээ. 1912 онд профессор, Сүмийн гишүүн Жозеф Ф.Мэррилл улсын сургуульд явдаг сурагчдыг хичээлийнх нь өдрийн нэг хэсэг болгон шашны ангиудад хамрагдах боломжтой болгох санал дэвшүүлэв. Үүнийг семинар гэж нэрлэсэн бөгөөд анхны ангиуд нь Ютагийн Солт Лэйк хот дахь Гранит ахлах сургуулийн дэргэд 70 суралцагчтай хичээллэдэг байлаа. Семинарын хөтөлбөр өргөжиж эхлэх үед, коллежийн насны залуучуудад зориулан үүнтэй адил хөтөлбөр зохион байгуулсан юм. Үүнийг Хожмын үеийн гэгээнтний шашны институт гэж нэрлэсэн бөгөөд анхны институтийн анги Айдахогийн Москвад 1926 онд эхэлжээ. 1950-аад оны эхээр өглөөний семинарын хөтөлбөр Калифорнид эхэлсэн бөгөөд гэрээр суралцах семинарын хөтөлбөр 1960-аад онд эхэлж, шашны семинар болон институт дэлхий даяар өргөжин тэлсээр байна.

Гэр бүлийн үдэш

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Сүмийн хөтөлбөрүүд нь ’гэр орондоо заагдаж буй бидний сургаалууд болон сургалтад нэмэлт хөтөлбөр болох ёстой. Хэрэв гэр орны орчин, жишээ, сургалтууд нь Христийн сайн мэдээний үнэнтэй нийцэж байх юм бол зуун хүүхдийн нэг нь ч төөрөн одохгүй’ хэмээн заажээ (“Worship in the Home,” Improvement Era, 1903 оны 12-р сар, 138). 1909 онд Ютагийн Солт Лэйк хот дахь Гранит гадас ерөнхийлөгч Смитийн сүнслэгээр нөлөөлөгдсөн хэмээн хэлсэн долоо хоног тутмын гэр бүлийн үдшийг хийж эхэлсэн байна. 1915 онд Тэргүүн Зөвлөл сар тутмын гэр бүлийн үдшийг Сүм даяар хийхийг санал болгожээ. Тэргүүн Зөвлөл: ’Хэрэв гэгээнтнүүд [гэр бүлийн үдшийг хийх] энэ зөвлөгөөг дуулгавартай дагавал үр дүнд нь агуу адислалууд ирэх болно гэдгийг бид амлаж байна’ хэмээн амлажээ. Ингэснээр гэр орон дахь хайр болон эцэг эхдээ дуулгавартай байх явдал өсөн нэмэгдэх болно. Израилын өсвөр үеийнхний зүрх сэтгэл дэх итгэл өсөж, тэд тойрон хүрээлэх хилэнцэт нөлөө, уруу таталтуудтай тэмцэх хүч чадлыг олж авах болно’ (Жэймс Р.Кларкийн хураангуйлал, Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6-р боть. [1965–1975], 4:339). Тавин жилийн дараа, Сүм гэр бүлүүдэд долоо хоног тутмынхаа сайн мэдээний заавар болгон ашиглах зорилгоор гэр бүлүүдэд зориулан гарын авлагууд хэвлэн гаргасан. 1970 онд Сүмийн удирдагчид даваа гаргийн оройг гэр бүлийн үдэшт зориулан тогтоосон бөгөөд тэр үдэш Сүмийн бусад үйл ажиллагаа зохиогдохгүй хэмээн зарлажээ.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, бүлэг бүр дэх суралцагчдыг оногдсон байгууллага хийгээд хөтөлбөрийг нэгтгэн дүгнэж, ярилцсан асуултуудынхаа хариултуудыг тайлбарлахыг хүс.

Сүмийн байгууллага, хөтөлбөрүүд анх тус тусдаа ажиллаж байсныг тайлбарла. Сүм 1950-аад оны үед эрс өргөжин тэлж байсан учраас Сүмийн удирдагчид Сүмийн байгууллагууд Сүмийн зорилгуудтай хэрхэн нийцэж байгааг дүгнэх хэрэгтэй байгааг олж ажиглажээ. Тэд удирдах болон сургалтын хөтөлбөрийг сонгохдоо аль алинд нь Сүмийн бүх байгууллага, хөтөлбөрийг нэгтгэж мөн уялдуулан зохицуулахаар шийдсэн. Эдгээр өөрчлөлт нь Сүмийн өсөн нэмэгдэх хэрэгцээг цогц байдлаар илүү сайн хангах, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэхэд байгууллага, хөтөлбөрүүдэд тус нэмэр болжээ. Энэ харилцан уялдаатай хүчин чармайлт дор Сүмийн бүх байгууллага санваарын удирдах түлхүүрүүдийг атгадаг санваарын удирдагчдын удирдлагаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн дараах мэдэгдлийг уншихад урь.

Ахлагч Брүс Р.Макконки

“Харилцан уялдаа гэдэг нь Сүмийн засаг захиргааны тогтолцоо Сүмийн бүх хөтөлбөрийг нэг гол цэгт авчран, нэгэн багц болгон боогоод, нэг хөтөлбөр мэт ажиллуулж, энэ ажиллагаандаа Сүмийн бүх гишүүнийг оролцуулан, энэ бүгдийг санваарын удирдлаган доор хийхийг хэлдэг” (Let Every Man Learn His Duty [товхимол, 1976], 2).

Самбар дээр дараах зарчмыг бич. Бид Сүмийн байгууллага, хөтөлбөрүүдэд оролцсоноор тэдгээрээр дамжуулан боломжтой болсон адислалуудыг авдаг. Тэгээд дараах асуултуудыг самбар дээр бичээд, суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулахад урь.

Сүмийн байгууллагууд болон хөтөлбөрүүд та нарын амьдралыг хэрхэн адисалсан бэ? Бурханы өмнө хүлээсэн үүрэг болон Хувийн хөгжил дэвшил та нарын амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Та нар Залуу эрэгтэйчүүд эсвэл Залуу эмэгтэйчүүдэд хэрхэн илүү бүрэн дүүрэн оролцож чадах вэ? Ням гаргийн хичээлд? Гэр бүлийн үдэшт? Семинарт?

Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөн суралцагчаас бичсэн зүйлээ хуваалцахыг хүс. Та түүнчлэн Сүмийн байгууллагууд нь таны амьдралыг адисалж мөн таныг болон таны гэр бүлийг мөнх амьдрал өөд өсөн дэвжихэд хэрхэн тусалсан тухай бодлоо хуваалцаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Семинарын ач холбогдол

Ерөнхийлөгч Томас С.Монсон семинарын ач холбогдлыг тодорхойлов.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Ням гаргийн цуглаануудад сууж, бусад өдөр болдог үйл ажиллагаануудад оролцохоос гадна өглөө эрт эсвэл чөлөөт цагаар болдог семинарт хамрагдах боломжийг ашиглаарай. Та нарын ихэнх нь семинарт явж байгаа. Семинараас хэр их зүйл сурах эсэх нь та нарын хандлага, сурах хүслээс шалтгаална. Та нарын хандлага даруу байж, суралцах хүсэлтэй байх болтугай. Өсвөр насандаа өглөөний семинарт суух боломжтой байсандаа би үргэлж талархдаг төдийгүй энэ нь гэрчлэлээ өсгөхөд минь хамгийн ихээр тусалсан юм. Семинар амьдралыг өөрчилж чадна” (“Believe, Obey, and Endure,’ Ensign, эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 128).