Институт ба семинар
103-р хичээл: Сургаал ба Гэрээ 99–100


103-р хичээл

Сургаал ба Гэрээ 99–100

Оршил

1832 оны 8-р сарын 29-нд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 99-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Уг илчлэлтэд Их Эзэн Жон Мурдокийг номлогчоор үргэлжлүүлэн үйлчлэхээр дуудсан. Иосеф Смит Сургаал ба Гэрээ 100-д цэдэглэгдсэн илчлэлтийг 1833 оны 10-р сарын 12-нд Сидней Ригдоны хамт Нью-Йоркт номлогчоор үйлчилж байх үедээ хүлээн авсан ажээ. Энэ илчлэлтээр Их Эзэн тэдэнд Огайод буй гэр бүлүүд нь сайн байгаа гэсэн баталгааг өгсөн юм. Их Эзэн бас Миссурид хавчигдан зовж байгаа гэгээнтнүүдийн талаар тэднийг тайтгаруулсан.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 99

Их Эзэн Жон Мурдокийг сайн мэдээг тунхаглуулахаар дуудав

Сүмийн гишүүн бус найз чинь яагаад хэн нэгэн өөрийнхөө амьдралын 2 жилийг эсвэл 18 сарыг номлолд үйлчлэхэд зориулдаг талаар тэднээс асуусан хэмээн төсөөлөн бодоход суралцагчдыг урь.

  • Та нар түүнд юу гэж хариулах вэ?

Жон Мурдок гэдэг хүний талаарх дараах мэдээллийг нэг суралцагчаас чангаар уншихыг хүс. Их Эзэнд үйлчлэхийн тулд Жон Мурдок ахын гаргасан золиослолын талаар сонсохыг суралцагчдаас хүс.

Жон Мурдок олон сүмийг сонирхсон бөгөөд эцэст нь бүх шашин замаа алджээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байжээ. Гэсэн ч, тэрээр 1830 оны сүүлчээр Мормоны Номыг уншаад, Ариун Сүнс үүний үнэнийг гэрчлэхийг мэдэрчээ. Тэр 1830 оны 11 сарын 5-нд баптисм хүртсэн юм. Үүнийхээ дараахан нь тэрээр номлолд үйлчилж, Огайогийн Оранж болон Огайогийн Варренсвиллд 4 сарын дотор 70 орчим хүнд баптисм хүртээжээ.

1831 оны 4-р сарын 30-нд, Мурдок ахыг номлолоосоо ирсний дараахан, эхнэр Жулиа нь хоёр ихэр хүүхдээ төрүүлээд нас барсан байна. 1831 оны 6-р сард Их Эзэн түүнийг Миссури руу дуудсан бөгөөд аян замынхаа туршид сайн мэдээг тунхаглахыг хүсжээ (С ба Г 52:8–9-ийг үзнэ үү). Тэрээр явахаасаа өмнө 7 хүртэлх насны 5 хүүхэд нь халамжинд байх эсэхийг анхаарах хэрэгтэй байлаа. Тэр том хүүхдүүдээ хэдэн хүний халамжинд захиж үлдээсэн бөгөөд 2 нялх ихрийг нь Иосеф, Эмма Смит хоёр үрчилж авчээ. 1831 оны эцсийн саруудад, 1832 оны эхний хагаст Жон Мурдок Мичиган, Индиана, Миссури, Огайогийн нутаг дэвсгэрт номложээ. Тэрээр 1832 оны 6-р сард Огайогийн Хайрамд эргэж ирэхдээ удаан өвдсөн өвчнөөсөө шаналж байв. Тэр хоёр ихрийн нэг нь өвчтэй байсан ба Иосеф Смит рүү дайрсан дайралтын үеэр хүйтэнд даарснаас болж, хүндрэн нас барсан болохыг олж мэджээ.

  • Жон Мурдокийн энэ түүхээс юу нь таны сэтгэлийг хөндөж байна вэ?

Сургаал ба Гэрээ 99-д цэдэглэгдсэн илчлэлтийг Иосеф Смит 1832 оны 8-р сарын 29-нд, Мурдок ахыг хоёр дахь номлолоосоо гэртээ ирээд хоёр сар орчим болж байхад хүлээн авсан болохыг тайлбарла.

Сургаал ба Гэрээ 99:1-ийг дотроо уншихад суралцагчдыг урьж, Их Эзэн Мурдокийг юу хийлгэхээр дуудсаныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Жон Мурдокоор юу хийлгэхээр дуудсан бэ?

  • Энэ номлолын дуудлага Мурдок ахын итгэл болон дуулгавартай байдлыг хэрхэн сорьсон байж болох вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 99:2–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Их Эзэн Жон Мурдокт юу амласныг олж мэдэхийг хүс.

  • Бид 2–3-р шүлгээс ямар сургаал болон зарчмуудыг сурч болох вэ? (Суралцагчдын хариултууд дараахыг багтааж болно. Бид номлолд үйлчлэх үедээ Их Эзэнийг төлөөлдөг. Энэ нь Их Эзэний төлөөлөгчдийг хүлээн авч, дагах үедээ Түүнийг хүлээн авч дагаж байгаа хэрэг юм.)

  • Та Их Эзэний төлөөлөгчдийг дагаснаар хэрхэн адислагдсан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 99:4–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Жон Мурдокийн захиасыг үгүйсгэсэн тэдгээр хүмүүст юу тохиолдоно хэмээн Их Эзэн хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 4-р шүлэгт өгүүлснээр Их Эзэний үйлчлэгчдийн тунхагласан захиасыг эсэргүүцэгчдэд ямар үр дагавар ирдэг вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 99:6–8-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншихдаа Жон Мурдокийн хэрэгцээ болон түүний гаргаж байсан золиослолыг Их Эзэн мэдэж байсны баталгааг олж харахыг хүс.

  • Их Эзэний Жон Мурдокт хэлсэн үгс бидэнд юуг харуулж байна вэ?

Мурдок ах Их Эзэний зөвлөгөөг дагасан болохыг тайлбарла. Тэрээр гурван том хүүхдээ Миссурид өөр өөр гэр бүлд захиж үлдээгээд, 1832 оны 9-р сард сайн мэдээг тунхаглахаар явсан. Тэрээр хэд хэдэн номлолд үйлчилсэн бөгөөд дараа нь хүүхдүүдтэйгээ Миссурид уулзаж нэгдсэн юм. Тэр амьдралынхаа үлдсэн хугацааны турш Их Эзэнд итгэлтэйгээр үйлчилсэн.

Сургаал ба Гэрээ 100:1–12

Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт Их Эзэн тайвшралын мөн удирдамжийн үгсийг хэлэв

Дараах асуултыг самбар дээр бич. Номлолын ажлаа эхэлж буй номлогчид юунд санаа зовж байж болох вэ? Нэг суралцагчаас бусад суралцагчдын хариултуудыг самбар дээр бичихийг хүс. (Суралцагчдын хариултад дараахын адил асуултууд орж болох юм. Заах хүмүүсээ би хэрхэн олох вэ? Юу хэлэхээ би яаж мэдэх вэ? Би хамтрагчидтайгаа таарах болов уу? Намайг байхгүйд гэр бүл маань дажгүй байх болов уу?)

1833 оны 4-р сард Фриман Никерсон гэгч хүн Нью-Йоркт сүмд нэгдсэн бөгөөд тэр дараа нь Огайогийн Көртландад иржээ. Фриман бошиглогчтой уулзаад Иосеф Смитийг Нью-Йоркт мөн Канадад буй гэр бүлдээ айлчлан очихыг хүссэн байна. Иосеф Смит, Сидней Ригдон хоёр энэ урилгыг хүлээн авч, 1833 оны 10-р сарын 5-нд түүний хамт Көртландаас гарчээ. Тэд замын дагуу сайн мэдээг тунхагласаар явав. Тэд Нью-Йоркийн Перисбургт, Никерсоны гэрт ирсний дараахан Иосеф Сургаал ба Гэрээ 100-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ.

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 100-р хэсгийн оршлыг дотроо уншихдаа Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Нью-Йоркт ирэх үедээ юуны талаар санаа зовж байсныг олж мэдэхэд урь. Суралцагчид олсон зүйлсээ мэдээлсний дараа, Иосеф Смит өөрийн зовнилыг тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичсэн болохыг тайлбарлаж өг. “Би оюун санаандаа Их Эзэн бидэнтэй хамт байгааг сайн мэдэж байгаа хэдий ч би гэр бүлдээ маш их сэтгэл зовж байна” (Journals, Volume 1: 1832–1839, vol. 1 of the Journals series of The Joseph Smith Papers [2008], 14).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 100:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын санаа зовж байсан зүйлд Их Эзэний өгсөн хариултыг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэг дээрх ямар үгс Иосеф, Сидней хоёрын зовнилыг хөнгөлж өгсөн байж болох вэ? Эдгээр шүлэг өнөөдөр номлогчдод хэрхэн тусалж болох вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 100:3–4-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт Их Эзэн юу амласныг олж мэдэхийг хүс.

  • Та нарын бодлоор сайн мэдээг хуваалцахад “үр дүнтэй хаалга” нээгдсэн гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Их Эзэн бидэнд номлогчийн ажлыг хийлгэхээр ямар арга замуудаар “хаалгыг нээж” өгдөг вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 100:5–8-ыг чимээгүй уншиж, Их Эзэний нэмэлт амлалтуудыг хайж олоход урь. Суралцагчдыг олж мэдсэнээ тайлагнасны дараа самбар дээр бич. Хэрэв , тэгвэл .

  • Бид 5–6-р шүлгээс юу сурч болох вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байх хэрэгтэй. Хэрэв бид сайн мэдээг хуваалцахаар дуу хоолойгоо өргөх юм бол, Их Эзэн бидэнд юу хэлэхээ мэдэхэд маань туслах болно.)

  • 7-р шүлэгт өгүүлснээр, Их Эзэн номлогчдоос сайн мэдээг хэрхэн тунхаглахыг хүсдэг вэ?

  • 8-р шүлэгт өгүүлснээр хэрэв бид сайн мэдээг “зүрх сэтгэлийн чанд байдалд” мөн “номхон дөлгөөн байдлын сүнсэнд” тунхаглах юм бол Их Эзэн юуг амладаг вэ? (Суралцагчид дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Хэрвээ бид сайн мэдээг бусадтай зүрх сэтгэлийн чанд байдалд мөн номхон дөлгөөн байдлын сүнсэнд хуваалцах юм бол Ариун Сүнс бидний үгсийн үнэнийг гэрчлэх болно.)

Сайн мэдээг хуваалцаж байх үед нь Их Эзэн хэлэх үгийг нь өгч тусалсан тийм тохиолдлын талаар бодоход суралцагчдыг урь. Мөн тэдний хэлсэн үгийг Сүнс гэрчлэхийг мэдэрсэн үеийн талаар бодохыг урь. Цөөн хэдэн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 100:9–12-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан уншиж, Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт Их Эзэний өгсөн удирдамжийг олж мэдэхийг хүс.

  • 12-р шүлэгт өгүүлснээр, яагаад Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын “зүрх сэтгэл баяссан” бэ?

  • Хэрэв та нар номлолд үйлчилж байсан бол, 12-р шүлэгт өгсөн амлалт та нарт ямар санагдах байсан бэ?

Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын номлолын ажлын хичээл зүтгэл сүмд удаан хугацааны туршид нөлөөлсөн талаар тайлбарла. Тухайлбал, Иосеф Смит Сидней Ригдон хоёр Никерсоны гэрт, олон хүнтэй бүлэг хүмүүст, мөн Канадад хэд хэдэн бүлэг хүмүүст тунхагласан юм. Номлогчид, Мозес Никерсоныг оролцуулан ойролцоогоор 20 хүнд баптисм хүртээж, сүмийн нэг салбарыг үүсгэн байгуулсан. 1836 онд Парлей П.Пратт, Канадад номлолд үйлчлэхдээ энэ салбарт айлчилсан юм. Мозес Никерсон, ахлагч Праттыг Жон Тейлортой танилцуулжээ. Амжилттай номлогч, хожим нь сүмийн ерөнхийлөгч болсон Жон Тейлорт, ахлагч Пратт баптисм хүртээсэн юм.

Сургаал ба Гэрээ 100:13–17

Миссури дахь гэгээнтнүүдийн бэрхшээл зовлонгийн талаар Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрыг тайтгаруулав

Иосеф Смит номлолд явахаасаа 2 сарын өмнө Миссури дэх хожмын үеийн гэгээнтнүүдийн эсрэг Сүмийн дайснууд нь хэрцгий хүч хэрэглэх болсон талаар Оливер Каудеригаас мэдсэн болохыг тайлбарла. Иосеф Смит өөрийн зөвлөгөөг дамжуулан хэлүүлэхээр Оорсон Хаид, Жон Гөүлд хоёрыг Миссуригийн гэгээнтнүүд рүү илгээжээ. Тэд мормончуудыг эсэргүүцэгч танхайрагчдын нутаг дэвсгэрт ойр явсан учир энэ аялал нь маш аюултай байсан юм. Хаид ах, Гөүлд ах хоёр болон Миссурид хавчигдан зовж буй бусад гэгээнтний төлөө бошиглогч маш их санаа зовж байв.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 100:13–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Их Эзэн Иосеф Смитэд юу хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ дүгнэн ярихыг хүс.

  • 15–17-р шүлэгт та ямар амлалтыг харж байна вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах зарчмыг тусгасан байх хэрэгтэй. Хэрэв бид Их Эзэний өмнө цэх шулуун алхах юм бол, бидний сайн сайхны төлөө бүх зүйл хамтдаа ажиллах болно.)

  • Их Эзэний өмнө “цэх шулуун алхах” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

  • 15–17-р шүлэг дээрх амлалт хэцүү цаг үед чинь та нарт хэрхэн тусалж болох вэ?

Цөөн суралцагчийг энэхүү амлалт биелэгдэхийг харсан тухай жишээнээс хуваалцахад урь. Та мөн энэ үнэний талаар гэрчлэлээ хуваалцаж болно. Суралцагчдыг Их Эзэний өмнө “цэх шулуун алхахын” тулд хийж болох тодорхой нэг арга замын талаар бодоход урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 100:1. “Би өөрт сайн санагдсаныг тэдэнд үйлдэх болно”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс заахдаа:

Ахлагч Даллин Х.Өүкс

“[Их Эзэн] бидэнд хамгийн сайн болох зүйлээс илүүг хийх болно. Тэр бидэнд болон Тэнгэрлэг Эцэгийн маань бүх хүүхдүүдэд хамгийн сайн болох түүнийг л хийх болно. … Их Эзэн бидний мэддэгээс илүүг мэддэг бөгөөд… иймээс Тэр бидний залбирлуудад бидэнд болон Өөрийн бусад бүх хүүхдүүдэд хамгийн сайн байх тэр арга замаар л хариулах болно” гэжээ (“Faith in the Lord Jesus Christ,” Ensign, 1994 оны 5-р сар, 99).

Сургаал ба Гэрээ 100:3. “Эргэн тойрны нутгуудад үр дүнтэй хаалга нээгдэх болно”

Номлогчдын ажлын үр дүнд 1833 онд Эри нуурын зүүн бүс, Онтарио нуурын баруун өмнөд хэсгийн нутгууд Сүмийн өсөлт хөгжилд бэлтгэгдсэн юм. Уг жилийн зун нь Evening and Morning Star сонинд Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын номлож байсан газруудад өсөн нэмэгдэж буй хөрвөлтийн тухай өөр өөр номлогчдын бичсэн олон захидал хэвлэгддэг байв. Силвестер Смитийн мэдэгдсэнээр Огайогийн Көртланд, Нью-Йоркийн Ченанго хоёрын хооронд нийт 15 сүм зохион байгуулагдаж, тэдний зарим нь 100 орчим хүнтэй болсон байв. Номлогчид Нью-Йоркийн баруун өмнөдөд амжилттайгаар номлож байв. Амаса Лайман 1833 онд Нью-Йоркийн Катараугус гүнлэгийн орчим очжээ. Тэрээр 152 цуглааныг зохион байгуулж, 100 бодгалийг сүмд нэгдэн орохыг харсан.

Сургаал ба Гэрээ 100:5–8. Их Эзэн бидэнд хэлэх үгийг маань өгнө

Арван хоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон сайн мэдээг тунхаглах бидний хичээл зүтгэлд Ариун Сүнсний гүйцэтгэх үүргийн талаар ийнхүү тайлбарлажээ.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Таныг заах ба гэрчлэх үед үгсийг тань гэрчилдэг нь Ариун Сүнс юм. Таныг дайсагнасан таагүй нөхцөлд ярих үед зүрх сэтгэлд чинь хэлэх хэрэгтэй үгсийг чинь оруулдаг нь, ‘хүмүүсийн өмнө мадлагдах нь үгүй’ хэмээх Их Эзэний амлалтуудыг гүйцээдэг нь Ариун Сүнс билээ (С ба Г 100:5)” (“Гэрээнүүдийн хүч,” Ensign, 2009 оны 5-р сар, 22 эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий Чуулган, 19).