6-р хичээл
Иосеф Смит—Түүх 1:1–20
Оршил
1838 онд Иосеф Смит өөрийн албан ёсны түүх дээр ажиллаж эхэлсэн. Тэрээр үүнд өөрийн гэр бүл болон амьдарч байсан газруудаа дүрсэлжээ. Мөн тэрээр 1820 онд Нью-Йоркийн баруун хэсэгт давамгайлж байсан шашны ер бусын үймээнийг тодорхой дүрсэлсэн байна. Шашны энэ үймээн нь түүнийг аль сүмд нэгдэх тал дээр “буурь суурьтай бясалгал хийгээд их хүндрэлд” оруулсан юм (Иосеф Смит—Түүх 1:8). Иосеф судруудыг, ялангуяа Иаков 1:5-ыг судалсныхаа дараа өөрийнхөө асуултад хариулт авахын тулд Бурханаас залбирч асуухаар шийдсэн байна. Түүний залбирлын хариуд Бурхан Эцэг болон Түүний Хүү, Есүс Христ түүнд үзэгдсэн юм.
Заах зөвлөмж
Иосеф Смит—Түүх 1:1–4
Иосеф Смит Сүмийн түүхийг бичив
Нэг суралцагчаас ерөнхийлөгч Томас С.Монсоны ярьсан Канад дахь хоёр номлогчийн тухай дараах үйл явдлыг чанга уншихыг хүс (түүхийн үлдсэн хэсэг нь хичээлийн төгсгөлд гарах болно).
“Хоёр [номлогч] ноён Элмэр Поллардын гэрт дуудагдан иржээ. … Тэд захиасаа танилцуулж мөн түүнийг өөрсөдтэй нь хамт залбирах уу гэж асуусан байна. Тэрээр залбирал хийхийг зөвшөөрчээ.
Түүний энэ залбирал номлогчдыг бүр гайхширахад хүргэв. Тэр ‘Тэнгэрлэг Эцэг минь энэ хоёр азгүй, төөрөлдсөн номлогчийг гэртээ буцаж мөн маш гайхалтай боловч өөрсдийнхөө маш бага мэддэг захиасыг Канадын хүмүүстэй хуваалцаж цагаа дэмий үрэхгүй байхаар адислаарай’ гэж хэлжээ.
Тэд залбирч дуусаад босоход ноён Поллард номлогчдоос түүний гэрт дахин хэзээ ч ирэхгүй байхыг хүсжээ. Тэднийг гарч явах үед тэр доогтойгоор, ‘Та нар Иосеф Смит үнэхээр Бурханы бошиглогч байсан гэдэгт итгэдэг гэж надад хэлж чадахгүй л дээ!’ гэж хэлээд хаалгаа тасхийтэл хаажээ” (“The Prophet Joseph Smith: Teacher by Example,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 69).
-
Хэрвээ та нар энэ хоёр номлогчийн оронд байсан бол ноён Поллардад юу гэж хэлэх байсан бэ?
-
Иосеф Смит Бурханы бошиглогч байсан гэдгийг хэн нэгэн хүн яаж өөрөө мэдэж авч чадах вэ?
Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Иосеф Смит өөрийнхөө болон Сүмийн түүхийг бичих болсон шалтгаануудыг олж мэдэхийг хүс.
-
1-р шүлэгт цэдэглэгдсэнээр Сүмийн эхэн үеийн өдрүүдэд хүмүүсийн дунд юу тархаж байсан бэ? (Хүмүүсийг Сүмийн эсрэг эргүүлэх зорилготой олон хуурамч нийтлэл.)
-
Иосеф өөрийнхөө түүхийг бичих хэрэгтэй ямар шалтгаан өгсөн бэ? (Олон нийтийг Анхны үзэгдэл болон Сэргээлтийн үйл явдлуудын тухай найдвартай болон үнэн зөв мэдээллээр хангах.)
Өнөөдөр ч гэсэн Сүмийн талаар хуурамч буюу буруу мэдээлэл тарааж, итгэл бишрэлийг нураах хүсэлтэй хувь хүн болон бүлэг хүмүүс байсаар байгааг тайлбарла.
-
Иосеф Смитийн түүхээ бичих болсон шалтгаанаас хуурамч эсвэл буруу мэдээлэлд хууртахаас зайлсхийхэд бидэнд туслах юуг сурч болох вэ? (Үнэнийг мэдэхийг чин сэтгэлээсээ хүсэж буй хүмүүс сонссон мэдээллээ хүлээн зөвшөөрч, интернэтийн хайлтын системээр гарч ирсэн зүйлүүдэд итгэхийн оронд Сүмийн болон түүхийнх нь тухай найдвартай эх сурвалжуудыг хичээнгүйлэн эрэлхийлэх ёстой.)
-
Яагаад сэргээлтийн талаар “үнэнийг эрэлхийлэгч бүхэн” Иосефын түүхийг унших нь чухал вэ? (Бошиглогчийн түүхэнд найдах нь хуурамч эсвэл буруу мэдээлэлд хууртахаас зайлсхийхэд нь хүмүүст тусална.)
-
Иосеф Смитийн өөрийнх нь үгсийг унших нь түүний туршлагын талаар үнэнийг мэдэхэд хэн нэгэн хүнд хэрхэн тусалж чадах вэ?
Ахлагч Нийл Л.Андэрсэны өгсөн дараах сэрэмжлүүлгийг хуваалц.
“Сүмийг гутааж, итгэлийг устгахыг хүсдэг цөөн хүн ямагт байсаар ирсэн ба одоо ч байна. Өнөөдөр тэд интернэтийг ашиглаж байна.
Манай Сүмийн тухай тараадаг зарим мэдээлэл бодит мэт санагдавч үнэн бус байдаг” (“Итгэлийн тань сорилт,” Ensign, 2012 оны 11-р сар, 41 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 51).
Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхныг Сүм болон Сүмийн түүхийн тухай уншиж буй зүйлдээ бид хэрхэн дүгнэж цэгнэх ёстойг олж мэдэхэд урь. (Та уг мэдэгдлийн хуулбарыг суралцагч бүрд тараан өгч болно.)
“Хожмын үеийн гэгээнтэн уншигчид уншиж буй зүйлээ дүгнэж цэгнэх тал дээр ухаалаг байх ёстой.
Бидний хувийн гэрчлэлүүд нь түүхийн баримтуудын эмхэтгэл эсвэл цуглуулга дээр биш, харин Сүнсний баталгаан дээр тулгуурласан байдаг. Хэрэв бид ийм суурьтай байвал түүхийн баримтуудын ямар ч өөрчлөлт бидний гэрчлэлийг сулруулж чадахгүй. Тэнгэрлэг Эцэг маань бидэнд шүүн тунгаах хүчийг өгсөн бөгөөд үүнийг бүрэн утгаар нь ашиглахыг биднээс хүсэн хүлээдэг. Мөн тэрээр бидэнд Тайтгаруулагчийг өгсөн билээ. Тэрээр энэ нь биднийг үнэн рүү удирдаж мөн үүний хүчээр бид бүх зүйлийн үнэнийг мэдэх болно хэмээн хэлсэн. Энэ бол үүнд найдах зохистой мөн хүсэлтэй хожмын үеийн гэгээнтнүүдэд зориулсан туйлын хөтөч юм” [СБС-ийн шашны багш нарт хандаж хэлсэн үг, 1985 оны 8-р сарын 16], 7, LDS.org).
Суралцагчдыг ахлагч Өүксийн өгсөн зөвлөгөөн дотроос юу нь онцгой санагдсаныг мөн энэ нь яагаад тустай байсныг хуваалцахад урь.
Иосеф Смит Анхны үзэгдлийн түүхийг 1838 онд дэлхийд хэвлэгдэн гарах Сүмийн албан ёсны түүхийн нэг хэсэг болгон бичсэн гэдгийг тайлбарлаж болно. Анхны үзэгдлийн талаар бичигдсэн есөн өөр түүх байдаг бөгөөд эдгээрийн дөрвийг нь Иосеф Смит өөрөө бичсэн эсвэл хүнд хэлж бичүүлсэн, бусад тавыг нь өөр хүмүүс түүний туршлагыг дахин бичсэн байдаг байна. (Анхны үзэгдлийн талаар Иосеф Смитийн бичсэн дөрвөн түүхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Бага Милтон В.Бэкмэний, “Joseph Smith’s Recitals of the First Vision,” Ensign, 1985 оны 1-р сар, 8–17-г үзнэ үү.)
Анхны үзэгдлийн талаарх хэд хэдэн түүх нь өөр өөр үед, янз бүрийн хүмүүст зориулагдан бичигдсэн гэдгийг та тайлбарлаж болно. Эдгээр түүхэнд Иосеф Смит Анхны үзэгдэл үзсэн туршлагынхаа өөр өөр байдлыг онцолсон боловч эдгээр нь бүгд Иосеф Смит үнэхээр тэнгэрлэг элчүүд, Бурхан Эцэг болон Их Эзэн Есүс Христийг харсан гэдэг чухал үнэнийг баталдаг. 1838 онд бичигдсэн түүх нь Иосеф Смитийн албан ёсны түүх ба дэлхийд өгөх гэрчлэлийн нэг хэсэг байсан учраас үүнийг судар болгон Агуу Үнэт Сувдад багтаасан байна.
-
Иосеф Смит олон түүх дээрээ өөрийн үзсэн үзэгдлийн өөр өөр онцлогуудыг онцолсны нэгэн адил Төлөөлөгч Паул өөр өөр хүмүүст хандан, Аврагчийг харсан үзэгдлийнхээ өөр өөр онцлогуудыг онцолсон байна (Үйлс 9:1–9; Үйлс 22:5–11; Үйлс 26:12–20-ийг үзнэ үү). Иосеф Смит, Паул хоёр өөрсдийн харсан үзэгдлийн түүхийг ярих бүрдээ яагаад өөр өөр зүйлүүдийг онцолсон гэж та нар бодож байна?
Иосеф Вермонтод төрсөн боловч 10 настай байхдаа Нью-Йоркийн Палмира руу нүүсэн гэдгийг тайлбарлаж Иосеф Смит—Түүх 1:3–4-ийг дүгнэн ярилц.
Иосеф Смит—Түүх 1:5–13
Шашны үймээн самууны дунд Иосеф Смит Бурханаас аль сүм зөв болохыг асуухаар шийддэг
Иосеф Смит шашны ер бусын үймээнтэй цаг үед амьдарч байсан гэдгийг тайлбарла. Цөөн хэдэн суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:5–7-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас Иосеф Смитийн туулсан нөхцөл байдлыг дүрсэлсэн үг, хэллэгүүдийг олж мэдэхийг хүс. Нэг суралцагчийг тэдний олж мэдсэн үг, хэллэгүүдийг самбар дээр бичихэд урь. Дараа нь нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:8, 10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Иосеф Смит энэ үед юу мэдэрч байснаа хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс.
-
Иосеф эргэн тойронд нь болж байсан шашны үймээнээс болж юу мэдэрдэг байсан бэ?
-
Тэр ямар ямар асуулт дээр эргэлзэж байсан бэ?
-
Та нарын хэн нэг нь өмнө нь эдгээртэй төстэй асуултууд тавьж байсан уу? Тэдгээрийн хариултыг олохын тулд та нар юу хийсэн бэ?
Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:11-ийг дотроо уншаад, Иосеф Смит асуултынхаа хариултыг олохын тулд хийсэн зүйлийг олж мэдэхэд урь.
-
Иосеф асуултууддаа хариулахдаа хаанаас тусламж авсан бэ?
-
Иаков 1:5-д заагддаг ямар зарчим Иосеф Смитэд асуултдаа хариулт авч чадна гэсэн итгэлтэй болоход нь тусалсан бэ? (Суралцагчид өөр өөр үг хэрэглэж болох ч дараах зарчмыг олж тодорхойлж байгаа эсэхийг бататга. Хэрэв бид итгэлтэй залбирвал Их Эзэн бидний залбирлуудад хариулах болно. Та бас Бурхан бидний залбиралд Өөрийн цаг болон арга замаар хариулна гэдгийг тайлбарлаж болно.)
Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:12–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Иаков 1:5-д заагдсан зарчим Иосеф Смитэд хэрхэн нөлөөлснийг олж тогтоохыг хүс.
Иосеф Смит—Түүх 1:14–20
Иосеф Смит Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг харав
Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:14–15-ыг чанга уншихад урь.
-
Сатан яагаад Иосеф Смитийн залбирахыг зогсоохоор оролдсон гэж та бодож байна вэ?
Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:16–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас Иосеф Смит өөрийнхөө амссан эсэргүүцэлд ямар хариу үйлдэл үзүүлснийг олж тогтоохыг хүс. Мөн тэднээс Иосефын гэрчлэлээс утга учиртай санагдсан эсвэл тэд бусдад анхны үзэгдлийн талаар заахдаа ашиглаж болох хэллэгүүдийг анзаарахыг хүс.
-
Эдгээр шүлгээс ямар хэллэгүүд нь та нарын хувьд утга учиртай байна вэ? Яагаад?
Дараах үнэнийг самбар дээр бич. Иосеф Смит Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг харсан.
-
Иосеф Смит Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг харсан гэдэг гэрчлэлтэй байх нь яагаад чухал вэ?
-
Иосеф Смит Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг харсан гэдгийг та нар хэрхэн мэддэг вэ?
Цөөн хэдэн суралцагчийг гэрчлэлээ хуваалцсаны дараа Анхны үзэгдэл нь Сэргээлтийн суурь болсон үйл явдал юм гэдгийг тайлбарла. Анхны үзэгдэл нь түүнчлэн сургаалын чухал асуултуудын хариултыг өгсөн юм. Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:15–17-г дотроо уншаад, энэ түүхээс бидний мэдвэл зохих үнэнүүдийг олж мэдэхэд урь. Та дараах асуултуудыг тавьж болно.
-
Бид Иосеф Смит—Түүх 1:15–16-аас уруу таталтыг даван туулахад бидэнд туслах ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч дараах зарчмыг олж тогтоосон байх ёстой. Сатан биднийг сэтгэлээр унагахыг оролдох үед бид Бурханы тусламжийг хичээнгүйлэн эрэлхийлбэл Бурхан биднийг чөлөөлж чадна.)
-
Эдгээр шүлэг Бурхан Эцэг болон Есүс Христийн мөн чанарын талаар юу зааж байна вэ? (Хариултад дараах зүйлүүд орж болно. Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр амьд. Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр тусдаа мөн салангид биес юм.)
-
Иосеф Смитэд Бурханы хэлсэн эхний үг юу байсан бэ? (Иосеф.) Үүнийг мэдэх нь яагаад чухал вэ? Үүнээс бид ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Хариултад дараах зүйлүүд орж болно. Тэнгэрлэг Эцэг биднийг нэрээр маань мэддэг. Бурхан бидний залбирлуудад хариулдаг.)
Суралцагчдад энэ хичээл дээр олж тогтоосон сургаал болон зарчмуудын чухал ач холбогдлыг ойлгоход нь туслахын тулд та дараах асуултуудыг тавьж болно.
-
Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаар эдгээр үнэнийг мэдэж мөн ойлгох нь яагаад маш чухал вэ?
-
Эдгээр үнэний нэг ба түүнээс олон нь та нарын амьдралыг хэзээ адисалж байсан бэ? (Суралцагчдад нэн ариун нандин эсвэл хувийн шинжтэй зүйлээ хуваалцах хэрэггүйг сануул.)
Иосеф Смит Анхны үзэгдлийн үеэр асуултынхаа хариултыг хүлээн авсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:18–20-ийг дотроо уншихад урь.
-
Иосеф залбирлынхаа хариултаас юу мэдсэн бэ?
Суралцагчдад хичээлийн эхэнд уншсан номлогчдын түүхийг сануул. Нэг суралцагчийг энэ түүхийн үлдсэн хэсгийг уншихад урь.
“Хоёр номлогч ноён Поллардын хаалган дээр буцаж ирэв. Ноён Поллард хаалгаа нээгээд, ‘Би та хоёрыг дахиж хэзээ ч битгий ирээрэй гэж хэлсэн биз дээ!’ гэж ууртай хэлэв.
Туслах хамтрагч нь зоригоо чангалж байгаад, ‘Ноён Поллард, биднийг гарч явах үед та биднийг Иосеф Смит бол бошиглогч байсан гэдэгт итгэдэггүй гэж хэлсэн. Ноён Поллард, би Иосеф Смит бол Бурханы бошиглогч байсан гэдгийг, тэр сүнсний өдөөлтөөр Мормоны Ном хэмээх цэдгийг орчуулсан ба тэр Бурхан Эцэг болон Есүс Хүүг харсан гэдгийг мэднэ гэдгээ гэрчилж байна’ гэжээ. Номлогчид тэгээд тэндээс явжээ.
[Ноён Поллард дараа нь ингэж гэрчилжээ:] ‘Тэр шөнө би огт унтаж чадаагүй. Би нааш цааш хөрвөөж байв. Иосеф Смит Бурханы бошиглогч байсан. Би үүнийг мэднэ. … Би үүнийг мэднэ. … Би үүнийг мэднэ” гэсэн үг толгойноос маань гарахгүй байв. Би өглөө болохыг тэсэн ядан хүлээв. Би номлогчид руу утасдсан. … Тэд эргэн ирсэн бөгөөд энэ удаа би эхнэр, гэр бүлийнхээ хамт үнэнийг эрэлхийлэн, ярилцлагад урамтай нэгдсэн юм. Үүний үр дүнд бид бүгд Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан” (“The Prophet Joseph Smith: Teacher by Example,” 69).
Суралцагчдыг Иосеф Смит—Түүхийг бие даан уншиж мөн Иосеф Смитийн Анхны үзэгдлийн түүх үнэн гэсэн гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь тэдэнд туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйхад урамшуулан дэмж. Та мөн тэднийг Анхны үзэгдлийн захиасыг хэн нэгэнтэй хуваалцах боломжуудыг эрж хайхыг урамшуулж болно. Өнөөдрийн хичээл дээр заагдсан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцаж, хичээлээ дуусга.