Институт ба семинар
12-р хичээл: Сургаал ба Гэрээ 10


12-р хичээл

Сургаал ба Гэрээ 10

Оршил

Бошиглогч гар бичмэлийн 116 хуудсыг алдсаныхаа дараа орчуулах хүчээ алджээ. Иосеф хэсэг хугацаанд даруухнаар залбирч мөн наманчилсны дараа Урим ба Туммимыг ялтаснуудын хамт эргүүлэн авчээ. Их Эзэн Иосефт алдагдсан хуудаснуудыг дахин орчуулахгүй байхыг зарлиглаж, Бурханы ажлыг устгах Сатаны хуйвалдааныг илчилсэн юм. Их Эзэн Иосефт Нифайн жижиг ялтаснуудыг орчуулахыг зарлиглажээ. Тэрээр түүнчлэн Мормоны Номын зорилго болон Түүний Сүмийг байгуулахад үүний гүйцэтгэх үүргийг тайлбарласан.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 10:1–4

Их Эзэн Иосефын орчуулах бэлгийг сэргээв

Суралцагчдаас өмнөх хичээлээс гар бичмэлийн 116 хуудас алдагдсан талаар суралцсан зүйлээ эргэн санахыг хүс (С ба Г 3-ыг үзнэ үү). Бошиглогч Мартин Харрист гар бичмэлийн хуудаснуудыг өгөхийг зөвшөөрүүлэхийн тулд дахин дахин асууж мөн тэдгээр хуудсыг алдсанаас болж Моронай алтан ялтаснууд болон Урим ба Туммимыг Иосеф Смитээс авсан гэдгийг суралцагчдад сануул.

Моронай дараа нь ялтаснууд болон Урим ба Туммимыг эргүүлж өгсөн юм. Тэднийг эргүүлэн авсныхаа дараа Иосеф Смит Сургаал ба Гэрээ 10-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ илчлэлтэд Их Эзэн алдагдсан гар бичмэлийг авсан ялтаснуудын хэсгийг хэрхэх талаар Иосефт удирдамж өгөв. (Люси Мак Смит, History of Joseph Smith by His Mother, хянасан Прэстон Нибли [1958], 133–136-г үзнэ үү.)

Их Эзэн орчуулах бэлэг яагаад түүнээс авагдсаныг мөн түүний гаргасан алдааны үр дүнд юу болсныг Иосефт сануулсан гэдгийг тайлбарлаж, Сургаал ба Гэрээ 10:1–2-ыг дүгнэн ярилц. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 10:3–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Иосеф Смитийг орчуулж эхлэх үед Их Эзэний түүнд өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Иосеф Смит яагаад өөрт буй хүч чадлаас илүүгээр хөдөлмөрлөж эсвэл орчуулах хэрэггүй гэсэн зөвлөгөө авах хэрэгтэй байсан гэж та нар бодож байна вэ?

  • Бид Их Эзэнд үйлчлэх үед Сургаал ба Гэрээ 10:4 дэх зөвлөгөө бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 10:5–37

Их Эзэн Иосеф Смитийг болон Бурханы ажлыг устгах Сатаны төлөвлөгөөний талаар сэрэмжлүүлэв

Урхи эсвэл хавх үзүүл (эсвэл самбар дээр энэ хоёрын аль нэгний зургийг зур).

Хулганы хавхны зураасан зураг
  • Ийм хэрэгсэл нь бидний эсрэг Сатаны хүслийг хэрхэн төлөөлж чадах вэ?

Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 10:5-ыг чанга уншихыг хүс. Их Эзэн Иосеф Смитэд Сатанаас зугтахын тулд юу хий гэж зарлигласныг олж мэдэхэд суралцагчдыг урь.

  • Бид энэ шүлгээс юу сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр зарчим хэлж болох ч дараах зарчмыг онцлоход нь анхаар. Бид үргэлж залбирвал Сатан болон түүнд үйлчлэгчдийг ялах хүчтэй байх болно. Энэ зарчмыг самбар дээр бичих талаар бодож үз.)

  • Залбирал нь бидэнд “Сатаныг ялж, мөн түүний ажлыг дэмждэг [тэднээс] зугтахад” хэрхэн тусалж чадах вэ?

Цөөн суралцагчийг Сатаны уруу таталтуудыг эсэргүүцэхэд нь залбирал тэдэнд тусалсан жишээнүүдийг хуваалцахад урь. (Хэт хувийн чанартай туршлагыг хуваалцах шаардлагагүй гэдгийг суралцагчдад сануул.)

Бошиглогчийг болон Бурханы ажлыг устгахын тулд Сатаны бэлтгэсэн хавхны талаар Их Эзэн Иосефт анхааруулсан гэдгийг тайлбарла. Хэд хэдэн суралцагчийг ээлжлэн, Сургаал ба Гэрээ 10:8–19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас гар бичмэлийг гартаа оруулсан ёс бус хүмүүсийн төлөвлөгөөг олж тогтоохыг хүс.

  • Гар бичмэлийг олж гартаа оруулсан ёс бус хүмүүсийн төлөвлөгөө юу байсан бэ? (Гар бичмэлийн үгсийг өөрчлөх замаар бошиглогчийг болон Их Эзэний ажлыг нэр хүндгүй болгох. Хэрэв Иосеф тэдгээр хуудсыг дахин орчуулсан бол ёс бус хүмүүс түүнийг дахин яг ижил орчуулж чадахгүй учраас түүнд бэлэг байхгүй гэж хэлэх байсан.)

Өмнө нь үзүүлсэн хавх эсвэл урхийг үзүүл (эсвэл самбар дээр зурсан зургаа үзүүл). Сургаал ба Гэрээ 10:20–29-д цэдэглэгдсэнээр Их Эзэн гар бичмэлийн 116 хуудсыг гартаа оруулсан ёс бус хүмүүсийн дээрх Сатаны нөлөө болон Сатан өөрийн ёс бус зорилгуудыг хэрхэн биелүүлдгийг ярьсан гэдгийг тайлбарла. Ангийнхныг хоёр хоёроор нь хуваарил. Хос бүрээс нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 10:20–29-ийг дотроо уншаад, эдгээр шүлэг Сатаны зорилгын талаар юу зааж байгааг олж мэдэхийг хүс. Нөгөө суралцагчаас нь ижил шүлгүүдийг уншиж, Сатаны өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд ашигладаг аргуудыг олж мэдэхийг хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдыг хамтрагчтайгаа олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Сатаны зорилгуудын талаар бид эдгээр шүлгээс юу сурч болох вэ? (Суралцагчид олон янзын зарчим олж болох ч дараах үнэнийг олж тогтооход анхаар. Сатан Их Эзэний ажлыг болон бидний бодгалийг устгахыг эрмэлздэг. Та энэ үнэнийг самбар дээр бичиж болно. Та түүнчлэн 22–23, 27-р шүлгүүдэд энэ үнэнийг заадаг үг, хэллэгүүдийг тэмдэглэхийг суралцагчдад зөвлөж болно.)

  • Эдгээр шүлгээс харахад Сатан Их Эзэний ажлыг болон бидний бодгалийг устгахыг хэрхэн эрэлхийлдэг вэ?

Суралцагчдад энэ үнэний чухал ач холбогдлыг ойлгож мэдрэхэд нь туслахын тулд дараах асуултуудыг тавь. Хосуудыг хариултуудаа хуваалцахад урь.

  • Сатан Их Эзэний ажлыг болон бидний бодгалийг устгахын тулд худал хуурмаг, уур хилэн, зусардалт болон худал яриаг ашигласан ямар нотолгоог та нар харж байсан бэ?

  • Сатаны хүсэл, арга барилыг мэдэх нь түүний хавхнуудаас зайлсхийж мөн зугтахад бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Суралцагчдыг хэдэн минутын турш Сургаал ба Гэрээ 10:20–29-д жагсаасан чөтгөрийн арга барилын талаар мэдэрч эсвэл харсан зүйлээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Тэднийг Сатаны хавхнуудаас зайлсхийж эсвэл зугтахын тулд хийж чадах зүйлсээ бичихийг тэднээс хүс.

Суралцагчдад бичих хангалттай цаг гаргаж өгсний дараа Бурханы ажлыг болон Иосеф Смитийн нэр хүндийг устгах ёс бус хүмүүсийн төлөвлөгөөнүүдээс болж Их Эзэн Иосефт гар бичмэлийн 116 хуудсыг орчуулсан ялтаснуудын хэсгийг дахин орчуулахгүй байхыг зарлигласан гэдгийг тайлбарлаж Сургаал ба Гэрээ 10:30–37-г нэгтгэн дүгнэ.

Сургаал ба Гэрээ 10:38–45

Их Эзэн Иосеф Смитэд Нифайн жижиг ялтаснуудыг орчуулахыг зарлиглав

Цөөн суралцагчийг ээлжлэн, Сургаал ба Гэрээ 10:38–42-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэн Иосефт алдагдсан гар бичмэлийн 116 хуудсыг орчуулж авсан ялтаснуудын хэсгийг дахин орчуулахын оронд юу орчуул гэж зарлигласныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Иосефт юу орчуулахыг зарлигласан бэ? Яагаад?

Суралцагчдыг Их Эзэн гар бичмэлийн 116 хуудас алдагдахыг урьдаас мэдэж байсныг ойлгоход тусал. Алдагдсан бичээс нь Лихайн номын орчуулгыг агуулж байсан ба энэ нь Мормоны хураангуйлсан Нифайн том ялтаст байсан гэдгийг тайлбарла. Мормон өөрийн ойлгоогүй “мэргэн зорилгын” улмаас Нифайн жижиг ялстуудыг өөрийнхөө цэдэгт хавсаргахаар сүнсээр өдөөгдсөн юм (Мормоны Үгс 1:3–7-г үзнэ үү). Нифайн жижиг ялтаснууд Лихайн номтой адил цаг хугацааны түүхийг хамарсан байдаг. 116 хуудсыг алдагдсаны дараа Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд Нифайн жижиг ялтаснууд дээрх материалыг орчуулахыг зарлигласан.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 10:43-ыг дотроо уншаад, Их Эзэний Иосеф Смитийг ойлгоосой гэж хүссэн чухал үнэнийг олж мэдэхэд урь. (Суралцагчид санаагаа хуваалцах үед дараах үнэнийг самбар дээр бич. Бурханы мэргэн ухаан чөтгөрийн заль мэхээс агуу юм. Заль мэх гэдэг нь хүмүүсийг хуурахын тулд ашигладаг аргыг хэлдэг гэдгийг та тайлбарлаж болно.)

  • Алдагдсан гар бичмэлийг орлуулах Их Эзэний төлөвлөгөө энэ үнэнийг хэрхэн харуулж байна вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 10:44–45-ыг дотроо уншаад, энэ үнэний нотолгоог 43-р шүлгээс олж мэдэхэд урь.

  • Сургаал ба Гэрээ 10:44–45-д цэдэглэгдсэнээр Нифайн жижиг ялтаснууд нь яагаад алдагдсан гар бичмэлийн 116 хуудсаас илүү үнэ цэнтэй вэ?

  • Бурхан алдагдсан гар бичмэлийн 116 хуудсыг орлуулах арга замыг бэлтгэснийг мэдэх нь Түүнд илүү бүрэн дүүрэн итгэхэд та нарт хэрхэн туслах вэ?

Сургаал ба Гэрээ 10:46–70

Их Эзэн Мормоны Номын зорилго болон Өөрийн Сүмийг байгуулахад үүний гүйцэтгэх үүргийг тайлбарлав

Эдгээр шүлэгт Их Эзэн Мормоны Номыг хадгалж мөн бидний цаг үед авчирснаараа нифай үндэстэн дагалдагчдынхаа залбирлуудад хариулсан гэдгээ гэрчилдгийг тайлбарлаж Сургаал ба Гэрээ 10:46–61-ийг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 10:62–63-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэн Мормоны Ном юуг гэрэлд авчирна гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Мормоны Ном юуг гэрэлд авчрах вэ? (Есүс Христийн сургаалын үнэн хэсгүүд.)

  • 63-р шүлэгт цэдэглэгдсэнээр Их Эзэн Сатаны ажлыг ялан дийлэхийн тулд Өөрийн сургаалын хэсгүүдийг хэрхэн ашиглах вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 10:67, 69–70 дахь Их Эзэний амлалтуудыг чанга уншихад урь. Суралцагчдаас өнөөдөр сурсан зүйлтэй нь холбоотой ба тэдний хувьд утга учиртай болох үг хэллэгүүдийг анзаарахыг хүс. Суралцагчдыг өөрсдийнх нь хувьд утга учиртай хэллэгүүдийг болон яагаад гэдгийг хуваалцахад урь. Төгсгөлд нь гэрчлэлээ хуваалц.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 10:45. “Миний сайн мэдээнд агуу санаануудыг өгч буй олон зүйл”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Нифайн жижиг ялтаснуудыг бичиж мөн хадгалах зарлиг өгсөн Их Эзэний “мэргэн зорилго” нь (1 Нифай 9:5; Мормон 1:7-г үзнэ үү) алдагдсан гар бичмэлийн 116 хуудсыг орлоод зогсохгүй өөр зүйлд хэрэгтэй байсан гэж заажээ.

Ахлагч Жэффри Р.Холланд

“[Алдагдсан 116 хуудсыг орлуулахаас] илүү мэргэн зорилго буюу үүнд илүү мэргэн зорилго байсан гэдэг нь намайг гайхшируулдаг. Илүү мэргэн зорилгыг ойлгох түлхүүр нь Сургаал ба Гэрээ 10-р хэсгийн 45-р шүлэгт гардаг. Их Эзэн Иосефт жижиг ялтаснууд дээрх материалыг орчуулж мөн хураангуйлсан том ялтаснуудын орчуулга дээр нэмэх үйл явцын талаар заавар өгөхдөө, ‘Болгоогтун, миний сайн мэдээнд агуу санаануудыг өгч буй олон зүйл Нифайн [жижиг] ялтаснууд дээр сийлбэрлэгдсэн байгаа’ (тодруулга нэмэгдсэн) хэмээн хэлжээ.

“Тиймээс энэ нь Мормоны Номыг орчуулах явцад гарсан нэгийг нөгөөгөөр сольсон явдал байгаагүй нь тодорхой. Энэ нь гар бичмэлийн 116 хуудсыг 142 хуудас бүхий хэвлэгдсэн текстээр сольсон зүгээр нэг солилцоо байгаагүй юм. Тийм биш. Бид алдсанаасаа илүүг олж авсан. Энэ нь ийм байх болно гэдэг нь эхлэлээс төлөвлөгдсөн байсан. Энэ нь илүү мэргэн зорилгын төлөө байсан юм. Бид 116 хуудастай хамт юу алдсанаа сайн мэдэхгүй боловч жижиг ялтаснууд дээр Мормоны Номын сургаалын гурван хүчтэй дуу хоолой, гурван агуу гэрчийн Есүс бол Христ гэдгийг гэрчилсэн хувийн тунхаглал байгаа гэдгийг мэднэ.

“Библээс авагдсан энгийн ба үнэт гэрчлэлүүд бидэнд байсан ч болоосой гэж бид маш их хүсдэг. Гэхдээ Мормоны Номын уншигчдын хувьд бидэнд мөнх бус байдлын өмнөх Аврагчийг нүдээрээ харсан Нифай, Иаков болон Исаиагийн үгс байна. Тэд бол түүний амьдрал ба тохинуулал, Бурханы эртний болон орчин үеийн Израилын угсаатай харьцах гэрээний харилцааны талаар агуу илчлэлтүүд хүлээн авсан хүмүүс юм.

“Хэрэв алдагдсан гар бичмэлийн 116 хуудас хэзээ нэгэн өдөр гарч ирвэл сайхан гэж би бодож байна. Гэхдээ тэдгээр нь маргааш миний ажлын өрөөнд ирлээ ч гэсэн би тэдгээрийг Нифайн жижиг ялтаснуудад байгаа мэдээллээр солихгүй, учир нь ‘агуу санаанууд’ нь энэ номон дахь агуу бошиглогчдоор өгөгдсөн юм. Тиймээс суралцагчдадаа гомдоллохоо болиод унш гэж хэл, Исаиагийн номыг хамт унш гэж хэл” (“A Standard unto My People” [СБС-ийн шашны багш нарт хандаж хэлсэн үг, 1994 оны 8-р сарын 9], 7–9, LDS.org).

Сургаал ба Гэрээ 10:38-45. Лихайн ном

Бошиглогч Иосеф Смит

Мормоны Номын анхны хэвлэлийн өмнөх үгэнд, Иосеф Смит алдагдсан 116 хуудас ямар эх сурвалжаас орчуулагдсан болохыг тайлбарлажээ. “Би [Иосеф Смит] Мормоны гараар хураангуйлагдсан Лихайн ялтаснуудын товч шастир болох Лихайн номоос авч, Бурханы бэлэг хийгээд хүчээр орчуулж, бичүүлсэн зуун арван зургаан хуудасны тухай би та нарт мэдээлэхийг хүсч байна. Зарим нэг хүн буюу хүмүүс эл цэдгийг хулгайлж, надаас нууж байна. Би цэдгийг олох гэж хэчнээн ч мэрийгээд нэмэр болсонгүй” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 74).