Номын сан
Төгс эзэмших судрын үйл ажиллагаа


Төгс эзэмших судрын үйл ажиллагаа

Оршил

Энэ хэсэгт төгс эзэмших судрын хэсгүүдийг эзэмшихэд суралцагчдад туслах зарим санааг багтаасан. Та эдгээр ур чадварыг хөгжүүлэхэд суралцагчдад туслан, тэднийг урамшуулан дэмжсэнээр судруудыг бие даан суралцахад тусалж байна гэсэн үг. Суралцагчид судрын хэсгүүдийг яг хаана байгааг олж, ойлгож мөн хэрэгжүүлж, чээжлэн эдгээр ур чадварыг амьдралынхаа турш ашиглаж болно. Төгс эзэмших судрын бүрэлдэхүүн хэсгүүдэд зориулсан заах санаануудыг доор жагсаав. Эдгээр үйл ажиллагаанаас олныг ашиглах нь суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг илүү амжилттай төгс эзэмшихэд тус болно.

Төгс эзэмших судрын хэсгүүдийг судрын яг аль хэсэгт байгааг олоход нь суралцагчдад туслах үйл ажиллагаанууд

Хэсгүүдийг тэмдэглэх нь

Төгс эзэмших судрын хэсгүүдийг тэмдэглэх нь суралцагчдад эдгээр хэсгийг чээжилж, судрын яг аль хэсэгт байгааг илүү хурдан олоход тусална. Эдгээр түлхүүр хэсгийг судар дээрээ тэмдэглэсэн бусад хэсгээс ялгагдахаар тэмдэглэхэд тэднийг урамшуулан дэмжих тухай бодож үз.

Номнуудыг мэдэж авах нь

Шинэ Гэрээн дэх номнуудын нэрс ба дэс дарааллыг чээжлэх нь төгс эзэмших судрын хэсгүүдийг судрын яг аль хэсэгт байдгийг илүү хурдан тогтооход суралцагчдад тусалж болно. Дараах жишээнүүд нь Шинэ Гэрээн дэх номнуудыг илүү сайн мэдэж авахад суралцагчдад тусалж чадах үйл ажиллагаануудын жишээ юм.

  • Хам сэдвийн хүснэгтийг олох—Төгс эзэмших судрын эшлэлийг олж болох номнуудыг мэдэж авахад нь суралцагчдад туслахын тулд Библи дэх хам сэдвүүдийн хүснэгттэй танил болоход тусал.

  • Дуу дуулах—Шинэ Гэрээний номнуудын нэрийг хүн болгоны мэдэх дууллын эсвэл хүүхдийн дууны үгийн оронд орлуул. Дууг суралцагчдадаа заа (эсвэл “Шинэ Гэрээний номнууд” дууг ашигла [Children’s Songbook, 116–117]). Шинэ Гэрээний номнуудын нэр, дарааллыг чээжлэхэд туслахын тулд жилийн турш суралцагчидтай байнга хамтдаа дуул.

  • Эхний үсгийг ашиглах—Самбар дээр номнуудын эхний үсгийг бич (М, М, Л, И гэх мэт). Суралцагчдаар үсэг бүр ямар номны нэр болохыг хэлэх дасгал хийлгэ. Энэ үйл ажиллагааг номны нэрийг чээжээр хэлж чаддаг болох хүртэл үргэлжлүүлэн давт.

  • Номоор мөрдөх—Төгс эзэмших судрын тухайн хэсэг байгаа номны нэрийг хэл. Тэгээд суралцагчдаар тухайн номны аль нэг хуудсыг нээлгэ. Ангийн бүх суралцагч бүх номыг олоход хэр хугацаа зарцуулж буйг мэд. Энэ үйл ажиллагааг суралцагчид чээжлэхдээ мөн Шинэ Гэрээний номнуудыг олохдоо илүү сайн болох хүртэл хийж болно.

Эшлэл ба агуулгыг чээжлэх нь

Суралцагчид төгс эзэмших судрын хэсгүүд хаана байдгийг мөн тэдгээрийн агуулгыг суралцсанаар Ариун Сүнс тэдэнд хэрэгтэй үед судрын эшлэлийг эргэн санахад тусална (Иохан 14:26-г үзнэ үү). “Ус болон сүнснээс эс төрнө” (Иохан 3:5) мөн “Сүнсний үр жимс” (Галат 5:22–23) гэх мэт түлхүүр үг, хэллэгүүд нь суралцагчдад хэсэг бүрийн агуулга, сургаалыг санахад тусалж чадна. Төгс эзэмших судрын эшлэлүүдийг агуулга эсвэл түлхүүр үгстэй нь холбоход дараах арга барилууд туслах болно. (Суралцагчид төгс эзэмших судрын хэсгүүдийг хаана байдгийг мэддэгээ харуулсны дараа жилийн эцсээр тэмцээн, уралдаан эсвэл үйл ажиллагаануудыг явуулж болох юм. Ийм үйл ажиллагаанууд тэдний суралцсан зүйлсийг бататгахад тусална.)

  • Эшлэлүүд ба түлхүүр үгс—Суралцагчдыг төгс эзэмших судрын картан дээр байгаа төгс эзэмших судрын хэсгийн эшлэл, түлхүүр үгсийг чээжлэхэд урамшуулан дэмж. (Төгс эзэмших судрын картыг store.lds.org хаягаар захиалж болно. Та мөн суралцагчдаас төгс эзэмших судрын картууд хийхийг хүсэж болох юм.) Суралцагчдад хамтрагчтайгаа хамт картнуудыг судалж, дараа нь бие биенээсээ асуух цаг гаргаж өг. Суралцагчдыг хамтдаа суралцаж, бие биендээ асуулт тавин, хариулах арга замаар үр бүтээлтэй байхад урамшуулан дэмж. Суралцагчдыг төгс эзэмших судрын хэсгүүдийг илүү сайн мэддэг болох үед та тэднээс төгс эзэмших судрын хэсгүүд дэх сургаал, зарчмуудын хам сэдэв эсвэл хэрэгжүүлэлтийг багтаасан сэжүүр үгсийг ашиглахыг хүсэж болох юм. Асуултад хариулж буй хүн амаар эсвэл бичгээр хариулж болно.

  • Төгс эзэмших судрын карт—Энэ үйл ажиллагааг төгс эзэмших судрын хэсгүүдийг хэсэг хэсгээр нь танилцуулах юм уу давтахдаа ашиглаж болно. Нэлээд хэдэн төгс эзэмших судрын карт сонгоод, суралцагчдад тарааж өг. (Нэг ижил картыг олон суралцагч авч болохын тулд карт бүрийг олшруулан хувилахад анхаар. Нэг суралцагч хоёр юм уу гурван өөр судрын хэсгээс авсан байхаар тооцож хангалттай тооны карт бэлд.) Тэдгээрийг ангид тарааж өг. Суралцагчдад картан дээрх төгс эзэмших судрын хэсэг, эшлэл, түлхүүр үгс, хам сэдвийн тайлбар, сургаал, зарчим, хэрэгжүүлэх санаануудыг судлах цаг гаргаж өг. Картан дээрх зарим сэжүүр үгийг чанга унш (жишээлбэл, төгс эзэмших судрын хэсгийн үгс эсвэл түлхүүр үгс, хам сэдэв, сургаал, зарчим, хэрэгжүүлэлт гэх мэт). Тухайн картыг авсан суралцагчид босож, төгс эзэмших судрын эшлэлийг чанга уншина.

  • Судар мөрдөх—Суралцагчдад өөрсдийн судраас судрын хэсгүүдийг хурдан олоход туслахын тулд сэжүүр үгсийг ашигла. Төгс эзэмших судрын картнуудаас түлхүүр үгс, хам сэдвийн тайлбар, сургаал, зарчим, хэрэгжүүлэх санаануудыг сэжүүр үгс болгон ашиглаж болно. Мөн та өөрөө сэжүүр үг зохиож болно. Хэсгүүдийг хамгийн түрүүнд олох судар мөрдөх үйл ажиллагаа нь суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг идэвхтэй судлахад тусалж чадна. Төгс эзэмших судраас суралцахад туслах судар мөрдөх үйл ажиллагааг ашиглаж байхдаа хэн нэгнийг эсвэл Сүнсийг гомдоохгүй байх арга замаар хий. Суралцагчдад судартаа хүндэтгэлгүй хандахаас эсвэл хэтэрхий улайран өрсөлдөхөөс зайлсхийхэд тусал. Суралцагчдыг хооронд нь өрсөлдүүлэхийн оронд тодорхой шалгуурыг давахын төлөө уралдуулах талаар тунгаан бод. Жишээлбэл, суралцагчид багштайгаа уралдах эсвэл ангийн хэдэн хувь нь тогтоосон хугацаанд хэдэн төгс эзэмших судрыг олж чадах зэргийг мэдэхээр тэднийг уралдуулж болно.

  • Түүх мөрдөх—Өдөр бүрийн амьдралд чухал ач холбогдолтой төгс эзэмших судрын хэсгээс жүжигчлэн тоглож, юуны тухай үзүүлснийг таах сэжүүр гаргаж өг. Жишээлбэл, Матай 28:19–20 эсвэл Филиппой 4:13-ын сэжүүр үгсэд “Даниел номлолд үйлчлэх боломжтой бөгөөд үүнийгээ санваарын үүрэг гэж боддог боловч өөрийгөө сайн мэдээг бусдад ойлгомжтой сайн заах хангалттай мэдлэггүй гэж санаа зовжээ. Тэр мөн танихгүй хүмүүстэй ярих нь хэцүү байх болно гэж санаа зовж байв. Тэр баталгаа эрэлхийлэн залбирахдаа Есүс Христ амилсныхаа дараа төлөөлөгчдөдөө ‘Явж … бүх үндэстнийг дагалдагч болгогтун’ хэмээх үүрэг өгсөн байдаг ба ингэснээр тэдэнтэй үргэлж хамт байх болно гэдгийг санасан. Даниел мөн ‘Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна’ хэмээх Паулын үгсийн тухай боджээ” гэж хэлж болно. Суралцагчдыг сонсох үедээ өөрсдийн судраас холбогдох төгс эзэмших судрын хэсгүүдийг олохыг хүс.

  • Асуулт хариулт ба тест—Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг чээжилсэн эсэхээ шалгах боломж олго. Сэжүүр үгсэд түлхүүр үгс, судрын заалт, хэсгүүдээс авсан эшлэл, хэсгүүдэд заасан үнэнийг харуулсан жүжигчилсэн тоглолт багтаж болох юм. Асуулт хариулт болон тестийг амаар, самбар дээр эсвэл цаасан дээр бичин өгч болно. Суралцагчдыг асуулт, хариулт эсвэл тест өгч дууссаны дараа өндөр үнэлгээ авсан суралцагчдыг бага үнэлгээ авсан суралцагчидтай хос болгох талаар бодож үз. Өндөр үнэлгээтэй суралцагч бага үнэлгээ авсан суралцагчдад судалж, сайжрахад нь туслахын тулд багш нь болж болно. Энэ хүчин чармайлтын нэг хэсэг болгон уг хоёр суралцагч дараагийн шалгалтад хамтдаа илүү сайн үнэлгээ авах зорилго тавьж болно. Суралцагчдын зорилго, өсөлтийг харуулах хүснэгт юм уу мэдээллийн самбар хийх талаар бодож үз.

Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг ойлгоход туслах үйл ажиллагаа

Үг, хэллэгийг тодорхой болгох

Төгс эзэмших судрын хэсгүүдийн үг, хэллэгийг тодорхой болгосноор (эсвэл суралцагчдад тэднийг тодорхойлоход тусалснаар) суралцагчдад хэсгийн утгыг бүхэлд нь ойлгоход тусалдаг. Эдгээр тодорхойлолт тухайн хэсгийн сургаал, зарчмуудыг ойлгоход чухал бол та суралцагчдыг судрууд дээрээ эдгээр тодорхойлолтыг бичихэд урамшуулан дэмжиж болох юм. Төгс эзэмших судрын хэсгүүдийг давтахдаа үг, хэллэгүүдийн утгыг дахин хар.

Хам сэдвийг олж тогтоох

Судрын хэсгийн хам сэдвийг олж тогтоох нь суралцагчдад тухайн хэсгийн утгыг илүү сайн ойлгоход тусалж чадна. Хам сэдэв нь хэн хэнд хандан, яагаад ярьж байгааг болон хэсгийн нөхцөл байдал (түүх, соёлын болон газар зүйн), судрын хэсгийн хам сэдэв үүсэн бий болсон асуулт эсвэл нөхцөл байдлын тухай мэдээллийг багтаадаг. Жишээлбэл, Иохан 3:5 дээрх Их Эзэний сургаал нь Есүс Христ болон шөнө дөлөөр Аврагчаас сургаалынх нь талаар асуухаар ирсэн Никодем хэмээх өрөвч энэрэнгүй фарисай хүн хоёрын хоорондох харилцан ярианы нэг хэсэг юм. Их Эзэн биднийг “дахин төрөхөөс” бусдаар “Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй” (Иохан 3:3) хэмээн Никодемд хэлжээ. Эргэлзэж тээнэгэлзсэн Никодем настай хүн хэрхэн дахин төрж чадах талаар асуужээ. Иохан 3:5 нь Их Эзэний Никодемд өгсөн хариултыг агуулдаг. Энэ мэдээллийг мэддэг байх нь суралцагчдад Их Эзэн “хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй” хэмээн тунхаглахдаа ямар асуултуудад хариулсныг илүү сайн ойлгоход тусалдаг. Та төгс эзэмших судрын хэсгүүдээс орсон хичээл зааж байхдаа эдгээр хэсгийн хам сэдвийг онцол. Түүнчлэн дараахтай төстэй нэмэлт үйл ажиллагаанууд нь суралцагчдад эдгээр түлхүүр хэсгийг ойлгоход тусалж чадна.

  • Хам сэдвийг олж тогтоох нь—Самбарын дээд хэсэгт Үг хэлэх хүн, үзэгчид, зорилго, бусад тустай санаа гэсэн гарчгуудыг бич. Суралцагчдыг бүлэг болгон хуваарилж, бүлэг бүрд төгс эзэмших судрын хэсэг өг. Тэднийг самбарын дээд талд бичсэн гарчгуудад таарах мэдээллийг олж, хуваарилж авсан хэсгийнхээ хам сэдвийг олж тогтооход урь. Тэдний олж мэдсэн зүйлсийг самбар дээр бичүүл. Дараа нь бүлэг бүрээс хуваарилж авсан хэсгийнхээ хам сэдвийг мөн энэ мэдээлэл хэрхэн хэсэг бүр дэх үнэний талаарх тэдний ойлголтод нөлөөлж буйг тайлбарлахыг хүс. Та энэ үйл ажиллагааг илүү цар хүрээтэй болгохын тулд бүлгүүд самбар дээрх бичсэн зүйлсийг тайлбарлахаас нь өмнө ангийнхныг самбар дээр бичсэн тодорхойлолтууд дээр үндэслэн төгс эзэмших судрын эшлэлүүдийг таах эсэхийг шалгаж болох юм.

Задлан шинжлэх

Задлан шинжлэх нь судрын хэсгүүд дэх сургаал, зарчмуудыг олж тогтоохыг багтаадаг. Энэ нь мөн суралцагчдад эдгээр үнэн тэдэнтэй хэрхэн холбогдож байгааг ойлгоход тусалдаг. Энэ нь тэднийг амьдралдаа сургаал, зарчмуудыг илүү сайн хэрэгжүүлэхэд чиглүүлж чадна. Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг задлан шинжлэхэд тусална. Үүнд:

  • Сэжүүр үгс бичих—Суралцагчид төгс эзэмших судрын хэсгүүдийг илүү сайн мэддэг болсон үед тэднийг сургаал, зарчмуудыг үзүүлсэн асуулт, жүжигчилсэн тоглолт эсвэл бусад сэжүүрийг зохиоход урь. Эдгээрийг ангид асуулт хариултын маягаар ашиглаж болно.

Тайлбарлах

Суралцагчдаар судрын хэсгүүдийг тайлбарлуулах нь тэдний ойлголтыг өргөжүүлж, судруудаас сургаал, зарчмуудыг заах чадварыг өсгөдөг. Төгс эзэмших судрын хэсгүүдийг тайлбарлаж сурахад суралцагчдад туслах хоёр аргыг дурдвал:

  • Түлхүүр үг, хэллэгүүд—Суралцагчдыг дор бүрнээ адилхан төгс эзэмших судрын хэсгийг уншиж, тухайн хэсгийн хувьд хамгийн чухал ач холбогдолтой гэж бодож байгаа үг эсвэл хэллэгийг олж тогтооход урь. Дараа нь нэг суралцагчийг ангийнхандаа тухайн судрын хэсгийг уншиж өгч, сонгосон үг эсвэл хэллэгээ тодруулж хэлэхэд урь. Тухайн суралцагчаас тэр хэсгийг ойлгоход яагаад энэ үг эсвэл хэллэг чухал болохыг тайлбарлахыг хүс. Цөөн суралцагчийг үүнтэй адил зүйл хийхэд урь. Суралцагчид нэг хэсгээс өөр өөр үг эсвэл хэллэгийг сонгож болох юм. Ангийн гишүүд эдгээр өөр санаа бодлыг сонссоноор уг хэсгийн талаар илүү гүн гүнзгий ойлголт олж авч чадна.

  • Сүнслэг хэсэгт бэлтгэх—Суралцагчдад хичээлийн эхэнд сүнслэг хэсэгт бэлтгэн, түүнийг танилцуулах үедээ төгс эзэмших судрын хэсгүүдийг ашиглах боломж олго. Тэдэнд хам сэдвийг тоймлож, сургаал, зарчмуудыг тайлбарлан, утга учиртай туршлага эсвэл жишээ хуваалцах, хэсэг дэх сургаал, зарчмуудыг гэрчлэхээр бэлтгэхэд тусал. Та мөн суралцагчдад хэсгүүд дэх санаануудыг тайлбарлахдаа биет юмс хичээлдээ ашиглахыг санал болгож болох юм.

Сургаал, зарчмуудын ач холбогдлыг мэдрэх

Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүд дэх сургаал, зарчмуудыг ойлгож, сүнслэг гэрчлэлтэй болоход тусал. Ахлагч Робэрт Д.Хэйлс “Жинхэнэ багш хүн сайн мэдээний үнэнийг заагаад зогсохгүй … , суралцагчид нь сүнслэг гэрчлэл хүлээн авч, үйлдэл хийхэд хөтөлдөг ойлголтыг зүрх сэтгэлдээ суулгаж болох алхмыг хийдэг” гэж хэлжээ (“Teaching by Faith” [address to CES religious educators, Feb. 1, 2002], 5, LDS.org; мөн Teaching Seminary: Preservice Readings [2004], 92-ыг үзнэ үү). Суралцагчид сургаал, зарчмын үнэн, ач холбогдол, зайлшгүй хэрэгцээ зэргийг Сүнсний нөлөөгөөр мэдрэх үед үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх хүсэл нь өсдөг. Багш нар суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүд дэх сайн мэдээний зарчмуудын дагуу амьдарсан туршлагаасаа хуваалцах боломж олгосноор тэдэнд Ариун Сүнсний эдгээр мэдрэмжийг урьж, өсгөхөд нь тусалж чадна. Энэ нь төгс эзэмших судрын хэсгүүдэд заагдсан үнэнүүдийг илүү сайн ойлгож, эдгээр үнэнийг суралцагчдын зүрх сэтгэлд бичигдсэн эсэхийг батлахад туслах болно. Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад төгс эзэмших судруудаар заагдсан сургаал, зарчмуудын ач холбогдлыг мэдрэхэд тусална. Үүнд:

  • Судрын хэсгүүдийг сонсох—Суралцагчдыг сүм дээр үг хэлж байгаа хүмүүсийн үг, хичээл, Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс мөн гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцаж байхдаа төгс эзэмших судрын хэсгүүдийг олж сонсоход урь. Суралцагчдыг ямар хэсэг сонссон, сонссон хэсгүүдээ хэрхэн ашигласан, тэдгээр нь ямар үнэнийг заасан, тэрхүү заагдсан үнэнээр дамжуулан тэдний мөн бусад хүний мэдэрсэн зүйлүүдийг тайлагнахад урь. Төгс эзэмших судрын хэсгүүдийн заасан үнэнийг гэрчлэх (мөн суралцагчдыг гэрчлэлээ хуваалцахад урих) боломжуудыг эрж хай.

Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг хэрэгжүүлэхэд туслах үйл ажиллагаа

Хичээл

Төгс эзэмших судрын хэсэг болон үндсэн сургаалуудыг хамтад нь зохиосон бөгөөд суралцагчдад ашиг тустай байхаар төлөвлөсөн. (Төгс эзэмших судрын хэсгүүд үндсэн сургаалуудад байдаг.) Суралцагчид төгс эзэмших судрын хэсгүүд дэх сургаал, зарчмуудыг судалж, илэрхийлэхдээ үндсэн сургаалуудаас суралцаж, илэрхийлж байна гэсэн үг. Суралцагчид өөрсдийн үгээр үндсэн сургаалуудыг илэрхийлж сурснаар тэдэнд туслах чээжилсэн төгс эзэмших судрын хэсгүүддээ найдаж болно. Төгс эзэмших судрын хэсгүүдийг ашиглан сайн мэдээний сургаал, зарчмуудыг заах боломжийг суралцагчдад олгосноор тэдний өөрсдөдөө болон судрын мэдлэгтээ итгэх итгэл өсөх болно. Суралцагчид төгс эзэмших судрын хэсгүүд дэх сургаал, зарчмуудыг зааж, гэрчилснээр өөрсдийн гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг. Суралцагчдыг ангид сайн мэдээг зааж, тайлбарлахдаа мөн найз нөхөд, гэр бүлийн гишүүд, бусадтай ярилцахдаа төгс эзэмших судрын хэсгүүдийг ашиглахад урамшуулан дэмж.

  • Захиасыг танилцуул—Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүд дээр тулгуурлан, 3-аас 5 минутын хэлэх үг эсвэл хичээл бэлтгэхийг даалга. Тэднийг ангид юм уу гэрт нь бэлдүүл. Тэд төгс эзэмших судрын хэсгүүдээс гадна бэлтгэхэд нь туслах төгс эзэмших судрын карт, судруудын удирдамж эсвэл Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт зэрэг бусад эх сурвалжийг ашиглаж болно. Хэлсэн үг эсвэл хичээл бүр нь оршил, төгс эзэмших судрын хэсэг, заагдаж буй зарчмуудтай холбоотой түүх, жишээ, суралцагчийн гэрчлэл зэргийг багтаасан байна. Суралцагчид ангид болон гэр бүлийн үдэш дээр эсвэл чуулгадаа юм уу ангиуддаа захиасуудаас хуваалцахдаа Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын эсвэл Хувийн хөгжил дэвшлийн нэг хэсэг болсон өөрийнхөө үүргийг биелүүлэх үүднээс сайн дураараа хамрагдах хэрэгтэй. Суралцагчдыг ангиас гадуур үг хэлэхэд эсвэл хичээл заасан бол тэднийг туршлагаасаа хуваалцахад урих талаар бодож үз.

  • Номлогчийн дүрд жүжигчлэн тоглох—Төгс эзэмших судрын хэсгүүдийн тусламжтай хариулж болох сонирхогчийн асуултуудыг бэлтгэ (жишээлбэл, “Танай сүмийн гишүүд Есүс Христийн юунд итгэдэг вэ?”). Хоёр суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урьж, картнуудаас сонгосон асуултад хариулахыг хүс. Ижил асуултад номлогчид хэрхэн хариулахыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та тэдэнд (1) судрын хэсгийн хам сэдвийг заах, (2) сургаал, зарчмыг тайлбарлах, (3) зааж байгаа хүмүүс нь юу заасныг нь ойлгосон эсвэл итгэсэн эсэхийг мэдэхийн тулд асуулт тавих, (4) мэдрэмж, гэрчлэлээ хуваалцах, (5) заасан үнэний дагуу үйлдэхэд заасан хүмүүсээ урих зэрэг хэд хэдэн үр дүнтэй арга барилыг санал болгож болно. Ангийнхнаас хамтрагч бүр нь тэдний асуултад хэрхэн хариулсан талаар сэтгэгдлээ хэлэхийг хүс.

  • Гэрчлэх—Суралцагчдыг төгс эзэмших судрын хэсгүүдийг харж, гэрчлэхийг хүсэж байгаа сургаал, зарчмыг нь багтаасан нэг хэсгийг сонгохыг хүс. Сонгосон үнэнийхээ талаар гэрчилж, үүнийг гэрчлэх боломжтой болоход хөтөлсөн туршлагаасаа хуваалцахыг хүс. Суралцагчдыг өөрсдийн гэрчлэлийг хуваалцах үед гэрчилж байгаа сургаал, зарчмуудын үнэнийг Ариун Сүнс нотлох болно. Тэдний гэрчлэл бусдыг итгэлтэй үйлдэхэд сүнслэгээр өдөөж болно.

Тэмдэглэл: Тэд гэрчлэлээ сайн дураараа хуваалцах хэрэгтэй. Суралцагчдыг хэзээ ч гэрчлэлээ хуваалцахад хүчилж мөн мэдрээгүй зүйлээ мэддэг юм шиг байх ёстой гэж ойлгуулж болохгүй. Мөн зарим суралцагч “Би өөрийн … гэрчлэлийг хуваалцахыг хүсэж байна” гэж хэлснээр гэрчлэлээ эхлүүлэх мөн тэднийг гэрчлэлээ сэтгэл хөдлөлтэй илэрхийлэх ёстой гэж андууран боддог учраас өөрсдийн гэрчлэлийг хуваалцахаас татгалздаг. Гэрчлэлээ хуваалцахдаа өөрсдийн үнэн гэж мэддэг сургаал, зарчмуудыг энгийн байдлаар хуваалцах хэрэгтэй гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. “Би үүнийг үнэн гэдэгт итгэдэг” эсвэл “Энэ нь үнэн гэдгийг би мэднэ” эсвэл “Би үүнд чин сэтгэлээсээ итгэдэг” гэж энгийн байдлаар хэлэн, гэрчлэлээ хуваалцаж болно.

Амьдралдаа хэрэгжүүлэх

Суралцагчдад судрын хэсгүүдэд багтсан сургаал, зарчмуудыг хэрэгжүүлж болох арга замуудыг (эсвэл арга замуудын талаар бодохыг) санал болгох нь тэдэнд итгэлээ хөгжүүлэх боломжийг олгодог.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар:

“Зөв зарчмуудын дагуу чөлөөтэй сонголт хийдэг суралцагч нь өөрийн зүрх сэтгэлийг Ариун Сүнсэнд нээж, гэрчлэгч хүч ба нотлогч гэрчийг урьдаг. Итгэлээр суралцах нь идэвхгүй хүлээн авах биш, харин сүнслэг байдал, оюун ухаан, бие бялдрын хувьд идэвхтэй хичээж чармайхыг шаарддаг. Энэ нь Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Есүс Христэд харуулах бидний суралцах хүсэл мөн Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авах итгэлээр өдөөгдсөн чин сэтгэл ба тууштай үйлдэл юм” гэж хэлжээ (“Seek Learning by Faith,” Ensign, 2007 оны 9-р сар, 64).

Сургаал, зарчмуудыг хэрэгжүүлснээр олж авсан туршлагаасаа хуваалцан, гэрчлэх боломжийг суралцагчдад олго. Дараах зүйл нь суралцагчдыг амьдралдаа төгс эзэмших судрын хэсгүүдийг хэрэгжүүлэхэд урамшуулан дэмжих нэг арга зам болдог. Тухайлбал:

  • Зорилго тавих—Төгс эзэмших судрын картнуудын хэрэгжүүлэх хэсэгт тулгуурлан суралцагчдыг төгс эзэмших судрын хэсгүүд дэх зарчмуудын дагуу илүү сайн амьдрах онцгой зорилго тавихад урь. Тэднээс зорилгоо цаасан дээр бичиж, сануулга болгон авч явж байхыг хүс. Тохиромжтой үед суралцагчдаас амжилтаа тайлагнахыг хүс.

Төгс эзэмших судрын хэсгүүдийг чээжлэх-д суралцагчдад туслах үйл ажиллагаа

Чээжлэх нь

Судрын хэсгүүдийг чээжлэх нь ойлголтыг өргөжүүлж, суралцагчдын сайн мэдээ заах чадварыг өсгөдөг. Суралцагчид судруудыг чээжлэх үед шаардлагатай тохиолдолд тэдний оюун ухаанд Ариун Сүнс үг хэллэг, санааг сануулдаг (Иохан 14:26; C ба Г 11:21-ийг үзнэ үү). Чээжлэх үйл ажиллагаануудыг суралцагчдын ур чадварт тохируулах хэрэгтэйг сана.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн, ахлагч Ричард Г.Скотт судруудыг чээжлэхэд урамшуулан,

“Судруудыг чээжлэх нь агуу хүчийг авчирдаг. Судрыг чээжилнэ гэдэг нь шинэ нөхөрлөл бий болгож байгаатай адил билээ. Энэ нь хэрэгтэй үед маань туслан, тайвшрал, сүнсний нөлөөг өгч, өөрчлөлт хэрэгтэй үед маань урам дэм өгдөг шинэ танилтай болсонтой адил юм” гэж хэлжээ (“Судрын хүч,” Ensign, 2011 оны 11-р сар эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5).

Дараах үйл ажиллагаа бүрийг суралцагчдад урт хугацааны турш ой тойндоо санадаг байхад нь туслахын тул хичээлийн эхэнд эсвэл төгсгөлд хэдэн өдөр дараалан давтаж болно.

  • Нэг нэг үгээр хэлж уралдах—Суралцагч бүрийг төгс эзэмших судрын хэсгийг нэг нэг үгээр хэлэхийг хүс. Жишээлбэл, суралцагчдад Матай 5:14–16-г чээжлэхэд нь туслахдаа эхний суралцагч та, хоёр дахь суралцагч нар, гурав дахь суралцагч бол гэж хэлэн, шүлгийг бүтнээр нь гүйцээж хэлэх хүртэл үргэлжлүүлнэ. Цаг харан, тэдэнд цагтаа хийж гүйцэтгэхийн тулд олон удаа оролдох боломж олго. Энэ үйл ажиллагааг давтан хийхдээ тэднээр өөр өөр үг хэлүүлэхийн тулд суралцагчдын дарааллыг солихыг бод.

  • Эхний үсэг—Төгс эзэмших судрын хэсэг дэх үг бүрийн эхний үсгийг самбар дээр бич. Шаардлагатай бол, ангийнхан судрын хэсгийг тантай хамт давтах үед тэдний судрыг ашиглан үсгүүд рүү заа. Эхний үсгийн тусламжтайгаар хэсгийг бүгдийг чээжээр хэлэх чадвартай болтол үйл ажиллагааг үргэлжлүүлэн давт. Та суралцагчдын чээжээр хэлэх ээлж ирэх бүрд уг хэсгээс хэдэн үгийг арилгаж болно. Энэ нь суралцагчид эхний үсгүүдийг ашиглахгүйгээр хэсгийг давтан хэлэхэд илүү шалгууртай болох болно.

  • Үгийн сүлжээ—Төгс эзэмших судрын хэсгийн үгсийг суралцагчдаар бичүүл эсвэл өөрөө шугамтай цаасан дээр бич. Цаасыг судрын үгсийг гэмтээлгүй тууз болгон хайчил. Хэсгийн хэдхэн үгсийг багтаахын тулд зарим туузыг арай богино хайчил. Хайчилбараа сайтар холин, хоёр суралцагчид эсвэл жижиг бүлэгт өг. Өөрсдийн судрыг удирдамж болгон ашиглаж, хайчилбарыг дэс дараалалд оруулахыг тэднээс хүс. Судраа ашиглах шаардлагагүй болтол үүнийг давтан хий. Тэднийг хийж дууссаны дараа тухайн хэсгийг чанга уншихыг хүс. Та нар мөн суралцагчдын гүйцэтгэх цагийг хэмжиж, аль бүлэг хамгийн хурдан зөв дараалалд оруулахыг харж болно. Эсвэл үгийн сүлжээг ангийн нийт суралцагчид хэдий хугацаанд хийж дуусгахыг хар (хийж дууссан бүлгээр арай удаан хийж буй бүлэгт туслуул).