Номын сан
26-р хичээл: Матай 23


26-р хичээл

Матай 23

Оршил

Аврагч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа сүүлийн долоо хоногийн туршид хуулийн багш нар болон фарисайчуудын хоёр нүүрт байдлыг буруушаан, Иерусалимын хүмүүс Өөрийнх нь хайр, хамгаалалтыг хүлээн авахгүй байгаад гашуудсан.

Заах зөвлөмж

Maтай 23:1–12

Аврагч хуулийн багш нар, фарисайчуудын хоёр нүүрт байдлыг буруушаасан

Суралцагчдыг өөрсдийн судрыг нэг нэгэндээ харуулж, хэн нь хамгийн том судартай байгааг мэдэхэд урь.

  • Хамгийн том судартай хүнийг хамгийн зөв шударга хүн гэж хэн нэгэн зүтгэх юм бол та нар юу гэж хариулах вэ?

  • Энэ нь яагаад хувь хүний зөв шударга байдлыг тодорхойлох үр дүнгүй, буруу арга зам бэ?

  • Хэрэв бид бусдын зөв шударга эсэхийг гадаад байдлаар нь тодорхойлдог бол юу болох вэ? (Өөр бусад асуудлаас гадна, энэ нь зарим хүнийг хуурамч дүр эсгэхэд хөтөлж болно.)

  • Хуурамч байдал гэж юу вэ? (“Энэ үг нь ерөнхийдөө өөрөө шударга биш мөртлөө шударга мэт царай гаргадаг хүнийг хэлдэг” [Bible Dictionary, “Hypocrite”]. Энэ нь шашин шүтлэгтэй мөртлөө шашин шүтлэггүй царай гаргадаг хүнийг бас хэлж болно.)

Аврагч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа сүүлчийн долоо хоногийн туршид Иерусалим дахь ариун сүмд олон нийтийн өмнө эцсийн захиасынхаа нэг хэсэг болгож, хуулийн багш нар болон фарисайчуудын хоёр нүүрт байдлыг буруушаасан гэдгийг тайлбарла.

Бусдыг хуурамчаар үйлдэхийг харах үедээ хэрхэн хандахыг болон өөрсдийн амьдрал дахь хуурамч байдлыг даван гарахын тулд юу хийж чадахаа мэдэхэд суралцагчдад туслах үнэнүүдийг Матай 23-аас олж мэдэхэд тэднийг урь.

Хэдэн суралцагчийг Матай 23:1–7-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч хуулийн багш нар болон фарисайчуудыг ямар байдлаар хуурамч гэж хэлж байсныг олж мэдэхийг хүс. “Мосегийн суудалд суух” (2-р шүлэг) гэдэг нь хуулийн багш нар болон фарисайчууд сургаалыг зааж, хуулийг хөрвүүлж, тогтоох эрх мэдэл бүхий байр суурь эзэлсэн гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Эдгээр үг нь түүнчлэн зарим эртний синагогоос олдсон, өөрсдийгөө синагогт байгаа бусад бүх хүнээс зохистой гэж боддог байсан хүмүүст зориулагддаг байсан бодит суудлыг хэлж байж болох юм.

  • Хуулийн багш нар болон фарисайчууд ямар байдлаар хоёр нүүр гаргаж байсан бэ?

Зураг
Магнайн болон гарын сахиус зүүсэн иудей хүн

Магнайн болон гарын сахиус зүүсэн иудей хүн

Боломжтой бол, бас тефилин гэж нэрлэгддэг байсан магнайн болон гарын сахиус зүүсэн хүний зургийг үзүүл. Магнайн болон гарын сахиус зүүх нь иудейчүүдийн заншил байсан бөгөөд энэ нь дух, гарт уяж тогтоосон жижиг савхин хайрцагнууд байсан. Тэдгээр сахиус дотор Еврейн судруудын хэсгийг багтаасан жижигхэн илгэн цаасан хуй байдаг байжээ. Иудейчүүд Бурханы зарлигуудыг дагахыг өөрсдөдөө сануулахаар магнайн болон гарын сахиус зүүдэг байв (Дэд Хууль 6:4–9; 11:13–21; Eгипетээс гарсан нь 13:5–10, 14–16-г үзнэ үү). Их Эзэн магнайн болон гарын сахиус зүүсэн хүмүүсийг буруушаагаагүй, харин тэдгээрийг хуурамчаар хэрэглэдэг эсвэл хүмүүст харагдуулах гэж юм уу илүү чухал харагдах гэж тэдгээр хайрцгийг томсгосон хүмүүсийг буруушааж байсан юм.

  • Матай 23:5-д цэдэглэснээр, хуулийн багш нар болон фарисайчууд яагаад өөрсдийн магнайн болон гарын сахиусаа өргөсгөж, “унжлагаа уртасгасан” бэ?

  • Тэд өөр ямар арга замаар “хүмүүст харуулахаар” (5-р шүлэг) эсвэл дэлхийн нэр хүндийг авахаар хичээсэн бэ?

  • Maтай 23:3-т Аврагчийн шавь нартаа өгсөн зөвлөгөөний дагуу, бид бусдын хоёр нүүр гаргаж байгааг эсвэл шударга биш мөртлөө зөв шударга дүр эсгэж байгааг хараад юу хийх вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид бусдын хоёр нүүр гаргаж байгааг харсан үедээ Бурханы хуулиудыг дагахаар сонгож чадна гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Энэ үнэн яагаад манай энэ үед бидний хувьд дагахад чухал байдаг вэ?

Нэг суралцагчийг Матай 23:8-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Их Эзэн хүмүүст юуг хийхгүй байхыг зөвлөснийг олж мэдэхийг хүс. Мөн суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

“Та нар бүгд ахан дүүс” (8-р шүлэг) гэдэг үгсийг онцлон хэлж мөн Аврагч хүмүүст тэд бүгдээрээ Бурханы хүүхдүүд, Түүний мэлмийд адил учраас өөрийгөө бусдаас илүү дээр гэж бодохгүй байхыг заасан.

Maтай 23:9–10-ыг дүгнэн, Тэнгэрлэг Эцэг бол бидний Бүтээгч, Аврагч Христ Өөрөө Бурханаас илгээгдсэн бөгөөд бидэнд амьдралыг өгөгч жинхэнэ Эзэн маань хэмээн Аврагч гэрчилсэн гэдгийг тайлбарлан ярьж өг (Иосеф Смитийн Орчуулга, Maтай 23:6 [Maтай 23:9, зүүлт тайлбар a]; Maтай 23:7 [Maтай 23:10, зүүлт тайлбар a]-г үзнэ үү).

Хуулийн багш нар болон фарисайчууд байр суурь, эрх мэдэл өөрсдийг нь агуу болгоно гэж боддог байсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Матай 23:11–12-ыг чанга уншихад уриад, Бурханы хаант улсад Аврагч хэнийг агуу хэмээн үзнэ гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 11-р шүлэгт цэдэглэснээр, Бурханы хаант улсад хэнийг агуу гэж үзэх вэ?

  • 12-р шүлэгт цэдэглэснээр, хэрэв бид фарисайчуудын адил өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж “өргөмжлөх” (өргөх) юм бол юу тохиолдох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа тэд Хэрэв бид өөрсдийгөө бусдаас дээгүүр өргөмжлөхийг хичээх аваас дорд болгогдох болно гэсэн зарчмыг ойлгож байгаа эсэхийг бататга. Дорд болгогдох гэдэг нь доошлогдож, доромжлогдож эсвэл хүндлэгдэх нь багасах гэсэн утгатай.)

  • 11–12-р шүлэгт цэдэглэснээр, хэрвээ бид даруухан байж мөн бусдад үйлчилбэл юу тохиолдох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид даруухан байж мөн бусдад үйлчлэх аваас Их Эзэн биднийг өргөмжлөх болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

“Өргөмжлөгдөх“ (12-р шүлэг) гэдэг нь Их Эзэн биднийг өргөж, Түүнтэй илүү адил болоход бидэнд туслахыг хэлж байгаа юм.

  • Та нар Maтай 23-аас мэдэж авсан зүйл дээрээ үндэслэвэл, даруухан байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Дараах хөндлөн зураасыг самбар дээр зур. Суралцагчдыг сургууль, гэр, сүмд хийдэг сайн үйлсээ тунгаан бодоход урь. Тэднийг өөрсдийн сайн үйлс хийх хүсэл ба даруу байх зүтгэл дээр үндэслэн өөрсдийгөө энэ үл тасрах холбооны хаана нь байрлуулах талаар бодохыг хүс.

Зураг
үл тасрах холбоо, сайн үйлс

Суралцагчдыг бид бүгдээрээ Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэдгээ санахад урамшуулан дэмж. Та бас тэднийг дараагийн сарын туршид өдөр бүр хэн нэгэнд үйлчлэх зорилго тавихад урамшуулан дэмж. Тэднийг хувийн өдрийн тэмдэглэл дээрээ энэ туршлагын талаар бичихэд урих талаар бодож үзээрэй.

Матай 23:13–36

Есүс Христ хуулийн багш нар болон фарисайчуудын дээр халаг зарласан

Хичээл эхлэхийн өмнө доторх нь харагдахааргүй гурван аяга бэлд. Эхний аяганы гадна талд мөн хоёр дахь аяганы дотор талд шавар нааж, гурав дахь аягыг цэвэрхнээр нь үлдээ. Аягануудыг харуулаад, аль аяганаас уухыг ангийнхнаас асуу. Нэг суралцагчийг аягануудын доторхыг шинжээд, аль аяганаас уумаар байгаагаа тайлбарлахад урь.

  • Бохир аяга нь ямар байдлаар хоёр нүүрт хүмүүсийг төлөөлж байна вэ?

Матай 23:13–36-г дүгнэн, Аврагч хуулийн багш нар болон фарисайчуудыг хоёр нүүртэй байдгийнх нь төлөө буруутгав. Суралцагчдыг эдгээр шүлгийг гүйлгэн уншиж, хэд хэдэн шүлэгт давтагдсан Аврагчийн үгсийг олж мэдэхэд урь. Тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Та эдгээр шүлэг дэх золгүй гэдэг үгийг тэмдэглэхийг суралцагчдад санал болгож болно. Золгүй гэдэг нь зовлон, шаналал, зүдгүүрийг хэлж байгаа гэдгийг тайлбарла.

Самбар дээр дараах судрын эшлэл ба асуултуудыг бич:

Maтай 23:23–24 (мөн 24-р шүлэг, зүүлт тайлбар a-г үзнэ үү)

Матай 23:25–26

Матай 23:27–28

Maтай 23:29–36 (мөн 36-р шүлэг, зүүлт тайлбар a-г үзнэ үү)

Хуулийн багш нар болон фарисайчууд хэрхэн хоёр нүүр гаргаж байсан бэ?

Бидний өнөө үед хардаг энэ төрлийн хоёр нүүрт байдлын ямар жишээ байдаг вэ?

Суралцагчдыг хос болгон хуваарил. Хос бүрийг самбар дээрх эшлэл бүрийг чанга уншаад, дараа нь самбар дээрх асуултуудыг ярилцахад урь. (Суралцагчдыг өөрсдөд нь хуваарилагдсан хэсгийг уншихдаа зүүлт тайлбар дахь Иосеф Смитийн Орчуулгыг уншихад урамшуулан дэмж.)

Хангалттай хугацаа өнгөрсний дараа хариултаа хэлэхийг суралцагчдаас хүс.

Нэг суралцагчийг Матай 23:26-г чанга уншихад уриад, Аврагч фарисайчуудад хуурамч байдлаасаа салахын тулд юу хий гэж хэлснийг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Аврагч фарисайчуудад юу хий гэж хэлсэн бэ?

  • Аврагчийн фарисайчуудад заасан зүйлээс үндэслэвэл, бид дотроосоо сүнслэг байдлын хувьд цэвэр болохоор хичээх явцад бидэнтэй юу тохиолдох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Биднийг сүнслэг байдлын хувьд дотроо цэвэр болохоор хичээх үед энэ нь бидний гаднах сонголтод нөлөөлөх болно гэсэн зарчмыг ойлгож байгаа эсэхийг бататга.)

  • Бид дотроо, сүнслэг байдлын хувьд цэвэр болохын тулд юу хийх ёстой вэ?

  • Бидний дотоод зөв шударга байдал нь бидний гаднах сонголтуудад хэрхэн нөлөөлж болох вэ?

Суралцагчдыг аль аяга тэдний сүнслэг байдлыг зөв төлөөлж байгаа талаар тунгаан бодоход урь. Дээрх зарчмын талаар гэрчилж, суралцагчдыг сүнслэг байдлын хувьд цэвэр байхад туслах зорилго тавихад урамшуулан дэмж.

Матай 23:37–39

Аврагч Иерусалимын хүмүүс Өөрт нь ирэхийг хүсэхгүй байгаад гашуудав

Зураг
эм тахиа, дэгдээхий

Дэгдээхийнүүдээ хамгаалж байгаа эм тахианы зургийг үзүүл эсвэл зур.

  • Эм тахианууд дэгдээхийнүүдээ яагаад далавчин доороо цуглуулдаг вэ? (Энэ нь тэднийг аюулаас хамгаалахын тулд юм. Эм тахиа дэгдээхийнүүдээ хамгаалахын төлөө амиа өгдөг гэдгийг онцлон хэл.)

Нэг суралцагчийг Матай 23:37–39-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч Өөрийгөө хэрхэн эм тахиатай адил гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Аврагч дэгдээхийнүүдээ цуглуулдаг тахиатай юугаараа төстэй байдаг вэ?

  • Аврагчаар цуглуулагдана гэдэг нь юу гэсэн үг вэ?

“Гэр чинь та нарт хоосон үлдэж байна” (38-р шүлэг) гэдэг үгсийг онцлон зааж, хоосон гэдэг нь эзэнгүй, орхигдсон гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Уг хүмүүс Аврагчаар цуглуулагдахыг хүсээгүй учир, хамгаалагдалгүй үлдсэн юм. Эдгээр үг нь Есүсийн үед мөн хожим нь Иерусалим устгагдах үед байсан хүмүүсийн сүнслэг байдлын нөхцөлийг хэлж байж болох юм.

  • Есүсийн эм тахиа ба дэгдээхийнүүдийн талаар заасан зүйл дээр үндэслэхэд, хэрвээ бид Аврагчаар цуглуулагдахыг хүсвэл юуг хүлээн авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрвээ бид Аврагчаар цуглуулагдахыг хүсвэл Түүний халамж, хамгаалалтыг хүлээн авах болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Бид Түүгээр цуглуулагдахад бэлэн байгаагаа хэрхэн Аврагчид харуулж чадах вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр жагсаан бич.)

Аврагчид цугларч чадах нэг арга замыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“[Аврагч] нэгээс олон удаа, эм тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо цуглуулдаг шиг биднийг цуглуулах болно гэж хэлсэн. Бид Өөрт нь ирэхийг сонгох ёстой хэмээн Тэр хэлдэг. …

Үүнийг хийж болох нэг зам нь Түүний Сүмд гэгээнтнүүдтэй цугларах явдал юм. Хэцүү санагдсан үед ч цуглаанууддаа оч. Хэрвээ та нар шийдэмгий байх юм бол Тэр үүнийг хийх хүч чадлыг олоход тань та нарт туслах болно” (“In the Strength of the Lord,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 18).

  • Бид Аврагчаар цуглуулагдахад бэлэн байгаагаа харуулахын тулд юуг хийж чадна гэж ерөнхийлөгч Айринг хэлсэн бэ?

Суралцагчдыг самбар дээрх жагсаалтаас Христээр цуглуулагдахад бэлэн байгаагаа харуулж болох арга замуудыг олж харахыг хүс. Тэднийг эдгээрийн аль нэг арга замаар Аврагчид цугларч ирснээр тэд хэрхэн халамж, хамгаалалт хүлээн авснаа хуваалцахад урь.

Аврагчид цуглахын тулд юу хийхээ шийдэхэд суралцагчдыг урь, тэгснээр тэд Түүний халамж, хамгаалалтыг үргэлжлүүлэн хүлээн авч чадна.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Maтай 23. Хоёр нүүрт байдлын хэлбэрүүд

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Н.Элдон Таннэр хоёр янзын хуурамч байдал байдаг талаар ийн тайлбарласан:

“Харри Эмерсон Фосдик хоёр нүүр гаргадаг хоёр хэлбэрийг ажиглажээ. Бид үнэн байдлаасаа илүү сайн болж харагдахыг хичээдэг бол нөгөөтэйгүүр өөрсдийгөө жинхэнэ байгаагаасаа доогуурт тавьдаг ажээ. Хүмүүс үнэн байдлаасаа илүү дээгүүр болж харагдахыг хичээдэг, хоёр нүүр гаргах хэлбэрийн талаар бид ярилцсан. Гэвч бид зүрх сэтгэлээрээ мэдэж, итгэдэг хэрнээ олон нийтийн өмнө үнэнийг хамгаалж ярихаасаа айдаг Сүмийн гишүүдийг олонтоо хардаг. Хоёр нүүр гаргах энэ хэлбэр нь нөгөөгөөсөө илүү ноцтой юм” (“Woe unto You … Hypocrites,” Improvement Era, 1970 оны 12-р сар, 33).

Maтай 23:35. “Сүм болоод тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берехиагийн хүү Захариа“

Бошиглогч Иосеф Смитийг эрхлэгчээр нь ажиллаж байхад хэвлэгдсэн Times and Seasons сонины 1842 оны 9-р сарын дугаарт Иохан Баптистын аав болох Захариагийн хувь заяаны талаар тайлбар өгөгдсөн байдаг. Тухайлбал:

“Жаахан хүүхдүүдийг алах Херодын тушаал гарахад Иохан Есүсээс зургаан сар орчмоор л ах байсан болохоор энэ тамын зарлигт багтсан байв. Мөн Захариа өөрийн эхтэй хамт түүнийг уул руу явуулж, тэнд Иохан зэрлэг зөгийн бал, царцаа идэж өсчээ. Тэр жил ариун сүмийн ахлах дээд прист байсан түүний аав, Иоханы байсан газрыг илчлэхийг эсэргүүцсэн тул Херодын тушаалаар, сүм болоод тахилын ширээ хоёрын хооронд алагджээ” (“Persecution of the Prophets,” Times and Seasons, 1842 оны 9-р сарын 1, 902).