Паулын Тимотод бичсэн хоёр дахь захидлын оршил
Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?
Паулын Тимотод бичсэн хоёр дахь захидал нь Есүс Христийн талаар гэрчлэлтэй байхад ирдэг хүч чадлыг цохон тэмдэглэдэг (2 Тимот 1:7–8-ыг үзнэ үү). Энэ нь мөн Паул, Тимот хоёрын үед төдийгүй хожмын өдрүүдэд байх “хэцүү цаг”-ийн тухай бошиглолыг агуулдаг (2 Тимот 3:1–7-г үзнэ үү). Тимотод тулгарсан асуудлуудад туслахын тулд Паул түүнийг судруудад болон Сүмийн удирдагчдад итгэж (2 Тимот 3:14–17-г үзнэ үү), жинхэнэ сургаалд найдахыг (2 Тимот 4:2-ыг үзнэ үү) урамшуулан дэмждэг. Суралцагчид энэ номыг судалснаар хожмын өдрүүдийн хэцүү цагт амьдрахад нь туслах сургаал, зарчмуудыг мэдэж авах болно.
Хэн энэ номыг бичсэн бэ?
2 Тимот номыг Паул бичсэн (2 Тимот 1:1-ийг үзнэ үү).
Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?
Паул Тимотод бичсэн хоёр дахь захидлаа МЭ 64–65 оны хооронд бичсэн байх магадлалтай (Судруудын удирдамж, “Паулын захидлууд,” scriptures.lds.org-оос үзнэ үү). Паул энэ захидлаа нас барахаасаа өмнө, Ромд хоёр дахь удаагаа шоронд хоригдож байхдаа бичсэн (Библийн толь бичиг, “Паулын захидлууд”-ыг үзнэ үү).
Паул хоригдож байхдаа гинжээр хүлүүлж (2 Тимот 1:16; 2:9-ийг үзнэ үү), шоронгийн өрөөнд юм уу гянданд мөн гадаа байж (2 Тимот 4:13, 21-ийг үзнэ үү), найз нөхөд нь түүнийг хайж олох гэж зүдэрсэн ажээ (2 Тимот 1:17-г үзнэ үү). Лук л түүн дээр байнга очдог байсан байх магадлалтай (2 Тимот 4:11-ийг үзнэ үү) бөгөөд Паул амьдрал нь төгсөж буйг мэдэж байжээ (2 Тимот 4:6–8-ыг үзнэ үү).
Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?
Паул энэ номондоо өөрт нь ирсэн үхлийн дараа үргэлжлүүлэн явах хүч чадлыг Тимотод өгч, урамшуулсан. Паул өөрийнх нь цаг ахархан болсныг мэдэж байсан бөгөөд “өөрийн хайрт хүү” хэмээдэг Тимоттой уулзахыг хүссэн (2 Тимот 1:2).
Паул захидлынхаа төгсгөлд Тимот, Марк хоёрыг өөр дээр нь ирж, орхисон хэдэн зүйлийг нь авчрахыг гуйдаг (2 Тимот 4:9–13-ыг үзнэ үү). Хэдий Паулын захидал Тимотод хэмээн тодорхой хаяглагдсан ч Паул тухайн үед болон бидний үед хамааралтай сорилт бэрхшээл, шийдвэрүүдийг заасан учраас энд байх зөвлөгөөг “эцсийн өдрүүдэд” (2 Тимот 3:1) амьдрах хүмүүс дагаж болно.
Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?
Энэ ном нь 1 Тимот ба Тит номын нэгэн адил удирдагчдад зориулсан захидлуудын нэг бөгөөд “Төлөөлөгчийн сүүлчийн үгсийг агуулж, түүнийг гайхалтай зориг зүрх, итгэл найдвартайгаар үхлийн ирмэг дээр байгааг харуулдаг” (Библийн толь бичиг, “Паулын захидлууд”-ыг үзнэ үү). Цаг хугацааны хувьд 2 Тимот ном нь Шинэ Гэрээн дэх Паулын хамгийн сүүлчийн захидал юм (2 Тимот 4:6-г үзнэ үү).
Энэ номонд “Харийнхны тунхаглагч, элч, багшаар” (2 Тимот 1:11) үйлчлэхийн адислал, хүндрэл бэрхшээлүүдийн талаарх Паулын зарим бодол эргэцүүлэл байдаг. Паул “Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан. Ирээдүйд зөвт байдлын титэм нь надад зориулагдан зэхэгдсэн ажээ” (2 Тимот 4:7–8) хэмээн тунхагласан нь тэрээр мөнх амьдралыг өвлөн авна гэдэгтээ итгэлтэй байсныг харуулдаг. Паул гучин жилийн турш Есүс Христэд үйлчилсэн тул бусдын итгэлийг хүчирхэгжүүлэхийн тулд хэрхэн амжилттай үйлчлэх талаар Тимотод заавар өгөхөд хамгийн тохиромжтой хүн байв (2 Тимот 2:15–17, 22–26; 4:1–2, 5-ыг үзнэ үү).
Тойм
2 Тимот 1 Паул санваарын томилолтоор хүлээн авах Бурханы бэлэг, хүч чадлын тухай ярьдаг. Тэрээр “айдсын сүнс” (2 Тимот 1:7) нь Бурханаас ирдэггүй бөгөөд бид Есүс Христийн тухай өөрсдийн гэрчлэлээс ичиж зовох ёсгүй хэмээн заадаг. Паул Есүс Христ түүнийг сайн мэдээг тунхаглуулахаар дуудсан гэдгийг гэрчилдэг (2 Тимот 1:11-ийг үзнэ үү).
2 Тимот 2 Паул сайн цэрэг, ялалт байгуулсан тамирчин, ажилсаг тариачны дүрслэлийг ашиглан, мөнхийн алдар сууг хүлээн авахын тулд зовлон зүдгүүрийг даван туулах хэрэгтэйг харуулсан. Тэрээр жинхэнэ болон хуурамч багш нарыг мөн хүндэтгэлийн болон жирийн үед хэрэглэгддэг сав суулгыг хооронд нь харьцуулдаг. Тэр Тимотод хэрүүл маргаанаас зайлсхийж, наманчлах хэрэгтэй хүмүүст тэвчээртэй заахыг сануулдаг.
2 Тимот 3–4 Паул эцсийн өдрүүдийн хилэнцэт нөхцөл байдлуудыг дүрсэлж, Тимотыг санваарын удирдагчийн үүрэг хариуцлагадаа судруудыг ашиглаж байхыг урамшуулдаг. Мөн тэрээр үхэл нь ойртож буйг бичээд, “Би итгэлээ сахисан” хэмээн тунхагладаг (2 Тимот 4:7). Паул Их Эзэн түүнийг “тэнгэрлэг хаанчлалд” аваачих болно хэмээн гэрчилдэг (2 Тимот 4:18).