Бурханлаг Гэгээн Иоханы илчлэлтийн оршил
Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?
“Есүс Христийн Илчлэлт”-ийн хувьд (Илчлэлт 1:1) энэ ном нь нуусан зүйлийг илчлэх, илрүүлэх эсвэл ил болгох гэсэн грек гаралтай Апокалипс гэсэн нэрээр заримдаа нэрлэгддэг (Судруудын удирдамж, “Иоханы илчлэлт”-ийг үзнэ үү). Энэ ном нь Их Эзэн Есүс Христийг илчлэх тухай мөн Эцэгийн авралын төлөвлөгөөн дэх Түүний эрх мэдэл, хүч чадал, давуу эрхт үүргийн тухай юм. Энэ ном нь Хоёр дахь ирэлт болон Мянганыг угтах үйл явдлуудын тухай нэн чухал мэдээллийг бас илчилдэг.
Илчлэлт номыг судлах нь суралцагчдад амилж, алдаршсан Бурханы Хүүгийн тухай болон дэлхийн түүхэн дэх үе үеийн туршид, ялангуяа эцсийн өдрүүдэд Бурханы хүүхдүүдтэй харилцах Түүний харьцааны тухай илүү гүн ойлголттой болоход туслах болно. Энэ ном найдварын захиасыг зөв шударга хүмүүст түгээж, суралцагчдыг хавчлага, хүнд сорилт дунд Аврагчийн талаарх гэрчлэлдээ итгэлтэй үлдэхэд урамшуулан дэмжинэ.
Хэн энэ номыг бичсэн бэ?
Есүс Христийн хайрт шавь төлөөлөгч Иохан энэ номын зохиогч юм. Иохан Илчлэлт номон дахь зүйлсийг цэдэглэхээр урьдчилан томилогдсон гэдгийг Мормоны Ном баталдаг (1 Нифай 14:18–27; Ифер 4:16-г үзнэ үү).
Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?
Илчлэлт ном нь Христэд итгэгчид хуурамч сургаал, үл тоомсорлох явдал, хүнд хавчлагатай тулгарч байсан цаг үед бичигдсэн (Илчлэлт 1:9; 2:4, 10, 14–15; 3:16; 6:9-ийг үзнэ үү). Энэ хавчлага нь МЭ нэгдүгээр зууны сүүлийн хорин жилд Ромын албан тушаалтнуудын гарт орсон байх магадлалтай. Иохан Ефесээс баруун өмнө зүгт бараг 100 километрт байдаг Эгийн тэнгис дэх Патм арлаас бичжээ (Илчлэлт 1:9-ийг үзнэ үү).
Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?
Иохан өөрийн үеийн (Илчлэлт 1:4, 11-ийг үзнэ үү) болон хожмын үеийн гэгээнтнүүдэд найдвар, урамшууллын захиас бичсэн. Илчлэлтийн эхний гурван бүлгийг Бага Ази дахь Сүмийн долоон салбарт онцгойлон бичжээ (Илчлэлт 1:4, 11; 2–3-ыг үзнэ үү). Хүчтэй хавчлагын улмаас гэгээнтнүүдэд Илчлэлт дээрх дэмжлэгийн захиас их хэрэгтэй байсан. Үүнээс гадна бошиглогч Нифай дэлхийн төгсгөлийн тухай бичихээр Иохан гэх “төлөөлөгчийг … Бурхан томилсон” (1 Нифай 14:25), түүний үгс хожмын өдрүүдэд харийнхан болон Израилийн үлдэгдлийн аль алинд ирэх болно гэдгийг гэрчилжээ (1 Нифай 13:20–24, 38; 14:19–27-г үзнэ үү).
Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?
“Илчлэлт ном бол Бурханаас нэгэн цагт бичүүлсэн хамгийн тодорхой номнуудын нэг мөн” хэмээн бошиглогч Иосеф Смит заасан (History of the Church, 5:342). Хэдийгээр энэ нь орчин цагийн уншигчдад ойлгоход амаргүй дүрслэл, бэлгэдлүүдээр арвин хэдий ч уг номын сэдвүүд энгийн бөгөөд сүнслэг нөлөө бүхий билээ.
Иохан өөрийн цаг үеийн Сүмийн нөхцөл байдлыг тодорхойлоод, (Илчлэлт 2–3-ыг үзнэ үү) өнгөрсөн болон ирээдүйн үйл явдлын тухай бичсэн байна (Илчлэлт 4–22-ыг үзнэ үү). Илчлэлт ном нь судар дээр мөнх бус байдлын өмнөх Тэнгэр дэх дайныг (Илчлэлт 12:7–11-ийг үзнэ үү) дүрсэлсэн цөөн хэсгийн нэгийг агуулдаг бөгөөд хожмын өдрүүдэд болон Мянган жил дээр онцгойлон төвлөрч, дэлхийн түүхийн нэгэн сүнслэг нөлөө бүхий тоймыг танилцуулдаг. Гол сэдвүүдэд Бурханы төлөвлөгөөг биелүүлэхэд гүйцэтгэх Есүс Христийн үүрэг, дэлхийн түүхэн дэх Бурханы мутар, хорон муугийн сүйрэл, Есүс Христийн Хоёр дахь ирэлт, дэлхий яваандаа селестиел болох амлалт зэрэг нь орно. Уг ном “мууг ялсан сайны төгс ялалт … [болон] хүмүүний болон Сатаны хаант улсыг ялсан Бурханы хаант улсын … ялалт” ирэх болно гэдгийг бас тайлбарладаг (Судруудын удирдамж, “Иоханы илчлэлт”).
Тойм
Илчлэлт 1–3 Иохан Есүс Христийн талаар үзэгдэл хардаг. Тэрээр Азийн долоон чуулган тус бүрд зориулан захиас бичсэн. Эдгээр захиаст салбар бүр дэх итгэлтэй гишүүдэд зориулсан магтаал, сануулга, амлалтууд орсон.
Илчлэлт 4–11 Иохан селестиел хаант улсад хаан ширээнд залрах Бурхан, Бурханы Хурга, долоон тамгатай лацадсан номын тухай үзэгдэл хардаг. Иохан долоон лац бүрийг нээхтэй холбоотой үзэгдэл харсан. Духан дээрээ Бурханы тамгатай хүмүүс эцсийн өдрүүдэд Бурханы хамгаалалтыг хүлээн авах болно. Иохан дайн, тахал болон Их Эзэний Хоёр дахь ирэлтийн өмнө үзэгдэх хожмын үеийн бусад олон үйл явдлыг хардаг.
Илчлэлт 12–16 Иохан мөнх бус байдлын өмнөх Тэнгэр дэх дайныг болон энэ нь дэлхий дээр цааш үргэлжлэх тухай үзэгдлийг харсан. Тэрээр хорон муу хүч нь дэлхий дээрх Бурханы хаант улсыг устгахыг эрэлхийлдэг болохыг заадаг. Эцсийн өдрүүдэд сайн мэдээ нь тэнгэр элчийн тохинууллаар дэлхий дээр бүрэн байдлаараа сэргээгдэнэ. Мөн Армагеддоны тулаанд зориулсан бэлтгэл хийгдсэн байх болно.
Илчлэлт 17–22 Сүнслэг Вавилон нь дэлхий даяар тархсан байх бөгөөд зөв шударга гэгээнтнүүд цугласны дараа Вавилон унаж, түүнийг дэмжигчид гашуудах болно. Мөн зөв шударга хүмүүс Бурханы Хурганы хуримын зоогонд уригдах болно. Сатан хүлэгдэж, Мянган жил эхлэх бөгөөд Христ өөрийн биеэр дэлхий дээр хаанчилна. Нас барагсад шүүгдэх бөгөөд дэлхий селестиел алдар суугаа хүлээн авна.