Номын сан
155-р хичээл: Илчлэлт 6–11, 2-р хэсэг


155-р хичээл

Илчлэлт 6–11, 2-р хэсэг

Оршил

Иохан долоо дахь лацыг нээхийг хараад, хожмын өдрүүдэд Израилийг цуглуулахад оролцох өөрийн үүргийг олж мэдсэн.

Заах зөвлөмж

Илчлэлт 8–9

Иохан долоо дахь лацыг нээхийг харав

Суралцагчдыг хос болгон хуваарилаад, Илчлэлт 6–7-г судалснаар тодорхой бус, эмх замбараагүй байдал дунд баяр баясал, өөдрөг үзэлтэй байхад нь тусалж чадах юуг олж мэдсэнээ хамтрагчдаа тайлбарлахыг хүс.

Өмнөх хичээл дээр олж тогтоосон Хэрэв бид зовлон зүдгүүрийг итгэлтэй тэвчиж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэр болж чадвал Бурхантай хамт селестиел алдар суунд баясах болно гэсэн зарчмыг самбар дээр бич. Энэ зарчим нь өнөөдрийн хичээл дээр суралцах үйл явдлуудтай хэрхэн хамааралтай болохыг олж мэдэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.

Дараах хүснэгтийг тараах материал болгон өг эсвэл самбар дээр зур.

Зураг
Иоханы долоон лацны тухай үзэгдэл
  • Энэ хүснэгтээр бол Илчлэлт номын хэчнээн шүлэгт эхний зургаан лацны үйл явдлын тухай өгүүлдэг вэ? (25)

  • Долоо дахь лацны үйл явдлын тухай хэчнээн шүлэгт өгүүлдэг вэ? (211 + 15 = 226)

Иохан бусад мянган жилээс илүү долоо дахь мянган жилийн хугацаанд хамаарагдах үйл явдлуудын тухай бичсэнийг онцолж хэл. Тэрээр ялангуяа долоо дахь лацыг нээх цаг үеэс эхлээд Есүс Христийн Хоёр дахь ирэлт хүртэл тохиох үйл явдлуудын тухай бичсэн.

  • Та Иохан яагаад долоо дахь лацны үйл явдлуудын талаар бичихэд анхаарлаа төвлөрүүлсэн гэж бодож байна вэ?

Эдгээр шүлэг нь Аврагч долоо дахь лацыг эвдсэнийг харуулсан гэдгийг тайлбарлан, Илчлэлт 8:1–6-г нэгтгэн дүгнэ. Иохан долоон тэнгэр элчид долоон бүрээ өгснийг харсан. Эрт дээр үед бүрээг “түгшүүрийн дуу, [цэргийн] тулааны дохио эсвэл хаад ноёдыг ирж байгааг зарлахад” ашигладаг байсан (Жэралд Н.Ланд, “Seeing the Book of Revelation as a Book of Revelation,” Ensign, 1987 оны 12-р сар, 50). Энэ тохиолдолд бүрээ үлээх нь Есүс Христийн мянган жилийн хаанчлалд бэлтгэх янз бүрийн гамшиг, сүйрэл эхлэх дохио болдог.

Суралцагчдыг хуудас цаас юм уу хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэлийнхээ хуудасны дээд талд “Долоо дахь лац” гэж бичээд, хуудасны хажуу талд долоон бүрээг доош цувуулан зурахад урь.

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бичихдээ эшлэл бүрийн дагалдах асуултуудыг орхи. Суралцагчдаас эшлэлийг цаасан дээрх бүрээнийхээ хажууд бичихийг хүс.

Нэг дэх—Илчлэлт 8:7. Эхний тэнгэр элч бүрээгээ татах үед “мөндөр, гал” дэлхий рүү унаснаас болж юу тохиолдсон бэ?

Хоёр дахь—Илчлэлт 8:8–9. Хоёр дахь бүрээг татах нь ямар гурван зүйлд нөлөөлсөн бэ?

Гурав дахь—Илчлэлт 8:10–11. Тэр унасан од ямар нэртэй байсан бэ? (Агь нь “уй гашуу эсвэл гуниглалыг” тэмдэглэхээр хэрэглэдэг гашуун ургамал гэдгийг тайлбарла [Bible Dictionary, “Wormwood”].) Үүнийг унахад юу тохиолдсон бэ?

Дөрөв дэх—Илчлэлт 8:12. Дөрөв дэх бүрээг татсаны дараа ямар гурван зүйл харанхуйлсан бэ?

Тав дахь—Илчлэлт 9:1–3. Тав дахь тэнгэр элч ёроолгүй нүхийг онгойлгоход дотроос нь юу гарч ирсэн бэ?

Зургаа дахь—Илчлэлт 9:13–16, 18. Зургаа дахь бүрээг үлээсний дараа Иоханы харсан агуу тулалдаанд хэдэн цэрэг оролцсон бэ? Тэр хүн төрөлхтний ямар хэсэг энэ тулалдаанд алагдахыг харсан бэ?

Долоо дахь—Илчлэлт 11:15.

Ангийг зургаан бүлэг болгон хуваарилаад, бүлэг бүрд самбар дээрх эхний зургаан судрын эшлэлийн нэгийг даалга (хэрэв жижиг ангитай бол та зарим бүлэгт нь хэд хэдэн шүлэг даалгах хэрэгтэй болно). Бүлгүүдээс дааж авсан судрын хэсгүүдээ хамтдаа чанга уншаад, бүрээнүүдийг үлээсний дараа юу болсныг олж мэдэхийг хүс. Тэднийг олсон зүйлээ цаасан дээрх холбогдох бүрээний хажууд бичихэд урь.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа бүлэг бүрээс нэг суралцагчийг олсон зүйлээ хуваалцахад урь. Суралцагчдаас бүлэг бүрийн олсон зүйлсийг цаасан дээрх холбогдох бүрээний хажууд бичихийг хүс. Суралцагчдыг хуваалцах үеэр шаардлагатай бол тэдний бүлэгт даалгаж өгсөн судрын хэсгийн дагалдах асуултыг тавь.

  • Өнгөрсөн хичээл дээр бидний олж тогтоосон зарчим хэрхэн долоо дахь лацны үйл явдлын үеэр амьдрах хүмүүст туслах вэ?

Нэг суралцагчийг Илчлэлт 9:20–21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, эдгээр гамшгаас амьд үлдсэн ёс бусыг үйлдэгчид ямар хариу үйлдэл үзүүлэхийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Энэ нь энэ хүмүүсийн ёс бус байдлын талаар бидэнд юу зааж байна вэ?

Илчлэлт 10

Нэгэн тэнгэр элч хожмын үе дэх үүргийнх нь талаар Иоханд зааварлав

Илчлэлт 10 нь долоон бүрээний дуу болон тэдэнтэй холбоотой гамшгийн хоорондох завсарлагыг агуулдаг гэдгийг тайлбарла. Бид энэ бүлэгт Иохан өөр нэгэн тэнгэр элчээр зааварлуулсан гэж уншдаг.

Самбар дээр амттай мөн ходоод хорсгодог гэж бич.

  • Амьдралд амттай боловч ходоод хорсгодог гэж үздэг ямар ямар туршлага байдаг вэ?

Нэг суралцагчийг Илчлэлт 10:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, уг тэнгэр элч юу барьж байсныг олж мэдэхийг хүс.

  • Тэнгэр элч юу барьж байсан бэ?

Хоёр суралцагчийг Илчлэлт 10:8–11-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иоханд тэр номоор юу хий гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Иоханд тэр номоор юу хий гэж хэлсэн бэ? Энэ ямар амттай байсан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 77:14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иоханы ном идэж байгаа нь юуг төлөөлснийг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлэгт цэдэглэснээр, Иохан ном идэж байгаа нь юуг төлөөлдөг вэ? (Иоханы хожмын өдрүүдэд “Израилийн овгуудыг цуглуулах” болон “бүх зүйлийг сэргээх” зэрэгт туслахаа хүлээн зөвшөөрч байгааг төлөөлдөг.)

Иохан хүмүүсийг Аврагчид авчрахын тулд үхэхгүй байхаар адислагдсан гэдгийг онцолж хэл (С ба Г 7:1–4-ийг үзнэ үү).

  • Иоханыг үүргээ биелүүлэхэд юу нь амттай байж болох вэ? Юу ходоод хорсгодог байж болох вэ?

Илчлэлт 11

Иохан хоёр бошиглогч Иерусалимд алагдахыг мөн долоо дахь бүрээ дуугарахыг харав

Илчлэлт 11 нь долоо дахь бүрээний дуугарсан тухай болон Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө болох үйл явдлын тухай хийсэн Иоханы тайлбараар эхэлдэг гэдгийг тайлбарла. Энэ хугацаанд дэлхий дээр ёс бусчууд илүү хүч чадал, эрх мэдэлтэй байж, цэргийнхэн Иерусалимыг эзлэн түрэмгийлэхээр эрэлхийлэх болно.

Нэг суралцагчийг Илчлэлт 11:3–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, энэ хугацаанд хоёр гэрч Иерусалимд юу хийхийг олж мэдэхийг хүс.

  • Хоёр гэрч юу хийх вэ?

  • “Тэдний амнаас гал гарч” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (5-р шүлэг). (Энэ нь тэдний гэрчлэх гэрчлэлийн хүчийг бэлгэдэж байж болно [Иеремиа 5:14; 20:9-ийг үзнэ үү].)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 77:15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, энэ хоёр гэрч нь хэн байхыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс.

Нэг суралцагчийг Илчлэлт 11:7–12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, иудейчүүдийн дунд үйлчлэлээ дуусгасны дараа энэ хоёр бошиглогчид юу тохиолдохыг олж мэдэхийг хүс.

  • Хоёр гэрчийг алуулахад ёс бусчууд ямар хариу үйлдэл хийх вэ?

  • Гурван өдөр хагас амьгүй байсны дараа хоёр гэрчид юу тохиолдох вэ?

  • Хоёр гэрч үхэгсдээс босож ирээд, тэнгэр рүү аваачигдах үед хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэх вэ?

Нэг суралцагчийг Илчлэлт 11:13–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, долоо дахь бүрээг үлээхээс өмнө болон үлээх үед юу тохиолдохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ өөрсдийн цаасан дээрх долоо дахь бүрээний хажууд бичихэд урь.

  • Долоо дахь бүрээг үлээсний дараа энэ “ертөнцийн хаанчлал” хэнийх болох вэ? (15-р шүлэг).

Зөв шударгад шагнал, ёс бусад шийтгэл өгснийх нь төлөө 24 ахлагч Бурханд талархал, магтаал өргөсөн гэдгийг тайлбарлан, Илчлэлт 11:16–19-ийг нэгтгэн дүгнэ. Иохан үзэгдэлдээ Бурханы оршихуйг төлөөлдөг тэнгэрлэг ариун сүмийг болон гэрээний авдрыг мөн харсан.

Бурханы сайн сайхан, шударга ёсны төлөө талархаж, магтах өөрийн бодлоос хуваалцан, өнөөдрийн хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Илчлэлт 8–11. Нэмэлт тайлбар

Илчлэлт 8–11-ийн агуулгын талаар нэмэлт мэдээлэл авах бол энэ бүлгүүдэд зориулсан нэмэлт тайлбарыг Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага-ын (Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он) 545–549-р хуудсаас олж болно.

Илчлэлт 10:1–3, 8–11. Иоханд идүүлэхээр өгсөн бяцхан ном

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки

“Бурханы үгийг агуулсан номыг идэх Иоханы үйлдэл нь түүний хувьд эртний Израилийн ёс заншил, уламжлалд нийцэж байгаа явдал билээ. Энэ үйлдэл нь тэрээр түүний ‘аманд зөгийн бал мэт амттай’ амьдралын талхыг идэж, Бурханы сайн үгнээс хүртэж, Христийн үгэн дээр найрлаж байгааг илэрхийлж байв. Гэвч энэ нь түүний ‘ходоодыг хорсгож’ байсан. Их Эзэний үгийг илгээсэн хүмүүст амлагдсан шүүлт, гамшиг нь түүнийг сэтгэл санаагаар унаж, гашуудахад хүргэсэн ажээ” гэж заасан (Doctrinal New Testament Commentary, 3 боть. [1965–1973], 3:507).

“Тэр ном Иоханы аманд ‘зөгийн бал шиг амттай’ байсан ч түүний гэдсийг ‘хорсгож’ байсан нь (Илчлэлт 10:10) түүний үүрэгт олон амттай, баясгалантай ч бас эсэргүүцэл бүхий, хүнд хэцүү туршлагууд орох болно гэдгийг хэлдэг (Дуулал 119:103-ыг үзнэ үү)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он], 548-ыг мөн үзнэ үү).