Номын сан
60-р хичээл: Иохан 1


60-р хичээл

Иохан 1

Оршил

Хайрлагдсан Иохан өмнөх амьдрал дахь Есүс Христийн үүрэг хариуцлагын талаар чухал сургаалуудыг цэдэглэжээ. Мөн Иохан Баптист Есүс Христийн тухай гэрчилсэн бөгөөд Түүнд баптисм хүртээсэн. Есүс Христ бусдыг Өөрөөсөө суралцахад урьсан.

Заах зөвлөмж

Иохан 1:1–18; Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:1–19

Иохан Есүс Христийг Бурханы Хүү хэмээн гэрчлэв

Зураг
Их Эзэн Есүс Христ

Суралцагчдыг хос болгон хуваарил. Есүс Христийн зургийг самбар дээр тавьж үзүүл. Суралцагчдаас Есүс Христийн тухай маш бага зүйл мэддэг хүнтэй ярилцаж байна хэмээн төсөөлөхийг хүс. Хос болгоноос нэг суралцагчийг нөгөө суралцагчдаа түүнийг Есүсийн талаар маш бага зүйл мэддэг хүн мэт үзэн, Түүний тухай нэг минут орчим зааж өгөхөд урь. Энэ үйл ажиллагааны дараа, Христийн тухай заалгасан суралцагчдаас цөөн хэдийг нь хамтрагчаараа юу заалгасан тухайгаа ангийнхантай хуваалцахад урь.

Иоханы номыг товч танилцуулахдаа төлөөлөгч Иохан нь гэгээнтнүүд Есүс Христийн талаар юуг мэдэж аваасай гэж хүсэж байсан тэр зүйлсийг цэдэглэсэн гэдгийг тайлбарла. Иохан бичсэн зүйлсийнхээ ихэнхийг нүдээрээ харсан бодит гэрч байсан. Иоханы сайн мэдээнд агуулагдсан ихэнх материал иудейчүүдэд болон харийнханд Есүс бол Мессиа бөгөөд хүн төрөлхтний Аврагч байсан гэдэгт итгэхэд туслах зорилготой бичигдсэн Матай, Марк, Лукийн сайн мэдээнд тэр болгон байдаггүй. Харин ч Иохан, Есүс бол Христ гэдэгт итгэчихсэн байсан хүмүүст тусгайлан зориулж бичсэн.

Суралцагчдыг Иохан 1-ээс судалж байх үедээ тэднийг Есүс Христийн талаарх итгэл, гэрчлэлийг нь бэхжүүлж болох Аврагчийн талаарх үнэнийг хайж олоход урь.

Нэг суралцагчаас Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:1–2-ыг (Гурамсан судрын хавсралт) чанга уншихыг хүс. Ангийнхныг шүлгийг дагаж уншихад урь. Есүс Христийн талаар Иоханы заасан үнэнийг олж мэдэхийг тэднээс хүс.

  • Бид эдгээр шүлгээс Есүс Христийн талаар ямар үнэнийг мэдэж авдаг вэ? (Суралцагчдын тодорхойлох ёстой нэг үнэн бол Есүс Христ эхлэлд Бурхантай хамт байсан гэдэг үнэн юм. Энэ үнэнийг Аврагчийн зургийн дэргэд самбар дээр бич.)

  • Есүс Христ эхлэлд Бурхантай хамт байсан гэдэг нь ямар утгатай вэ? (“Эхлэлд” гэдгээр мөнх бус оршихуйн өмнөх оршихуйг хэлж байгаа юм гэдгийг тайлбарла. Есүс Христ сүнсэнд Эцэгийн Ууган Хүү нь байсан [С ба Г 93:21-ийг үз], Тэр “дэлхий байхаас өмнө” цугларсан сүнснүүдийн дунд Бурхан адил байсан [Абрахам 3:22–24], мөн Тэр эхлэлээс Эцэгээр сонгогдсон байв [Мосе 4:2-ыг үзнэ үү].)

Нэг суралцагчийг Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:3-ыг (Гурамсан судрын хавсралт) чанга уншихад урьж, ангийнхнаас Есүс Христийн тухай Иоханы заасан бусад нэмэлт үнэнийг олж мэдэхийг хүс.

  • Иохан Есүс Христийн тухай өөр юу заасан бэ? (Суралцагчид Бүх зүйлийг Есүс Христ бүтээсэн гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой. Энэ үнэнийг самбар дээр Аврагчийн зургийн дэргэд бич.)

Есүс Христ Эцэгийнхээ удирдлаган доор тэнгэр, газрыг мөн тоолшгүй олон дэлхийг бүтээсэн гэдгийг тайлбарла (Мосе 1:33-ыг үзнэ үү). Гэвч Тэнгэрлэг Эцэг “бүтээн байгуулах хоёр үйл явдлыг” Өөртөө үлдээсэн. Тухайлбал: (Есүс Христийг оруулаад) бүх сүнсийг бүтээсэн ба Адам, Ева хоёрын бодит биесийг бүтээсэн (Брүс Р.Макконки, A New Witness for the Articles of Faith [1985], 63; ба Мосе 2:27-г үзнэ үү).

Нэг суралцагчийг Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:4–5-ыг (Гурамсан судрын хавсралт) чанга уншихад урь. Ангийнхнаас Иохан Есүсийг болон Түүний сайн мэдээг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс.

  • Есүс ба Түүний сайн мэдээг Иохан хэрхэн дүрслэн хэлсэн бэ?

  • “Түүнд сайн мэдээ байв” гэдэг нь ямар утгатай вэ? (Есүс Христ бол сайн мэдээ мөн сайн мэдээний биелэл байсан юм.)

  • “Мөн гэрэл нь дэлхийд гэрэлтдэг, тэгэвч дэлхий үүнийг хүлээж аваагүй болой” гэсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:5).

Төлөөлөгч Иохан дараа нь Иохан Баптистын талаар заасан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:6–10-ыг (Гурамсан судрын хавсралт) чанга уншихад урь. Ангийнхнаас Иохан Баптист нь Есүс Христийн талаар юу тунхагласныг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • 9–10-р шүлэгт төлөөлөгч Иохан Есүсийн талаар ямар сургаал заасан бэ? (Суралцагчид Есүс Христ бол энэ Дэлхийн Гэрэл мөн гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой. Энэ үнэнийг самбар дээр Аврагчийн зургийн дэргэд бич.)

  • Есүс Христ ямар ямар арга замаар энэ Дэлхийн Гэрэл болдог вэ? (С ба Г 88:5–13-ыг үзнэ үү.)

Есүс Христэд итгэдэг хүн бүр үхэшгүй байдал хийгээд мөнх амьдрал хүлээн авах болно гэж Иохан Баптист гэрчилсэн гэдгийг тайлбарлан, Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:11–18-ыг (Гурамсан судрын хавсралт) нэгтгэн дүгнэ.

Мөн 14 ба 16-р шүлэгт Иохан Есүс Христийг “Үг” хэмээн нэрлэсэн байгааг онцлон хэл. Есүс Христийн уг цол судруудын олон хэсэгт дурдагдсан байдгийг тайлбарлаж өг (Иохан 1:1, 14; 1 Иохан 1:1; Илчлэлт 19:13; С ба Г 93:8–10; Мосе 1:32-ыг үзнэ үү).

Бид өөрсдийн бодол, мэдрэмж, санааг бусадтай харилцаж, хуваалцахын тулд үг ашигладаг гэдгийг онцлон хэл.

  • Ямар учраас “Үг” гэдэг нь Есүс Христэд тохирсон цол вэ?

Иосеф Смитийн Орчуулга байгаагүйсэн бол Иохан 1:18-ыг ямар ч хүн Бурхан Эцэгийг хараагүй гэж буруугаар ойлгох байсан гэдгийг мөн тайлбарла. Нэг суралцагчийг Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:19-ийг (Гурамсан судрын хавсралт) чанга уншихад урь.

Суралцагчдыг хичээлийн эхэнд хийсэн үйл ажиллагааны үеэр хуваасантай адил яг тэр чигээр нь хос болгон дахин хуваарил. Хос болгоноос нэг суралцагчийг өөрийн хамтрагчид Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:1–19-д (Гурамсан судрын хавсралт) тодорхойлогдсон сургаалуудыг ашиглан Есүс Христийн тухай нэг минут орчим зааж өгөхийг хүс. Хангалттай хугацаа өгсний дараа асуу:

  • Яагаад Есүс Христийн тухай энэ сургаалуудыг мэдэж авах нь хүнд чухал байж болох вэ?

Иохан 1:19–34; Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:20–34

Иохан Баптист Есүс Христийн талаар гэрчлэлээ хуваалцаж, Түүнд баптисм хүртээв

Иудейчүүд Иохан Баптист руу тэр Мессиа мөн эсэхийг асуулгахын тулд санваартнуудыг илгээсэн гэдгийг тайлбарлан, Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:20–28-ыг (Гурамсан судрын хавсралт) нэгтгэн дүгнэ. Иохан өөрийнхөө үүргийг галаар болон Ариун Сүнсээр баптисм хүртээх Мессиагийн тухай гэрчлэх явдал гэж тайлбарласан. Дараагийн өдөр нь Иохан Баптист өмнө нь баптисм хүртсэн Есүсийг харсан.

Нэг суралцагчийг босоод, өөрөө Иохан Баптист мэтээр Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:29–33 дахь (Гурамсан судрын хавсралт) Иохан Баптистын үгсийг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Иохан Баптист хүмүүсийг Есүс Христийн талаар юу мэдэхийг хүсэж байсныг олж мэдэхэд урь.

Есүс Христийн зураг, самбар дээр бичсэн үнэн рүү заагаад, асуу:

  • Бид Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:29–33 дээрээс Есүс Христийн талаар өөр ямар үнэн эсвэл тодорхойлолтыг энд нэмж болох вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр жагсаан бич.)

  • Яагаад Иохан Баптист Есүсийг “Бурханы Хурга” гэж нэрлэсэн гэж та нар бодож байна вэ?

Иохан 1:35–51

Есүс дагалдагчдаа Өөрийнхөө тухай илүү ихийг мэдэхэд урив

Суралцагчдаас нэг өсвөр насны залуу мацгийн болон гэрчлэлийн цуглаан дээр түүний хэд хэдэн найз Есүс Христ тэдний Аврагч мөн гэдгийг мэднэ хэмээн гэрчлэлээ хуваалцахыг сонсож буйгаар төсөөлж үзэхийг хүс. Энэ залуу найзууд нь эдгээр зүйлийн талаар яаж “мэддэг” юм бол гэж гайхаж байна.

  • Та нар түүний энэ асуултад хэрхэн хариулах вэ?

Ангийнхныг Иохан 1:35–51-ийг судалж байхдаа бид Есүс Христ бидний Аврагч хэмээх өөрсдийн гэрчлэлийг хэрхэн хүлээн авч (эсвэл бэхжүүлж) болохыг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Иохан 1:35–37-г чанга уншихад урьж, ангийнхнаас Иохан Баптист Есүст баптисм хүртээснийхээ маргааш нь юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Иохан Есүсийг хараад юу хийсэн бэ?

Нэг суралцагчийг Иохан 1:38–39-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс хоёр шавьдаа юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Есүс хоёр шавиасаа юу гэж асуусан бэ?

  • Тэд юу гэж хариулсан бэ?

  • Есүс хоёр шавиа юу хийхэд урьсан бэ?

Нэг суралцагчийг Иохан 1:40–42-ыг чанга уншихад урьж мөн ангийнхнаас Андрей Аврагчийн “ир, та нар харна” гэсэн урилгыг хүлээн авсныхаа дараа юу ойлгосныг олж мэдэхийг хүс.

  • Андрей Аврагчийн “ир, та нар харна” гэсэн урилгыг хүлээн авснаар юу мэдэж авсан бэ? (Есүс бол Мессиа буюу Христ юм гэдгийг мэдэж авсан. Мөн бид Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:42-оос Петр “Сефас хэмээн, орчуулбал үзмэрч буюу чулуу гэж нэрлэгдэх болно” [мөн зүүлт тайлбар a-ийн дагуу] гэдгийг, энэ нь Петрийг Сүмийн үзмэрч болно гэдгийг харуулдаг болохыг сурдгийг та онцлон хэлж болох юм.)

Нэг суралцагчийг Иохан 1:43–46-г чанга уншихад уриад, ангийнхнаас Их Эзэн Филипийг юу хийхэд урьсан гэдгийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • 45-р шүлэг дэх ямар үгс Филип Аврагчийн Өөрийг нь дага гэсэн урилгыг хүлээн зөвшөөрсний дараа Есүс Христийн талаарх гэрчийг хүлээн авсныг харуулж байна вэ?

  • Дараа нь Филип Натанаелд ямар урилга өгсөн бэ?

Гурван суралцагчийг Иохан 1:47–51-ийг чанга уншихад урь. Нэгийг нь өгүүлэгч байхаар, нөгөөг нь Есүсийн үгсийг уншихад, бас нэгийг нь Натанаелын үгсийг уншихаар хуваарил. Ангийнхнаас Натанаел Есүсийн тухай суралцах урилгыг хүлээн авах үед юу тохиолдсон талаар сонсохыг хүс.

  • Натанаел Есүсийн тухай суралцах урилгыг хүлээн авсны дараа юу тохиосон бэ?

  • Бид эдгээр түүхээс ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Суралцагчид Бид Есүс Христийн талаар суралцах, Түүнийг дагах урилгыг хүлээн зөвшөөрснөөр Түүний талаарх хувийн гэрчийг хүлээн авах болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Бидний мөнх бус аяллын гол утга учир ба амьдралын маань хамгийн чухал асуултуудын хариулт нь Аврагчийн дэлхий дээрх тохинууллаа нээж, эхлүүлэх үеийн энэ хоёр товч бөгөөд тодорхой зүйлтэй холбоотой гэж санагдаж байна. Эхний зүйл бол энэ дэлхий дээр бид бүхнээс асуусан асуулт юм: ‘Та юуг эрэлхийлнэ вэ? Та юу хүснэ вэ?’ Хоёр дахь зүйл бол Түүний бидний асуултад хариулсан, тэр хариулт нь юу байх нь хамаагүй, тийм хариулт юм. Бид хэн ч бай, юу ч гэж хариулсан бай, Түүний хариулт үргэлж адил байдаг. Тэр ‘Ир’ гэж хайраар хэлдэг. ‘Ир, намайг дага.’ Та хаашаа ч явж байсан хамаагүй, эхлээд ирж, намайг юу хийж байгааг хар, намайг хаана, цагаа яаж өнгөрүүлж байгааг хар. Надаас суралц, надтай хамт алх, надтай ярь, итгэ. Миний залбирахыг сонс. Хариуд нь та өөрийнхөө залбирлын хариуг олж авах болно. Бурхан таны бодгальд амар тайванг авчрах болно” (“He Hath Filled the Hungry with Good Things,” Ensign, 1997 оны 11-р сар, 65).

Суралцагчдыг Есүс Христийн тухай суралцахад болон Түүнийг дагахад өөрсдийн гаргадаг хүчин чармайлтуудын талаар тунгаан бодоход урь.

  • Та нар Түүний тухай суралцаж, Түүнийг дагах үед та нарын Есүс Христийн талаарх гэрчлэл хэрхэн өссөн бэ?

Суралцагчдыг дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Аврагчийн “ир, мөн хар” хэмээх урилгыг бүрэн хүлээн зөвшөөрч, Түүний талаар суралцаж, дагахын тулд тэд юу хийх тухай хэдэн өгүүлбэр бичихэд урь.

Өнөөдөр энэ хичээл дээр тодорхойлсон зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлийг төгсгө.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иохан 1:9. “Дэлхийд ирсэн хүн болгоныг гэрэлтүүлдэг үнэн гэрэл байлаа”

Шинэ Гэрээн дэх Христийн гэрлийн тухай цорын ганц сургаал нь Иоханы бичсэн зүйлсэд агуулагдсан байдаг. Библийн толь бичигт

“Христийн гэрэл гэдэг нь гэгээрэл, мэдлэг мөн Есүс Христээс хүн төрөлхтөнд ирдэг дэмжин тэтгэгч, сайн сайхан болгодог, цөхөршгүй ахиулагч нөлөө зэрэг үгсээр илэрхийлэгдэж буй зүйлс юм. Тухайлбал, Христ бол ‘дэлхийд ирдэг хүн болгоныг гэрэлтүүлдэг үнэн гэрэл’ мөн (С ба Г 93:2; бас Иохан 1:9-ийг үзнэ үү). Христийн гэрэл нь ‘сансрын хязгааргүй уудмыг’ дүүргэдэг, Христийн ‘бүх зүйлд байдаг, бүх зүйл түүгээр зохицуулагддаг, бүх зүйлийн дунд’ байдаг тэрхүү хэрэгсэл юм. Энэ нь ‘бүх зүйлд амьдралыг өгдөг’ ба тэрхүү ‘бүх зүйл түүгээр зохицуулагддаг хууль’ юм. Түүнчлэн энэ нь ‘ойлголтуудыг амьдруулдаг мөнхүү тэр гэрэл бөлгөө’ (С ба Г 88:6–13, 41-ийг үзнэ үү). Үүний дагуу, Христийн гэрэл нь хүний ухамсартай холбоотой байдаг бөгөөд түүнд сайныг муугаас ялгахыг зааж өгдөг (Моро. 7:12–19).

“Христийн гэрлийг Ариун Сүнстэй хутгах ёсгүй. Христийн гэрэл бол хүн биш юм. Энэ бол Бурханаас ирж, Ариун Сүнсийг хүлээн авахад нь хүнийг бэлтгэдэг нөлөө юм” хэмээн тайлбарласан (Судруудын удирдамж, “Гэрэл, Христийн гэрэл”).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт Христийн гэрлийн талаар заахдаа:

“Христийн Гэрэл бол Есүс Христээр дамжин Бурханаас ирдэг тэнгэрлэг хүч эсвэл нөлөө юм. Энэ нь бүх зүйлд гэрэл ба амьдрал өгдөг билээ. Энэ нь дэлхий даяарх бүх зөв санаа бодолтой хүмүүст үнэнийг алдаанаас, зөвийг буруугаас ялган танихад нөлөөлдөг. Энэ нь таны ухамсрыг идэвхжүүлнэ” гэжээ (“Peace of Conscience and Peace of Mind,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 11-р сар, 15).

Иохан 1:14, 29. Есүс Христийн “Үг” ба “Бурханы Хурга” гэх мэт нэр, цол

Энэхүү номыг бичих болсон зорилго нь бусдыг Есүс Христэд итгүүлэх явдал юм гэж төлөөлөгч Иохан хэлсэн байна. Сайн мэдээний цэдгийн туршид Иохан Есүс Христийг Бурханы тэнгэрлэг Хүү мөн гэдгийг ойлгож, тодорхойлоход нь уншигчдад туслахын тулд олон нэр, цол хэрэглэсэн. Тухайлбал, Иохан 1-д Есүсийг “Үг” ба “Бурханы Хурга” хэмээн нэрлэжээ.

Есүс нь Бурханы Үг юм, учир нь Тэр бол Эцэгийн дэлхий дээрх илэрхийлэл буюу төлөөлөгч мөн Тэр Эцэгийн үгсийг тунхагладаг; Тэр бол авралын элч юм [С ба Г 93:8-ыг үзнэ үү]; Тэр бол Бурханы үгийн дагуу хэрхэн амьдрахын төгс жишээ бөгөөд Тэр мөнх амьдралын үгсийг өгдөг мөн Түүний үгс амьдрал өгдөг.

Дээгүүр өнгөрөх баярын үеэр хургануудын цус Израилийг үхэл ба Египетийн боолчлолоос хамгаалсны адилаар Есүс бол Бурханы Хурга бөгөөд “Бурханы Хурга” гэх цол нь Есүс Өөрийнхөө ард түмнийг аварч, нүглээс гэтэлгэхийн тулд цусаа урсгана гэдгийг илэрхийлсэн ажээ. (Сэдвүүдийн удирдамж, “Есүс Христ, Бурханы хурга” хэсгийг бас үзнэ үү.)

Иоханы сайн мэдээ нь Есүс Христийн бурханлаг чанарыг ойлгоход уншигчдад туслах янз бүрийн нэр, цолыг цэдэглэсэн байдаг. Зарим цол нь санаа агуулсан байдаг бол зарим нь “Би бол …” гэснээр илэрхий тодорхойлогдсон байдаг. Зарим жишээг авч үзвэл, Есүсийг Амийн Усыг Өгөгч гэж тодорхойлсон байна (Иохан 4:10–14-ийг үзнэ үү), түүнчлэн, Есүс “Би бол амийн талх байна” (Иохан 6:35); “Би бол ертөнцийн гэрэл мөн” (Иохан 8:12); “Би бол сайн хоньчин мөн” (Иохан 10:11); “Би бол амилалт ба амь мөн” (Иохан 11:25); “Би бол зам, үнэн, амь мөн” (Иохан 14:6); “Би бол усан үзмийн жинхэнэ мод” (Иохан 15:1) хэмээн хэлсэн.

Иохан 1:19–28. Елиас болон Елиа гэж хэн бэ?

“Иудейчүүдийн удирдагчид Иоханаас тэр хэзээ нэгэн цагт буцаж ирэх нь бошиглогдсон (Малахи 4:5–6-г үзнэ үү) ‘Елиас’ (Еврейн ‘Елиа’ гэдэг нэрийн грек хувилбар) мөн үү гэж асуусан. Иосеф Смитийн Орчуулгад, Их Эзэн Иоханы иудейчүүдийн удирдагчдад өгсөн хариултын талаар илүү дэлгэрэнгүй тайлбар бүхий илчлэлт өгсөн байдаг бөгөөд энэ нь Иохан өөрийгөө Мессиагийн замыг бэлтгэх номлолын тулд ирсэн гэдгээ мэдэж байсан тухай тайлбарладаг. Иохан тэдний асуултад хариулахдаа ‘хүлээн зөвшөөрч мөн тэрээр Елиас байсан гэдгийг үгүйсгээгүй билээ; харин “Би бол Христ биш” гэдгээ хүлээн зөвшөөрч хэлсэн байдаг’ (Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:21 [мөн Судруудын удирдамжаас үзнэ үү]).

“Иохан нь Eлиас гэдэг нэр буюу цол олон утгатай гэдгийг ойлгосон атал иудейчүүдийн санваартан, левичүүд ойлгоогүй нь илт байна (Bible Dictionary, ‘Elias’; Судруудын удирдамж, ‘Елиас’; scriptures.lds.org-оос үзнэ үү). Иохан бол нэгэн Елиас байсан бөгөөд өөрөөр хэлбэл, Мессиагийн өмнө ирдэг нэгэн байсан боловч Есүс Христ, Мессиа болох тэр Елиас байгаагүй юм. Иохан нь грек нэр нь Елиас болох тэрхүү Елиа гэдэг бошиглогч бас биш байсан юм. …

“Иохан өөрийгөө Елиа биш гэхэд иудейчүүдийн удирдагчид ‘Та өнөөх Эш үзүүлэгч үү?’ гэж асуусан (Иохан 1:21). Тэдний асуулт Дэд хууль 18:15-д гардаг ‘Эзэн Бурхан чинь чиний төлөө та нарын дундаас, ах дүү нарын чинь дотроос над шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж ирнэ. Та нар түүнийг сонсогтун’ гэсэн Мосегийн бошиглолтой холбоотой байсан байж магадгүй. Гэвч Иоханыг өөрийгөө Христ биш гэж үгүйсгэсээр байтал түүнийг ‘өнөөх эш үзүүлэгч’ асуусаар байсан нь эдгээр иудей хүн Мосегийн бошиглолын мессиатай холбоотой мөн чанарыг ойлгоогүй байсныг харуулж байна. Есүсийн өдрүүдэд иудейчүүдийн олон нь Мосе шиг бошиглогч ирэхийг хүлээж байсан боловч тэрээр Мессиа байх ёсгүй байлаа. Иерусалимд олон хүн дараа нь Есүс Христийг өнөөх ‘Эш үзүүлэгч’ байна гэж тунхаглаж байсан бол зарим нэг нь Түүнийг ‘Христ’ мөн байна гэж тунхаглаж байснаас илэрхий харагддаг (Иохан 7:40–41; мөн 6:14-ийг үзнэ үү)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он], 201–202).