Номын сан
133-р хичээл: Тит


133-р хичээл

Тит

Оршил

Паул Кретийн Сүмийн удирдагч Титэд бичсэн захидалдаа, түүнийг бусдад зааж, алдааг нь засаж залруулахдаа жинхэнэ сургаал ашиглаж байхыг ухуулсан. Мөн Паул гэгээнтнүүдэд зөв шударгын үлгэр жишээ байх, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэтэлгэлд найдах, сайн үйлсийг үргэлжлүүлэн хийхийг заахыг Титэд зөвлөсөн. (Тэмдэглэл: Энэ хичээлийг бэлтгэхдээ seektruth.lds.org дахь зарчмуудыг дахин авч үзэх нь тустай байх болно.)

Заах зөвлөмж

Тит 1

Паул Кретийн гэгээнтнүүдэд болон бусад хүнд заан, алдааг засаж залруулахад жинхэнэ сургаал хэрэглэж байхыг Титэд ухуулсан.

Суралцагчдыг тэд хэн нэгнийг Сүмийн эсвэл сургаалын эсрэг ярихыг сонссон үеийнхээ тухай бодоход урь.

  • Хэн нэгэн хүн эсрэг зүйл ярихад Сүмийг болон Сүмийн сургаалыг хамгаалах тохиромжтой арга зам юу вэ?

Суралцагчдыг Тит номыг судалж байхдаа хэн нэгнийг эсрэг зүйл ярихад Сүмийг болон Сүмийн сургаалыг хэрхэн тохиромжтой аргаар хамгаалахыг ойлгоход туслах зарчмыг олж мэдэхэд урь.

Суралцагчдыг Библийн газрын зураг, д. 13, “Төлөөлөгч Паулын номлолын аяллууд”-аас Крет арлыг олоход урь. Паул Кретийн Сүмийн удирдагчаар үйлчилж байсан Титэд хандан амьдралынхаа төгсгөл үед захидал бичсэн. Тит хэдэн жилийн өмнө Паулаар хөрвөгдсөн бөгөөд баптисмаасаа хойш Паултай хамт янз бүрийн үүрэг даалгавар гүйцэтгэн үйлчилжээ. Паул захидалдаа Титийг урамшуулж, дуудлагынх нь талаар зөвлөсөн.

Паул өмнөх амьдралд Бурханы өгсөн амлалтуудын ачаар мөнх амьдралд найдаж буйгаа гэрчилснийг тайлбарлан, Тит 1:1–6-г нэгтгэн дүгнэ. Паул мөн Сүмийг дэг журамд оруулахаар Титийг Крет арал руу явуулснаа тайлбарласан. Титийн гүйцэтгэх үүргүүдийн нэг нь бишопоор үйлчлэх эрчүүдийг дуудах явдал байв.

Суралцагчдаас Тит 1:7–8-ыг дотроо уншаад, бишопт байх ёстой шинж чанарыг олж мэдэхийг хүс. Та тэднээс олж мэдсэн хэсгээ тэмдэглэхийг хүсэж болно.

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, бишопт ямар шинж чанар байх ёстой вэ? (Дур зоргоороо гэдэг нь бусдыг үл сонсдог буюу хайхрамжгүй гэсэн утгатай бөгөөд “бузар мөнгө” гэдэг нь шударга бус аргаар олсон мөнгийг хэлдэг болохыг тайлбарла.)

  • Яагаад бишопт эдгээр шинж чанар байх ёстой гэж та бодож байна вэ?

Нэг суралцагчийг Тит 1:9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, бишоп хүнд байх ёстой өөр шинж чанарыг олж мэдэхийг хүс. “Жинхэнэ сургаал” гэдэг нь үнэн сургаалыг хэлж байгааг тайлбарла.

  • Бишопт өөр ямар шинж чанар байх ёстой вэ?

  • Таны хувьд Бурханы үгээс ”зууран [барих]” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

  • 9-р шүлэгт цэдэглэснээр, Бурханы үгээс зууран барих нь бишопуудад яагаад чухал вэ? (Бусдыг сайн мэдээний дагуу амьдрахыг зоригжуулж, “сөргөлдөгчдийг” няцаахад жинхэнэ сургаалыг ашиглах боломжтой байх юм. Сөргөлдөгч гэж ямар нэгэн санааны [энэ тохиолдолд, сайн мэдээний үнэн зөв байдал] эсрэг ярьдаг эсвэл үгүйсгэдэг хүнийг хэлнэ. Сөргөлдөгч хүмүүс Сүмийн гишүүн эсвэл гишүүн бус байж болно.)

  • Бид бишопуудын нэгэн адил Бурханы үгээс зууран барихын тулд юу хийж чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Бурханы үгээс зууран барьснаараа бусад хүнийг Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахад зоригжуулж, сайн мэдээг эсэргүүцэгчдийг няцаахад үнэн сургаалыг ашиглаж чадах болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбарт бич.)

Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгсийг чанга уншихыг хүс. Хүмүүсийг Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахад тусалдаг жинхэнэ сургаалын хүчийг олж мэдэхийг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Үнэн сургаал ойлгомжтой байх юм бол хүмүүсийн зан төлөв, харьцаа хандлагыг өөрчилж чадна.

Сайн мэдээний сургаалыг судлах нь зан төлөвийг судлах замаар үүнийг сайжруулахаас илүү хурдан зан төлөвийг сайжруулна. … Ийм учраас бид сайн мэдээний сургаалыг судлахад онцгой анхаарал хандуулдаг юм” (“Little Children,” Ensign, 1986 оны 11-р сар, 17).

  • Ерөнхийлөгч Пакэрын хэлснээр, үнэн сургаалыг судалж мэдэх нь яагаад чухал вэ?

Ангийнхныг гурав, дөрвөөр нь бүлэг болгон хуваарил. Суралцагчдыг дараах асуултыг эргэцүүлэн бодоод, хариултаа хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Асуултуудыг самбарт бичиж болно.

  1. Бусдыг сайн мэдээний дагуу амьдрахад урихаар үнэн сургаалыг заахад бэлэн байхын тулд бид юу хийж чадах вэ? (Алма 17:2–4-ийг үзнэ үү.)

  2. Сүмийн талаар болон Сүмийн сургаалын талаар эргэлзэж, үзэн ядаж байгаагаа илэрхийлсэн хүнд үнэн сургаалыг заасан хэн нэгний тухай ямар ямар жишээ сударт байдаг вэ? (Үүнд үнэн сургаалыг заалгасныхаа дараа нүглээ наманчилсан жишээнүүдээс дор хаяж нэгийг оруулж хэл.)

  3. Таныг эсвэл таны мэдэх хэн нэгнийг Есүс Христийн сайн мэдээний дагуу илүү сайн амьдрахад үнэн сургаал хэзээ тусалсан бэ?

Хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчаас хариултаа ангийнхантай хуваалцахыг хүс. Тэднийг хуваалцсаны дараа үнэн сургаал нь бусдад сайн мэдээний дагуу амьдрахад урам зориг өгч, Сүмийг эсэргүүцэгчдийг няцаахад бидэнд тусалдаг боловч бүх хүн үнэнийг хүлээн авдаггүй гэдгийг тайлбарлан хэл. Хүн бүр сонгох эрхтэй тул Есүс Христийн үнэн сургаалыг зөвшөөрөх эсвэл үл зөвшөөрөхийг сонгох болно.

Суралцагчдыг энэ хичээлийн жил үзсэн төгс эзэмших судрын хэсгүүдээ эргэн харахад урь.

  • Бусдыг сайн мэдээний дагуу амьдрахыг зоригжуулахад аль төгс эзэмших судрын хэсгүүд илүү тустай байж болох вэ?

  • Сүмийг эсэргүүцэгч хүмүүсийг няцаахад аль төгс эзэмших судрын хэсгүүд илүү тустай байж болох вэ?

Суралцагчдыг үнэн сургаалыг бусдад заахад бэлтгэхийн тулд төгс эзэмших судруудаас үргэлжлүүлэн суралцахад урамшуул.

Паул бишопуудын дунд худал хуурамч багш нар олон байдаг тул бишопууд үнэн сургаалд найдах хэрэгтэй болохыг Титэд заасныг тайлбарлан, Тит 1:10–16-г нэгтгэн дүгнэ. Тэрээр Титэд хуурамч багш нарыг хатуу зэмлэхийг зөвлөсөн бөгөөд тэгснээр тэд алдаа дутагдлаа мартаж, “итгэл дотор эрүүл байх” (13-р шүлэг) болно. Паул мөн Бурханыг мэднэ гэж дүр эсгэдэг хэрнээ өөрсдийн үйлдлээр Түүнийг үгүйсгэдэг хүмүүсийн тухай тайлбарласан.

Тит 2

Паул Кретийн гэгээнтнүүдэд үнэн сургаалын дагуу амьдрахыг заахыг Титэд зөвлөсөн.

Нэг суралцагчийг Тит 2:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Титэд үнэн сургаалыг хэрхэх талаар өөр ямар удирдамж өгснийг олж мэдэхийг хүс.

  • Паул Титэд үнэн сургаалыг хэрхэх талаар өөр ямар удирдамж өгсөн бэ? (Кретийн гэгээнтнүүдэд үнэн сургаалыг заах.)

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд болон Залуу эрэгтэйчүүд гэсэн үгсийг самбарт бич.

Ангид буй залуу эмэгтэйчүүдийг Тит 2:3–5-ыг дотроо уншаад, настай эмэгтэйчүүд ямар байх ёстой болон тэдний залуу эмэгтэйчүүдэд юу заах ёстой талаарх Паулын зөвлөгөөг олж мэдэхийг хүс. Залуу эрэгтэйчүүдийг Тит 2:2, 6–8-ыг дотроо уншаад, настай болон залуу эрэгтэйчүүд хэрхэн амьдрах талаарх Паулын зөвлөгөөг олж мэдэхийг хүс.

Тэмдэглэл: Хэрэв эмэгтэйчүүдэд “нөхөртөө захирагдах” талаар асуух зүйл гарвал (5-р шүлэг), Ефес 5–6-ийн хичээлийн материалыг ашиглаж болно.

  • Паулын зааснаар настай эрэгтэй, эмэгтэйчүүд болон залуу эрэгтэй, залуу эмэгтэйчүүд хэрхэн амьдрах ёстой вэ? (Самбарт суралцагчдын хариултуудыг харгалзах гарчгийн доор бичих юм уу суралцагчдыг хариултаа өөрсдөө самбарт бичихэд урь. Зарим үгийн утгыг ойлгоход суралцагчдад тусал. Тухайлбал, биеэ барих гэдэг нь тайван буюу буурь суурьтай байх, ухаалаг гэдэг нь хянамгай байх, төлөв байх гэдэг нь хүндэтгэлтэй байх гэсэн утгатай.)

  • “Чи бүх зүйлд өөрийгөө сайн үйлсийн жишээ болгон харуул” гэсэн өгүүлбэр ямар утгатай вэ? (7-р шүлэг). (Сайн мэдээний дагуу амьдарч, сайн үлгэр жишээ үзүүлэх.)

  • Титэд өгсөн Паулын зөвлөгөөний дагуу, Есүс Христийн дагалдагчид юу хийх ёстой вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христийн дагалдагчид бусдад сайн үлгэр жишээ байх ёстой гэсэн үнэнийг олж тогтооход анхаар.)

Суралцагчдыг өөрсдийн тойрог, салбарт байдаг сайн мэдээний дагуу хэрхэн амьдрахын сайн үлгэр жишээ байж, өөрсдийгөө сайн мэдээнд зориулсан настай гишүүдийн тухай бодоход урь. Цөөн суралцагчийг хэний тухай бодсоноо мөн тухайн хүний жишээ хэрхэн тэдэнд адислал авчирсныг хуваалцахад урь.

Суралцагчдыг самбарт жагсаан бичсэн зан чанараас нэгийг сонгож, тэдний сайн үлгэр жишээ бусдыг адисалж болохын тулд тэрхүү зан авирыг өөрсдийн амьдралд илүү сайн хэрэгжүүлэх зорилго тавихад урь.

Паул боолоор ажилладаг Сүмийн гишүүдийг шударга байж, эзэдтэйгээ сайн харилцаатай байх талаар заахыг Титэд зөвлөснийг тайлбарлан, Тит 2:9–10-ыг нэгтгэн дүгнэ. Шударга бөгөөд нийцтэй байснаар эдгээр Сүмийн гишүүн Их Эзэнийг хүндэтгэн, өөрсдийн эздэд сайн үлгэр жишээ үзүүлэх болно.

Нэг суралцагчаас Тит 2:11–15-ыг чанга уншихыг хүс. Мөн тухайн суралцагчийг Иосеф Смитийн Орчуулга, Тит 2:11-ийг (Тит 2:11-ийн зүүлт тайлбар б) уншихыг хүс). Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Бурханы нигүүлсэл бүх хүнд юу өгснийг болон Христ бидний төлөө юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Бурханы нигүүлсэл бүх хүнд юу өгсөн бэ?

  • 12-р шүлэгт цэдэглэснээр, Бурханы нигүүлслийг хүртэхийн тулд гэгээнтнүүд юу хийх ёстой вэ?

  • Бид 14-р шүлэгт буй Паулын заасан зүйлсээс Есүс Христийн бидний төлөө хийсэн зүйлийн талаар юу мэдэж авдаг вэ? (Суралцагчид Есүс Христ Өөрийгөө бидний төлөө зориулсан нь биднийг гэтэлгэж, цэвэршүүлэхийн тулд юм гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтоох хэрэгтэй. Та суралцагчдыг 14-р шүлгээс уг үнэнийг зааж буй үгсийг тэмдэглэхэд урьж болно.

“Тусгай ард түмэн” (14-р шүлэг) гэдэг нь Их Эзэний эрхэм хүмүүс бөгөөд Тэр тэднийг худалдан авсан буюу гэтэлгэсэн (1 Петр 1:18–19; 2:9-ийг үзнэ үү), мөн тэдгээр нь Түүний зарлигуудыг сахихаар гэрээлсэн (Египетээс гарсан нь 19:5–6-г үзнэ үү) гэдгийг цохон тэмдэглэ.

Тит 3

Паул Кретийн гэгээнтнүүдийг баптисм хүртсэний дараа тэдний хийх ёстой зүйлсийг зааж өгөх тухай Титэд хэлсэн.

Паул Кретийн гэгээнтнүүдийг газар нутгийнхаа хуулийг дагаж, бусадтай харилцах бүх харилцаандаа дөлгөөн, даруухан байх тухай заахыг Титэд зөвлөснийг тайлбарлан, Тит 3:1–2-ыг нэгтгэн дүгнэ.

Хэд хэдэн суралцагчийг ээлжлэн Тит 3:3–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Есүс Христийн сайн мэдээ өөрийг нь болон Кретийн гэгээнтнүүдийг хэрхэн өөрчилсөн тухай юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 3-р шүлэгт цэдэглэснээр, Паул өөрийгөө болон Сүмийн бусад гишүүнийг Есүс Христийн сайн мэдээний талаар суралцахаасаа өмнө ямар байсан хэмээн дүрслэн хэлсэн бэ?

  • 5–6-р шүлэгт цэдэглэснээр, хүмүүсийг юу өөрчилсөн бэ?

  • 7-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Христийн нигүүлслээр авчрагдсан өөрчлөлтийн үр дүнд хүмүүст юу тохиолдож болох вэ?

Тэд Есүс Христийн сайн мэдээний ачаар хэрхэн өөрчлөгдсөнөө эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс.

  • 8-р шүлэгт цэдэглэснээр, Паул гэгээнтнүүдэд өөрчлөгдөж, баптисм хүртсэнийхээ дараа юу хийхийг зөвлөсөн бэ?

Паул гэгээнтнүүдэд хэрүүл маргаан үүсгэдэг хүмүүстэй зөрчилдөхөөс зайлсхийхийг зөвлөснийг тайлбарлан, Тит 3:9–15-ыг нэгтгэн дүгнэ. Паул мөн Титийг Македонд ирж, өөртэй нь уулзахыг хүссэн.

Та энэ хичээлд ярилцсан үнэнүүдийн талаар гэрчилснээр хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Тит 1–3. Хэцүү асуултуудад хариулахад туслах эх үүсвэрүүд

“Сайн мэдээний суралцагчдын хувьд Сүмийн сургаал, түүх эсвэл нийгмийн асуудлуудад Сүм ямар байр суурьтай байдаг талаар асуултуудтай байх нь ердийн буюу хүсүүштэй зүйл юм. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Асуултууд байна гэдэг нь хэвийн зүйл. Ноцтой эсвэл эмзэг асуултуудтай хэзээ ч тулгарч байгаагүй Сүмийн гишүүд цөөхөн байдаг” гэж хүлээн зөвшөөрчээ (“Ирж, бидэнтэй нэгд,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 26) . Иймээс суралцагчдын асуултуудад хэрхэн зөв хариулахад суралцах нь багш нарт чухал юм. Далын ахлагч Пол В.Жонсон “Эргэлзэж буй суралцагчдад хандах бидний хандлага тэдэнд хэрхэн хариулахаа сонгоход нь чухал байдаг” гэж заажээ (“A Pattern for Learning Spiritual Things” Шашны институт, семинарын хиймэл дагуулын шууд нэвтрүүлэг, 2012 оны 8-р сарын 7). Багш нар сонсох, гэрчлэх, урих, эргэн шалгах дасгалуудыг хийснээр суралцагчдад итгэлээ өсгөж, асуултууддаа хариулт авахад туслах боломжтой байдаг” (seektruth.lds.org).

Тит 2:1–12. “Жинхэнэ сургаалын” нөлөө

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс сайн мэдээний сургаалыг заахын ач холбогдлын талаар заахдаа:

“Сайн заагдсан сургаал, зарчмууд нь зан байдлын дүрмээс илүү хүчирхэг нөлөө үзүүлдэг. Бид сайн мэдээний сургаал, зарчмуудыг заахдаа хичээлийг маань хүчирхэгжүүлэх Сүнсний гэрчлэл, удирдамжийг авч чадна” гэжээ (“Сайн мэдээг заах нь,” Ensign, 1999 оны 11-р сар, 79).