Номын сан
145-р хичээл: 1 Петр 3–5


145-р хичээл

1 Петр 3–5

Оршил

Петр гэгээнтнүүдийг Есүс Христийг гэрчлэхэд үргэлж бэлэн байж, тэдний эсрэг гаргасан хуурамч мэдүүлгийг эсэргүүцэхийн тулд шударга амьдрахад урамшуулан дэмжив. Есүс Христ амиа өргөснийхөө дараа сүнсний дэлхийд сайн мэдээг номлосон хэмээн тэр заасан. Петр Бурханы сүргийг Ахлах Хоньчин Есүс Христийн адилаар харж хандахыг Сүмийн ахлагчдад ухуулсан.

Заах зөвлөмж

1 Петр 3:1–17

Петр гэгээнтнүүдэд зөв шударга байдалд нэгдэж, Христийг гэрчлэхэд үргэлж бэлэн байхыг зөвлөв

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Хэдийгээр бид хэзээ үүнийг хийхээр дуудагдахаа мэдэхгүй ч амьдралынхаа турш итгэлээ хуваалцах боломжтой байх болно. Намайг хэвлэлийн салбарт ажиллаж байхад зарим хүний ‘сүмүүдийн хот’ гэж нэрлэдэг Техас мужийн Даллас хот руу явж, ажил эрхлэгчдийн чуулганд үг хэлэхийг хүссэн ийм боломж 1957 онд надад ирсэн юм. Чуулганы төгсгөлд бид хотын захаар орчин тойрныг үзэх автобустай аялал хийлээ. Олон сүмийг өнгөрөн явахдаа манай автобусны жолооч ‘зүүн талд та нар Методист сүмийг харж байна, баруун талд Католик шашны байр байна’ гэж хэлж явав.

Толгодын орой дээр байрлах улаан тоосгон үзэсгэлэнтэй байшинг өнгөрөхөд жолооч маань ‘Энэ байшинд мормончууд цугладаг юм’ гэж уулга алдлаа. Автобусны арын суудалд сууж явсан нэгэн эмэгтэй ‘Жолооч оо, та бидэнд мормончуудын тухай ямар нэгэн зүйл ярьж өгөөч?’ гэж хашхирлаа.

Жолооч замын хажууд автобусаа зогсоож, суудал дээрээ эргэн хараад, ‘эмэгтэй минь, мормончуудын тухай мэддэг зүйл маань ердөө л энэ улаан байшин. Энэ автобусанд мормончуудын тухай мэддэг хүн байна уу?’ гэлээ. “Ганцаар зогсох зоригтой бай,Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 77).

  • Хэрэв та тэр автобусанд сууж явсан бол яах байсан бэ?

  • Бусдад өөрсдийн итгэлийн талаар ярихад яагаад заримдаа хэцүү байдаг вэ?

1 Петр 3:1–17-г судалж байхдаа бусдад сайн мэдээг хуваалцах боломж гарсан үед тэднийг хөтлөх зарчмыг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

Петр үл итгэгч нөхрүүддээ зөв шударга үлгэр жишээ үзүүлэн, Христэд ирэхэд нь туслахыг эмэгтэйчүүдэд уриалсан гэдгийг тайлбарлан, 1 Петр 3:1–11-ийг нэгтгэн дүгнэ. Тэр нөхрүүдэд эхнэрээ хүндэтгэхийг зөвлөсөн. Тэр мөн гишүүдийг сайн мэдээний жишгүүдийг мөрдөж амьдрахыг зөвлөсөн.

Нэг суралцагчаас 1 Петр 3:14–16-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, зөв шударга амьдарснаас болж хавчигдах үед Петр гэгээнтнүүдийг юу хий гэж зөвлөснийг олж мэдэхийг хүс.

  • Зөв шударга амьдарснаас болж хавчигдах үед Петр гэгээнтнүүдийг юу хий гэж зөвлөсөн бэ?

  • 15-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Христийн дагалдагчид юуг хийхэд үргэлж бэлэн байх хэрэгтэй гэж Петр хэлсэн бэ?

  • Таны бодлоор сайн мэдээний аль тал нь хүмүүст найдвар төрүүлдэг вэ?

15-р шүлэг дэх хариу өгөх гэдэг үгийг мөн “хамгаалах” гэдэг утгаар орчуулж болохыг тайлбарла (15-р шүлэг, зүүлт тайлбар б-г үзнэ үү). Петр гэгээнтнүүдийг итгэлээ хуваалцаж, хамгаалахад уриалсан.

  • 15-р шүлэг дэх ямар үг Есүс Христийн сайн мэдээг хуваалцаж, хамгаалах хэрэгтэйг тайлбарлаж байна вэ? (Та айх гэдэг үг нь хүндэтгэх, сүсэглэх гэсэн утгаар орсон болохыг тайлбарлахыг хүсэж болно.)

  • Есүс Христийн шавь нар юу хийхэд үргэлж бэлэн байх хэрэгтэй талаар ямар үнэнийг 1 Петр 3:15-аас бид мэдэж авдаг вэ? (Суралцагчид Бид Есүс Христийн дагалдагчийн хувьд даруу, хүндэтгэлтэй байснаар өөрсдийн итгэл үнэмшлийг хуваалцаж, хамгаалахад үргэлж бэлэн байх хэрэгтэй гэсэнтэй төстэй үнэнийг олж тодорхойлох ёстой. Энэ үнэнийг самбарт бич.)

  • Яагаад даруу байдал, хүндэтгэлээр итгэл үнэмшлээ хуваалцах нь чухал гэж та нар бодож байна вэ?

Самбар дээрх уг үнэнийг тайлбарлахын тулд ерөнхийлөгч Монсонд автобусан дотор тохиолдсон үйл явдлыг үргэлжлүүлэн уншихыг нэг суралцагчаас хүс.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Би хэн нэгнийг хариулах болов уу гэж хүлээлээ. Ямар нэг тайлбар хэлэхийг хүссэн хэн нэгэн байх болов уу гэж хүн бүрийг харлаа. Хэн ч байсангүй. Төлөөлөгч Петрийн ‘харин та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд бэлэн бай’ гэж хэлсэнчлэн миний ээлж болсныг ойлгосон юм. Би мөн ‘Шийдвэр гаргах мөч ирэхэд бэлтгэх цаг ард хоцордог’ гэсэн зүйр үгний үнэнийг мэдсэн.

Дараагийн 15 орчим минутад би Сүмтэй болон бидний итгэлтэй холбоотой өөрийн гэрчлэлийг автобусанд байсан хүмүүстэй хуваалцах боломжтой байлаа. Би гэрчлэлээ хуваалцахаар бэлтгэгдсэн байсандаа талархаж байв” (“Ганцаар зогсох зоригтой бай,” 77–78).

  • Бид итгэлээ хуваалцахад үргэлж бэлэн байхын тулд юу хийж болох вэ?

Суралцагчдаас итгэл, гэрчлэлээ хуваалцах үедээ бэлтгэлтэй байсандаа талархсан үеэ бодохыг хүс. Туршлагаа ангийнхантай хуваалцахыг цөөн суралцагчаас хүс.

Суралцагчдыг итгэлээ хуваалцаж, хамгаалахад үргэлж бэлэн байхын тулд юу хийх хэрэгтэй талаар эргэцүүлэн бодоход урь. Тэднийг хүлээн авах сүнсний өдөөлт бүрийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

1 Петр 3:18–4:19

Есүс Христ амиа өргөснийхөө дараа сүнсний дэлхийд сайн мэдээг номлосон

Суралцагчдыг өөрсдийгөө бүрэн цагийн номлогчоор үйлчилж байгаа бөгөөд заалгаж буй хүн нь дараах зүйлийг хэлж байна гэж төсөөлөхөд урь.

“Би таны зааж байгаа зүйлсийг үнэн гэж итгэж байна, гэхдээ үнэнийг сонсоогүй нас барсан хүмүүс яах бол гэж бодлоо. Түүний авралын төлөвлөгөөг хэзээ ч сонсох боломжгүй байсан хүмүүсийг Бурхан шийтгэх юм уу Өөртэйгөө хамт амьдрахыг зөвшөөрөхгүй байх нь шударга бус санагдаж байна.”

Суралцагчдаас юу гэж хариулахаа бодохыг хүс.

Ангийн хэсэг суралцагчийг 1 Петр 3:18–20-ийг болон Судруудын удирдамж дахь 1 Петр 3:20-ийн Иосеф Смитийн Орчуулгыг, нөгөө хэсгийг 1 Петр 4:5–6 болон Судруудын удирдамж дахь 1 Петр 4:6-ийн Иосеф Смитийн Орчуулгыг дотроо уншихад урь. Суралцагчдаас дээрх нөхцөлд байгаа хүнтэй хуваалцаж болох Петрийн заасан үнэнийг олж мэдэхийг хүс. 1 Петр 3:19 дээрх “шоронд байгаа сүнснүүд” гэдэг нь амьд байхдаа сайн мэдээг хүлээн зөвшөөрөөгүй эсвэл сонсож чадаагүй хүмүүсийг хэлдэг гэдгийг тайлбарла.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа дараах асуултыг тавь.

  • Сүнсний дэлхийд байгаа сайн мэдээг хүлээн зөвшөөрөөгүй эсвэл сонсох боломжгүй байсан хүмүүсийн талаар эдгээр шүлгээс бид юуг мэдэж авч болох вэ?

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 127; мөн LDS.org-оос үзнэ үү). Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит 1 Петр 3:18–20 болон 1 Петр 4:6-ийн утгыг тунгаан бодож байхдаа сүнсний дэлхийд хийсэн Аврагчийн айлчлалын талаар илчлэлт болон үзэгдэл хүлээн авсан. Энэ үзэгдэлд ерөнхийлөгч Смит Есүс Христийг үхээд, амилах хоорондох цаг хугацаанд зөв шударга сүнснүүдэд сайн мэдээг зааж, тохинуулж байхыг харжээ. Есүс Христ тэгээд зөв шударга үйлчлэгчдийг зохион байгуулж, тэдэнд сүнсний шоронд буй сүнснүүдэд сайн мэдээг заах эрх мэдэл өгсөн байна (С ба Г 138:1–11, 29–30-ийг үзнэ үү).

  • 1 Петр 4:6-д цэдэглэснээр, нас барсан хүмүүст яагаад сайн мэдээг номлосон бэ? (Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд Бурханы хуулийг сонсон, дагах боломжийг өгснөөр тэдэнд шударга шүүлгэх боломжийг олгох.)

  • Петрийн сайн мэдээг нас барагсдад номлосон тухай сургаалаас бид ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Сайн мэдээг нас барагсдад номлодог ба ингэснээр тэд сайн мэдээг мөнх бус амьдралдаа сонссон хүмүүстэй адил боломжийг эдэлж чадна гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

Энэ судрын хэсгийн эхэнд гарсан нөхцөл байдлыг товчхон эргэж хараад, дараах асуултыг тавь. Үүнд:

  • Нас барагсдын авралын төлөөх сургаал нь Бурханы хүүхдүүддээ үзүүлдэг нигүүлсэл, өршөөлийг хэрхэн харуулж байна вэ?

Хайр нь тоо томшгүй нүглийг далдалж эсвэл сэргийлдэг учраас Петр гэгээнтнүүдийг бие биенээ хайрлахыг ухуулсан гэдгийг тайлбарлан, 1 Петр 4:7–19-ийг нэгтгэн дүгнэ (Иосеф Смитийн Орчуулга, 1 Петр 4:8-ыг үзнэ үү). Петр түүнчлэн гэгээнтнүүдэд Есүс Христэд итгэх итгэлээсээ болж зовж, зүхүүлж байгаадаа баярлах хэрэгтэйг заасан.

1 Петр 5

Петр ахлагчдыг Бурханы сүргийг харж хандахыг мөн гэгээнтнүүдийг итгэлдээ гуйвшгүй бат байхыг зөвлөсөн

Петр гэгээнтнүүдийг тулгарч буй сорилт бэрхшээлд нь бэлдэхийн тулд Сүмийн ахлагчдад Сүмийн удирдагчийн үүрэг хариуцлагынх нь талаар заасан. Нэг суралцагчийг 1 Петр 5:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петрийн Сүмийн ахлагчдад өгсөн заавруудыг олж мэдэхийг хүс.

  • Петр Сүмийн ахлагчдад ямар зөвлөгөө өгсөн бэ?

“Бурханы хонин сүргийг хариул” (2-р шүлэг) гэдэг нь Сүмийн гишүүдийг халамжлан, хамгаалахыг хэлж байгаа гэдгийг тайлбарла. Сүмийн удирдагчид албадлагаар мөн ашгийн төлөө бус харин сайн дураараа, хайраар үйлчлэх ёстой. Тэд гишүүдийг “ноёлох” бус, харин үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй (3-р шүлэг).

  • Петрийн Сүмийн ахлагчдад өгсөн зөвлөгөөнөөс бид Сүмийн удирдагчдын үүрэг хариуцлагын талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчдад Сүмийн удирдагчид Бурханы сүргийг хайраар болон үлгэр жишээгээр харж хандах үүрэгтэй гэсэнтэй төстэй үнэнийг олж тодорхойлоход тусал. Энэ үнэнийг самбарт бич.)

Суралцагчдаас 1 Петр 5:4-ийг дотроо уншаад, Петр Аврагчийг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Зураг
Есүс алдагдсан хургыг тэврэн яваа нь

Есүс алдагдсан хургыг тэврэн яваа нь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 64; мөн LDS.org-ийг үзнэ үү) зургийг үзүүлээд, дараах асуултыг тавь.

  • Яагаад Аврагчийг ихэвчлэн хоньчноор дүрсэлдэг гэж та нар бодож байна вэ?

  • Христийн ямар зан чанар Сүмийн удирдагчдад Сүмийн гишүүдийг харж, хандахад туслах вэ?

  • Та Сүмийн удирдагчийн Христийнхтэй адил хайр эсвэл үлгэр жишээгээр хэрхэн адислагдсан бэ?

Петр гэгээнтнүүдэд зовнилоо (санаа зовоодог зүйлс) Аврагч Есүс Христэд үүрүүлж, зовлон бэрхшээлийн дунд итгэлдээ гуйвшгүй байхыг заасан гэдгийг тайлбарлан, 1 Петр 5:7–14-ийг нэгтгэн дүгнэ. Хэрвээ тэд үүнийг хийвэл Бурхан тэднийг төгс болгож, хүчирхэгжүүлнэ гэдгийг Петр баталж хэлсэн.

Суралцагчдыг өөрсдийг нь сүнслэгээр харж, хандахаар Их Эзэний дуудсан удирдагчдад итгэж найдан, дагахыг уриалан, хичээлээ дуусга.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—1 Петр 4:6

Суралцагчдыг өвөг дээдсийнхээ авралын ажилд оролцоход урамшуулан дэмжихийн тулд тэдэнтэй 1 Петр 4:6-г хамт уншаад, дараах асуултыг тавь.

  • Бид сүнсний дэлхийд сайн мэдээг хүлээн аваад, сүнсний шоронгоос гарахыг хүсэж байгаа өвөг дээдэстээ туслахын тулд юу хийж чадах вэ?

  • Та өвөг дээдсийнхээ төлөө гэр бүлийн түүх, ариун сүмийн ажлыг хийснээрээ хэрхэн адислагдсан гэж боддог вэ?

Суралцагчдыг өвөг дээдсийнхээ тухай гэр бүлийн түүхээ судалж, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудад оролцох боломжийг эрж хайхад урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

1 Петр 4:6. “Учир нь энэ зорилгын үүднээс сайн мэдээ үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан”

Нас барагсдын авралын ажлын талаар ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит дараах зүйлийг заасан юм.

“Энд сайн мэдээг хүлээн авах боломжгүй байсан тэд тэнд нүглээ наманчлаад, сайн мэдээг хүлээн авбал Бурханы селестиел хаант улсыг өвлөгчид болох болно. Шоронд байгаа сүнснүүд махан биеэрээ хүмүүсийн адил шүүгдэж (өөрөөр хэлбэл, сайн мэдээний зарчмуудын дагуу), дараа нь наманчлан, тэдний төлөө амиа өргөсөн Есүс Христийн үүрэг зорилгыг хүлээн зөвшөөрч, Бурханы хүслийн дагуу сүнс дотор амьд байхын тулд Аврагч тэдэн дээр очиж, номлохдоо энэхүү агуу ажлын эхлэлийг тавьсан юм (Doctrines of Salvation, Брүс Р.Макконкигийн найруулга, 3-р боть. [1954–1956], 2:132–133).

Ерөнхийлөгч Лорэнзо Снөү сүнсний дэлхийд сайн мэдээг номлосон талаар:

“Сайн мэдээг шоронд буй сүнснүүдэд заахаас ирэх амжилт нь энэ амьдралд манай ахлагчдын номлодгоос хэд дахин илүү байх болно. Тэдгээр сүнснээс сайн мэдээг заахад дуртайяа хүлээн авахгүй нь маш цөөхөн байх болно гэдэгт би итгэдэг. Тэнд сайн мэдээг хүлээн авах нөхцөл байдал мянга дахин илүү байх болно” гэж заажээ (“Discourse by President Lorenzo Snow,” Millennial Star, 1894 оны 1 сарын 22, 50).