Номын сан
154-р хичээл: Илчлэлт 6–11, 1-р хэсэг


154-р хичээл

Илчлэлт 6–11, 1-р хэсэг

Оршил

Иохан лацадсан номын эхний зургаан лацыг эвдэх Бурханы Хургыг үзэгдэлдээ харсан. Иохан зургаа дахь лацанд Бурханы үйлчлэгчид “Хурганы цусаар дээлээ угааж” байсныг харсан (Илчлэлт 7:14).

Заах зөвлөмж

Илчлэлт 6

Иохан лацадсан номын эхний зургаан лацыг эвдэх Бурханы Хургыг хардаг

Суралцагчдыг хожмын өдрүүдэд амьдрах талаар ямар нэгэн санаа зовоох зүйл байвал хуваалцахад урь. Тэдний хариултыг самбарт жагсаан бич.

Нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Суралцагчдаас эртний бошиглогчид бидний өдрийн талаар ямар бодолтой байсныг сонсохыг хүс.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Бошиглогч, санваартнууд болон хаад … өдгөө бидний амьдарч байгаа үеийг баяртайгаар хүсэн хүлээж, тэнгэрээс сүнсээр нөлөөлөгдөн, манай өнөө үеийн тухай дуулж, бошиглож байсан билээ” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 210–211).

  • Эртний бошиглогчид бидний өдрийн талаар ямар бодолтой байсан бэ?

Илчлэгч Иохан нь хожмын үеийн үйл явдлуудын талаар мэддэг байсан мөн бидний өдрийг баяртайгаар хүсэн хүлээж бошиглосон бошиглогчдын нэг байсан гэдгийг онцолж хэл.

Суралцагчдыг Илчлэлт 6–7-г судалж байхдаа эртний бошиглогчид бидний өдрийг баяртайгаар хүлээх болсон шалтгаануудыг олж мэдэхэд урь.

Илчлэлт 5:1–5-д цэдэглэснээр, Иохан зөвхөн Хурга нээх зохистой долоон лацтай нэгэн номыг харсан гэдгийг суралцагчдад сануул. Иохан үзэгдэлдээ мянган жил бүрийг төлөөлсөн долоон лацны томоохон үйл явдлуудын заримыг дүрсэлсэн илэрхийллийг харсан гэдгийг тайлбарла.

Дараах жагсаалтыг самбар дээр бич (хичээл эхлэхээс өмнө). Үүнд:

Нэгдүгээр лац (Илчлэлт 6:1–2)

Хоёрдугаар лац (Илчлэлт 6:3–4)

Гуравдугаар лац (Илчлэлт 6:5–6)

Дөрөвдүгээр лац (Илчлэлт 6:7–8)

Тавдугаар лац (Илчлэлт 6:9–11)

Суралцагч бүрд цаас өг. Суралцагч бүрд нэг лац даалгаж өг (нэг суралцагчид нэгээс илүү лац оноогдож болно). Суралцагчдаас даалгаж өгсөн лацтайгаа холбогдох судрын хэсгийг уншаад, тэрхүү лацтай холбоотой Иоханы харсан зарим үйл явдлыг зурахыг хүс.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа анхны лацыг даалгасан суралцагчаас эхлүүлээд тэднийг зургуудаа ангийнхандаа дарааллаар нь үзүүлэхэд урь. Бүлэг бүрээс нэг суралцагчийг лацыг нээх үед Иоханы юу харсан болохыг зургаа ашиглан тайлбарлахыг хүс. Суралцагчдыг тайлбарлах үеэр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн санал болгосон дараах орчуулгыг хуваалц. Та суралцагчдыг энэ мэдээллийг судар дээрээ эсвэл хичээлийн дэвтэртээ юм уу судрын тэмдэглэлдээ бичихэд урамшуулан дэмжиж болно.

Нэгдүгээр лац

(МЭӨ бараг 4000-аас 3000 он)

Цагаан морь = Ялалт

Нум = Дайн тулаан

Титэм = Ялагч

Ахлагч Макконки 1–2-р шүлэг нь Енохын үеийг тодорхойлсон ба тэр морьтон нь Енохыг байсан байх гэсэн санал оруулсан (Doctrinal New Testament Commentary, 3 боть. [1966–1973], 3:476–478).

Хоёр дахь лац

(МЭӨ бараг 3000-аас 2000 он)

Улаан морь = Цус асгаралт

Илд = Дайн ба сүйрэл

Ахлагч Макконки 3–4-р шүлэг нь ёс бус явдлууд дэлхийг нөмөрсөн Ноагийн үеийг тодорхойлсон байх гэсэн санал оруулсан. Улаан морины морьтон нь чөтгөр өөрөө эсвэл магадгүй “олон дайчдыг алсан хүнийг төлөөлж байж” болно (Doctrinal New Testament Commentary, 3:478–479).

Гурав дахь лац

(МЭӨ бараг 2000-аас 1000 он)

Хар морь = Өлсгөлөн

Хэмжүүр = Хүнсний өндөр үнэ

Ахлагч Макконки 5–6-р шүлэг нь олон хүн өлсгөлөнгөөр нас барсан Абрахамын үеийг тодорхойлсон байх гэсэн санал оруулсан (Doctrinal New Testament Commentary, 3:479–480). Хүн зөвхөн амь зогоох төдий хоол хүнсийг бүтэн өдрийнхөө цалингаар худалдаж авдаг байсан хэт өлсгөлөнгийн үеийн хоол хүнсний үнийг харуулж байна.

Дөрөв дэх лац

(МЭӨ ойролцоогоор 1000 оноос Христийн төрөлт хүртэл)

Цайвар ногоон морь = Үхэл

Үхэл ба үхэгсдийн орон = ёс бусчуудын сүйрэл болон сүнсний шорон дахь хүлээн авалт (Исаиа 5:14-ийг үзнэ үү)

Ахлагч Макконки 7–8-р шүлэг нь “дайн тулаан, урвалтууд нь [Израилийг] дахин дахин тарчлаан, үгүйрүүлсэн тэдгээр агуу хаант улс болон үндэстний мянган жил”-ийг хэлдэг гэж хэлсэн (Doctrinal New Testament Commentary, 3:481). Эдгээр үндэстэнд Вавилон, Перс, Грек, Ром оржээ.

Тав дахь лац

(Бараг л Христийн төрөлтөөс МЭ 1000 он)

Тахилын ширээ = Золиослол

Сүнснүүд = Алагдсан хүмүүс, итгэлийнхээ улмаас алагдсан Христэд итгэгчид

Ахлагч Макконки 9–11-р шүлэг нь анхны төлөөлөгчдийн ихэнхийг оролцуулаад эртний олон Христэд итгэгч алагдсан болохыг хэлсэн гэж санал оруулсан (Doctrinal New Testament Commentary,3:482–483). Тэдгээр гэгээнтэн “Бурханы үг болон өөрсдийн сахисан гэрчлэлээс болж” амиа алдсан учраас тэдэнд цэвэр ариуны бэлгэдэл “цагаан дээл” өгдөг (Илчлэлт 7:13–14; 3 Нифай 27:19-ийг үзнэ үү).

Бүлэг бүр танилцуулсны дараа зургаа дахь лац нь манай цаг үеийг болон Есүс Христ дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах Мянган жилийг угтсан үйл явдлуудыг харуулдаг гэдгийг тайлбарла (Doctrinal New Testament Commentary, 3:485–486-г үзнэ үү).

Цөөн суралцагчийг Илчлэлт 6:12–17-г уншиж байхдаа Иосеф Смитийн Орчуулгын 14-р шүлгийг, зүүлт тайлбар a-г оруулаад ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иоханы урьдчилан харсан зүйлсийг олж мэдэхийг хүс.

  • Зургаа дахь лацыг нээхэд Иохан ямар ямар үйл явдлыг харсан бэ? (Сүйрлийн үйл явдлууд нь эцсийн өдрүүдийн тэмдэг гэдгийг тайлбарла.)

  • 16-р шүлэгт цэдэглэснээр, Бурханы “уур хилэнгээс” зугтаахыг эрэлхийлэх тэд юуг хүсдэг вэ?

  • 17-р шүлэгт ямар асуултыг цэдэглэсэн бэ?

Хэн тэсэж чадах вэ? гэсэн асуултыг самбар дээр бич.

Илчлэлт 7 нь зургаа дахь лацны гай гамшгийг хэн тэсэж эсвэл туулж чадахыг ойлгоход бидэнд тусалдгийг тайлбарла.

Илчлэлт 7

Иохан Хурганы цусаар дээлээ угаасан Бурханы үйлчлэгчдийг харав

Нэг суралцагчийг Илчлэлт 7:1-ийг мөн өөр нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 77:8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иохан зургаа дахь лацанд өөр юу харсныг олж мэдэхийг хүс.

  • Дөрвөн тэнгэр элч юу хийж байсан бэ? (Тэдний барьж байсан салхи нь дэлхий дээрх амьдралыг устгах хүчтэй гэдгийг онцолж хэл. Мөн C ба Г 86:5–7-г үзнэ үү.)

Нэг суралцагчийг Илчлэлт 7:2–3-ыг мөн өөр нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 77:9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, өөр нэг тэнгэр элч тэр дөрвөн тэнгэр элчид юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

Энэ тохиолдолд Елиа гэдэг үг нь “эцсийн эрин үеийн хүмүүст түлхүүрүүд болон хүч чадал олгох үүрэгтэй хүмүүсийн нэр” болохыг тайлбарла (Doctrinal New Testament Commentary, 3:491–492; Bible Dictionary, “Elias”-ыг үзнэ үү).

  • Тэр тэнгэр элч дөрвөн тэнгэр элчид юу гэж хэлсэн бэ?

“‘Бурханы боолуудын духан дээр’ нь тамга дарах эсвэл тэмдэглэх гэдэг нь тэдний үнэнч зүтгэл, үйлчлэл, Бурханд хамааралтайг зүйрлэсэн болохыг тайлбарла (Илчлэлт 7:3; мөн Илчлэлт 9:4; 14:1-ийг үзнэ үү). …

Бошиглогч Иосеф Смит итгэлтнүүдийн духан дээр тамгалах нь ‘үүрдийн гэрээ гэсэн утгаар тэдний толгой дээр адислалыг тамгалж байгааг бэлгэддэг, улмаар тэдний дуудагдан, сонгогдсон нь баталгааждаг’ гэж заасан байдаг (Сүмийн Түүх, 5:530)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он], 544).

Илчлэлт 9-д цэдэглэснээр, Иохан энэхүү тамгыг аваагүй хүмүүст юу тохиолдохыг харсан болохыг тайлбарла. Нэг суралцагчийг Илчлэлт 9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, энэ тамгыг аваагүй тэдний нөхцөл байдлыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Суралцагчдаас Илчлэлт 7:4-ийг дотроо уншаад, тэр тэнгэр элчээр хэдэн хүн духан дээрээ тамгалуулсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд “Илчлэлт 7:4–8-д дурдсан 144000 гэдэг тоо нь Израилийн арванхоёр овгоос өргөмжлөлийнх нь эрэлд бусдад туслахаар дээд санваартанд томилогдсон хүмүүсийн тоо хэмээн хэлснийг тайлбарла [С ба Г 77:11-ийг үзнэ үү]. Энэ нь зарим хүний итгэдэг шиг өргөмжлөгдөх хүмүүсийн нийт тоо биш юм” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он], 544).

Нэг суралцагчийг Илчлэлт 7:9–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иохан өөр хэнийг харсныг олж мэдэхийг хүс.

  • Иохан хэнийг харсан бэ?

  • Энэ олон хүн юу өмсөж, юу барьж байсан бэ? (Та далдуу модны найлзуур гэдэг нь ялалт, баяр баяслыг бэлгэддэг гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно.)

Нэг суралцагчийг Илчлэлт 7:13–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иохан тэр хүмүүсийн тухай юу олж мэдсэнийг мэдэж авахад урь.

  • Энэ хүмүүс юуг тэвчиж гарсан бэ?

  • Тэдний дээл хэрхэн цагаан болсон бэ? (Есүс Христийн Цагаатгалын бэлгэдэл “Хурганы цусаар”.)

  • 15–17-р шүлэгт цэдэглэснээр, тэр хүмүүс Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэршсэн болохоор ямар адислал хүлээж авсан бэ? (Та эдгээр шүлэг нь селестиел алдар сууг өвлөн авах тэдний баяр баясал, амар амгалан, үнэнч чанарыг тодорхойлдог гэдгийг онцолж хэлж болно.)

  • Бид эдгээр шүлгээс селестиел алдар сууг өвлөн авах тухай ямар зарчмыг олж тодорхойлж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид зовлон зүдгүүрийг итгэлтэй тэвчиж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэр болж чадвал Бурхантай хамт селестиел алдар суунд баясах болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдыг Бурханы оршихуйд цэвэршээд зогсох гэдэг нь ямар утгатай болохыг мөн тэд юу мэдрэх талаар тунгаан бодоход урь.

  • Эдгээр мэдрэмжийг хүмүүсийн Илчлэлт 6:16 дээр тодорхойлсон мэдрэмжтэй хэрхэн харьцуулж болох вэ?

  • Аврагч биднийг Цагаатгалаараа дамжуулан цэвэршүүлж болохын тулд бид юу хийх ёстой вэ?

  • Селестиел алдар суугийн адислалыг санах нь таны зовлонг тэвчиж гараад, цэвэр болохоор хичээж зүтгэхэд хэрхэн тусалсан бэ?

Хичээлийн эхэнд самбар дээр бичсэн санаа зовоодог зүйлсийн жагсаалтыг суралцагчдад сануул. Самбар дээр бичсэн зарчим нь хожмын үед амьдрах талаар санаа зовох үед нь тэдэнд хэрхэн тусалж болохыг бодож үзэхэд урь. Цөөн суралцагчийг бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

Суралцагчдыг самбар дээрх зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг хэдэн минут тунгаан бодоход урь. Тэднийг хүлээн авсан сүнсний өдөөлт бүрийг тэмдэглэж авахад урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Илчлэлт 6–11. Эцсийн өдрүүдэд амьрах нь

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр эцсийн өдрүүдэд амьдрах тухай ийнхүү заасан.

“Өсвөр үеийнхэн заримдаа ‘Юунд хэрэгтэй юм бэ? Дэлхий удахгүй хэдэн хэсэг болон дэлбэрээд, төгсгөл ирнэ’ гэж боддог. Тэр мэдрэмж нь итгэлээс биш айдсаас ирдэг. Тэрхүү цаг хийгээд өдрийг хэн ч мэдэхгүй (С ба Г 49:7-г үзнэ үү) боловч Их Эзэний бүх зорилго биелэгдэхээс нааш төгсгөл ирэхгүй. Урт удаан амьдралд няхуур бэлтгэх цаг хугацаа танд байгаа гэдгийг илчлэлтүүдээс болон амьдралаас олсон итгэл үнэмшлээсээ миний сурч мэдсэн юм бүхэн нотолдог билээ” (“To Young Women and Men,” Ensign, 1989 оны 5-р сар, 59).

Илчлэлт 7:1–3. Зөв шударга хүмүүс сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрийг мэдрэх болно

“Төлөөлөгч Иохан Хоёр дахь ирэлтийн өмнөх зарим гай гамшиг нь бүхэл дэлхий эсвэл үүний оршин суугчдад нөлөөлөхгүйг, харин духан дээрээ Бурханы тамгагүй тэр хүмүүст нөлөөлөхийг харсан’ (Илчлэлт 9:4). Энэ нь эцсийн өдрүүдэд итгэлтэй тэд бүрмөсөн хамгаалагдах болно гэсэн судрын бусад амлалттай нийцдэг (1 Нифай 22:17–19; С ба Г 115:5–6-г үзнэ үү). …

“Их Эзэн эцсийн өдрүүдэд зөв шударга хүмүүст хамгаалалт амласан хэдий ч эцсийн өдрүүдийн сорилт бэрхшээл, гай гамшигт зарим зөв шударга хүн амиа алдах болно гэдгийг бошиглогч Иосеф Смит тодорхойлсон. ‘Хүний Хүүгийн ирэлтийн тухай [би] … ёс бусыг үйлдэгчид л зовохоос биш гэгээнтнүүд аливаа шүүлтээс зугтааж чадна гэсэн хуурмаг санаа бас байдаг гэдгийг тайлбарлалаа. Учир нь бүх маханбод зовлонгийн эрхшээл дор байдаг бөгөөд “зөв шударга хүмүүс ч арай ядан зугтаах болно” [С ба Г 63:34-ийг үзнэ үү]. Гэхдээ гэгээнтнүүдээс олон нь мултарна. Учир нь зөв шударга хүмүүс итгэлээр амьдардаг билээ [Хабаккук 2:4-ийг үзнэ үү]. Зөв шударга хүмүүсээс олон нь маханбодын сул доройн улмаас өвчин, тахал гэх мэтэд өртөн унах ч Бурханы хаант улсад аврагдана’ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 286)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он], 547).

Илчлэлт 7:2. Елиа

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Елиа гэдэг нэрийг ийнхүү тайлбарлажээ.

“Олон тэнгэрлэг туслах дэлхий дээрх хүмүүст дахин өөрсдийн эрин үеүд, алдар сууг байгуулахаар мөн түлхүүрүүд, хүчийг олгохоор алдар суугийн шүүх хурлаас илгээгдсэн. Наад зах нь Моронай, Иохан Баптист, Петр, Иаков, Иохан, Мосе, Елиа, Елиас, Габриел, Рафаел, Майкл нарын хүмүүс ирсэн билээ. (С ба Г 13; 110; 128:19–21.) Сэргээлтийн бүхий л хүнд ачааг ганцхан элч үүрээгүй, харин элч бүр дээрээс онцгой хишигтэй ирсэн нь илт байгаа тул Елиа холимог биетэй байсан нь тодорхой юм. Энэ сүүлчийн эрин үед хүмүүст түлхүүр, хүчийг олгох үүрэг даалгавартай байсан хүмүүсийн илэрхийлэл нь нэр ба хэргэм цол болж ойлгогддог байх ёстой. ([Жозеф Фийлдинг Смит,] Doctrines of Salvation, vol. 1, х. 170–174-ийг үзнэ үү.)” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966 он], 221). Судруудын удирдамж, “Елиас”-ыг бас үзнэ үү.)