Номын сан
77-р хичээл: Иохан 17


77-р хичээл

Иохан 17

Оршил

Аврагч Гетсеманид зовж шаналахаасаа өмнө агуу өмгөөллийн залбирал хэлсэн. Тэрээр шавь нар нь мөн Өөрийг нь дагаж буй бүх хүн Тэнгэрлэг Эцэгийг мэдэж, мөнх амьдралыг хүлээн авахын төлөө бас тэд Өөртэй нь болон Өөрийнх нь Эцэгтэй нэг байж болохын төлөө залбирчээ.

Заах зөвлөмж

Иохан 17:1–8

Есүс Христ залбирч, Тэнгэрлэг Эцэгт ханджээ

Суралцагчдыг ямар нэг зүйлийг нь мэддэг алдартай хүмүүсийг нэрлэхэд урь. Дараа нь суралцагчдаас өөрсдийн амьдрал дахь маш сайн мэддэг хүмүүсээ нэрлэхийг хүс.

  • Хэн нэгний талаар мэдэх мөн тэр хүнийг мэдэх хоёр юугаараа ялгаатай вэ?

  • Хэн нэгнийг сайн мэдэхэд юу шаардлагатай вэ?

  • Та нарт илүү сайн мэдэх хэрэгтэй гэж мэдэрч байгаа ямар хүмүүс байдаг вэ? Яагаад?

Аврагч Тэнгэрлэг Эцэгийг болон Өөрийг нь мэдэхийн ач холбогдлын талаар заасан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Иохан 17-г судалж байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг мэддэг болоход туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Суралцагчдад Иохан 17-ийн хам сэдвийг ойлгоход нь туслахын тулд Аврагч шавь нартайгаа хамт Сүүлчийн зоог хүртсэнээс Гетсеманий цэцэрлэг рүү явсан тэр цаг үеийн хооронд Өмгөөллийн залбирал хэмээн нэрлэгдэж ирсэн залбирлыг хэлсэн гэдгийг онцлон хэл. Өмгөөлөх гэдэг үгийн нэг утга нь хэн нэгний өмнөөс өөр хэн нэгэнтэй ярих гэсэн утга юм. Энэ тохиолдолд Есүс Христ шавь нар нь мөнх амьдралыг хүлээн авч болохын тулд гуйхаар тэдний өмнөөс Тэнгэрлэг Эцэгтэй ярьжээ.

Нэг суралцагчийг Иохан 17:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Аврагч мөнх амьдралыг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс.

  • Аврагч мөнх амьдралыг хэрхэн дүрсэлсэн бэ?

  • 3-р шүлэгт үндэслэн, бид мөнх амьдралыг хүлээн авахын тулд хийх ёстой гэж зааж буй зарчмыг та нар хэрхэн гаргах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч бид мөнх амьдралыг хүлээн авахын тулд Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг мэдэх ёстой гэдэг нь тодорхой байгаа эсэхийг бататга.)

Суралцагчдад Бурханыг мэдэх гэдэг нь юу гэсэн үг болохыг илүү сайн ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Бурханы тухай мэдэх, Бурханыг мэдэх хоёр ялгаатай юм. Бид түүнийг бие даасан хүн бөгөөд түүний дүр төрхөөр хүмүүс бүтээгдсэн гэдгийг; Хүү Эцэгийнхээ дүр төрхийг илэрхийлдэг гэдгийг; Эцэг, Хүү хоёулаа тодорхой зан чанар, хүч чадал эзэмшдэг гэдгийг олж мэдсэнээр түүний тухай мэдэж авдаг. Гэхдээ бид мөнх амьдралыг хүлээн авах талаас нь яривал тэдний баярладаг зүйлст баярлаж, туулдаг зүйлсийг туулснаар тэднийг мэддэг. Бурханыг мэдэх гэдэг нь түүний бодож байгаа зүйлийг бодож, мэдэрч байгаа зүйлийг мэдэрч, эзэмшиж байгаа хүчийг эзэмшиж мөн ойлгож байгаа үнэнийг нь ойлгож, хийж байгаа зүйлийг нь хийнэ гэсэн үг юм. Бурханыг мэддэг хүмүүс түүнтэй адил болж, мөнх амьдрал хэмээх түүний амьдралыг авдаг” (Doctrinal New Testament Commentary, 3-р боть, [1965–1973], 1:762).

  • Эцэг, Хүү хоёрын тухай зүгээр л нэг мэдэх эсвэл Тэднийг таньж мэдэх хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

  • Хүн яагаад Бурхан Эцэг, Есүс Христ хоёрыг мэдэхгүй тохиолдолд мөнх амьдралыг хүлээн авч чадахгүй вэ?

  • Эцэг, Хүү хоёрыг мэдэж болох ямар ямар арга зам байдаг вэ?

Аврагч Эцэгийнхээ өгсөн ажлыг гүйцэлдүүлсэн гэдгээ Эцэгтээ тайлагнасан бөгөөд Эцэгээсээ мөнх бус амьдралын өмнөх оршихуйд Өөрт байсан алдар суугаар Өөрийг нь алдаршуулахыг хүссэн гэдгийг тайлбарлан, Иохан 17:4–5-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Иохан 17:6–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, шавь нар Аврагчийг мэдэхийн тулд юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Шавь нар Аврагчийг мэдэхийн тулд юу хийсэн бэ? (Та суралцагчдыг 8-р шүлэгт буй “хүлээн авч,” “үнэхээр ойлгоод,” “итгэсэн” гэдэг үгсийг тэмдэглэж авахад урамшуулан дэмжиж болно.)

Иохан 17:9–19

Аврагч шавь нарынхаа төлөө залбирав

Нэг суралцагчийг Иохан 17:9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч яг хэний төлөө залбирсныг олж мэдэхийг хүс.

  • Аврагч Цагаатгалыг гүйцэлдүүлж эхлэхээсээ өмнө хэний төлөө залбирсан бэ?

  • Шавь нар Аврагчийг өөрсдийнх нь өмнөөс гуйж байгааг сонсоод, тэдэнд тус дэм болсон гэж яагаад та нар бодож байна вэ?

Иохан 17:11–18-ыг самбар дээр бич. Суралцагчдыг хос болгон хуваарил. Тэднийг эдгээр шүлгийг хамтрагчтайгаа судлаад, Есүс шавь нарынхаа өмнөөс юуны төлөө залбирсныг олж мэдэхэд урь. Та суралцагчдыг олж мэдсэн зүйлээ тэмдэглэхэд урьж болно. Хангалттай хугацаа өгсний дараа хэдэн суралцагчаас юу олж мэдсэнээ ангийнхантай хуваалцахыг хүс.

Шавь нар нь хилэнцэт мөн өөрсдийг нь үзэн яддаг дэлхийд үргэлжлүүлэн амьдрах болно гэдгийг Аврагч дурдсан гэдгийг онцол.

  • Бид Есүс Христийн шавь нарын хувьд дэлхийд амьдрах талаар 14–16-р шүлгээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Бид Есүс Христийн шавь нарын хувьд дэлхий дээр байхдаа дэлхийнхнээс өөр байх хэрэгтэй гэсэн үнэнийг самбар дээр бич.)

  • Дэлхий дээр байх боловч дэлхийнхнээс өөр байх гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч М.Рассэлл Баллард

“Бид Сүм дээр ихэнхдээ ‘Дэлхийд байвч, дэлхийнх биш бай’ гэсэн хоёр мөртийг эш татдаг. …

“Үнэндээ бид энэ хоёр мөртийг хоёр тусдаа сэрэмжлүүлэг болгон эш татах хэрэгтэй байж магадгүй. Нэгдүгээрт, ‘Дэлхийд бай.’ Идэвхтэй оролцож бай. Мэдээлэлтэй бай. Ялгаатай талуудыг ойлгож, тэдгээрт тэвчээртэй хандаж, талархалтай бай. Үйлчлэл, оролцоогоор дамжуулан нийгэмд үнэтэй хувь нэмэр оруул. Хоёрдугаарт, ‘Дэлхийнх биш бай.’ Буруу замуудаар явж эсвэл зөв биш зүйлийг хүлээн зөвшөөрч, дасан зохицохын тулд бүү өөрчлөгд. …

Сүмийн гишүүд өөрсөд дээрээ нөлөөлүүлэхээс илүү бусдад нөлөөлөх хэрэгтэй. Бид нүглийг зүгээр шүүрдээд орхичих биш, харин бүр иш үндсээр нь сугалж хаяхын төлөө ажиллах ёстой. Бид асуудлаас зайлсхийх эсвэл үл тоомсорлохын оронд шийдвэрлэхэд туслах хэрэгтэй” (“The Effects of Television,” Ensign, 1989 оны 5-р сар, 80).

  • Их Эзэн яагаад биднийг дэлхийд үлдэвч дэлхийнх биш байгаасай хэмээн хүсдэг вэ?

Суралцагчдыг хамтрагчтайгаа хамт дараах нөхцөл байдал бүрд хүн хэрхэн дэлхийд байвч, дэлхийнх биш байж болохыг бодож үзэхэд урь.

  1. Сургууль дээр

  2. Найзуудтайгаа

  3. Онлайнаар

Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчийг ангийнханд бодож үзсэн жишээнүүдээ хуваалцахад урь. Цөөн суралцагчийг тэд өөрсдөө эсвэл тэдний таньдаг хэн нэгэн дэлхийд байвч дэлхийнх биш байхыг зөв зүйтэй харуулсан туршлагуудаас хуваалцахад урь.

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ дэлхийд байвч дэлхийнх биш байснаараа Аврагчийг илүү сайн дагахыг эрэлхийлэх нэг тодорхой арга замыг бичихэд урь.

Иохан 17:20–26

Аврагч сайн мэдээг хүлээн авах бүх хүний төлөө залбирав

Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, гарыг нь бохирдуулах нэг үүрэг даалгаврыг гүйцэтгэхэд урь (самбар арчих эсвэл шороотой сав руу юм авахаар гараа хийх зэрэг). Суралцагчийг үүрэг гүйцэтгэж байхдаа гараа аль болох цэвэрхэн байлгахад урамшуулан дэмж.

Суралцагчийг үүргээ гүйцэтгэсний дараа гараа ангийнханд үзүүлэхийг хүс.

  • Энэ үйл ажиллагаа нь дэлхийд байвч, дэлхийнх биш байх бидний хичээл зүтгэлтэй хэрхэн адил байж болох вэ? (Бид хамгийн сайнаараа хичээж зүтгэсэн ч дэлхийн нүгэл, хилэнцээс бүрэн дүүрэн цэвэр үлддэггүй.)

  • Хэрэв бид нүглээсээ цэвэршихгүй бол эцэст нь ямар үр дагаврыг амсах вэ? Яагаад? (Ямар ч цэвэр бус зүйл Бурханы оршихуйд байж чадахгүй учраас бид Бурханы оршихуйгаас үүрд мөнх тусгаарлагдах болно [1 Нифай 15:33–34-ийг үзнэ үү].)

Уг суралцагчид талархаад, суудалдаа суухыг хүс.

Нэг суралцагчийг 17:20–23-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс Христ юуны төлөө залбирсныг олж мэдэхийг хүс.

  • Есүс Христ юуны төлөө залбирсан бэ? (Та суралцагчдад 20–23-р шүлэгт буй нэг гэдэг үгийг давтагдах бүрд тэмдэглэхийг зөвлөж болно.)

  • Юу бидэнд Эцэг, Хүү хоёртой нэг байх боломжийг өгдөг вэ? (Есүс Христийн зарлигуудыг сахиснаараа бидний хүлээн авдаг Есүс Христийн Цагаатгалын адислал ба Ариун Сүнсний бэлэг.)

Бид Есүс Христэд ирж, Түүний Цагаатгалын адислалыг хүлээн авснаараа Эцэг, Хүү хоёртой нэг болж чадна гэсэн үнэнийг самбар дээр бич.

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Цагаатгал гэдэг англи хэл дээрх утга нь илт ойлгомжтой байдаг. Тухайлбал: at-one-ment, тусгаарлагдсан, салсан зүйлсийг нийлүүлж, нэг болгох” (“The Atonement of Jesus Christ,” Ensign, 2008 оны 5-р сар, 34–35).

  • Та нар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар мэдсэн зүйлс дээрээ үндэслэвэл, яагаад тэдэнтэй нэг болохыг хүсдэг вэ?

Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хэлсэн дараах үгсийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой нэг болохыг эрэлхийлдэг хүмүүст ирдэг адислалыг олж мэдэхийг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Бид зөвхөн Эзэний талаар мэдэх биш, харин Түүний урьснаар Түүнтэй нэг байхыг хичээх хэрэгтэй (Иохан 17:21-ийг үзнэ үү). …

Ирж буй өдрүүд зовлон шаналал, хүнд бэрхшээлээр дүүрэн байх болно. Харин Бурхантай харилцах хувийн харилцаанаас ирдэг амлагдсан тайтгарал байхад бидэнд тайвшруулах зориг ирэх болно” (“That We Might Know Thee,” Ensign, 1999 оны 1-р сар, 2, 5).

Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёрыг мэдэж, Тэдэнтэй нэг байхыг эрэлхийлэхийн ач холбогдлыг гэрчил.

Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү сайн мэдэхийн тулд мөн Тэдэнтэй харилцаагаа хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болохоо тунгаан бодоход урь.

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бодол санаагаа бичихэд урь. Хангалттай хугацаа өгсний дараа хэрэв хүсвэл бодол санаа, мэдрэмжээ ангийнхантайгаа хуваалцахад цөөн суралцагчийг урь.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Иохан 17:3

Суралцагчдад Иохан 17:3-ыг чээжлэхэд туслахын тулд ирэх долоо хоногт энэ хэсгийг агуулдаг төгс эзэмших судрын картаа өөртэйгөө авч явахад урь. Тэднийг уг хэсгийг дахин давтаад, боломж гарах бүрд давтаж хэлэхэд урамшуулан дэмж. Та тэдэнд гэр бүлийн гишүүндээ чээжээр хэлж өгч, утгыг нь тайлбарлахыг зөвлөж болно. Дараагийн цөөн өдөр хичээл эхлэх бүрд суралцагчдыг энэ хэсгийг хэр сайн чээжилснээ хуваалцахад урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иохан 17:3. Бурхан Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэх

Бид Бурхан Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэхийн тулд Тэдний талаар зөв ойлголттой байх ёстой. Олон хүн Бурхан болон Бурхан Тэргүүтэн ойлгомжгүй гэдэгт итгэдэг ба энэ бол буруу сургаал юм.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки тайлбарлахдаа:

“Хүмүүнд мэдэгдсэн хамгийн агуу үнэн бол тэнгэр дэх Бурхан нь хязгааргүй, мөнхийн байдаг явдал юм. Тэр бол бүх зүйлийн бүтээгч, дэмжигч, хамгаалагч бөгөөд биднийг мөн тэнгэрүүдийг бүтээж, биднийг өөртэй нь адил болж, өсгөж хөгжүүлэхийн тулд авралын төлөвлөгөөг зохиож, үндэслэсэн юм. Түүнтэй холбоотой үнэн нь тэр бол тэнгэр дэх бидний Эцэг, түүнд хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан бие байдаг ба тэр бодит хүн, хэрэв бид итгэлтэй байж, түүний хуулиудыг дагавал түүнд байдаг өргөмжлөлийг хүлээн авч чадна хэмээх үнэн юм. Энэ бол хүн төрөлхтний оюун санаанд мэдэгдсэн хамгийн агуу үнэн, хамгийн гайхамшигтай ойлголт юм” гэжээ (“The Seven Deadly Heresies” [БЯИС дээрх галын дэргэдэх ярилцлага, 1980 оны 6-р сарын 1], 7, speeches.byu.edu).

Иохан 17:12. “Мөхлийн хүү”

Ёс бус иудейчүүдийн удирдагчдад Есүсийг хуурч барьж өгөхийн тулд Есүсийг болон бусад арван нэгэн төлөөлөгчийг орхисон Искариотын Иудасыг Есүс дурдахдаа “мөхлийн хүү” гэдэг үгийг ашигласан байдаг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн тэмдэглэснээр “Иудас … үүрд мөнхөд зайлуулагдах талаас нь харвал мөхлийн хүү биш байсан боловч энэ амьдрал дахь Сатаны хүү эсвэл дагалдагч байсан юм. Мат. 26:21–25-ыг үзнэ үү” (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 1:765).

Иохан 17:20–23. “Тэдний үгээр дамжуулан надад итгэх хүмүүс”

Есүс Христ хамт байсан шавь нарынхаа төлөө залбиран, өмгөөллийн залбирлаа эхлүүлсэн боловч “тэдний үгээр дамжуулан” Өөрт нь итгэх хүмүүсийг оролцуулаад бүх хүний төлөө залбирлаа хэлсэн юм. Их Эзэний Сүмийн гишүүд төлөөлөгчдийн гэрч, сургаалуудаар дамжуулан Есүс Христийг мэдэх болно. Энэ нь өнөөдөр Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын сургамжуудыг судлахын ач холбогдлыг ойлгоход бидэнд тусалдаг. 22-р шүлэгт буй тэдний гэдэг үг нь тэдний үгсийг судалсан мөн Бурханы Хүүтэй хамт байгаа мэт эв найрамдалтай байдаг төлөөлөгч, итгэлтэй гишүүдийг хэлдэг. Бид хэрхэн “төгс нэгдэн” (Иохан 17:23) байж болох талаар илүү их мэдээлэл авахын тулд Сургаал ба Гэрээ 76:69-ийг үзнэ үү.