Номын сан
104-р хичээл: 1 Коринт 3–4


104-р хичээл

1 Коринт 3–4

Оршил

Паул Коринтын гэгээнтнүүдэд Бурханы хаант улсыг байгуулахад номлогчдын гүйцэтгэх үүргийг тайлбарлав. Тэрээр тэдний цуглаан Сүнс орших газар гэдгийг зааж мөн зарим хүнийг бусдаас илүүд үзэхгүй байхыг тэдэнд уриалав. (Тэмдэглэл: Бидний бие махбод ариун сүмтэй адил гэдэг сургаалыг 1 Коринт 6-г заах хичээлээр авч үзнэ.)

Заах зөвлөмж

1 Коринт 3

Паул Бурханы хаант улсыг байгуулахад номлогчдын мөн Сүмийн гишүүдийн гүйцэтгэх үүргийг тайлбарлав

Суралцагчдыг нэг найз нь суурь алгебрь зэрэг урьдчилан үзэх хичээлээ авалгүйгээр шууд дээд математикийн хичээл авсан гэж төсөөлөхөд урь.

  • Найз чинь дээд математикийн энэ ангид хэр амжилттай байна гэж та нар бодож байна вэ? Яагаад?

  • Яагаад ямар нэг хичээлийн ахисан шатыг эзэмшихийн тулд суурь ухагдахууныг ойлгох шаардлагатай вэ?

Нэг суралцагчийг 1 Коринт 3:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Коринтын гэгээнтнүүд сайн мэдээний илүү гүнзгий хэсгийг сурахад бэлэн биш байгааг ойлгуулахын тулд Паул ямар харьцуулалт ашигласан болохыг олохыг хүс. 1-р шүлэгт “махан биеийн хүн” гэсэн нь эгэл хүн буюу “Ариун Сүнсний удирдамжаар биш, харин маханбодын хүсэл эрмэлзэл хийгээд дур таашаал, мэдрэмжээр нөлөөлөгдөхөөр сонгодог хүн”-ийг хэлж буйг тайлбарла. Ийм хүн сүнсний зүйлүүдийг биш, харин биет зүйлүүдийг ойлгож чаддаг” (Судруудын удирдамж, “Эгэл хүн,” scriptures.lds.org).

Самбар дээр сүү, мах гэсэн үгсийг бич.

  • Та нялх хүүхдийг алинаар нь хооллох вэ? Яагаад?

  • 1-р шүлэг дэх “Христ доторх балчир хүүхэд” гэдэг нь Коринтын гэгээнтнүүдийн сүнслэг байдлын талаар юу хэлж байна вэ?

Гэгээнтнүүд илүү агуу үнэнийг хүлээн авахад бэлэн биш байсныг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд тэдэнд Коринтын гэгээнтнүүд нэгдмэл бус байсан бөгөөд зарим нь сайн мэдээг дагахдаа буруу номтны итгэл үнэмшил, зан үйлийг багтаадаг байсныг сануул. Паул нэгдмэл байдлын ач холбогдлыг зааж, хуурамч итгэл үнэмшил, зан үйлийг залруулж, Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлэхээр гэгээнтнүүдэд заахдаа хэд хэдэн зүйрлэл ашигласныг тайлбарла.

Суралцагчдыг гурав гурваар нь бүлгүүдэд хуваарил. Бүлгийн хүн бүрд дараах заах тоймоос нэг нэгийг оноож өг. Суралцагч бүрд хуваарилсан заах тоймыг тарааж өгөн, тэдэнд унших цаг гарга. Хангалттай хугацаа өгсний дараа суралцагч бүрийг авсан тоймоо ашиглан бүлгийнхээ нөгөө хоёр гишүүнд заахад урь. (Хэрэв суралцагчдыг гурав гурваар нь бүлэг болгох боломжгүй бол хоёр хоёроор нь бүлэг болгон, бүлгийн нэг гишүүнд заах хоёр тойм өг.)

Зураг
Тараах материал

1-р суралцагч

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—104-р хичээл

Нэгэн буцаж ирсэн номлогч ариун ёслолын цуглаан дээр номлолынхоо тухай ярьж байгаа цуглаанд оролцож байгаагаар төсөөлөхийг бүлгийнхэнд урь. Тэрээр үг хэлэх явцдаа хэд хэдэн хүнд баптисм хүртээснээ дурдав. Долоо хоногийн дараа өөр нэг буцаж ирсэн номлогч ариун ёслолын цуглаан дээр номлолынхоо талаар болон олон хүнд заасан тухай мөн заалгуулсан хүмүүс нь түүнийг өөр бүс рүү шилжсэний дараа баптисм хүртсэн тухай ярив.

  • Хэрэв хэн нэг нь хэд хэдэн хүнд баптисм хүртээсэн номлогчийн номлол, өөр бүс рүү шилжсэнийх нь дараа сонирхогчид нь баптисм хүртсэн номлогчийнхоос илүү амжилттай байсан гэвэл та нар хэрхэн хариулах вэ?

Тарьсан мөн усалсан гэсэн үгсийг цаасан дээр бичээд бүлэгтээ харуул. Паул номлогчдыг үр суулгаж, тариаланг усалдаг хүнтэй зүйрлэсэн болохыг тайлбарла. Коринтын гэгээнтнүүд өөрсдөд нь хэн баптисм хүртээснээс шалтгаалан бүлгүүдэд хуваагдаж эхэлснийг бүлэгтээ сануул. Тэдний Сүм дэх байр суурь өөрсдөд нь баптисм хүртээсэн хүний албан тушаал хэр чухал байснаас шалтгаалдаг гэдэгт тэд итгэж байв. (1 Коринт 1:10–16-г үзнэ үү.)

Бүлгийнхэнтэйгээ 1 Коринт 3:4–9-ийг ээлжлэн чанга унш. Бүлгийнхнээс шүлгүүдийг дагаж уншаад, Коринтын хүмүүст зааж, баптисм хүртээсэн номлогчдын талаар Паул юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 5-р шүлэгт цэдэглэснээр, Паул өөрийгөө болон Аполыг хэн гэж хэлсэн бэ? (5-р шүлэг, зүүлт тайлбар a-г онцлон, зарц гэдэг нь үйлчлэгч гэсэн утгатайг тайлбарла.)

  • 6–7-р шүлэгт цэдэглэснээр, Паул сайн мэдээний үрийг тарьдаг номлогчид болон тэдгээр үрийг ургахад тусалдаг номлогчдын талаар юу гэж хэлсэн бэ?

Шаардлагатай бол 7-р шүлэгт буй “таригч ч, услагч ч юу ч биш“ гэсэн үгсийг онцлон, Паул эдгээр хоёр үүрэг нь Бурханы үүргээс илүү чухал биш гэдгийг заахын тулд энэ үгсийг ашигласан болохыг тайлбарла.

  • “Бурхан ургуулдаг” (7-р шүлэг) гэдэг нь ямар утгатай вэ? (Тэдэнд заасан, баптисм хүртээсэн хүмүүс бус, харин Бурхан Ариун Сүнсээр дамжуулан хүмүүсийг хөрвөлт рүү хүргэх зүрх сэтгэлийн өөрчлөлтийг авчирдаг.)

  • Бусдад Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөхөд нь туслах бидний болон Бурханы үүргийн талаар бид 1 Коринт 3:6–7-оос ямар үнэнийг сурч болох вэ? (Бүлгийнхнээ хариулсны дараа тэднийг судар дээрээ 1 Коринт 3:6–7-ийн хажууд Бид бусдыг Есүс Христийн сайн мэдээнд суралцахад тусалж чадах ч гагцхүү Ариун Сүнсний хүч л хүмүүсийг хөрвүүлдэг гэсэн үнэнийг бичихэд урь.)

Хүмүүс Ариун Сүнсийг хүлээн авч, хөрвөгдөхийн тулд итгэлээ хөгжүүлж, Бурханы зарлигуудыг сахиснаар өөрсдийн үүргийг биелүүлэх ёстой.

  • Эдгээр үнэнийг мэдэх нь Коринтын гэгээнтнүүдийг нэгдмэл болоход хэрхэн тусалж болох байсан гэж та нар бодож байна вэ?

Буцаж ирсэн хоёр номлогчийн жишээн дээр хариулахад энэ үнэн тэдэнд хэрхэн туслахыг бүлгээсээ асуу.

  • Хөрвүүлэлт бидний хүчээр бус, Ариун Сүнсээр дамжин ирдэг гэдгийг ойлгох нь бидний хувьд яагаад чухал вэ?

Зураг
Тараах материал

2-р суралцагч

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—104-р хичээл

Цаасан дээр суурь гэж бичээд, бүлэгтээ харуул.

  • Яагаад суурь барилгын нэг чухал хэсэг болдог вэ?

  • Сууринд асуудал гарвал юу тохиолдож болох вэ?

Бүлгийнхээ нэг гишүүнийг 1 Коринт 3:10-ыг чанга уншихад урьж, үлдсэнээс нь Паул Коринт дахь номлолын ажлынхаа талаар юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Паул Коринтод номлогчоор үйлчилж байхдаа юу хийсэн гэж хэлсэн бэ?

  • Паул “өөр хүн түүн дээр барьж байна” гэж хэлсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

Бүлгийнхээ өөр нэг гишүүнийг 1 Коринт 3:11-ийг уншихад урьж, үлдсэнээс нь Паул Коринт дахь гэгээнтнүүдэд ямар суурь тавьсныг олж мэдэхийг хүс.

  • Паул Коринтод зааж байхдаа ямар суурь тавьсан бэ?

  • 11-р шүлэгт цэдэглэснээр, бидний амьдралын суурь хэн байх ёстой вэ? (Танай бүлгийнхэн Бидний дээр нь барих ёстой суурь бол Есүс Христ юм гэсэн үнэнийг тодорхойлоход анхаар. Бүлгийнхнээ 11-р шүлэг дэх энэ үнэнийг тэмдэглэхийг урьж болно.)

  • Есүс Христийн суурин дээр барих нь бидэнд сорилт бэрхшээлүүдийг тэвчин туулахад хэрхэн туслах вэ? (Мөн Хиламан 5:12-ыг үзнэ үү.)

  • Бидний амьдрал Есүс Христийн суурин дээр баригдсан гэдгийг бид хэрхэн бататгах вэ?

Бүлгийнхээ нэг гишүүнийг Есүс Христийн суурин дээр амьдрал нь босгогдсон, өөрсдийн мэддэг хэн нэгний талаар хуваалцахад урь. Христ дээр сууриа тавьсан нь тэр хүнийг хэрхэн адисалсан талаар тайлбарлахыг уг суралцагчаас хүс.

Бүлгийн гишүүн бүрийг Есүс Христийн суурин дээр барих зорилго тавихад урь.

Зураг
Тараах материал

3-р суралцагч

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—104-р хичээл

Цаасан дээр ариун сүм гэж бичээд, бүлэгтээ харуул. Паул ихэвчлэн ариун сүмийг зүйрлэн ярьдаг байсныг тайлбарла. 1 Коринт 3:16–17-д цэдэглэснээр, тэрээр сүмд цугларагсдыг зүйрлүүлж, сүм гэдэг үг ашигласан.

Бүлгийнхээ нэг гишүүнийг 1 Коринт 3:16–17-г чанга уншихад урь. Бүлгийнхнээс шүлгүүдийг дагаж уншаад, Паул Коринтын Сүмийн гишүүд юуг ойлгох хэрэгтэй гэж хэлсэн талаар олж мэдэхийг хүс. 16-р шүлэг дэх та нар гэдэг нь Сүмд цугларагсдыг, “хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал” (17-р шүлэг) гэсэн нь Бурханы хүмүүсийг устгахыг хичээдэг хүнийг хэлж байгааг тайлбарла.

  • 16-р шүлэгт цэдэглэснээр, Паул Сүмийн гишүүдээс өөрсдийн цуглааны талаар юу ойлгохыг хүссэн бэ?

Хэдийгээр 1 Коринт 3:16–17 нь Сүмийн гишүүдийг цугларагсад гэдгээр нь хэлж байгаа ч эдгээр шүлэг бидний бие махбодтой хамаатай байж болно.

  • 1 Коринт 3:16–17 бидний бие махбодтой хэрхэн хамаатай байж болох вэ? Бие махбодоо устгах нь ямар ямар үр дагавартай вэ?

Паул гэгээнтнүүдэд жинхэнэ мэргэн ухаан нь Есүс Христээс олддог мөн дэлхийн мэргэн ухаан “Бурханы өмнөх мунхаглал” (19-р шүлэг) байдаг талаар заасныг бүлэгтээ тайлбарлан, 1 Коринт 3:18–23-ыг нэгтгэн дүгнэ.

Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчийг бүлэгтээ сурсан зүйл болон үүнийг сурсныхаа үр дүнд юу хийх талаар хуваалцахад урь.

1 Коринт 4

Паул Коринтын гэгээнтнүүдэд зарим хүнийг бусдаас илүүд үзэхгүй байх тухай хэлэв

1 Коринт 4:1–3-т цэдэглэсэн Паулын зөвлөмжинд үндэслэвэл, Коринтын Сүмийн зарим гишүүн номлогч болон Сүмийн удирдагчийн хувьд Паулын үйлдлийг шүүж байсан нь харагддаг гэдгийг тайлбарла. Тэд түүний шийдвэрт эргэлзэж эсвэл хэн нэгэн нь түүнээс илүү сайн үйлс хийх байсан гэж бодсон байж болох юм.

Нэг суралцагчийг 1 Коринт 4:3–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул тэдний шүүмжлэлд хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс.

  • Паул тэдний шүүмжлэлд хэрхэн хариулсан бэ?

  • Яагаад Паул бусдын шүүлтэд санаа зовохгүй байсан бэ?

  • Их Эзэн биднийг шүүх тухай бид 5-р шүлгээс ямар үнэнийг мэдэж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бурхан бидний бодол, зүрх сэтгэлийн хүсэл зэргийг бүгдийг мэдэх учраас биднийг шударгаар шүүх болно гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Энэ үнэнд итгэх нь шударга бусаар шүүгдсэн хэн нэгэнд хэрхэн туслах вэ?

Нэг суралцагчийг 1 Коринт 4:6–7-г чанга уншихад урьж, ангийнхнаас Паул гэгээнтнүүдэд Сүмийн бусад гишүүн, удирдагчтай харилцах харилцааныхаа талаар юу заасныг олж мэдэхийг хүс.

  • 6-р шүлэгт цэдэглэснээр, номлогчид болон Сүмийн удирдагчдын ялгааг анзаарсан үедээ гэгээнтнүүдийг юуг хийхгүй бай гэж Паул хэлсэн бэ? (Тэд бардамналд “их зантай” байж болохгүй мөн зарим хүнийг бусдаасаа илүү гэж үзэхгүй байх ёстой.)

  • 7-р шүлэгт цэдэглэсэн Паулын асуултуудад үндэслэвэл, хэн хүмүүст өөр өөр авьяас, чадварыг өгсөн бэ?

  • Бид Сүмийн удирдагч, багш нарын талаар бодох үед Паулын зөвлөмж хэрхэн тус болох вэ?

Паул Коринтын гэгээнтнүүдэд Есүс Христийн төлөөлөгчид дэлхий ёс бус байдгийн улмаас зовж шаналахаар дуудагддаг хэмээн хэлсэн тухай тайлбарлан, 1 Коринт 4:8–21-ийг нэгтгэн дүгнэ. Дэлхийнхэн төлөөлөгчид болон Сүмийн удирдагчдыг Христийг дагахаар хичээснийх нь төлөө “мулгуу” (10-р шүлэг) хэмээн шүүдэг.

Хичээл дээр заагдсан үнэний талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

1 Коринт 3:16–17. “Та нар Бурханы сүм мөн”

“Паул ‘Та нар өөрсдөө Бурханы сүм … гэдгийг мэддэггүй юм уу?’ хэмээн заасан. (1 Коринт 3:16). Энэ шүлэгт Паул та нар хэмээн олон тоо ашиглаж хэлсэн нь Коринтын гэгээнтнүүдийг хамтад нь Бурханы ариун сүмтэй харьцуулсан хэрэг юм. Сүмийн гишүүдийн цуглаанууд нь Бурханы Сүнс оршиж болох ариун сүм мэт байдаг гэж Паул онцолсон (2 Коринт 6:16; Ефес 2:21-ийг үзнэ үү). Паул энэ зүйрлэлээр хүний бие махбодыг ариун сүмтэй зүйрлэсэн нь 1 Коринт 6:19-д хэрэглэсэн зүйрлэлээс арай өөр юм” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 365).

1 Коринт 4:9–10. Төлөөлөгчдийн үхэл

Паул “Төлөөлөгчид бол ‘үхэх ял оногдсон хүмүүс’ (1 Коринт 4:9) гэж заахдаа өөрийнх нь төлөөлөгчийн дуудлага түүнийг үхэлд хөтөлнө гэдэг утгаар хэлж байсан. Тэрээр Коринт дахь олон хүн өөрсдийгөө мэргэн, хүчтэй, харин Паул болон бусад төлөөлөгчийг мунхаг, сул дорой хэмээн дорд үзэж байсныг дурдсан (1 Коринт 4:10-ыг үзнэ үү). Төлөөлөгчдийн үхэл ба төлөөлөгчийн эрх мэдлийн эсрэг Сүмийн гишүүдийн эсэргүүцэл гэсэн хоёр хүчин зүйл нь эцэстээ Их урвалт руу хөтөлсөн юм (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 365).