Номын сан
90-р хичээл: Үйлс 12


90-р хичээл

Үйлс 12

Оршил

Херод хаан төлөөлөгч Иаковыг алуулж, Петрийг баривчлан, шоронд хорьжээ. Петрийг цаазаар авахын өмнөх шөнө тэнгэр элч түүнийг шоронгоос оргоход туслав. Херод Бурханы тэнгэр элчээр цохигдсон бөгөөд сайн мэдээ цааш урагшлав.

Заах зөвлөмж

Үйлс 12:1–17

Херод Иаковыг алуулж, шоронгоос ер бусын байдлаар оргосон Петрийг баривчлав

Луужинг үзүүл эсвэл самбар дээр зур. Нэг суралцагчийг луужин хэрхэн ажилладгийг болон үүнийг юунд хэрэглэдэг болохыг тайлбарлахад урь.

Зураг
луужин
  • Луужин үргэлж хойд зүгийг зааж байдаг учраас луужинг хэрэглэх нь бидэнд хаашаа явах ёстой талаар зөв шийдвэр гаргахад хэрхэн туслах вэ?

Самбар дээр луужингийн ойролцоо (гэхдээ хойд зүгийг заадаг талд биш) Х тэмдэг зураад, ангийнхнаас Х нь жижиг соронзыг төлөөлж байгаагаар төсөөлөхийг хүс.

  • Энэ соронз луужингийн зүүний ажиллах горимд хэрхэн нөлөөлөх вэ? (Зүү хажууд байгаа соронзыг заана. Учир нь энэ нь соронзон хойд зүгт саад болдог.)

  • Энэ соронз та нарын аль чиглэлд явах ёстой талаарх зөв сонголт хийх чадварт хэрхэн нөлөөлөх вэ?

Суралцагчдыг Үйлс 12-ыг судалж байхдаа бидний зөв шийдвэр гаргах чадварт саад болох нөлөөллийг олж мэдэхэд урамшуулан дэмж.

Үйлс 12-ын хам сэдвийг ойлгоход суралцагчдад туслахын тулд Стефаны амийг авснаас хойш Иерусалимын болон үүний ойролцоох Христосын шашинтнууд илүү их хавчлагыг туулах болсныг тайлбарла.

Үйлс 12:1–4-ийг чанга уншихад нэг суралцагчийг урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Херод Агрийп I хаан энэ хавчлагад хэрхэн нөлөөлснийг олж мэдэхийг хүс. (Дөрөвт гэж дөрвөн цэргийг хэлж байгаа гэдгийг тайлбарла).

  • Херод хэнийг сэлмээр алуулсан бэ?

  • 3-р шүлэгт цэдэглэснээр, Иаковын үхэлд хэн баярлаж байсан бэ?

3-р шүлэгт гарч буй “иудейчүүд” нь Есүс Христийн Сүмийн хавчлагыг хөхиүлэн дэмждэг Иерусалимын нөлөө бүхий иудей удирдагчдыг хэлж байгааг тайлбарла. Херод тэдгээр иудей удирдагчийн таалалд нийцүүлэхийг эрэлхийлж байв (Bible Dictionary, “Herod”-ийг үзнэ үү). Самбар дээрх Х тэмдгийн ойролцоо Хэрэв бид Бурханы тааллаас илүүтэй бусдын таалалд нийцүүлэхийг эрэлхийлбэл … гэсэн гүйцэд биш өгүүлбэрийг бич.

  • Иаковыг хөнөөх нь иудей удирдагчдын таалалд нийцэж байгааг харсны дараа Херод юу хийсэн бэ? (Тэрээр Петрийг олны нүдэн дээр цаазлахаар төлөвлөсөн.)

Самбар дээрх луужингийн зураг руу заагаад, асуу.

  • Бурханы тааллаас илүүтэй бусдын таалалд нийцүүлэх гэсэн Херодын хүсэл түүний амьдралын чиг шугамд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Херодын жишээнээс ойлгож мэдсэн зүйл дээрээ үндэслэн самбар дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээх вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх өгүүлбэрийг Хэрэв бид Бурханы тааллаас илүүтэй бусдын таалалд нийцүүлэхийг эрэлхийлбэл нүгэл рүү чиглүүлэгдэх болно гэсэн үнэнийг илэрхийлсэн байхаар гүйцээ.)

  • Бурханы тааллаас илүүтэй бусдын таалалд нийцүүлэхийг эрэлхийлэх нь хэн нэгнийг нүгэл рүү хэрхэн хөтөлдгийг үзүүлсэн зарим өөр жишээ юу вэ?

Суралцагчид бусдын таалалд нийцүүлэх хүслээсээ болоод Тэнгэр дэх Эцэгээсээ холдож болох арга замуудыг эргэцүүлэн бодоход тэднийг урь.

Үйлс 12:5–17-ийн үйл явдлыг жүжигчлэн үзүүлэхэд суралцагчдыг урих болно гэдгээ тайлбарла. Хэд хэдэн суралцагчийг Петр, хоёр харуул, тэнгэр элч, Роде мөн Маркийн эх Мариагийн гэрт байсан нэг юм уу хоёр шавийн дүрд тоглоход урь. Та эсвэл өөр нэгэн суралцагч өгүүлэгчийн дүрд тоглож болно.

  • Өгүүлэгчээс Үйлс 12:5–6-г чанга уншихыг хүсээд, дүр нь уншигдсан суралцагчдыг уншсаны дагуу жүжиглэхэд урь. Агуулгыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд шүлгийн бүлэг бүрийг уншсаны дараа түр зогсож, жүжигчлэн үзүүлээд, холбогдох асуултуудыг тавь.

  • Энэ үед Сүмийн гишүүд юу хийж байсан бэ?

Үйлс 12:7–10-ыг томилогдсон суралцагчид нь жүжигчлэн үзүүлж байх үед өгүүлэгчээс чанга уншихыг хүс.

  • Петр оргохдоо ямар хаалт, саад тотгорыг давсан бэ?

Үйлс 12:11–15-ыг томилогдсон суралцагчид нь жүжигчлэн үзүүлж байх үед өгүүлэгчээс чанга уншихыг хүс.

  • Петр юу тохиолдсон болохыг хэзээ ухаарсан бэ?

  • Петрийг Мариагийн гэрийн хаалгыг тогшиход юу болсон бэ?

Өгүүлэгчээс Үйлс 12:16–17-г чанга уншихыг хүсээд, томилогдсон суралцагчдыг уншсан зүйлийг жүжигчлэн үзүүлэхэд урь. Эдгээр шүлгийг уншин, жүжигчлэн тоглосны дараа суралцагчдыг суудалдаа суухад урь.

  • 17-р шүлэгт цэдэглэснээр, Петр өөрийнхөө шоронгоос оргосон гавьяа зүтгэлийг хэнд өгсөн бэ? (17-р шүлэгт дурдагдаж байгаа Иаков нь Есүсийн дүү нарын нэг байсан гэдгийг онцол [Maтай 13:55-ыг үзнэ үү].)

Суралцагчдыг Үйлс 12:5-ыг тоймлон үзээд, энэ шүлэг Петрт тохиолдсон зүйлтэй ямар холбоотой болохыг олж мэдэхэд урь.

  • Та нар “хичээнгүйлэн залбирч байв” (5-р шүлэг) гэдэг үгс Сүмийн гишүүдийн залбирлын чин сэтгэл, хичээнгүй байдлын тухай юу харуулж байна гэж бодож байна вэ?

  • Бид өөрсдөдөө болон бусдад үзүүлэх залбирлынхаа нөлөөний талаар энэ түүхээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Бидний чин сэтгэлийн болон хичээнгүй залбирал Бурханы гайхамшиг хийгээд адислалыг бидний төдийгүй бусдын амьдралд урьдаг гэсэнтэй төстэй зарчмыг суралцагчид тодорхойлох ёстой. Энэ зарчмыг самбар дээр бич.)

  • Чин сэтгэлээсээ, хичээнгүйлэн залбирна гэдэг нь ямар утгатай вэ?

Энэ зарчим нь хэрэв бидний залбирал чин сэтгэлийн мөн хичээнгүй байвал залбиран хүсэж буй зүйлээ шууд автоматаар хүлээж авна гэсэн утгатай биш болохыг тайлбарла. Бурханы гайхамшиг хийгээд адислалыг хүлээн авахад хувь нэмрээ оруулдаг бусад хүчин зүйлд Бурханы хүсэл, цаг хугацаа мөн бидний сонгох эрх орно.

Нэг суралцагчийг дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Бидний чин сэтгэлийн, хичээнгүй залбирал Бурханы хүсэлд хэрхэн нөлөөлдөг талаар сонсохыг суралцагчдаас хүс.

“Залбирал бол Эцэгийн таалал, хүүхдийн хүсэл хоёр хоорондоо уялдан харилцдаг үйл явц мөн. Залбирлын зорилго нь Бурханы тааллыг өөрчлөхөд бус, харин аль хэдийн Бурханаас өгөхийг хүссэн адислалыг бид өөрсдөдөө болон бусдад хүсэх явдал бөгөөд энэ нь бидний гуйж буй нөхцөлд тогтсон байдаг. Адислал нь биднээс тэдгээрийг олж авахаасаа өмнө жаахан хөдөлмөрлөх юм уу хичээл зүтгэл гаргахыг шаарддаг. Залбирал бол ажиллах нэг хэлбэр бөгөөд бүхий л адислалын охь манлайг олж авах зорилго чиглэлтэй арга хэрэгсэл юм” (Bible Dictionary, “Prayer”).

  • Энэ мэдэгдлийн дагуу, залбирлын чухал зорилго юу вэ?

  • Залбирлын зорилго нь Бурханы хүслийг өөрчлөх явдал биш гэдгийг санаж байх нь яагаад чухал вэ?

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бичихэд урь.

  • Залбирал таны амьдралд юм уу таны төлөө залбирч байсан хүмүүсийн амьдралд Бурханы гайхамшиг хийгээд адислалыг хэзээ урьсан бэ?

Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчаас бичсэн зүйлээ хуваалцахад урих тухай бодож үз. Суралцагчдын сэтгэгдлийг сонссоны дараа тэднийг Бурханы өөрсөд дээр нь болон тэдний төлөө залбирч байгаа хүмүүсийн дээр өгөхийг хүсэж байгаа адислал хийгээд гайхамшгийг урихын тулд залбирлаа хэрхэн илүү чин сэтгэлээсээ, хичээнгүй болгож чадахыг бодоход урь.

Үйлс 12:18–25

Херод Бурханаар цохигдож, сайн мэдээ цааш урагшлав

Дараа өдөр нь Херод Петрийн оргосныг мэдээд Петрт оргох боломж олгосон хариуцлагыг хүлээх харуулуудыг цаазалсан гэдгийг тайлбарлан, Үйлс 12:18–22-ыг нэгтгэн дүгнэ. Хожим нь Херод хүмүүст хандан үг хэлсэн ба тэд үүнийх нь төлөө түүнийг магтжээ.

Нэг суралцагчийг Үйлс 12:23–24-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Херодод юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Херодод юу тохиолдсон бэ? Яагаад?

  • Сүмийн гишүүдэд нүүрлээд байсан хавчлагаас үл хамааран Сүмийн номлолын ажилд юу тохиолдсон бэ?

Суралцагчдыг мэдэж авсан үнэнээ дахиж үзээд, эдгээр үнэнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар эргэцүүлэн бодоход урьснаар хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Үйлc 12:1–17. Петр, Иаков хоёр Бурханыг нэгдүгээрт тавив

Үйлс 12 нь Петр, Иаков хоёр ирж болох шийтгэлийг үл тоон, амьдралдаа Бурханыг нэгдүгээрт тавьдаг байсныг үзүүлдэг. Бурханыг хайрлаж, Түүнийг амьдралдаа нэгдүгээрт тавих нь яагаад тийм чухал байдаг вэ? Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Линн Ж.Роббинс амьдралдаа аль зүг рүү харах нь ач холбогдолтойг ойлгоход өөрт нь тусалсан дараах туршлагыг өгүүлжээ.

“‘Та хаашаа харсан байна вэ?’ Шинэ Далын гишүүн болоод хамгийн анхны үүрэгт ажлаараа ахлагч Боид К.Пакэртай хамт явж байхад түүний ‘Та хаашаа харсан байна вэ?’ гэж асуусан нь намайг тун гайхшируулсан юм. Ямар нэг нэмэлт тайлбаргүйгээр би энэ асуултын учрыг олоогүй. Тэр цааш нь ‘Далын гишүүн бошиглогчийн өмнө хүмүүсийг төлөөлдөггүй, харин хүмүүсийн өмнө бошиглогчийг төлөөлдөг. Хаашаа харах ёстойгоо хэзээ ч бүү март!’ гэж хэлж билээ. Энэ нь сэтгэлд минь гүн шингэсэн хичээл болсон юм.

Бурханы таалалд нийцэхээсээ өмнө бусдын таалалд нийцэхийг хичээх нь эхний болон хоёр дахь агуу зарлигийн дарааллыг сольж байгаа хэрэг юм (Maтай 22:37–39-ийг үзнэ үү). Энэ нь хаашаа харах ёстойгоо мартаж байгаа гэсэн үг. Гэсэн хэдий ч бид бүгд хүмүүнээс айснаас болж л энэ алдааг гаргадаг. Исаиагийн номд Их Эзэн ‘Хүний зэмлэлээс бүү ай’ (Исаиа 51:7; мөн 2 Нифай 8:7-г үзнэ үү) хэмээн бидэнд сануулсан. Лихайн зүүдэнд энэхүү айдас агуу хийгээд нүсэр барилга дотор хүмүүс хуруугаараа чичилснээс үүдэлтэй бөгөөд ингэснээр хүмүүс хаашаа харах ёстойгоо мартаж, ‘ичингүйрхсэн’ байдалтайгаар модыг орхиход хүрсэн (1 Нифай 8:25–28-ыг үзнэ үү)” (“Та хаашаа харсан байна вэ?” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 8).

Үйлс 12:5. “Хичээнгүйлэн залбирч байв”

Ерөнхийлөгч Томас С.Монсон өөрийнх нь төлөө болон Сүмийн удирдагчдын төлөө залбирч байдаг хүмүүст талархлаа илэрхийлсэн юм.

“Хаа ч явсан надад үзүүлдэг эелдэг дотно сэтгэлд тань болон миний төлөө хэлдэг залбиралд би гүнээ талархал илэрхийлж байна. Би тэдгээр залбирлыг мэдэрдэг бөгөөд үнэхээр их талархдаг” (“Биднийг дахин уулзахад,” Ensign эсвэл 2012 оны 5-р сарын Ерөнхий чуулган, 4).

“Би та нартаа хайртай бөгөөд та нарын төлөө залбирдаг. Та бүхнээс залбиралдаа намайг болон ерөнхий эрх мэдэлтнүүдийг багтааж байгаасай хэмээн би дахин гуйж байна. Энэхүү агуу ажлыг урагш ахиулахын төлөө бид та бүхэнтэйгээ хамт байдаг шүү. Энэ ажилд эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүд бүгд оролцох үүрэгтэй гэдгийг би гэрчилж байна. Бурхан бидэнд өөрсдийн үүргийг биелүүлэхэд хүч чадал, боломж олгох болтугай” (“Биднийг дахин уулзтал,” Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 128).

Ерөнхийлөгч Харолд Б.Лий хүчит залбирал өргөх талаар дараах ойлголтыг өгчээ.

“Та нар үүнийг бүхий л зүрх сэтгэлээрээ хүсэх хэрэгтэй! Та нар чадвар тань хүрэх бүхий л эрч хүч болон эрэлхийлж буй зүйл тань энэ дэлхийн хамгийн үнэтэй зүйл гэдгийг мэдрүүлэх хүсэлтэй байх ёстой болно!” (Teachings of Harold B. Lee, эмхэтгэсэн Клайд Ж. Виллямс [1996], 125).

Үйлс 12:21–23. Херод Агрийп I-ийн үхэл

Херод Агрийп I нь Иохан Баптистыг алсан Херод Антипын үеэл дүү бөгөөд “агуу Херодын ач хүү байжээ. Тэрээр Иудейн уламжлалуудыг сахихад анхаардаг байсан учраас фарисайчуудын дунд ихээхэн нэр хүндтэй байв. Иудейчүүдийн дунд алдартай байх гэсэн энэхүү шалтгааны улмаас тэр Иаковыг үхүүлэхээр тушаасан байж магадгүй (Үйлс 12:1–2-ыг үзнэ үү). Агрийп 54 насандаа буюу Иаковын алуулдаг жил болох МЭ 44 онд нас баржээ. Лук Агрийпийн гэнэтийн үхлийг Их Эзэний тэнгэр элчийн үйлчлэлээр хийгдсэн тэнгэрлэг залхаан цээрлүүлэлт гэж үзсэн байдаг (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боовсролын Системийн гарын авлага, 2014], 302; мөн Bible Dictionary, “Herod”-ийг үзнэ үү).