Номын сан
Гэрээр судлах хичээл: Илчлэлт 12–22 (32-р хэсэг)


Гэрээр судлах хичээл

Илчлэлт 12–22 (32-р хэсэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Илчлэлт 12–22-ыг (32-р хэсэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь энэ хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Илчлэлт 12–13)

Суралцагчид луу ба хүүхэдтэй эмэгтэйн талаарх Иоханы үзэгдлийг судалснаар Сатаныг луугаар төлөөлдгийг мөн тэр Сүм, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн хаант улсыг устгахаар эрэлхийлдэг болохыг ойлгож мэдсэн. Энэ дайн нь дэлхийн өмнөх амьдралд эхэлсэн. Суралцагчид Аврагчийн Цагаатгалаар дамжуулан мөн сайн мэдээний гэрчлэлдээ үнэнч үлдсэнээр Сатаны нөлөөг даван туулж чадна гэдгийг сурсан.

2 дахь өдөр (Илчлэлт 14–16)

Хожмын өдрүүдэд нэгэн тэнгэр элч дэлхий рүү эргэн ирэхийг харсан Иоханы үзэгдлээс суралцагчид Бурханы Есүс Христийн сайн мэдээг сэргээх болсон нэг шалтгаан нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийн оршин суугчдыг бэлтгэх явдал байсныг мэдэж авсан. Тэд бас дараах зүйлийг мэдсэн. Тухайлбал: Хэрэв бид зөв шударга амьдарвал нас барсныхаа дараа өөрсдийн ажил үйлсийн төлөө адислагдаж, ажил хөдөлмөр хийхгүй амрах болно. Хэрэв бид сэрэмжтэй, сүнслэгээр бэлэн байвал Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх болно.

3 дахь өдөр (Илчлэлт 17–19)

Суралцагчид хожмын өдрүүдэд Есүс Христ дэлхийн ёс бусыг ялах болно гэдгийг ойлгосон. Тэд бас дэлхийн ёс бус зүйлсээс өөрсдийгөө салангид байлгах нь хожмын өдрүүдэд ёс бусчууд дээр ирэх нүгэл, шүүлтээс зайлсхийхэд бидэнд тусална гэдгийг мэдсэн. Суралцагчид гэрлэлтийг Хоёр дахь ирэлттэй харьцуулах үедээ хэрэв бид цэвэр, зөв шударга байвал Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлэн байх болно гэдгийг мэдэж авсан.

4 дэх өдөр (Илчлэлт 20–22)

Суралцагчид Иоханы үзэгдлийн төгсгөлийн бүлгүүдээс дараах үнэнийг мэдэж авсан. Үүнд: Бурхан биднийг ажил үйлсийн маань дагуу бичигдсэн тэр номоор шүүх болно. Бурхан Өөрийн хүмүүстэй хамт байж, тэднийг тайтгаруулна. Тэд дахин хэзээ ч үхэл, уй гашуу, өвдөлтийг мэдрэхгүй байх болно. Хэрэв бид Их Эзэний зарлигуудыг сахивал Есүс Христийн Цагаатгалын бүх адислалыг хүлээн авч, селестиел хаант улсад орох болно.

Оршил

Төлөөлөгч Иохан үзэгдэлдээ Есүс Христийн мянган жилийн хаанчлалын үеэр болон түүнээс өмнөхөн тохиолдох үйл явдлуудыг харсан. Тэрээр мөн Мянган жилийн төгсгөлд болох Сатаны болон Бурханы хүч хоёрын хоорондох эцсийн тулааны гэрч болсон ба Бурханы хүн бүрийг бичигдсэн номынх нь дагуу шүүх Эцсийн шүүлтийг харсан.

Заах зөвлөмж

Илчлэлт 20:1–6

Иохан үзэгдэлдээ Есүс Христийн мянган жилийн хаанчлалын үеэр болон түүнээс өмнөхөн юу тохиолдохыг харав

Суралцагчдаас хожигдоно гэж таамаглаж байсан ч гэсэн оролцсон нэг тэмцээн эсвэл уралдааныхаа (урлагийн эсвэл спортын үйл ажиллагаа гэх мэт) тухай бодохыг хүс. Дараа нь тэднээс хожно гэж итгээд оролцсон нэгэн тэмцээн эсвэл уралдааны тухай бодохыг хүс.

  • Тэмцээн, уралдааны үр дүнг иймэрхүү байна байх гэж бодож байх үед энэ нь таны гүйцэтгэлийг хэрхэн өөрчилсөн бэ?

  • Яагаад хүмүүс хожигдоно гэж бодохоороо бууж өгдөг вэ? Та хэзээ хожигдоно гэж бодож байгаад хожсон бэ?

Суралцагчдад Илчлэлт 20-ийг судалж байхдаа сайн, муугийн хоорондох тулааны талаар болон уг тулааны эцсийн үр дүнгийн талаар илүү ихийг суралцах болно гэдгийг тайлбарла. Тэднийг Илчлэлт 20-ийг судалж байхдаа уг тулааны үед Аврагчид итгэлтэй байхад тэднийг урамшуулж болох үнэнийг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Илчлэлт 20:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Мянган жилийн үеэр Сатанд юу тохиохыг олж мэдэхийг хүс.

  • Мянган жилийн үеэр Сатанд юу тохиох вэ?

  • 3-р шүлэгт цэдэглэснээр, Сатан хүлэгдсэн учраас юуг хийх боломжгүй байх вэ?

Нэг суралцагчийг Илчлэлт 20:4–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иохан хэнийг шүүгдэж байхыг харсан болохыг олж мэдэхийг хүс.

  • 4-р шүлэгт цэдэглэснээр, Иохан хэнийг шүүгдэж байхыг харсан бэ?

  • Эдгээр хүн итгэлтэй байдлынхаа ачаар ямар шагнал хүлээн авах вэ?

  • Тэд Мянган жилийн үед ямар үүрэг гүйцэтгэх вэ? (Анхны амилуулалт)

  • Бид Илчлэлт 20:4–6-аас Есүс Христэд итгэлтэй байвал хүлээж авч болох адислалын тухай ямар зарчимд суралцаж чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Есүс Христэд итгэлтэй байвал Мянган жилийн үеэр Анхны амилуулалтад багтаж, Христтэй хамт хаанчлах болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

Анхны амилуулалт нь Есүс Христийн амилалтаар эхэлсэн бөгөөд үүнд Христийг амилахаас өмнө нас барсан зөв шударга хүмүүс багтсан гэдгийг тайлбарла (Мозая 15:21–25; Алма 40:16–20-ийг үзнэ үү). Христийг амилсны дараа нас барсан зөв шударга хүмүүсийн дийлэнх нь Есүс Христийн Хоёр дахь ирэлттэй холбогдуулан амилуулагдах болно (Брүс Р.Макконки, Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966 он], 639; Жэймс Э.Талмэйж, The Articles of Faith, 12 дахь хэвлэл [1924 он], 385-ыг үзнэ үү). Анхны амилуулалтаар урагш гарч ирэх хүмүүст “бүх бошиглогчид мөн тэдний үгсэд итгэсэн тэд бүгд” (Мозая 15:22), өөрсдөө мэдээгүйгээс болж “аврал тэдэнд тунхаглагдаагүйгээр” нас барсан хүмүүс (Мозая 15:24 мөн С ба Г 45:54-ийг үзнэ үү), хариуцлага хүлээх наснаасаа өмнө нас барсан бяцхан хүүхдүүд багтдаг (Мозая 15:25; Моронай 8:4–24-ийг үзнэ үү). Ёс бус хүмүүс болон үл наманчлагчид нь Мянган жилийн төгсгөлд болох Хоёр дахь амилуулалт хүртэл амилахгүй байх болно (С ба Г 76:85-ыг үзнэ үү).

  • Анхны амилуулалтад оролцож, Мянган жилийн үеэр Есүс Христтэй хамт хаанчилж болох тухай мэдэж авах нь таны одоогийн муу бүхний эсрэг тэмцэлд итгэлтэй байхад хэрхэн туслах вэ?

Итгэлтэй хүмүүс Анхны амилуулалтын нэг хэсэг байж, Мянган жилийн үеэр Аврагчтай хамт хаанчлах болно гэдгийг гэрчил.

Илчлэлт 20:7–11

Иохан Мянган жилийн төгсгөл дэх Сатаны болон Бурханы хүчний хоорондох эцсийн тулааныг харав

Мянган жилийн төгсгөлд … гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.

Нэг суралцагчийг Илчлэлт 20:7–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Мянган жилийн сүүлд тохиох болно гэж Иоханы дүрсэлсэн үйл явдлыг олж мэдэхийг хүс.

Цөөн суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, олж мэдсэн зүйлсээ бичихэд урь. Тэгээд дараах асуултуудыг тавь.

  • Иохан ямар ямар үйл явдлыг дүрсэлсэн бэ? (8-р шүлэгт буй Гог болон Магог гэдэг нэрс нь Мянган жилийн эцэст Их Эзэний хүмүүсийн эсрэг хамгийн сүүлчийн удаа тулалдахдаа хэрэглэх Сатаны хүчийг нэрлэдэг болохыг тайлбарла [С ба Г 88:110–114-ийг үзнэ үү].)

  • Энэхүү тулааны дараа чөтгөрт болон түүний дагалдагчдад юу тохиох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх өгүүлбэрийг Мянган жилийн төгсгөлд Бурханы хүч Сатаныг болон түүний дагалдагчдыг ялах болно гэсэн байдалтай уншихаар гүйцээж бич.)

  • Яагаад Бурхан, Сатан хоёрын хоорондох тулааны эцсийн үр дүнг ойлгох нь бидэнд чухал вэ?

Илчлэлт 20:12–15

Иохан Эцсийн шүүлтийг харав

Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний нэг хэсэг нь энэ дэлхий дээр амьдарсан хүн бүр Бурханы өмнө шүүгдэхээр зогсох явдал болохыг тайлбарла. Суралцагчдаас Эцсийн шүүлт ямар байна гэж төсөөлдгийг асуу.

  • Та Бурханы өмнө шүүгдэхээр зогсохдоо юу бодож, мэдэрнэ гэж найдаж байна вэ?

Нэг суралцагчийг Илчлэлт 20:12–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Бурхан биднийг хэрхэн шүүхийг олж мэдэхийг хүс.

  • Биднийг хэрхэн шүүх талаар 12-р шүлгээс бид ямар үнэнийг олж мэдэж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бурхан биднийг ажил үйлсийн минь дагуу бичигдсэн тэр номоор шүүх болно гэсэн зарчмыг олж тогтоох ёстой.)

  • Иохан ямар ямар номыг харсан бэ? (Судар, авралын ёслол болон магадгүй бусад үйл ажиллагааг хөтөлдөг Сүмийн бүртгэл, амийн ном [2 Нифай 29:10–11; С ба Г 128:6–7; Библийн толь бичиг, “Амьдралын ном”-ыг үзнэ үү].)

  • Та нар эцсийн шүүлтийн талаар өөр юу сурсан бэ? (Тэмдэглэл: 32-р хэсэгт: 4 дэх өдөр, 3-р даалгавар, суралцагчид эцсийн шүүлтийн тухай заадаг нэмэлт судруудыг олсон.)

Их Эзэн биднийг үйлсээс маань гадна зүрх сэтгэлийн хүслийн дагуу шүүх болно гэж бошиглогч Иосеф Смитэд илчилснийг онцолж хэл (С ба Г 137:9 мөн Aлма 41:3–5-ыг үзнэ үү).

  • Бид зүрх сэтгэлийнхээ хүслийн дагуу шүүгдэх болно гэдгийг мэдэх нь таны хийхийг хүссэн зүйлүүдэд хэрхэн нөлөөлөх вэ?

Энэ сургаалын талаар болон энэ нь таны сонголтуудад хэрхэн нөлөөлдгийг гэрчил.

Нэг суралцагчийг Илчлэлт 22:14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, гэртээ суралцаж байхдаа энэ шүлгээс мэдсэн нэгэн зарчмыг санахыг хүс.

  • Та энэ шүлгээс ямар зарчмыг сурч мэдсэн бэ? (Хэрэв бид Их Эзэний зарлигуудыг сахивал Есүс Христийн Цагаатгалын бүх адислалыг хүлээн авч, селестиел хаант улсад орох болно. Энэ зарчмыг самбар дээр бич.)

  • Яагаад энэ нь бидний Шинэ Гэрээг судлах үйл явцыг дуусгахад тохиромжтой үнэн бэ?

Суралцагчдыг энэ жил Шинэ Гэрээг судлах үед нөлөөлсөн зарим үнэнээсээ хуваалцахад урьж болно. Эдгээр үнэний талаар болон Их Эзэн Есүс Христийн бурханлаг мөн чанарын талаар гэрчлэлээ хуваалцахыг хүссэн хэн ч байсан урь.

Суралцагчдыг үргэлжлүүлэн өдөр бүр судраас суралцаж байхад урамшуул. Хэрэв тэд дараа жил семинарт эсвэл номлолд явахаар бэлтгэж байгаа бол өнөөдрөөс Мормоны Номыг уншиж эхлэхэд урь.