4-р хичээл
Судраас суралцах нь
Оршил
Энэ хичээл нь суралцагчдад өдөр бүр судруудыг судлахын мөн энэ хичээлийн жилд Шинэ Гэрээг бүхэлд нь уншихын ач холбогдлыг ойлгоход тусална. Түүнээс гадна суралцагчид судруудыг судлах арга барилаа хэрхэн сайжруулах талаар суралцах болно.
Заах зөвлөмж
Өдөр бүр үр дүнтэй судраас суралцах хэрэгцээ шаардлага
Суралцагч бүрд дараах судалгааны хувилбарыг тарааж өг. Суралцагчдыг мэдэгдлүүдийн талаар бодож, өөрсдийн хариултыг тэмдэглэхэд урь. Суралцагчдаас хариултаа бусдадаа тайлагнахыг шаардахгүй гэдгээ хэл.
Суралцагчид судалгааг бөглөж дууссаны дараа, хичээлийн туршид судраас суралцах явцаа хэрхэн сайжруулж болох тухай тунгаан бодоход тэднийг урь.
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарийн дараах мэдэгдлийг уншихад урь.
ЗурагАхлагч Дэвид А.Бэднар“Судрууд нь Христийн үгийг, мөн хүссэн үедээ хүртэн, удаан хугацаанд, гүн гүнзгий шимтэн залгиж болох амийн усны нөөцийг агуулдаг юм. …
“Бид өдөр бүрийн энгийн үйл хөдлөлөөрөө биеийнхээ ихэнх хэсгийг бүрдүүлдэг усаа алдаж байдаг. Цангах нь бидний бие дэх эсүүд ус шаардаж байгаа хэрэг бөгөөд бид биеийнхээ усыг өдөр бүр нөхөж байх ёстой. Шуудхан хэлэхэд удаан хугацааны туршид усгүй, шингэнээр дутагдаж байгаад хааяа нэг өөрийгөө усаар ‘дүүргэх’ нь утгагүй юм. Энэ нь сүнслэг байдалд ч мөн адил хамаатай. Сүнслэг байдлаар цангах нь амийн ус хэрэгтэй байгаа гэсэн үг. Амийн уснаас тасралтгүй уух нь хааяа хааяа шимж уухаас хамаагүй дээр билээ” (“A Reservoir of Living Water” [Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2007 оны 2-р сарын 4], 1, 7, broadcast.lds.org).
-
Бид өдөр бүр судраас суралцсанаараа юу хүлээн авч болох тухай ахлагч Бэднарийн үгээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид Бид өдөр бүр судраас суралцсанаараа өөрсдөдөө хэрэгтэй “амийн усыг” хүлээн авна гэсэнтэй адил зарчмыг олж тогтоох ёстой. Энэ зарчмыг самбар дээр бич.)
Бидний энэ үе дэх ариун судрын үнэ цэн
Бидний энэ үе дэх ариун судруудын үнэ цэн, ач холбогдлыг ойлгоход суралцагчдад туслахын тулд та тэдэнд “The Blessings of Scripture” гэсэн LDS.org дээрх видео бичлэгийг үзүүлж болно. Энэ видео бичлэгт Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон илүү олон хүнд Библи унших боломжийг олгохын тулд хийсэн хэн нэгний золиослолын талаар дүрсэлдэг. Хэрэв та видео бичлэгийг үзүүлэх гэж байгаа бол ахлагч Кристоффэрсоны “тэд бидний ойлговол зохих ямар зүйлсийг ойлгосон юм бол?” гэсэн асуултын дараа, (цагийн код 1:56) энэ асуултад тэднийг хэрхэн хариулах байсныг асуухын тулд түр зогсоо. Дараа нь видео бичлэгийг үргэлжлүүлэн үзүүл. Видео бичлэгийн төгсгөлд хичээлийг “Видео бичлэгийг үзсэний дараа …” гэсэн догол мөрөөс эхлэн цааш үргэлжлүүл.
Хэрэв та видео бичлэгийг үзүүлэхгүй бол дөрвөн суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд уриад, тэднээс ахлагч Кристоффэрсоны хэлсэн үгийн дараах хэсгийг уншихыг хүс.
ЗурагАхлагч Д.Тодд Кристоффэрсон.1. “1536 оны 10-р сарын 6-нд нэгэн зүдэрсэн эрийг Бельгийн Брюсселийн ойролцоох Вилворде цайз доторх гяндангаас гадаа гарган авчирчээ. Тэрээр бараг жил хагас чийгтэй, харанхуй гяндангийн өрөөнд үйлээ эдэлсэн ажээ. Сайхь хоригдлыг эдүгээ цайзын хэрмийн гаднах шонд хүлсэн байлаа. Тэрээр сүүлчийнхээ залбирлыг чангаар ‘Эзэн минь ээ, Англи улсын хааны нүдийг нээгээч’ гэж хэлээд, дүүжлүүлсэн гэнэ. Тэр даруй түүний цогцсыг шонд хүлээтэй чигээр нь шатаажээ. Энэ хүн хэн байсан юм бол? … цаазаар авахуулах ямар хэрэг хийсэн юм бол?” (“Судрын адислал,” Ensign, 2010 оны 5-р сар, 32 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 37).
2. “Түүний нэрийг Виллям Тиндейл гэдэг байсан бөгөөд Библийг англи хэлээр орчуулж, хэвлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг байлаа.
“Тиндейл … судрыг жирийн хүний гарт өгөхийн эсрэг бодолтой нэгэн хувраг хүнтэй ихэд маргалдах үедээ ‘Бурхан миний амийг хамгаалах юм бол би анжсаа түрэгч тариачин хүүг судрын тухайд танаас дутуугүй мэдлэгтэй болгоно’ гэж тангарагласан гэдэг. …
“Виллям Тиндейл нь өөр олон оронд Бурханы үгийг харанхуйгаас авчрахын төлөө, бүр амь насаа алдах хүртлээ золиослол хийсэн хүмүүсийн анхных нь ч мөн сүүлчийнх нь ч биш юм. … Судруудын ач холбогдлын талаар бидний мөн мэдэх хэрэгтэй ямар зүйлийг тэд мэдэж байсан юм бол? Англид 16-р зуунд Библийг өөрсдөдөө авахын тулд маш их үнэ төлөөс төлж, аюул заналыг сөрөн тэмцсэн хүмүүс бидний одоо ойлгох хэрэгтэй ямар зүйлсийг ойлгосон юм бол?” (“Судруудын адислал,” 32).
Ангийнханд дараах асуултыг тавь:
-
Яагаад хүмүүс судартай болохын тулд ийм агуу золиослолыг хийж байсан гэж та нар бодож байна вэ?
Гурав дахь уншигчаас ахлагч Кристоффэрсоны үгийг үргэлжлүүлэн уншихыг хүс.
ЗурагАхлагч Д.Тодд Кристоффэрсон.3. “Тиндейлийн үед хүмүүс Библийг олох боломжгүй, ялангуяа өөрсдийнх нь ойлгох хэл дээр байгаагүйн улмаас судрыг үл ойлгох нь өргөн дэлгэр тархсан байжээ. Харин өнөө үед Библи болон бусад судрыг олж авахад үлэмж хялбар болсон ч судрыг үл ойлгох хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Учир нь хүмүүс ном уншихаа больжээ. Үүний улмаас тэд өвөө эмээгийнхээ мэддэг байсан зүйлсийг мартах болжээ” (“Судруудын адислал,” 38).
Ангийнханд дараах асуултыг тавь:
-
Өнөө үед зарим хүн судрыг унших ёстой байтлаа яагаад уншихгүй байгаа гэж та нар бодож байна вэ?
Дөрөв дэх уншигчаас ахлагч Кристоффэрсоны үгийг үргэлжлүүлэн уншихыг хүс.
ЗурагАхлагч Д.Тодд Кристоффэрсон.4. “Ариун Библийн зэрэгцээ Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд гэсэн ойролцоогоор 900 хуудас бүхий судартай байгаагаас ирдэг агуу адислалыг бодоод үз. … Их Эзэн энэхүү адислалаар дамжуулан бидний үед судруудыг байнга хэрэглэж, судлах нь урьдын ямар ч цаг үеэс илүү чухал гэж хэлж байна” (“Судруудын адислал,” 40).
Видео бичлэгийг үзүүлсний дараа (эсвэл дөрөв дэх уншигч ахлагч Кристоффэрсоны мэдэгдлийг уншиж дууссаны дараа), ахлагч Кристоффэрсон бидний судар судлах хэрэгцээний талаар юу гэж хэлснийг тайлбарлахад суралцагчдыг урь. Суралцагчдыг хариулсны дараа Бидний үед судруудын хэрэгцээ өмнөх ямар ч цаг үеэс илүү агуу байна гэсэн үнэнийг самбар дээр бич.
-
Яагаад бидний үед судруудын хэрэгцээ өмнөх ямар ч цаг үеэс илүү агуу байна гэж та нар бодож байна вэ?
Бидний энэ цаг үед судруудыг судлах нь ямар ач тустай болохыг ойлгоход суралцагчдад туслахын тулд төлөөлөгч Паул захидалдаа эцсийн өдрүүд дэх дэлхийн зарим байдлыг дүрсэлсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 2 Тимот 3:1–5, 13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн бидний үед нийтлэг болох зарим гэм нүгэл, хандлагыг олж мэдэхийг хүс. (Та суралцагчдад энэ шүлэгт орсон хэцүү үг, хэллэгийн утга агуулгыг тодорхойлоход нь туслахын тулд зүүлт тайлбараас харахыг санал болгож болно.)
-
Та энэ шүлэгт дурдсан ямар гэм нүгэл, хандлага бидний өнөөгийн нийгэмд байгааг олж харсан бэ?
Нэг суралцагчийг 2 Тимот 3:14–17-г чанга уншихад урь. Бид энэ үймээн самуунтай цаг үед хэрхэн хамгаалалт олж авч болох талаар олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Бид энэ үймээн самуунтай цаг үед хэрхэн хамгаалалт олж авч болох вэ?
Дараах бүрэн бус мэдэгдлийг самбар дээр бич. Бид судруудыг судалснаар, дараах зүйлийг хүлээн авна …
-
2 Тимот 3:15–17-д цэдэглэснээр, бид судруудыг судлан, үүнд заасан сургаалын дагуу амьдрах юм бол ямар адислалуудыг хүртэх боломжтой вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх мэдэгдлийг дараах байдлаар уншигдахаар гүйцээж бич: Бид судруудыг судалснаар, биднийг аврал руу хөтлөх мэргэн ухаан, сануулга болон заавруудыг хүлээн авах болно.)
Самбар дээрх мэдэгдэл нь зарчмын нэг жишээ болохыг тайлбарла. Есүс Христийн сайн мэдээний зарчим, сургаалууд нь нэн чухал бөгөөд өөрчлөгдөшгүй үнэнүүд нь бидний амьдралд удирдамж болдог. Судруудын нэг гол зорилго бол сайн мэдээний сургаал, зарчмуудыг заах явдал юм. Сургаал, зарчмуудыг хайж олон, тэдгээрийн утга учрыг тунгаан бодож, амьдралдаа хэрэгжүүлснээр хувиараа судраас суралцах үйл явцаа илүү учир утгатай болгох боломжтой.
Самбар дээр бичсэн зарчмыг дахин дурд.
-
Бид судруудыг судалснаар мэргэн ухаан, сануулга, заавруудыг хүлээн авах болно гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?
-
Та судруудаас суралцсанаар мэргэн ухаан, сануулга, заавар хүлээн авч байгаагаа хэзээ мэдэрсэн бэ? (Та бас өөрийн туршлагаас хуваалцахыг хүсэж болно.)
Шинэ Гэрээг өдөр бүр унших нь
Энэ жилийн семинарын хичээлд тавигдах нэг шаардлага бол Шинэ Гэрээг бүхэлд нь уншиж дуусгах явдал юм. Энэ нь семинарын диплом авах шалгуур.
Шинэ Гэрээг бүхэлд нь уншиж дуусгахад тогтмол хичээл зүтгэл гаргах шаардлагатай ч үр дүн нь түүнээс ч агуу байна гэдгийг тайлбарла. Үүнийг үзүүлэхийн тулд усаар (эсвэл хийжүүлсэн ундаагаар) дүүргэсэн хоёр тунгалаг шилэн аягыг харуул. Хоёр суралцагчаас гарч ирэн аяга бүрийн харалдаа зогсохыг хүс. Нэг суралцагчид нэг гуурс өг. Нөгөө суралцагчид хамтад нь багцлан боосон долоон гуурс өг. Тэдэнд бүх усыг нэг юм уу олон гуурс ашиглан аль болох хурдан ууж дуусгах даалгавар өг. (Нэг гуурс хэрэглэсэн суралцагч аажим аажмаар ууж, түрүүлж дуусгана. Харин нөгөө суралцагч олон гуурсаар усыг сорж чадахгүйд хүрнэ.) Хоёр суралцагчийг суухыг уриад, ангийнхнаас асуу:
-
Бид энэ хичээлийн жилийн туршид Шинэ Гэрээг бүхэлд нь уншиж дуусгах зорилгодоо энэхүү үйл ажиллагааг хэрхэн холбож болох вэ? (Долоон гуурстай суралцагч судрын том том хэсгийг нэг дор уншихыг оролддог хүнтэй адилхан юм. Нэг гуурстай суралцагч өдөр бүр бага багаар уншдаг хүнтэй адилхан юм.
Тэд хэрхэн Шинэ Гэрээг бүхэлд нь бага багаар тууштай уншиж дуусгаж болохыг суралцагчдад харуулахын тулд Шинэ Гэрээний хуудсыг (Библийн Хаан Жеймсийн хувилбарын хожмын үеийн гэгээнтний хэвлэл 404 хуудастай) хичээлийн жилийн төгсгөл хүртэлх өдрийн тоонд хуваахад тэднийг урь. Жишээ нь, хичээлийн жилийн 280 хоногт заах бол суралцагчид Шинэ Гэрээг уншиж дуусгахын тулд өдөр бүр 1,5 хуудсыг унших хэрэгтэй болно.
Та Шинэ Гэрээг хичээнгүйлэн судалснаар хүлээн авах адислалуудыг гэрчил. Суралцагчид мэргэн ухаан, сануулга, заавар хүлээн авч, Ариун Сүнсний нөхөрлөлөөр адислагдах болно.
Самбар дээрх зарчмыг дахин уншаад, суралцагчид өдөр бүр судруудыг судалснаар Паулын 2 Tимот 3:15–17-д дүрсэлсэн адислалуудыг хүлээн авах боломжтой гэдгийг гэрчил. Өдөр бүр хувиараа судраас суралцах цаг гарган, Шинэ Гэрээг бүхэлд нь уншиж дуусгах зорилго тавихад суралцагчдыг урамшуулан дэмж. Суралцагчдыг зорилгоо судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Бид өдөр бүр судраас судалбал адислал ирдэг
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон:
“Бурхан худал хуурмаг бодол, буруу зан заншил, нүглийг болон үүний аймшигт үр дагаврыг залруулахдаа судар хэрэглэдэг. Тэрээр биднийг зовлон зүдгүүр, уй гашуугаас хамгаалахын зэрэгцээ бидэнд тэнгэрлэг хүч чадлаа ойлгоход тусалдаг нигүүлсэнгүй Эцэг юм. …
“Эцэст нь, судруудын гол зорилго нь Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэлээр бидний оюун санааг дүүргэж өгдөг юм” (“Судруудын адислал,” Ensign, 2010 оны 5-р сар, 33–34, 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39).
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Жюли Б.Бэк эгч:
“Хэрэв та өдөр болгон судраас суралцах дадал хэвшилтэй болоогүй бол мөнх амьдрал дахь үүргээ биелүүлэхэд өөрийгөө бэлтгэхийн тулд яг одооноос эхлэн уг дадал хэвшлийг бий болгож, үргэлжлүүлэн суралц. …
“ … Үргэлжлүүлэн суралцах нь чухал мэдлэг олж авах түлхүүр мөн. … Судрууд Христийн тухай гэрчилдэг (Иохан 5:39-ийг үзнэ үү). Судрууд бидний хийх ёстой бүх зүйлийг хэлж өгдөг (2 Нифай 32:3-ыг үзнэ үү). Тэд [бидэнд] ‘авралд хүргэх мэргэн ухааныг’ өгдөг (2 Тимот 3:15).
“ … Та нар өдөр бүр судраас суралцах дадал хэвшлээрээ дамжуулан ‘наманчлал тийш удирдах ариун судруудад, тийм ээ, ариун бошиглогчдын бичсэн бошиглолуудад итгэхээр удирдагдсан’ байх болно (Хиламан 15:7). Та нар сайн мэдээний тухай ойлголт, гэрчлэлээрээ дараагийн үеийнхнийгээ бэлтгэхэд туслах эх [ба эцэг], мөн удирдагчид болох болно” гэжээ (“My Soul Delighteth in the Scriptures,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 108–109).
Ариун Библийн гайхамшиг
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард Ерөнхий чуулган дээрх “The Miracle of the Holy Bible” (Ensign эсвэл Liahona, 2007 оны 5-р сар, 80–82) хэлсэн үгэндээ Ариун Библийн үнэ цэн, ач холбогдлын талаар зааж, Библийг бүх хүнд боломжтой болгоход амь биеэ өгсөн Христэд итгэгч, шинэчлэгчдийн гаргасан идэвх зүтгэлийг өндрөөр үнэлжээ. Тэрээр Ариун Библитэй байгаадаа талархдаг байхад биднийг урамшуулсан бөгөөд “бид өнөөдөр Библитэй байгаа нь санамсаргүй болсон, тохиолдлын зүйл биш” хэмээн гэрчилсэн юм “The Miracle of the Holy Bible,” 80).