Гэрээр судлах хичээл
Maтай 1–5 (2-р бүлэг)
Оршил
Энэ хичээл нь бид Тэнгэр дэх Эцэгтэйгээ адил төгс болохын тулд юу хийх ёстойгоо ойлгоход суралцагчдад тусалж чадна. Үүнээс гадна, суралцагчид Их Эзэний дээд хуулиудыг давтахдаа, Их Эзэний зарлигуудыг хэрхэн илүү сайн дагах арга замуудын талаар бодож үзэх болно.
Заах зөвлөмж
Матай 5:17–48
Есүс Христ шавь нартаа хэрхэн Тэнгэрлэг Эцэгтэй адил төгс болохыг заав
Хичээл эхлэхээс өмнө Дагахад хүмүүст хамгийн хэцүү зарлиг аль нь гэж та нар бодож байна вэ? гэсэн асуултыг самбар дээр бич. Хичээл эхлэхэд суралцагчдыг уг асуултад хариулахыг хүс. Хариултуудыг самбар дээр бич.
Нэг суралцагчийг Матай 5:48-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, дагахад хэцүү нэг зарлигийг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад Maтай 5:48, зүүлт тайлбар a дахь Иосеф Смитийн Орчуулгыг тэмдэглэхийг санал болгож болно.
-
Төгс болох зарлиг та нарт ямар санагдаж байна вэ?
-
Та нар төгс байх гэдгийг ямар утгатай гэж бодож байна вэ?
Суралцагчдыг Maтай 5:48, зүүлт тайлбар б-г дотроо уншиж, төгс гэдэг үгийн утгыг олж мэдэхэд мөн тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Бүрэн дүүрэн хөгжинө гэдэг нь Тэнгэрлэг Эцэгтэй адилхан болох гэсэн утгатай болохыг тайлбарла.
Суралцагчдыг Матай 5 дахь Аврагчийн Уулан дээрх номлолоос үргэлжлүүлэн суралцах явцад, Тэнгэр дэх Эцэгтэй адил төгс болохоор хөгжин дээшлэхийн тулд тэдний дагах хэрэгтэй зарчмуудыг олж мэдэхэд урь.
Матай 5:17–20-ийг дүгнэн, Аврагч Мосегийн хуулийг устгахаар биш, харин биелүүлэхээр буюу Мосегийн хууль дахь мөнхийн үнэнүүдийг гүйцэтгэхээр ирсэн хэмээн заасан гэдгийг тайлбарлан ярьж өг. Есүс Христ ёсон бусаас болон урвалтаас болж алдагдсан сайн мэдээг бүрэн дүүрэн сэргээж, буруу заалтуудыг засаж залруулан, Хуучин Гэрээний бошиглогчдын хэлсэн бошиглолуудыг гүйцэлдүүлсэн юм. Яваандаа, сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлтийн нэг хэсэг болгон Мосегийн хуулийн зарим заалт болох хөвч хөндөх, амьтан золиослох зэргийг зогсоожээ.
Матай 5:21–48 нь иудейчүүдийн Мосегийн хуулинд нэмж, өөрчилсөн болон тэдний янз бүрийн хууль, уламжлалын талаар заасан Аврагчийн сургаалуудыг багтаадаг гэдгийг тайлбарла. Есүс Христ уг хуулиудын үнэн утгыг тайлбарлахдаа, зөв шударгын илүү дээд замыг заажээ. Түүний хаант улсын гишүүд энэ дээд хуулийн дагуу амьдрах ёстой. Эдгээр дээд хууль нь Есүс Христийн шавь нарт Бурханы зарлигуудыг зөрчихөөс зайлсхийхэд туслах удирдамжаар хангаж өгчээ.
Та суралцагчдад гэрээр суралцах хичээл дээр дээд хуулийн талаар сурсан зүйлсийнхээ заримыг санахад нь туслахын тулд самбар дээр дараах өгүүлбэрүүдийг бичиж болох юм. Үүнд: Чи алах ёсгүй. Чи садар самууныг үйлдэх ёсгүй.
Есүс Христ Өөрийн шавь нарт эдгээр хуулийн талаар юу гэж заасныг тайлбарлахыг суралцагчдаас хүс. (Хэрэв суралцагчид санахгүй байвал, тэднийг Матай 5:21–26 болон Матай 5:27–30-ийг эргэж харахад урь.
-
Уур хилэнгээ хянахгүй байхын зарим аюул юу байж болох вэ?
-
Бодол санаагаа хянах нь яагаад чухал байдаг вэ?
Матай 5:31–37-г дүгнэн, Их Эзэн салах, гэрлэх, тангараг өргөх талаар заасан гэдгийг тайлбарлан ярьж өг.
Сургууль дээр нэг найз нь тэдний талаар муухай, найрсаг бус зүйлсийг хэлж байгаагаар төсөөлөн бодоход суралцагчдыг урь. Тэд юу гэж хариулахыг суралцагчдаас асуу.
Нэг суралцагчийг Матай 5:38-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, хүмүүсийг тэдний нүгэл, буруу үйлдлийнх нь төлөө шийтгэх талаар Мосегийн хууль юу гэж заасныг олж мэдэхийг хүс. Тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэдэг нь Мосегийн хуулийн дагуу шийтгэл нь гэмт хэргийнхээ ноцтой байдалтай тэнцэх ёстой байсан гэдэг утгатайг тайлбарла.
Суралцагчдыг хос болгон хуваарил. Хосуудын нэгийг Maтай 5:39–42-ыг, харин нөгөөг Maтай 5:43–47-г уншихад урь. Тэднээс дээд хуулийг олж мэдэхийг хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг бүлгийнхээ нөгөө гишүүнтэй дараах асуултуудыг ярилцахыг хүс (та эдгээр асуултыг самбар дээр бичиж эсвэл тараах материал болгон өгч болно):
Хангалттай хугацаа өнгөрсний дараа хэдэн суралцагчийг хариултаа ангийнхантайгаа хуваалцахад урь.
Нэг суралцагчийг Матай 5:45-ыг дахин чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, хэрвээ бид дайснуудаа хайрлан, биднийг үзэн яддаг хүмүүст сайныг үйлдвэл юу тохиолдохыг олж мэдэхийг хүс.
-
Хэрэв бид дайснуудаа хайрлан, биднийг үзэн яддаг хүмүүст сайныг үйлдвэл юу тохиолдох вэ?
-
Бид бүгдээрээ Бурханы сүнсэн хүүхдүүд гэдгийг мэддэг учраас энэ шүлэгт Тэнгэр дэх Эцэгийн хүүхдүүд байна гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Энэ нь Түүнтэй адил байж мөн Түүний хаант улсад өв залгамжлагч болно гэсэн үг.)
-
Аврагч амьдралынхаа туршид Өөрийн дайснуудыг хайрлан, бусдад сайныг үйлдэх жишээг хэрхэн харуулсан бэ?
Суралцагчдыг Maтай 5 дээрээс бид Тэнгэрлэг Эцэгтэй адилхан төгс болохын тулд юу хийх ёстой тухай сурсан зүйлээ тунгаан бодоход урь.
-
Тэнгэр дэх Эцэгтэйгээ адилхан төгс болохын тулд бидний хийх ёстой зарим зүйл юу вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Аврагчийн сургаал, зарлигуудыг дагаснаараа Тэнгэр дэх Эцэгтэйгээ адил төгс болж чадна гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
Бид зөвхөн Есүс Христээр болон Түүний ач ивээлээр дамжуулан төгс болгогдож чадна гэдгийг суралцагчдад сануул (Moронай 10:32-ыг үзнэ үү).
Суралцагчдад төгс болох үйл явцыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоний хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь.
“Хэрэв бидний төгс төгөлдөр болох гэсэн хичээнгүй чармайлт одоогоор давагдашгүй [хэцүү] бөгөөд дуусашгүй мэт санагдаж байгаа бол бид санаа зовох шаардлагагүй. Төгс байдал хүлээгдэж байна. Энэ нь бүрэн байдлаараа зөвхөн Амилуулалтын дараа, гагцхүү Их Эзэнээр дамжин ирэх болно. Энэ нь Түүнийг хайрлаж, зарлигуудыг нь дагах бүх хүнийг хүлээдэг (“Perfection Pending,” Ensign, 1995 оны 11-р сар, 88).
-
Ахлагч Нэлсоний өгүүлснээр, бид хэзээ төгс төгөлдөр байдалд хүрэх вэ?
-
Энэ мэдэгдэл нь өөрийн төгс бус байдалд урам хугарч, зүрхшээж байгаа хэн нэгэнд хэрхэн тус болох вэ?
Бурханы зарлигуудыг дагахаа үргэлжлүүлснээрээ эцэст нь Тэнгэрлэг Эцэгтэй адил болж чадна хэмээн суралцагчдад урам өг.
Дараагийн бүлэг (Maтай 6:1–13:23)
Суралцагчдыг дараагийн бүлэг хичээлд бэлдэхэд туслахын тулд тэднийг дараах асуултуудыг бодож үзэхэд урь. Үүнд: Алтан дүрэм гэж юу вэ? Их Эзэн бусдыг шүүх талаар юу гэж заасан бэ? Хоёр эзэнд үйлчилдэг хүмүүст юу тохиолддог вэ? Хүмүүс Аврагчаар эдгээгдэхийн тулд юу хийх ёстой байсан бэ? Суралцагчид дараагийн хэсгээр эдгээр асуултын хариултуудыг мэдэж аван, Аврагчийн төлөөлөгчдөдөө өгсөн үүргийн талаар суралцах боломжтой байх болно хэмээн тайлбарла.