Номын сан
6-р хичээл: Матай 1–2


6-р хичээл

Maтай 1–2

Оршил

Матай Есүс Христийн удмын бичгийг өгч мөн тэнгэр элч Есүсийн тэнгэрлэг удмыг Иосефт тунхаглав. Бяцхан Есүсийг олж, шүтэн бишрэхээр дорно зүгээс мэргэн хүмүүс ирэв. Бетлехем дэх хүүхдүүдийг алах гэсэн Херод хааны аллагаас зугтахын тулд Египетээс гэр бүлээ авч явахыг Иосефын зүүдэнд хэлэв.

Заах зөвлөмж

Maтай 1:1–17

Есүсийн удмын бичиг

Аав, ээжийнхээ зургийг үзүүлээд, эцэг эхээсээ авсан төрх танд байгаа эсэхийг суралцагчдаас асуу. Та түүнчлэн цөөн суралцагчийг эцэг эхийнхээ зургийг авчрахад урьж мөн тэд хэн хэний эцэг эх болохыг ангийнхнаас асууж болно. Суралцагчдаас тэдний эцэг эхээсээ өвлөж авсан дүр төрхийн талаар (нүдний болон үсний өнгө, өндөр гэх мэт) бие биетэйгээ ярилцахыг хүс.

Суралцагчдыг Maтай 1–2-ыг судлах явцдаа Аврагчийн эцэг эхийн талаар мөн Түүний тэднээс өвлөж авсан зан, төрх байдлын талаарх үнэнүүдийг олоход урь. Энэ үйл ажиллагаа нь Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэг, Мариа хоёрын тэнгэрлэг Хүү бөгөөд Эцэгийн маханбодид төрсөн цорын Ганц Хүү гэдгийг ойлгоход суралцагчдыг бэлтгэх ёстой.

Maтай 1:1–17-д Аврагчийн өвөг дээдсийг жагсаасан болохыг тайлбарла. 1-р шүлэг нь Есүс Христ бол Давидын мөн Абрахамын удам гэдгийг дурдаж байгааг онцлон хэл.

Хуучин Гэрээний бошиглолуудад Мессиаг Давидын удам байх болно, (2 Самуел 7:12–13; Исаиа 9:6–7; Иеремиа 23:5–6-г үзнэ үү) мөн Абрахамын удам “дэлхийн бүх үндэстнүүдийг” адислах болно (Эхлэл 22:18; түүнчлэн Aбрахам 2:11-ийг үзнэ үү) хэмээн тунхагласан болохыг тайлбарла. Maтай Есүсийг Хуучин Гэрээний Мессиагийн талаарх бошиглолуудыг гүйцэлдүүлсэн гэж уншигчдад мэдүүлэхийг хүссэн юм (Maтай 1:22–23; 2:5, 15, 23; 26:55–56-г үзнэ үү). Maтай 1:1–17-д өгөгдсөн удмын бичиг нь Есүс бол амлагдсан Мессиа бөгөөд Давидын сэнтийн эрх бүхий өв залгамжлагч гэдгийг харуулдаг.

Нэг суралцагчийг Матай 1:16-г чанга уншихад урь. Суралцагчдыг дагаж уншаад, Есүст өгсөн нэрийг олж мэдэхийг мөн олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Христ гэдэг үг нь Арамейн грек хэлбэр болох Мессиа гэдэг үг бөгөөд “тослогдсон нэгэн” гэсэн утгатай болохыг тайлбарла.

  • Өмнөх амьдралд Есүс Христ юу хийхээр тослогдсон эсвэл сонгогдсон бэ? (Тэр Тэнгэрлэг Эцэгээр бидний “Бошиглогч, Санваартан, Хаан түүнчлэн Чөлөөлөгч” байхаар тослогдон томилогдсон юм [Судруудын удирдамж, “Meссиа,” scriptures.lds.org; мөн Bible Dictionary, “Anointed One”-ыг үзнэ үү].)

Матай 1:18–25

Тэнгэр элч Есүсийн тэнгэрлэг эцгийг Иосефт тунхаглав

Түүнчлэн Maтай 1:16 дээр Мариаг Иосефын эхнэр байсан хэмээн дурддагийг онцлон хэл. Maтай 1:18-д цэдэглэснээр Иосеф, Мариа хоёр сүй тавьсан байжээ. Энэ нь тэд сүй тавьсан буюу бие биетэйгээ хуулиар холбогдсон, гэхдээ эхнэр, нөхрийн хувьд хамтдаа амьдраагүй гэсэн үг юм. Гэсэн хэдий ч, хуримынхаа өмнө Иосеф Мариаг хөл хүндтэй болсныг олж мэджээ. Нэг суралцагчийг Матай 1:19-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Иосефын юу хийх гэж байсныг олж мэдэхийг хүс.

  • Иосеф Мариаг хөл хүндтэй болсныг олж мэдээд юу хийх гэж байсан бэ? (“Түүнээс нууцаар салах” гэдэг нь Иосеф сүйгээ нууцхан цуцалснаар, Мариаг олон түмний шившиг болгоход эсвэл чулуудан шийтгүүлэх ялыг эдлэхэд хүргэхгүй байхаар төлөвлөж байсан гэдгийг тайлбарла.)

  • Энэ шүлэг Иосефын зан чанарын талаар бидэнд юу зааж байна вэ?

Нэг суралцагчийг Матай 1:20-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Мариатай тавьсан сүйгээ цуцлах талаар бодож байхад нь Иосефт юу тохиолдсон болохыг олж мэдэхийг хүс.

  • Тэнгэр элч яагаад Иосефт Мариатай гэрлэхээс бүү ай гэж хэлсэн бэ?

Суралцагчдад “Ариун Сүнснийх” гэдэг үгсийн утгыг ойлгоход нь туслахын тулд (Maтай 1:18, 20) нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Есүс Мариагийн жинхэнэ хүү гэдэг шиг Бурхан Мөнхийн Эцэгийн жинхэнэ бодит хүү нь юм. … Матайн ‘хэвлийдээ Ариун Сүнсээр хүүхэдтэй болсон байлаа’ гэсэн үгс зөвөөр орчуулагдсан үед ‘тэрээр Ариун Сүнсний хүчээр хүүхэдтэй болсон байлаа’ гэж хэлэгдэх ёстой юм. (Maт. 1:18.) … Алма: Христ ‘… Мариагаас төрөх болно, тэр нь онгон бүсгүй, Ариун Сүнсний хүчээр бүрхэгдэж мөн хөл хүнд болгогдож, мөн хүү төрүүлэх, тийм ээ, бүр Бурханы Хүүг тээгч болж сонгогдсон мөн хонгорхон нэгэн байх болно’ хэмээн бошиглохдоо Их Эзэний маань бүрэлдэн бий болсныг болон төрөлтийг төгс төгөлдөр дүрсэлжээ. (Aлма 7:10.)” (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 1:82).

  • Эдгээр үгээс бид Есүсийн эцэг эхийн талаар юуг мэдэж авч байна вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч тэд Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэг болон Мариагийн бурханлаг Хүү юм гэх сургаалыг олж тогтоох ёстой. Та энэ сургаалыг судартаа Матай 1:18–25-ын хажуу талын зайд бичихийг суралцагчдадаа санал болгож болно.)

Аав, ээжийнхээ зургийг дахин харуулж, тэднээс өвлөж авсан шинж чанарынхаа заримыг давтан хэлж өг. Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйжийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь: Есүс бол Тэнгэрлэг Эцэг, Мариа хоёрын бурханлаг Хүү гэдгийг ойлгох нь яагаад чухал болох талаар сонсохыг суралцагчдаас хүс.

Зураг
Ахлагч Жэймс Э.Талмэйж

“Мариагаас төрөх байсан хүүхэд нь Элохим, Мөнхийн Эцэгийн төрсөн хүүхэд юм. … Түүний шинж чанарт Бурхан Тэргүүтэний хүч чадал нь мөнх бус биеийн чадавх, боломжуудтай нэгдэх байсан. … Хүү Есүс нь Өөрийн эцэг эхийн—нэг талаас үхэшгүй, алдар суут Бурханы, нөгөө талаас жирийн хүн болох эмэгтэйн биеийн болон оюун санааны мөн сүнслэг шинж чанар, хандлага, хүч чадал зэрэг онцлох шинж чанаруудыг нь өвлөх байлаа” (Jesus the Christ, 3 дахь хэвлэл [1916 он], 81).

  • Есүс Христ Өөрийн Эцэгээс ямар ямар шинж чанарыг өвлөж авсан бэ? Тэр Өөрийн эхээс ямар ямар шинж чанарыг өвлөж авсан бэ?

Есүс үхэшгүй Эцэг ба мөнх бус эхийн Хүү байсан болохоор хэрвээ хүсэх юм бол мөнхөд амьдрах чадвар мөн үхэх чадавх ч бас байсан гэдгийг тайлбарла. Энэ бурханлаг шинж чанар нь Түүнийг бидний нүглийн төлөө зовж, загалмай дээр үхэж мөн амилуулагдахад онцгойлон бэлтгэгджээ.

Матай 2:1–12

Мэргэн хүмүүс Есүс рүү хөтлөгдсөн нь

Зураг
Боолттой гурван хайрцаг

Самбарын өмнө боолттой 3 бэлэг тавь эсвэл самбар дээр 3 бэлэгний зураг зур.

  • Аврагчийг төрсний дараа хэн Түүнд бэлэг авчирсан бэ?

Матайн сайн мэдээ нь мэргэн хүмүүсийн түүхийг агуулдаг цорын ганц сайн мэдээний ном гэдгийг тайлбарла. Дараах асуултуудыг бичсэн тараах материалыг тараа эсвэл хичээл эхлэхээс өмнө самбар дээр асуултуудыг бич: Суралцагчдад асуултуудыг уншин, хариултаа бичих цөөн минут гаргаж өг.

Зураг
тараах материал, мэргэн хүмүүс

Мэргэн хүмүүсийн талаар та нар хэр их мэдэх вэ?

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—6-р хичээл

  1. Мэргэн хүмүүс Мессиа төрсөн байсныг яаж мэдсэн бэ?

  2. Мэргэн хүмүүс яагаад Мессиаг олохыг хүссэн бэ?

  3. Ахлах тахилчид болон хуулийн багш нар Мессиа хаана төрсөн байсныг хэрхэн мэдсэн бэ?

  4. Херод Есүсийг олсны дараа юу хийхийг мэргэн хүмүүсээс хүссэн бэ?

  5. Мэргэн хүмүүс оронд нь юу хийсэн бэ?

Хангалттай цаг гаргаж өгснийхөө дараа суралцагчдаас Maтай 2:1–12-ыг дотроо уншаад, дээрх асуултуудын хариултыг олж мэдэхийг хүс.

Цөөн суралцагчийг мэргэн хүмүүсийн талаар шинээр мэдсэн зүйлээ хуваалцахад урь. 11 ба 16-р шүлгүүд дэх тайлбар нь мэргэн хүмүүс уг ариун гэр бүл тийш удирдагдах үед Есүсийн төрснөөс хойш хоёр шахам жил өнгөрсөн байсан байж болзошгүйг сануулдаг. Мэргэн хүмүүс Есүсийг тэвшинд биш, гэртээ байхад нь олдог бөгөөд Тэр “нялх хүүхэд” биш “жаахан хүүхэд” байсан.) Мессиаг олсныхоо дараа мэргэн хүмүүсийг ирж мэдэгдэхийг Херодын хүссэн шалтгаан нь тэрээр Түүнийг алж болохын тулд байсан гэдгийг онцлон хэл (Матай 2:13-ыг үзнэ үү).

  • Мэргэн хүмүүс Мессиаг хаанаас олохоо хэрхэн мэдсэн бэ?

  • Бид Аврагчийг хайж байгаа мэргэн хүмүүсийн жишээнээс юу мэдэж авч болох вэ? (Суралцагчдын хариулт янз бүр байж болох ч тэднийг Бид Аврагчийг чин сэтгэлээсээ шаргуу хайх юм бол Түүн рүү удирдагдах болно гэсэн зарчмыг тодорхойлоход тусал.)

  • Бид Аврагчийг хэрхэн шаргуу хайж болох вэ?

  • Мэргэн хүмүүс Аврагчийг олоод, юу хийсэн бэ? Яагаад? (Аврагчид бэлэг өгсний нэг шалтгаан нь Түүнийг шүтэн биширснийх юм.)

  • Бид Аврагчид бэлэг өгч байгаа мэргэн хүмүүсийн жишээнээс юу мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Аврагчид утга учиртай бэлгүүдийг өгснөөр Түүнийг шүтэн биширч чадна гэсэн үнэнийг тогтоох ёстой.)

Бид Аврагчид хэрхэн утга учиртай бэлгүүдийг өгч болох талаар ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Эрт үед хүмүүс Их Эзэнийг шүтэн биширч, түүнээс адислал авахыг хүсэхдээ ихэвчлэн бэлэг авчирдаг байжээ. …

“Та нарт болон та нарын амьдралд бохир юм уу зохисгүй зүйл байна уу? Та нар үүнээсээ салбал энэ нь Аврагчид барих бэлэг юм. Амьдралд тань дутагдаад байгаа сайн дадал хэвшил юм уу шинж чанар байна уу? Та нар түүнийг хэвшүүлэн, зан чанарынхаа нэг хэсэг болгох үедээ Их Эзэнд бэлэг барьж байдаг. Заримдаа энэ нь хийхэд хэцүү, гэхдээ та нарын наманчлалын болон дуулгавартай байдлын бэлэг нь чамаас ямар ч үнэ цэнтэй зүйл гараагүй байхад зохистой бэлэг байж чадах уу?” (“When Thou Art Converted,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 12).

  • Бид утга учиртай бэлэг болгон Аврагчид юу өргөж болох вэ?

Суралцагчдыг ахлагч Кристоффэрсоны үгийг тунгаан бодоод, Аврагчид ямар бэлэг өргөх хэрэгтэй гэж бодож байгаа талаараа тунгаан бодоход урь. Санаагаа бичих жижиг цаасыг тэдэнд тарааж өг. Тэднийг эдгээр бэлгээ Есүс Христэд хэрхэн өгөх талаар төлөвлөхөд урь.

Матай 2:13–23

Иосеф, Мариа хоёр Есүстэй хамт Египет рүү зугтсан нь

Maтай 2:13–23-т цэдэглэснээр, Херод мэргэн хүмүүс Мессиа хаана байгааг хэлэлгүй “нутгийн зүг одсоныг” мэдээд уурласан болохыг тайлбарла (Maтай 2:12). Тэр Мессиаг алах болно гэж найдан, Бетлехем дэх болон эргэн тойрны нутгуудын хоёр хүртэлх насны хүүхдүүдийг алахыг тушаав.

Матай 2:13–14-ийг чанга унш. Суралцагчдыг дагаж уншаад, Иосеф өөрийн гэр бүлийг аюулгүй байлгахын тулд юу хийхээ хэрхэн мэдсэн болохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Иосеф, Мариа хоёр Есүсийг хаашаа авч явсан бэ?

Матай 2:15–23-ыг дүгнэн, Иосеф, Мариа, Есүс гурав Херодыг үхэх хүртэл Египетэд үлдсэн болохыг тайлбарла. Бурхан Иосефын зүүдэнд гэр бүлээ Израиль руу буцаан аваачихыг зааварчилсан ба тэд Назар хотод суурьшжээ.

  • Иосефын сүнслэг байдлын мэдрэмж бусдын амьдралыг хэрхэн адисалсан бэ?

  • Бид Иосефоос ямар зарчим сурч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч тэд Хэрвээ бид Сүнсэнд мэдрэмтгий байх аваас илчлэлт ба удирдамж хүлээн авч чадна гэсэн зарчмыг тогтоох ёстой.)

Тэд сүнсэнд илүү мэдрэмтгий болохын тулд юу хийж чадах талаар тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэднийг хүлээн авсан сүнсний өдөөлт бүрийнхээ дагуу үйлдэх зорилго тавихад урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Maтай 1:1–17 Есүсийн удмын бичиг

“Есүс Иосефын хүү биш байсан, гэхдээ Иосефын удмын бичиг нь үнэн хэрэгтээ Мариагийн удмын бичиг юм, учир нь тэд үеэлүүд байжээ. Есүс ээж Мариагаасаа Давидын цусыг дамжуулан авсан ба тэгснээр Давидын сэнтийг залгамжлах эрхийг авчээ. Есүс хааны удамд төрсөн бөгөөд ахлагч Жэймс Э.Талмэйжийн тайлбарласнаар ‘Иудей нь эрхийн дагуу өв залгамжлагчаар хаанчлагдсан, тусгаар тогтносон, чөлөөт улс үндэстэн байсан бол, модны дархан Иосеф титэмлэгдсэн хаан байх байсан бөгөөд түүний сэнтийн эрх бүхий өв залгамжлагч нь Назарын Есүс, иудейчүүдийн Хаан байх байсан юм’ [Jesus the Christ, 3 дахь хэвлэл (1916), 87; бас Jesus the Christ, 83–86, 89–90-ийг үзнэ үү; Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3 боть, (1965–1973), 1:94–95]” (The Life and Teachings of Jesus and His Apostles, 2 дахь хэвлэл, [Church Educational System manual, 1979], 22).

Maтай 1:18. “Мариа Иосефтой сүй тавьсан байв”

Эртний Израильд залуу эрэгтэй, залуу эмэгтэй хоёрын гэрлэлтийг урьдаас, уг гэр бүлүүдийн тэргүүлэгч нь, ихэвчлэн аавууд нь төлөвлөн, тохиролцдог байжээ. Эхнэр болох залуу эмэгтэйг хүргэний аав нь эсвэл гэр бүлийн тэргүүлэгч нь олж тогтоосны дараа гэрээ хийж эхэлдэг байсан байна. Тэд “бэрийн үнэ цэн”-ийн хэмжээг тохирдог байсан ба эсрэгээр нь хүргэний эцэг юм уу гэр бүлийн тэргүүлэгч бэрийн гэр бүлд төлдөг байв. Нэгэнт гэрлэлтийг тохиролцсоны дараа гэрлэлт нь хоёр үе шат буюу сүй тавих (богтлол гэж бас нэрлэгдэх; Матай 1:18-ыг үзнэ үү) ба гэрлэх ёслолоос бүрддэг байжээ.

Сүй тавих нь хуулийн хувьд ч мөн шашны хувьд ч гэрлэх ёслолоос илүү чухал ач холбогдолтой бөгөөд гэрлэх ёслолын дараа хос хоёр хамтдаа амьдарч эхэлдэг байсан. Сүй тавилтыг чанд гэрээний эцсийн шат гэж үздэг байжээ. Энэ нь Бурханаас эмээгч талуудын хооронд эрхэмлэн хүндлэх гэрээний хүчийг агуулдаг байв (Эхлэл 2:24; Eзекиел 16:8; Eфес 5:21–33-ыг үзнэ үү). Хэдийгээр сүй тавьсан хосуудыг хуулийн дагуу эхнэр, нөхөр гэж үздэг байсан хэдий ч (Дэд хууль 22:23–24-ийг үзнэ үү), сүй тавьснаас хойш гэрлэх ёслол болтол, ариун явдлын чанд заалтыг дагадаг байв (Maтай 1:18, 25-ыг үзнэ үү).

Матай 1:18–25. Иосефын сүнслэг мэдрэмтгий байдал

“Мариа хөл хүндтэй болсныг, бас өөрөө аав нь биш гэдгийг мэдэж байсан учраас Иосефт хэд хэдэн сонголт байв. Нэгдүгээрт, тэр Мариагаас олон түмний өмнө салж, бүр ял хүлээлгэхэд хүргэж болох байсан. Яагаад гэвэл хүмүүс Мариаг завхай байдлын гэмтэй гэж үзэх байсан ба энэ нь Мосегийн хуулийн дагуу үхлийн шийтгэл хүлээх гэмт хэрэг байв (Левит 20:10; Иохан 8:5-ыг үзнэ үү). Хоёрдугаарт, Иосеф хоёр гэрчийн өмнө Мариатай тавьсан сүйгээ нууцаар цуцалж болох байв. Гуравдугаарт, тэр түүнтэй гэрлэн, цааш үргэлжлүүлэн амьдрах байв. Иосеф сүйн гэрээгээ чимээгүй цуцлуулаад, Мариад нигүүлсэл үзүүлэх гэж байлаа (Maтай 1:19-ийг үзнэ үү). Гэсэн хэдий ч, тэнгэр элч Мариагийн хүүхэд нь Бурханы Хүү гэж батлан хэлсний дараа тэр түүнтэй гэрлэхээр шийдэв. Гэхдээ ийн гэрлэх нь түүнийг олон түмэнд шившиг доог болгох байжээ (Maтай 1:20–25; Лук 3:23; Иохан 8:41-ийг үзнэ үү).

“Хожим нь Далын гишүүн болсон Жэралд Н.Ланд, Иосефын үзэгдлүүд ба сүнсний мэдрэмтгий байдлын талаар ярихдаа ‘Матай бидэнд Иосефыг Давид хааны удам байсан, тэр зөв шударга бодолтой хүн байсан гэж, бас зүүдэнд нь тэнгэр элч Есүсийн хэн болохыг хэлсэн ба тэр дуулгавартай байж, Есүст аврагч гэдэг утгатай нэрийг өгсөн гэж хэлдэг. (Мат. 1-ийг үзнэ үү.) Тэрээр Мариаг Бетлехем рүү авч явсан бөгөөд тэнд Есүс төрснийг бид мэднэ. (Лук 2:4–6-г үзнэ үү.) Хоёр жил орчмын дараа Иосеф зүүдэндээ сэрэмжлүүлэгдсэнийхээ дараа Херодоос зугтахаар гэр бүлээ аван, Египет рүү явжээ. Түүнийг Египетэд байхад зүүдэнд нь дахин буцаж яв гэж хэлсэн бөгөөд өөр нэгэн зүүд нь Галил руу яв гэж хэлжээ. (Maт. 2:13–15, 19–22-ыг үзнэ үү.) Бурханаас дөрвөн зүүд ирсэн! Иосеф үзэгдэл үзэгч, сүнсэнд мэдрэмтгий хүн байсан нь гарцаагүй’ (Jesus Christ, Key to the Plan of Salvation [1991], 51–52) гэжээ” (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 13–14).