35-р хичээл
Марк 2–3
Оршил
Есүс саа өвчтөнг өршөөн, эдгээж мөн Матайг Өөрийг нь дагахад урив. Тэрээр Хүндэтгэлийн өдрийн талаар хуулийн багш нар, фарисайчуудад заав. Аврагч олон хүнийг үргэлжлүүлэн эдгээж, Өөрийнхөө төлөөлөгчдийг номлуулахаар илгээн, Ариун Сүнсний эсрэг доромжлохгүй байхыг сэрэмжлүүлжээ.
Заах зөвлөмж
Марк 2:1–12
Есүс саа өвчтөнг өршөөн, эдгээв
Суралцагчдыг тэдний хайртай хэн нэгэн хүн тусгай эмчилгээ шаарддаг үхлийн аюултай бие махбодын өвчин зовлонгийн улмаас зовж байна гэж төсөөлөхөд урь.
-
Та хайртай хүндээ туслахын тулд хэнийг хайх вэ? Яагаад?
-
Хэрэв ганцхан эмч л тусалж чадах бөгөөд тэр эмчид үзүүлэхээр цаг авахад маш хэцүү байвал та нар юу хийхэд бэлэн байх вэ?
Галилын Капернаум хотод “саа өвчтэй” (3-р шүлэг) буюу мэдээ алддаг өвчнөөр өвдсөн нэгэн хүн байсан гэдгийг тайлбарлан, Марк 2:1–4-ийг нэгтгэн дүгнэ. Дөрвөн эрэгтэй түүнийг Есүсийн байсан байшин руу авч явжээ. Тэд байшинд маш их хүн байсан учраас орж чадахгүйгээ мэдээд, байшингийн дээврийн нэг хэсгийг хуулж, нүх гаргаад, саа өвчтэй хүнийг доош Аврагчийн дэргэд буулгажээ.
Нэг суралцагчаас Марк 2:5-ыг чанга уншихыг хүсээд, ангийнхныг Есүсийн саа өвчтэй хүнд юу гэж хэлснийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Цөөн суралцагчийг Марк 2:6–12-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, дараа нь юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.
-
6–7-р шүлэгт цэдэглэснээр, “хуулийн багш нарын зарим нь” Аврагчийн үгэнд хэрхэн хандсан бэ? (Тэд Түүнийг нүглийн өршөөлийг тунхагласны учир уурлажээ.)
-
Есүс хуулийн багш нараас юу гэж асуусан бэ?
-
Аврагч энэ хүнийг эдгээснээр юуг харуулж мөн заасан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа Есүс Христэд биднийг бие махбодын болон сүнсний хувьд эдгээх хүч байдаг гэсэн үнэнийг тодорхойлоход тэдэнд тусал.)
Хуулийн багш нар саа өвчтэй хүнийг дэвсгэрээсээ босон, алхахыг хараад, Есүс Христэд өвчтөнг эдгээх хүч байдаг гэдэг няцаашгүй нотолгоог харсан бөгөөд нүглийг өршөөж чадна гэж гэрчлэхийг нь сонсжээ. Гэхдээ тэр хүмүүс дараа нь Есүс дээр очоод, нүглүүдийнхээ өршөөлийг эрэлхийлсэн эсэх талаарх мэдээлэл байдаггүй.
(Тэмдэглэл: Марк 2:1–12-т цэдэглэгдсэн үйл явдлуудыг Лук 5-ыг судлах хичээл дээр илүү дэлгэрэнгүй ярилцах болно.)
Марк 2:13–22
Есүс Матайг Өөрийг нь дагахад урьж, татвар хураагч, нүгэлтнүүдтэй хамт хооллов
Суралцагчдыг хос болгон хуваарилаад, хос бүрд цаас өг. Суралцагчдыг дараах асуултыг хамтрагчтайгаа ярилцаад, цаасан дээр хариултуудаа жагсааж бичихэд урь.
-
Хүмүүс нүглийнхээ төлөө Их Эзэнээс уучлалыг гуйхыг эрэлхийлдэггүй ямар ямар шалтгаан байдаг вэ?
Цөөн суралцагчаас, зарим хүн нүгэл үйлдэхээ болихгүй байхыг хүсэж болно; зарим хүн бардамнасан эсвэл ичсэнээсээ болоод нүглээ хүлээн зөвшөөрөхгүй мөн хүлээхгүй байж болно; бусад нь наманчлаагүй байсан ч Их Эзэн өршөөнө гэж найдаж байж болно; зарим нь Их Эзэнд өршөөх хүч байдагт итгэдэг боловч тэдний тодорхой нүглүүдийг өршөөнө гэдэгт итгэх итгэлээр дутаж болно гэх мэт санааг агуулж болох хариултуудыг хэлэхэд урь.
Суралцагчдыг Их Эзэний өршөөлийг эрэлхийлэхэд биднийг урамшуулах үнэнүүдийг Марк 2:13–22-оос олж мэдэхэд урь.
Нэг суралцагчийг Марк 2:13–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч саа өвчтэй хүнийг эдгээснийхээ дараа юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
Аврагч энэ хүнийг эдгээснийхээ дараа юу хийсэн бэ?
-
Леви Аврагчийн урилгад хэрхэн хариулсан бэ?
Леви Матай гэдэг нэрээр дуудагддаг байсан бөгөөд Матайн сайн мэдээг бичсэн тэр Матай мөн гэдгийг тайлбарла. “Татварын газар сууж байхыг” (14-р шүлэг) гэдэг нь Матай татвар хураагч байсан ба “Капернаумд … татвар хураагч байсан … Херод Антипын үйлчлэлд байсан байх магадлалтай” (Bible Dictionary, “Matthew”) гэсэн үг юм. Ромчуудын төлөө өөрсдийнхөө хүмүүсээс мөнгө авдаг татвар хураагчдыг олон иудей хүн урвагчид гэж үздэг байсан учраас тэднийг үзэн яддаг байжээ.
-
15-р шүлэгт цэдэглэснээр, Матай Аврагч ба Түүний шавь нарын төлөө юу хийсэн бэ?
-
Өөр хэн тэдэнтэй хамт хооллосон бэ?
Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын үед хамт хооллоно гэдэг нь зүгээр л хамтдаа идэж, уухаас илүү утга учиртай байсан гэдгийг тайлбарла. Энэ нь хамт хооллож буй хүмүүсийн нөхөрлөл, эв найрамдлын холбоог илэрхийлдэг байсан.
Нэг суралцагчийг Марк 2:16-г чанга уншихад уриад, ангийнхнаас хуулийн багш нар, фарисайчууд Аврагчийг татвар хураагчидтай хооллож байгааг хараад хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.
-
Хуулийн багш нар ба фарисайчууд юу гэж хэлсэн бэ?
-
Тэд яагаад Есүсийг татвар хураагчид ба нүгэлтнүүдтэй хамт хооллосных нь төлөө шүүмжилсэн гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчаас Марк 2:17-г чанга уншихыг мөн ангийнхнаас хуулийн багш нар ба фарисайчуудын шүүмжлэлд өгсөн Аврагчийн хариултыг олж мэдэхийг хүс.
-
Аврагч Өөрийгөө дүрсэлж хэлэхдээ ямар үг хэрэглэсэн бэ? (Аврагч эмч гэдэг үгийг хэрэглэснээр сүнс, бие махбод хоёуланг нь эдгээж чадах Өөрийн хүчийг дахин баталсан гэдгийг онцол.)
-
Аврагчийн хариулт татвар хураагчид, нүгэлтнүүдтэй хамт хооллосных нь шалтгааныг ойлгоход хуулийн багш нарт болон фарисайчуудад хэрхэн тусалж болох вэ?
-
Бид 17-р шүлгээс Аврагч бидний нүгэлд хэрхэн ханддаг тухай ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Аврагч бидэнд нүглээ наманчилж, эдгэрэхэд туслахыг хүсдэг гэсэн үнэнийг самбар дээр бич.)
-
Есүс Христ бидэнд наманчилж, эдгэрэхэд туслахыг хүсдэг гэдэгт итгэх нь яагаад чухал вэ?
Нэг суралцагчийг Далын ахлагч Крэг А.Кардоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Их Эзэн бидэнд хайртай бөгөөд биднийг өршөөх Түүний хүслийг ойлгоосой хэмээн хүсдэг. …
Их Эзэн бидний зөв шударга хүчин чармайлтыг ойлгож, наманчлал бүрэн гүйцэд болсон цагт … хайраар өршөөх болно гэдгийг бид бүхэн мэдэж болно. Үүнд мансууруулах бодис, порнограф зэрэг донтуулагч зуршлаасаа салах гэж зүдэрч яваа хүмүүс болон тэдэнтэй ойр байдаг хүмүүс багтана” (“Аврагч өршөөхийг хүсдэг,” Ensign, эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 17).
-
Их Эзэн бидэнд наманчилж, Түүний өршөөлийг хүлээн авахад туслахыг хүсдэг гэдгийг бид хэрхэн мэдэж болох вэ?
Суралцагчдыг өөрсдийгөө (Аврагч өөрсдөд нь хэрэгтэй байгааг мэдэж, Түүнд ирсэн) татвар хураагчид ба нүгэлтнүүдтэй адилхан байна уу эсвэл (Аврагчийн өршөөл, эдгээх хүчийг эрэлхийлэхээр Түүнд ирээгүй) хуулийн багш нар ба фарисайчуудтай адилхан байна уу гэдгээ тунгаан бодоход урь.
Аврагчийн биднийг эдгээх хүч, хүсэл эрмэлзлийн талаар гэрчилж, суралцагчдыг шаардлагатай үед наманчлалаар дамжуулан Түүний өршөөлийг эрэлхийлж байхад урамшуулан дэмж.
Есүс яагаад шавь нар нь Өөртэй нь хамт байх үедээ мацаг бариагүй талаар заасан гэдгийг тайлбарлан, Марк 2:18–22-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр мөн яагаад зарим хүнд Түүний сайн мэдээг хүлээн авахад хэцүү байдаг тухай заасан. (Тэмдэглэл: Эдгээр сургаалыг Лук 5-ыг судлах хичээл дээр илүү гүнзгий заах болно.)
Марк 2:23–3:6-г үзнэ үү
Есүс Хүндэтгэлийн өдрийн тухай заав
Суралцагчдаас Хүндэтгэлийн өдрийг ариун байлгахын тулд ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй байхыг сонгож байсан эсэхийг асуу. Цөөн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь.
Та нар Хүндэтгэлийн өдөр ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох нь тохиромжтой эсэхийг хэрхэн мэдэх вэ? гэсэн асуултыг самбар дээр бичээд, суралцагчдыг Марк 2–3-аас үргэлжлүүлэн суралцахдаа энэ асуултыг тунгаан бодоход урь.
Ангийнхныг хоёр хэсэгт хуваарил. Нэг хэсгийг Марк 2:23–28-ыг дотроо уншихад урь. (Эдгээр суралцагчийг мөн Иосеф Смитийн Орчуулга, Марк 2:26–27-г [Судруудын удирдамж] уншихад урамшуулан дэмж). Нөгөө хэсгээс Марк 3:1–6-г дотроо уншихыг хүс. Аврагч болон Түүний шавь нар садукайчуудын Хүндэтгэлийн өдрийг ариун байлгах зарлигийг зөрчиж байна гэж үзсэн юуг хийсэн болохыг олж мэдэхийг суралцагчдад зааварла.
Хангалттай хугацаа өнгөрсний дараа дараах асуултуудыг тавь. Үүнд:
-
Аврагч болон Түүний шавь нар Хүндэтгэлийн өдөр юуг хийх ёсгүй байсан гэж фарисайчууд үзсэн бэ? (Тариан түрүүг шувтран авах мөн хэн нэгнийг эдгээх ёсгүй.)
-
Фарисайчууд яагаад тариан түрүүг шувтран авах эсвэл хэн нэгнийг эдгээх нь Бурханы хуулийг зөрчиж байна гэж үзсэн бэ?
Хэрэв шаардлагатай бол иудейчүүдийн багш нар өөрсдөө Мосегийн хуулинд аман хууль эсвэл уламжлал гэж нэрлэгддэг байсан дүрэм журам, тайлбаруудыг нэмсэн гэдгийг суралцагчдад сануул. Эдгээр дүрэм журам нь Бурханы хуулийг зөрчихөөс сэрэмжлүүлэх зорилготой байсан боловч зарим хүнд Хүндэтгэлийн өдрийг ариун байлгах зэрэг тодорхой зарлигуудын жинхэнэ зорилгыг ойлгоход саад болж байсан.
Бид …-ээр Хүндэтгэлийн өдрийг ариун байлгаж чадна гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.
-
Та нар Марк 2–3 дахь Аврагчийн сургаалууд дээр үндэслэн энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичих вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Бид Бурханыг алдаршуулж, сайн зүйлс хийснээр Хүндэтгэлийн өдрийг ариун байлгаж чадна гэсэн дараах үнэнийг илэрхийлэхийн тулд самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж бич.)
-
Бид ямар ямар арга замаар Бурханы ариун өдөр Бурханыг алдаршуулах вэ?
-
Хүндэтгэлийн өдөр сайн зүйлс хийж болох ямар ямар жишээ байдаг вэ?
Суралцагчдад Хүндэтгэлийн өдөр хийхэд тохиромжтой үйл ажиллагаануудыг олж тодорхойлоход туслахын тулд нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс.
“Хүндэтгэлийн өдөр хийхийг зөвшөөрдөг, зөвшөөрдөггүй зүйлсийн удирдамж хаана байдаг вэ? Удирдамжуудыг харгалзан үзэж, бид бүгд энэ асуултад өөрсдөдөө хариулах ёстой. Эдгээр удирдамж нь судруудад болон өнөө үеийн бошиглогчдын үгсэд агуулагддаг хэдий ч тэдгээр нь бидний зүрх сэтгэлд сийлэгдэн, бидний ухамсраар зохицуулагдах ёстой. … Хэрэв бид Их Эзэний өмнө даруухнаар ирж мөн бүх зүрх сэтгэл, бодгаль, оюун санаагаа түүнд өргөвөл Хүндэтгэлийн өдрийн шүтлэг бишрэлийг ноцтой байдлаар зөрчинө гэж бараг л байхгүй. (Матай 22:37-г үзнэ үү.)
Бид бүгд Их Эзэнд шударга байхыг хичээн, Хүндэтгэлийн өдөр юу зохистой эсвэл юу нь зохисгүй болохыг өөрсдөө шүүн тунгаах ёстой. Бид Хүндэтгэлийн өдөр хийх ёстой мөн хийх хэрэгтэй зүйлсээ шүтэн биширсэн байдалтайгаар хийж, бусад үйл ажиллагааг хязгаарлах хэрэгтэй” (“The Lord’s Day,” Ensign, 1991 оны 11-р сар, 35).
-
Та нар Хүндэтгэлийн өдөр Бурханыг шүтэн биширч, сайн зүйл хийхийг хичээснээрээ адислагдаж байгаагаа хэрхэн мэдэрч байсан бэ?
Суралцагчдыг Хүндэтгэлийн өдрийг илүү ариун байлгаж чадах нэг арга замыг тунгаан бодож, хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ үүнийгээ үйлдэх зорилго болгон бичихэд урамшуулан дэмж.
Марк 3:7–35
Есүс олон хүнийг эдгээж мөн төлөөлөгчдөө номлуулахаар илгээн, хүмүүст доромжлолын нүглийн талаар сэрэмжлүүлэв
Есүс Галилын тэнгис рүү явж, Түүнийг дагаж байсан олон хүнийг эдгээсэн ба тэдний дунд цэвэр бус сүнстэй хүмүүс бас байсан гэдгийг тайлбарлан, Марк 3:7–35-г нэгтгэн дүгнэ. Есүс арванхоёр төлөөлөгчийг сонгосныхоо дараа тэднийг томилж, номлол айлдуулан, хүмүүсийг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулахаар илгээжээ. Тэрээр хуулийн багш нарт Ариун Сүнсийг доромжлох нүглийг сэрэмжлүүлж, Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг хүмүүс Эцэгийн гэр бүлийнхэн болдог гэж заажээ.
(Тэмдэглэл: Марк 3:7–35-д цэдэглэгдсэн зарим үйл явдлыг Матай 12:22–35-ыг судлах хичээлд илүү гүнзгий тайлбарласан болно.)
Та энэ хичээлээр олж тогтоосон үнэнүүдийн тухай гэрчилж, хичээлээ дуусгаж болно.