Номын сан
61-р хичээл: Иохан 2


61-р хичээл

Иохан 2

Оршил

Кана хотод Аврагч усыг дарс болгосноор Өөрийн дэлхий дээрх тохинууллын олон түмний өмнө хийсэн анхныхаа гайхамшгийг үйлдсэн. Есүс Христ Дээгүүр өнгөрөх баяраар Иерусалим руу очив. Түүний Эцэгийн өргөөг гутааж байсан мөнгө солигчдыг сүмээс хөөн зайлуулж, Тэр сүмийг цэвэршүүлсэн.

Заах зөвлөмж

Иохан 2:1–11

Есүс усыг дарс болгон хувиргасан

Суралцагчдыг өөрсдийнх нь амьдралд тохиолдож байсан “анхны” үйл явдлууд болох тэдний сургуульд явж эхэлсэн болон ажилд орсон анхны өдөр, Ариун Сүнсийг анх удаа мэдэрснээ санах гэх мэт үйл явдлыг дурсан санахад урь.

  • Бид яагаад өөрсдийн амьдралд тохиолдсон эдгээр болон бусад “анхны” үйл явдалд чухал ач холбогдол өгдөг вэ?

Суралцагчдад Иохан 2:1–11-ийг судалж байхдаа Есүсийн дэлхий дээрх тохинууллын явцад үйлдсэн, анхны цэдэглэгдсэн гайхамшгийн талаар суралцах болно гэдгийг тайлбарла. Уг анхны цэдэглэгдсэн гайхамшиг яагаад чухал болохыг олж мэдэхэд суралцагчдыг урь.

Есүс баптисм хүртсэнийхээ дараа удалгүй шавь нартайгаа Өөрийн төрсөн Назар хотын дэргэд орших Кана тосгонд нэгэн хуримын зоогонд оролцсон гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Иохан 2:1–3-ыг чанга уншихад урьж, ангийнхнаас хуримын зоогийн үед ямар асуудал үүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Хуримын зоогийн үед ямар асуудал үүссэн бэ?

Дарс бол хуриманд заавал байх ёстой уламжлалт ундаа байсан гэдгийг тайлбарла. Зарим үед хуримын найр нь олон хоногоор үргэлжилдэг байсан. Дарс дуусвал, найрын эзний хувьд ичгүүртэй явдал болох байв. Ээж Мариа нь энэ хуримын зоогонд тодорхой хариуцлага хүлээж байсан бололтой, дарс дуусахад тэр Хүүдээ хандан, гэрийн эздийг эвгүй байдалд орохоос аврахын тулд Түүнээс тусламж хүссэн. Есүсийн хариу нь хуриман дээр эхийнхээ тусламжинд хүндэтгэлтэй, нигүүлсэнгүй хандсаныг харуулж байна.

Нэг суралцагчийг Иохан 2:4 болон зүүлт тайлбар a дахь Иосеф Смитийн Орчуулгыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс эхдээ юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.

  • Есүс эхдээ хариулахдаа юу гэж хэлсэн бэ?

  • Есүсийн хариулт нь Түүний эхийгээ хүндэтгэж байгааг хэрхэн харуулж байна вэ? (Есүс эхээсээ Өөрөөс нь юу хийхийг хүсэж байгааг асуух төдийгүй, хийж өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Та Есүсийн үед “эмэгтэй” гэх нь эхдээ хандах хүндэтгэлтэй үг байсан гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болох юм.)

  • Есүс “Миний цаг хараахан болоогүй байна” гэж хэлэхдээ юуны тухай ярьсан бэ?

Нэг суралцагчийг Иохан 2:5-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Мариа зарц нарт хандан юу хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Мариагийн зарц нарт өгсөн зааварчилгаа нь түүний Есүст итгэдэг итгэлийнх нь талаар бидэнд юу зааж байна вэ?

Нэг суралцагчийг Иохан 2:6–7-г чанга уншихад уриад, ангийнхнаас Есүс зарц нарт юу хийхийг зааварчилгаа болгосныг олж мэдэхийг хүс.

  • Есүс зарц нарт юу хийхийг зааварласан бэ?

Есүсийн үед усны торхнуудыг чулуугаар хийдэг байсан бөгөөд шашны ёслолуудад ашиглахад илүү цэвэр хэмээн үздэг байсан гэдгийг тайлбарла. Иудейчүүдийн хувьд хоол идэхийнхээ өмнө ийм торхонд хадгалсан усаар гараа угааж, өөрсдийгөө ариусгах ёслол үйлддэг уламжлалтай байжээ.

Зураг
Шохойн чулуун торх

Шинэ Гэрээний үеийн Израиль дахь шохойн чулуун торхнууд

  • Зарц нар усны торхнуудыг хэр зэрэг дүүргэсэн бэ?

Усны торхнуудад хэр их хэмжээний ус хийж болохыг суралцагчдад ойлгуулахын тулд нэг галлон (эсвэл нэг литр) шингэн хийж болох хоосон савыг үзүүл. Нэг “метретас” гэдэг нь есөн галлонтой (буюу 34 литр) тэнцэх хэмжээ учраас зургаан торхонд ойролцоогоор 100-аас 160 галлон (эсвэл 380-аас 600 литр орчим) шингэн хийх багтаамжтай гэдгийг суралцагчдад тайлбарла. Тэгээд савыг усаар дүүргэ.

Нэг суралцагчийг Иохан 2:8-ыг чанга уншихад урьж, ангийнхнаас Есүс дараа нь зарц нарт юу хийхийг зааварласныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Суралцагчдыг хуваалцаж байх үед усны савнаас аягаар утгаж аваад, аягыг дээш өргө.

  • Хэрэв та зарц нарын нэг байсан бол аягыг найрын ахлагч, удирдагчид авчирч өгөхдөө юу гэж бодож эсвэл мэдрэх байсан бэ?

Нэг суралцагчаас Иохан 2:9–10-ыг чанга уншихыг хүсээд, найрын ахлагч өөрт нь барьсан ундааг амсаад юу гэж хэлснийг олж мэдэхэд ангийнхныг урь.

  • Есүс усыг яасан бэ?

  • Найрын ахлагч шинэ дарсны талаар юу гэж хэлсэн бэ? (Хамгийн сайн чанартай дарсыг найрын эхэнд хэрэглээд, чанар багатайг нь найрын сүүл рүү хэрэглэдэг байсан гэдгийг тайлбарла.)

Есүс Өөрийнхөө мөнх бус амьдрал дахь тохинууллын үеэр үзүүлсэн энэхүү анхны гайхамшгийнхаа талаар ямар нэгэн утгыг эсвэл бэлгэ тэмдгийг онцгойлон өгөөгүй гэдгийг тайлбарла. Гэвч бид Есүсийн анхлан цэдэглэгдсэн гайхамшгийн түүхээс олон чухал үнэний талаар суралцаж болно.

Суралцагчдыг хоёр юм уу гурваар нь жижиг бүлгүүд болгон хуваарил. Бүлэг болгоныг цаасан дээр Иохан 2:1–11 дэх хэсгээс суралцаж болох аль болох олон үнэнийг олж бичихэд урь. Хангалттай хугацаа өгсний дараа бүлэг бүрээс нэг суралцагчийг гарч ирээд, өөрсдийн бүлгийн тодорхойлсон үнэнийг ангийнхантай хуваалцахад урь. Бичээч хийх нэг суралцагчийг урь. Хуваалцсан үнэн болгоныг самбар дээр бичихийг бичээчээс хүс. Есүс Христ бодит элементүүдийг захирах хүч чадалтай гэдэг нь суралцагчдын тодорхойлж болох зарим үнэн юм. Аврагч гүйцэтгэх ёстой бурханлаг зорилготой гэдгээ мэдэж байв. Аврагч бурханлаг хүч чадлаа гайхамшгаар дамжуулан үзүүлэв. Бурханы Хүү Өөрийн эхийг хайрлаж, хүндэтгэдэг байсан.

Нэг суралцагчийг Иохан 2:11-ийг чанга уншихад уриад, энэ гайхамшиг нь Есүсийн дагалдагчдад хэрхэн нөлөөлснийг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Энэ гайхамшиг нь Есүсийн дагалдагчдад хэрхэн нөлөөлсөн бэ?

Самбар дээрх суралцагчдын тодорхойлсон үнэний жагсаалтаас Есүс Христ бодит элементүүдийг захирах хүч чадалтай гэсэн үнэнийг дугуйлж тэмдэглэ. (Тэмдэглэл: Хэрвээ суралцагчид энэ үнэнийг жагсаалтад оруулаагүй байгаа бол үүнийг жагсаалтад нэмж оруул.)

  • Есүс Христ бодит элементүүдийг захирах хүч чадалтай гэдгийг ойлгох нь та нарын Есүст итгэх итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?

  • Шинэ Гэрээнээс бидний судалсан өөр ямар түүх Есүс Христ бодит элементүүдийг захирдаг хүч чадалтай гэдгийг харуулдаг вэ? (Хариулт нь талх, загастай холбоотой хоёр гайхамшгийг хамруулсан байж болно. Тухайлбал: [таван мянган хүн хооллосон Марк 6:33–44; дөрвөн мянган хүн хооллосон Марк 8:1–9], шуурга намжаасан [Марк 4:35–41] эсвэл усан дээр алхсан [Матай 14:22–33].)

Иохан 2:12–25

Есүс ариун сүмийг цэвэршүүлсэн

Суралцагчдыг хүүхэд байхдаа гадаа тоглодог байсан тоглоомоо нэрлэхэд урь. Тэднийг хэд хэдэн тоглоомын нэр жагсаасны дараа дараах асуултыг тавь:

  • Хэдийгээр эдгээр тоглоом нь гэм хоргүй, зугаатай боловч та нар эдгээрийг ариун сүмийн талбайд тоглох юм бол сэтгэлдээ амар тайван байж чадах уу?

Суралцагчдыг хос хосоор нь бүлэг болгон хуваарил. Бүлэг бүрийг Иохан 2:12–17-г уншихад урь. Тэднийг унших үед бүлгүүдийг дараах асуултуудын хариултыг олж мэдэн, ярилцахыг хүс (эдгээр асуултыг самбар дээр бич). Үүнд:

  1. Есүс ариун сүмд ямар хүмүүсийг олсон бэ?

  2. Та Есүсийг яагаад бухимдсан гэж бодож байна вэ?

  3. Есүс асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хийсэн бэ?

Хангалттай хугацаа өгсний дараа Есүс ариун сүмийг цэвэрлэсэн нь (Сайн мэдээний зургийн цуглуулга [2009 он], д. 51; мөн LDS.org-оос үзнэ үү) зургийг үзүүлж, зарим бүлгээс хариултаа хуваалцахыг хүс. Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхээр Иерусалимд ирсэн олон мянган зочин гийчин сүсэг бишрэлийнхээ нэг хэсэг болгон ариун сүмд тахил өргөхийн тулд амьтан худалдан авах хэрэгтэй байсан гэдгийг та тайлбарлах хэрэгтэй болж магадгүй. Мөнгө солигчид нь Ромын болон бусад газрын мөнгийг тахилын амьтдыг худалдаж авч болохын тулд ариун сүмийн нэгжээр сольж өгдөг байсан бөгөөд бусад худалдаачин хэрэгцээтэй амьтдыг зардаг байжээ. Ийм арилжаа наймааг хийх шаардлагатай байсан боловч гагцхүү энэ худалдаа наймааг ариун сүмд хийж байгаа нь хүндэтгэлгүй бөгөөд зохисгүй байсан юм.

  • Бид 16-р шүлэг дэх Есүсийн ариун сүмийн талаар өгсөн тайлбараас ариун сүмийн тухай ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид дараахтай төстэй үнэнийг олж тогтоох ёстой: Ариун сүм бол Бурханы өргөө юм.)

  • Ариун сүм ямар байдлаараа Бурханы өргөө байдаг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч ариун сүм нь Бурханы ирж болох газар бөгөөд тэнд Түүний оршихуйг эсвэл Сүнсийг мэдэрч болдог мөн Түүний авралын ажилтай холбоотой ёслолуудыг хийдэг; ариун сүмүүд нь газар дэлхий дээрх шүтлэг бишрэлийн хамгаас ариун газрууд юм зэрэг санааг агуулсан байвал зохино.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ариун сүм нь ариун газар болох тухай Есүсийн ойлголт мөнгө солигчдыг болон худалдаачдыг ариун сүмээс хөөж, зайлуулах шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлсөн тухай сонсохыг суралцагчдаас хүс.

Зураг
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

“Шуурга мэт хилэгнэсний учир нь ‘Миний Эцэгийн өргөөг’ гэсэн гурван үгэнд байлаа. Энэ нь зүгээр нэг барилга байшин байгаагүй бөгөөд энэ нь Бурханы өргөө байсан юм. Үүнийг Бурханыг шүтэж бишрэхийн тулд барьж байгуулсан байсан. Энэ нь бишрэл хүндэтгэлтэй зүрхэнд зориулсан гэр юм. Энэ нь хүмүүсийн зовлон зүдгүүрт тайтгарал өгөх газар бөгөөд тэнгэрийн бодит хаалга үүд байх ёстой байсан. … [Есүсийн] Хамгаас Дээдэд үнэнч байдал нь түүний сүнсэнд гал дүрэлзүүлсэн бөгөөд түүний үгэнд доромжлогчдыг нэвт хатгах хурц хутга мэт хүчийг өгсөн юм” (“Hallowed Be Thy Name,” Ensign, 1977 оны 11-р сар, 53).

  • Есүсийн үйлдлүүд Эцэгийнхээ өргөөнд бишрэл хүндэтгэлтэй ханддаг байсныг хэрхэн харуулж байна вэ?

Бид … -ээр ариун сүмийг биширч хүндэтгэдгээ үзүүлдэг гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.

Суралцагчдыг хоёр юм уу гурваар нь бүлгүүдэд хуваарил. Бүлэг болгоныг дээрх өгүүлбэрийг дуусгах аль болох олон хувилбарыг цаасан дээр бичихэд урь. Нэгээс хоёр минут өнгөрсний дараа нэг бүлгээс жагсаалтаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс. Эхний бүлгийг жагсаалтаа хуваалцаж байхад бусад бүлэг хэрэв тэд өөрсдийнх нь жагсаалтад байгаа зүйлийг дурдсан бол түүний харалдаа тэмдэглэхийг хүс. Дараа нь өөр нэг бүлгийг эхний бүлгийн дурдаагүй зүйлс жагсаалтад нь байвал тэдгээрийг уншихад урь. Уг үйл явцыг бүлэг бүр хуваалцах хүртэл үргэлжлүүл.

  • Бид ариун сүмд ороогүй байгаа үедээ ч гэсэн ариун сүмд бишрэл хүндэтгэлтэй ханддаг гэдгээ хэрхэн үзүүлж болох вэ?

Ариун сүмд бишрэл хүндэтгэлтэй хандахын тулд яагаад чадах бүхнээ хийх ёстой гэж бодож байгаагаа хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг суралцагчдаас хүс. Мөн ариун сүмд бишрэл хүндэтгэлээ үзүүлэх нэг тодорхой зүйл хийх зорилго тавьж, бичихэд суралцагчдыг урь. Тэднийг тэрхүү зорилгынхоо төлөө үйлдэхэд урамшуулан дэмж.

Өнөөдрийн хичээл дээр тодорхойлогдсон зарчмуудын тухай гэрчлэлээ хуваалц.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судрын давтлага

Энэ үйл ажиллагааг төгс эзэмших судрын хэсгүүдийг танилцуулахад эсвэл давтахад хийж болно. Нэлээд хэдэн төгс эзэмших судрын картуудыг сонгож, суралцагчдад тарааж өгөхөд бэлд. (Нэг ижил картыг олон суралцагч авч болохын тулд карт бүрийг олшруулан хувилахад анхаар. Нэг суралцагч хоёр юм уу гурван өөр судрын хэсгээс авсан байхаар тооцож, хангалттай тооны карт бэлдэхийг та хүсэж болох юм.) Суралцагчдад карт тарааж өг. Суралцагчдад картан дээрх төгс эзэмших судрын хэсэг, эшлэл, түлхүүр үгс, хам сэдвийн тайлбар, сургаал эсвэл зарчим, хэрэгжүүлэх санааг судлах цаг гарга. Картан дээрээс зарим тайлбар үгийг чанга унш (Жишээлбэл: Төгс эзэмших судрын хэсгийн үгс эсвэл түлхүүр үгс, хам сэдэв, сургаал эсвэл зарчим, эсвэл хэрэгжүүлэх гэх мэт). Тухайн картыг авсан суралцагчид босож, төгс эзэмших судрын эшлэлийг чанга уншина.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иохан 2:1–11. “Сайн дарс”

“Библид согтууруулах ундаа уух ба согтуурснаас учирч болох нүгэлт хор хөнөөлийн тухай олон эшлэл, заалт байдаг (жишээлбэл, Сургаалт үгс 23:20–21; Исаиа 5:11–12; Ефес 5:18-ыг үзнэ үү). Эдгээр эшлэлд согтууруулах ундаа хэрэглэхийг тусгайлан хориглоогүй боловч хэтрүүлэн хэрэглэх, согтуурах зэргийг буруушаасан байна. Бидний өдрүүдэд Их Эзэн мэргэн ухааны үгийг илчлэлтээр өгч, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон (С ба Г 89:4–7-г үзнэ үү). Бид Их Эзэнээс бидний өдрүүдэд зориулан өгсөн зарлигуудаар өмнөх эрин үеийн хүмүүсийг шүүхээс татгалзах ёстой” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Болосролын Системийн гарын авлага, 2014], 208).

Иохан 2:4. “Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна?”

“Библийн Хаан Жэймсийн хувилбарыг уншвал, Аврагчийн эхдээ хариулсан хариулт нь огцом ширүүн санагдаж болох юм. Гэвч Иосеф Смитийн Орчуулга ба грек хувилбарын аль алинд Түүнийг хүндэтгэлтэйгээр хандаж ярьсныг харуулдаг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйжийн (1862–1933) тайлбарласнаар, “Хүү нь эхдээ хандан хэлэхдээ ашигласан “Эмэгтэй” гэх нэр үг нь бидний чихэнд хүндэтгэлгүй биш юм аа гэхэд эвгүй хатуу сонсогдож магадгүй, гэвч ингэж хандсан нь бүр эсрэг утгыг илэрхийлдэг байлаа. … Түүний зуурдын амьдралын туршлагын хамгийн сүүлчийн аймшигт мөчүүдэд, Христ загалмай дээр өлгөгдөж, үхлийнхээ тэсэхийн аргагүй өвдөлтийг эдэлж байхдаа уйлж буй Мариа эхийгээ олж хараад, түүнийг хайрт шавь Иоханд даатгахдаа “Эмэгтэй, энэ бол таны хүү” хэмээн хэлсэн байдаг. [Иохан 19:26]. Энэхүү чухал мөчид, бидний Их Эзэн тун удалгүй үхлээр салах гэж байгаа эхийнхээ төлөө санаа зовж байсан нь хүндэтгэл, эелдэг зөөлөн харьцаа, хайрыг үзүүлэхээс өөр бодлыг харуулж байсан гэж хэрхэн төсөөлж болох билээ?” (Jesus the Christ, 3 дахь хэвлэл (1916), 144–145).

“Иосеф Смитийн Орчуулга нь Есүс Өөрийнхөө юу хийхийг хүсэж байгааг ээжээсээ асуугаад зогсохгүй, хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг. Тухайлбал: ‘Эмэгтэй, та намайг танд юу хийж өгөхийг хүсч байна вэ? би хийж өгөх болно’ (Иосеф Смитийн Орчуулга, Иохан 2:4 [Иохан 2:4, зүүлт тайлбар a]). ‘Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна?’ гэсэн асуулт нь үнэн хэрэгтээ ‘Би танд юу хийж өгч туслах вэ?’ гэсэн утгатай байлаа. (Иохан 2:4),” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролбн Системийн гарын авлага, 2014], 208).