Номын сан
31-р хичээл: Матай 26:31–75


31-р хичээл

Maтай 26:31–75

Оршил

Есүс Христ Гетсеманий цэцэрлэгт Өөрийн Цагаатгалын нэг хэсэг болгон бүх хүний нүглийг Өөр дээрээ авч эхэлсэн юм. Иудас Есүсийг иудейчүүдийн удирдагчдад барьж өгөв. Есүсийг тэгээд ахлах тахилч Каиафын өмнө хууль бусаар шүүж, Түүнд буруу хэрэг тохоов. Энэ зуур, Петр өөрийг нь Есүс Христийн шавь нарын нэг гэж таньсан хүмүүст Аврагчийг мэддэг гэдгээ гурван удаа үгүйсгэв.

Заах зөвлөмж

Maтай 26:31–46

Есүс Христ Гетсеманий цэцэрлэгт зовж шаналсан

Суралцагчдаас дараах жишээг бодохыг хүс: Нэг залуу эрэгтэйд өсвөр настай байхаас нь бүрэн цагийн номлолд үйлчлэх хэрэгтэй гэж хэлдэг байв. Тэр өсвөр настай байхдаа номлолд үйлчлэх хэрэгтэйгээ мэдэж байсан ч явна гэдгээ шийдэхэд хэцүү байв. Тэр өөр боломжуудыг илүү их сонирхож байсан ба номлолд явах нь эдгээр туршлагыг туулахад өөрт нь саад болно гэж санаа зовж байв.

  • Тэнгэрлэг Эцэгийн залуу эрэгтэй, эмэгтэйчүүдээс хийхийг хүсдэг зүйл нь тэдний өөрсдийнх нь хүсэж байгаа хүслээс ямар ямар нөхцөлд ялгаатай байж болох вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр жагсаан бич.)

  • Тэнгэрлэг Эцэгийн биднээр хийлгэхийг хүсэж байгаа зүйлийг хийх нь яагаад заримдаа хэцүү байж болох вэ?

Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дагахад тэдэнд хэцүү санагдах үед туслах зарчмуудыг Maтай 26:31–46 дээрээс олж мэдэхэд урь.

Maтай 26:1–30-д цэдэглэгдсэнээр, Их Эзэн Дээгүүр өнгөрөх баярын зоогоос хүртэж, ариун ёслолыг танилцуулсан гэдгийг суралцагчдад сануул.

Хэдэн суралцагчийг Матай 26:31–35-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүс Өөрийнх нь төлөөлөгчдөд юу тохиолдоно гэж бошиглосныг олж мэдэхийг хүс.

  • Тэр орой төлөөлөгчдөд нь юу тохиолдоно гэж Есүс хэлсэн бэ?

Энэ сэдэвт бүдрэх гэдэг үг нь унах, холдох эсвэл орхих гэсэн утгатай гэдгийг тайлбарла.

  • Петр болон бусад төлөөлөгч Аврагчийн хэлсэн үгэнд хэрхэн хариулсан бэ?

Нэг суралцагчийг Матай 26:36–38-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Дээгүүр өнгөрөх баярын зоогийн дараа Есүс төлөөлөгчдийн хамт хаашаа явсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Суралцагчдаас Хожмын үеийн гэгээнтнүүдийн Хаан Жэймсийн Библи дээрээс Библийн гэрэл зургууд, д.11, “Чидуны уул,” д. 12, “Гетсеманий цэцэрлэг” зургуудыг гаргахыг хүс. Гетсемани нь Иерусалимын хотын хэрэмний гадна байдаг Чидуны уулан дээрх чидун мод бүхий цэцэрлэг байсан бөгөөд Гетсемани гэдэг нэр нь “тосны шахуурга” гэсэн утгатайг тайлбарла.

Зураг
Чидуны уул

Чидуны уул

Зураг
Гетсеманий цэцэрлэг

Гетсеманий цэцэрлэг

  • 36–38-р шүлгэн дээрх аль үгс Гетсеманий цэцэрлэгт орох үеийн Есүсийн сэтгэл ямархуу байсныг дүрсэлж байна вэ?

Нэг суралцагчийг Матай 26:39-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Есүс цэцэрлэг дотор “жаахан цаашаа” явсны дараа юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • 37–39-р шүлэг дэх аль үгс Есүсийн мэдэрч байсан хэцүү ачаа дарамтыг харуулж байна вэ?

  • Есүс Өөрөөс нь юуг өнгөрүүлээч гэж Эцэгээс гуйсан бэ?

Нэг аягыг өргөн харуул. Аврагч аяга гэж хэлсэн нь Түүний Цагаатгалын нэг хэсэг болгон туулсан гашуун зовлонгийн бэлгэдэл байсан гэдгийг тайлбарла. Гетсеманид Есүс Өөрийн агуу цагаатгах золиослолын нэг хэсэг болгон бүх хүний нүгэл, зовлонг Өөр дээрээ авч эхэлсэн.

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах үгийг чанга уншихад урь. Тэр аягыг Өөрөөс нь холдуулахыг гуйхдаа Эцэгээсээ чухам юу гуйж байсныг дараах байдлаар тайлбарласан.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Их Эзэн ‘Өөр зам байвал, би түүгээр алхмаар байна. Хэрвээ өөр зам, ямар нэгэн зам байх юм бол би үүнийг баяртайяа хүлээн авах болно’ гэсэн юм. … Гэвч эцэст нь, аяга холдуулагдаагүй юм” (“Teaching, Preaching, Healing,” Ensign, 2003 оны 1-р сар, 41).

Та суралцагчдад “гэвч миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” (39-р шүлэг) гэдэг шүлгийг тэмдэглэхийг зөвлөж болно.

  • Есүс Эцэгийн зорилгуудыг биелүүлэх өөр арга замыг гуйсан хэдий ч Цагаатгалыг гүйцэлдүүлэхийн тулд юу хийсэн бэ? (Суралцагчид Есүс Цагаатгалыг гүйцэлдүүлэхийн тулд Өөрийн хүслийг Эцэгийн хүсэлд захируулсан юм гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлох ёстой.)

  • Есүс үлэмж шаналж, эцэст нь үхэх байсан ч Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцүүлэхэд бэлэн байснаас нь бид Есүсийн талаар юу мэдэж авч чадах вэ?

Самбар дээр Бид … үедээ Есүс Христийн жишээг дагадаг гэсэн бүрэн бус өгүүлбэрийг бич.

  • Та нар Maтай 26:39-өөс мэдсэн зүйл дээрээ үндэслэн, энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичих вэ? (Суралцагчдын үгийг ашиглан, Бид Тэнгэрлэг Эцэгийн таалалд өөрсдийн хүслийг нийцүүлэхээр сонгох үедээ Есүс Христийн жишээг дагадаг гэсэн үнэнийг харуулан, гүйцээж бич.)

Номлолд үйлчлэх талаараа эргэлзэж байсан залуу эрэгтэйн жишээг мөн самбар дээр жагсаасан бусад нөхцөл байдлыг суралцагчдад сануул.

  • Аврагчийн жишээ биднийг эдгээр нөхцөлд хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?

Суралцагчдыг тэдний өөрсдийнх нь хүсэл Тэнгэрлэг Эцэгийн тааллаас өөр байсан ч эцэст нь Түүний тааллыг сонгосон үеийнхээ талаар бодоход урь. Цөөн суралцагчийг туршлагаасаа хуваалцаж, тэд яагаад тэрхүү сонголтыг хийсэн мөн тэдэнд ямар санагдаж байсан болохыг тайлбарлахыг хүс.

Өөрсдийн хүслийг Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцүүлснээр Есүс Христийн жишээг дагах нэг тодорхой замыг олж тогтооход суралцагчдыг урамшуулан дэмж.

Суралцагчдыг Maтай 26:37–38-ыг давтан уншиж, Гетсеманид Петр, Иаков, Иохан нарт Аврагч юу гэж зааварласныг олж мэдэхэд урь.

  • Петр, Иаков, Иохан нарт Есүс ямар заавар өгсөн бэ?

  • “Надтай хамт сэргэг байцгаа” гэсэн заавар нь ямар утгатай байсан гэж та нар бодож байна вэ? (38-р шүлэг).

Өөртэй нь хамт сэргэг бай гэсэн Аврагчийн заавар шавь нарт нь яагаад хэрэгтэй байсан байж болохыг ойлгоход суралцагчдад туслахын тулд, шавь нар цэцэрлэгт ирээд, “ихэд гайхан, мөн энэ чинь Мессиа байх гэж үү хэмээн гайхаж, зүрх сэтгэлдээ эргэлзэн, мөн ихэд хүнд байв” гэснийг тайлбарлаж өг (Иосеф Смитийн Орчуулга, Maрк 14:36 [Bible appendix]). Есүст итгэх шавь нарынх нь итгэл соригдож болох учраас Тэр тэднийг Өөртэйгөө хамт сэргэг байхыг зааварлаж, анхааралтай бай хэмээн сэрэмжлүүлж байсан юм.

  • Яагаад шавь нар Есүсийг үнэхээр Мессиа юм болов уу гэж гайхаж байсан бэ? (Олон иудей хүн Мессиаг зовж шаналан үхнэ гэдгийг ойлгоогүй, харин Мессиа нь иудейчүүдийг Ромын дарлалаас чөлөөлнө гэж хүлээж байсан.)

Нэг суралцагчийг Матай 26:40-ийг чанга уншихад уриад, Тэр Өөрийг нь залбирч байхад гурван төлөөлөгч нь юу хийж байсныг олж мэдсэн тухай мэдэж авахыг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Лук 22:45-ын Иосеф Смитийн Орчуулга нь “тэд шаналлаар дүүрсэн байсан учраас” шавь нар нь унтаж байсныг харуулдаг гэдгийг тайлбарла.

  • Яагаад төлөөлөгчид шаналлаар дүүрсэн байж болох вэ?

  • Хэрвээ та нар тэдний оронд байгаад, Аврагчтай хамт сэргэг байхын оронд унтчихсанаа мэдвэл та нарт ямар санагдаж болох байсан бэ?

Нэг суралцагчийг Матай 26:41-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Есүс шавь нартаа юу хий гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Бид Аврагчийн эдгээр төлөөлөгчид өгсөн заавраас ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид Хэрвээ бид байнга сэргэг байж мөн залбирах аваас бидэнд уруу таталтыг эсэргүүцэх хүч байх болно гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлох ёстой.)

  • “Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм” (41-р шүлэг) гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? Энэ нь уруу таталтыг эсэргүүцэхтэй ямар хамаатай байж болох вэ?

  • “Сэргэг бай” гэдэг нь сэрүүн, болгоомжтой, анхааралтай байх гэсэн утгатай гэдгийг давтан хэл. Сүнслэгээр харж, залбирах нь сул дорой талуудаа дийлж, уруу таталтыг эсэргүүцэхэд бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Суралцагчдыг Гетсемани дахь төлөөлөгчдийн адил, залбирч мөн анхааралтай байгаагүйгээс болж уруу татагдаж байсан эсэх талаараа тунгаан бодоход урь. Тэрхүү сонголт нь хэрхэн нөлөөлсөн талаар бодохыг тэднээс хүс. Суралцагчдыг залбирч, анхааралтай байснаар уруу таталтыг эсэргүүцсэн үеүдийнхээ талаар тунгаан бодоход урь.

  • Та нарт сүнслэгээр харж, тогтмол залбирдаг байхад юу тусалж байсан бэ?

Бид байнга сэргэг байж мөн залбирснаар уруу таталтыг эсэргүүцэж чадна гэдгийг гэрчил. Суралцагчдыг илүү сэргэг байж, байнга залбирахын тулд хийх нэг зүйлээ жижиг цаасан дээр бичихэд урь. Тэдэнд зорилгуудыг нь сануулах уг цаасыг биедээ авч явахыг урамшуулан дэмж.

Матай 26:42–46-г дүгнэн, Аврагч Гетсеманий цэцэрлэгт гурван удаа залбирсныг тайлбарла. Тэр залбирах бүрдээ Эцэгийнхээ хүслийг дагахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Maтай 26:47–75

Есүс Христ баривчлагдаж, Каиафын өмнө шүүгдэв

Нэг суралцагчийг хожим нь Далын гишүүн болсон Жэралд Н.Ландын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Жэралд Н.Ланд

“[Есүс Христийг] буюу хүч чадал, гэрэл гэгээ, алдар суу нь ертөнцийг дэг жаягт нь байлгадаг тэрхүү Биеийг, хэлэнгүүт л нарны тогтолцоо, дэлхий, одод бий болдог тэрхүү Биеийг ёс бус эрчүүдийн өмнө зогсоод, ямар ч үнэ цэнгүй мэтээр тэднээр шүүгдэж байгаагаар төсөөлөн бод доо!” (“Knowest Thou the Condescension of God?” in Doctrines of the Book of Mormon: The 1991 Sperry Symposium, ed. Bruce A. Van Orden and Brent L. Top [1992], 86).

Самбар дээр Maтай 26:47–68 гэж бич. Суралцагчдыг эдгээр шүлгийг судалж, Есүс Христ ёс бус хүмүүст доромжлогдож, тэднээр шүүгдэж байх үедээ ч Өөрийн Эцэгийн таалалд хэрхэн үргэлжлүүлэн нийцүүлж байсан тухай олж мэдэхийг хүс. Та суралцагчдын хэрэгцээн дээр үндэслэн, эдгээр шүлгийг ангийнхандаа чанга уншиж өгч болох ба шүлгүүдийг чанга уншуулахаар суралцагчдыг хос болгон хуваарилж болно эсвэл тэдгээрийг дотроо уншихыг тэдэнд зааварлаж болно.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа дараах асуултыг тавь:

  • Есүс Христ ёс бус хүмүүст доромжлогдож, шүүгдэж байхдаа ч Тэнгэрлэг Эцэгийн таалалд хэрхэн нийцүүлж байсан бэ?

Нэг суралцагчийг Матай 26:53-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүс эдгээр үйл явдлын туршид юу хийж болох байсан гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Аврагч юу хийж болох байсан бэ?

  • Есүс Өөрийг нь чөлөөлж өгөх тоо томшгүй тэнгэр элчийг эсвэл өөр нэгэн тэнгэрлэг хүчийг гуйхын оронд юу хийсэн бэ?

  • Энэ нь нөхцөл байдал ямар байснаас үл хамааран Тэнгэрлэг Эцэгийн тааллыг гүйцэлдүүлэхэд Аврагч бэлэн байсан тухай та нарт юу зааж байна вэ?

Есүс Христ Өөрийг нь цохиж, нулимж байгаа эрчүүдийг устгах хүчтэй байсан хэдий ч шаналж мөн Өөрийн хүслээр тэвчсэн юм (1 Нифай 19:9-ийг үзнэ үү). Ийн үйлдэх нь Тэнгэрлэг Эцэгийн таалал байсан ба Есүсийн дуудан авчирч чадах байсан өгүүлшгүй хүч чадлыг удирдагчид болон цэргүүд ойлгоогүй юм.

56-р шүлэгт цэдэглэгдсэнээр, төлөөлөгчид нь Түүнийг орхин зугтана гэсэн Аврагчийн бошиглол биелснийг онцлон хэл. Гэхдээ, ийн орхин зугтсан нь зөвхөн түр зуурынх байсан юм.

Матай 26:69–75-ыг дүгнэн, Есүсийг баривчлагдсаныхаа дараа шүүгдэж байхад Петр Түүнийг мэднэ гэдгээ гурван удаа үгүйсгэсэн гэдгийг тайлбарлан ярьж өг. (Тэмдэглэл: Петрийн үгүйсгэлийн талаар Лук 22-ыг судлах хичээлд илүү дэлгэрэнгүй заах болно.)

Энэ хичээлээр ярилцсан үнэнүүдийн талаар гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Maтай 26:39. “Гэвч миний хүслээр биш, Таны хүслээр болог”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийнхүү тайлбарласан:

“Хэрвээ та нар суралцагчдаасаа, Аврагчийн тэдний төлөөх юутай ч харьцуулшгүй золиослолын хариуд тэдний зөрчлийн төлөөх Түүний төлбөр, тэдний нүглийн төлөөх Түүний шаналлын хариуд нэг гол амлалтыг авч чадна гэвэл тэднээс дуулгавартай байхын шаардлагыг, өөрсдийн хүнд хэцүү цагт, ямар ч үнэтэй байсан хамаагүй ‘Тэнгэрлэг Эцэгийн тааллыг’ [3 Нифай 11:11] хүлцэн дагах амлалтыг аваарай. Тэд үүнийг дандаа хийхгүй мөн бидний хийх боломжтой байснаас илүүг хийхгүй ч энэ нь тэдний зорилго байх хэрэгтэй; энэ нь тэдний зорилт байх ёстой. Христ Өөрийн хувийн ариун журам, гайхамшигт номлол мөн бүр эдгээлтээс илүүгээр, тохинуулалдаа Өөрийн тааллыг Эцэгийн таалалд захируулсан эсэхдээ л хамгийн их анхаарал тавьж байсан гэж санагддаг” (“Teaching, Preaching, Healing,” Ensign, 2003 оны 1-р сар, 41).