Номын сан
19-р хичээл: Матай 16


19-р хичээл

Матай 16

Оршил

Есүс Христ Өөрийнх нь бурханлаг байдлын тэмдгийг эрэлхийлсэн фарисайчуудыг болон садукайчуудыг зэмлэв. Петр Есүсийг Христ хэмээн гэрчилж мөн хаант улсын түлхүүрүүд түүнд амлагдав. Есүс шавь нартаа загалмайгаа үүрч, Өөрийг нь дагахыг заав.

Заах зөвлөмж

Maтай 16:1–12

Фарисайчууд болон садукайчууд Аврагчаас тэмдэг эрэлхийлэв.

Хичээл эхлэхээс өмнө самбар дээр дараах үгсийг бич:

Тэнгэр элч үзэгдсэнээр

Ариун Сүнсээр

Найзынхаа юм уу гэр бүлийнхээ гишүүний үгэнд итгэснээр

Гайхамшгийг харснаар

Хичээлээ эхлэхдээ суралцагчдыг сайн мэдээний гэрчлэлийг хэрхэн хүлээж авахыг хүсэж байгаагаа харуулах үгсийг самбар дээрээс сонгохыг хүс. Цөөн суралцагчаас аль үгсийг сонгосноо хуваалцаж, яагаад үүнийг сонгосноо тайлбарлахад урь.

Суралцагчдыг Maтай 16-г суралцах явцдаа Их Эзэн бидэнд сайн мэдээний гэрчлэлийг хүлээн авч, хүчирхэгжүүлэхэд хэрхэн тусалдаг талаарх үнэнүүдийг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Матай 16:1-ийг чанга уншихад урь. Суралцагчдыг дагаж уншаад, фарисайчууд болон садукайчууд Есүсээс юу хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Фарисайчууд болон садукайчууд Есүсээс юу хүссэн бэ?

  • Фарисайчууд болон садукайчууд тэмдэг үзүүлэхийг хүсэхдээ Есүсийг “сорьж байсан” гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (Сорих гэдэг үйл үгийн нэг утга нь шалгах юм.)

Хэдэн суралцагчийг Матай 16:2–4-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч фарисайчуудад болон садукайчуудад юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн ямар тэмдэг өгнө гэж хэлсэн бэ?

Есүс “аварга загасанд” залгиулсан Хуучин Гэрээний бошиглогч Ионагийн талаар ярьж байсан гэдгийг тайлбарла (Иона 1:17). Иона үүн дотор “булшлагдсан” нь мөн тэгээд загасны гэдэснээс гурван өдрийн дараа гарч ирсэн нь Есүс Христийн үхэл, оршуулгыг болон булшнаас гурав дахь өдрөө амилсныг бэлгэддэг.

  • Аврагч фарисайчуудыг болон садукайчуудыг зэмлэснийхээ дараа юу хийсэн бэ?

  • Бид энэ үйл явдлаас сүнслэг үнэнийг эрэлхийлэх зохисгүй арга замуудын талаар юу мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид тэмдгүүдийг эрэлхийлснээр сүнслэг үнэнийг хүлээж авдаггүй гэх үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.

Матай 16:5–12-ыг дүгнэн, Аврагч шавь нартаа фарисайчуудын болон садукайчуудын буруу сургаалаас сэрэмжлүүлсэн гэдгийг тайлбарлан ярьж өг. (Тэмдэглэл: Энэ үйл явдлыг Марк 8-ыг судлах хичээлд илүү дэлгэрэнгүй заах болно.)

Матай 16:13–20

Петр Есүс Христийн тухай гэрчилж мөн хаант улсын түлхүүрүүд түүнд амлагдав

Есүс фарисайчуудыг болон садукайчуудыг тэмдэг эрэлхийлснийх нь төлөө зэмлэсний дараа Өөрийн шавь нарт үнэний гэрчлэлийг хэрхэн хүлээн авах талаар заасан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Матай 16:13–14-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүсийн асуултыг болон Түүний шавь нарын өгсөн хариултыг олж мэдэхийг хүс.

  • Аврагч шавь нараасаа юу гэж асуусан бэ? Тэд хэрхэн хариулсан бэ? (Елиа, Иеремиа хоёр нь Хуучин Гэрээний бошиглогч Елиа, Иеремиа болохыг та тайлбарлах хэрэгтэй байж болно.)

  • Тэдний хариулт Есүсийн тохинууллын энэ үед хүмүүс Есүс гэж хэн болохыг хэр сайн ойлгож байсан талаар бидэнд юуг харуулж байна вэ?

Нэг суралцагчийг Матай 16:15–17-г чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагчийн асуусан хоёр дахь асуултыг олж мэдэхийг хүс.

  • Аврагчийн асуусан хоёр дахь асуулт юу байсан бэ? Петр юу гэж хариулсан бэ?

  • 17-р шүлэгт цэдэглэснээр, Петр Есүс Христийг Бурханы Хүү гэж хэрхэн мэдсэн бэ? (Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсээр дамжуулан энэ үнэнийг түүнд илчилсэн гэдгийг онцлон хэл.)

  • Бид эдгээр шүлгээс Eсүс Христийн талаарх гэрчлэлийг хэрхэн олох талаар ямар үнэнийг сурч чадах вэ? (Суралцагчдын хариултууд нь бид Ариун Сүнсээр дамжуулан Есүс Христийн талаар гэрчлэлтэй болдог гэдэг үнэнийг тусгах ёстой.)

  • Яагаад та нар өөр бусад арга замаар биш, харин Ариун Сүнсний илчлэлтээр гэрчлэл хүлээн авах нь бидэнд чухал гэж бодож байна вэ?

Аврагчийн талаар гэрчлэлтэй болоход тусалдаг Ариун Сүнсний үүргийг илүү гүнзгий ойлгоход нь суралцагчдад туслахын тулд, нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Бурханы Сүнс хүмүүний сүнстэй ярих нь хувийн харилцаагаар, түүнчлэн тэнгэрлэг нэгэнтэй хийсэн харилцаагаар дамжин ирсэн үнэнээс ч илүүтэй хамгийн агуу их нөлөөлж, ойлгуулж, үнэнийг дамжуулах хүчтэй байдаг. Үнэн нь Ариун Сүнсээр дамжуулан биеийн хамаг судас, шөрмөс, булчинд нэвчин орж, хэзээ ч мартагдахааргүй болдог” гэжээ (Teachings of Presidents of the Church: Joseph Fielding Smith [2013], 183–184).

  • Ариун Сүнсээр дамжуулан илчлэлт хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэхийн тулд бидний хийж чадах зарим зүйл юу вэ?

  • Та нар Есүс Христ бол Бурханы Хүү, та нарын Аврагч гэдгийг яаж мэддэг болсон бэ? Та нар Ариун Сүнснээс тэрхүү гэрчийг хүлээн авахад бэлтгэхийн тулд юу хийсэн бэ?

Суралцагчдыг Аврагчийн талаарх гэрчлэлийнхээ талаар тунгаан бодоход урь. Суралцагчдыг гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлж болох талаар эсвэл Ариун Сүнсээр дамжуулан гэрч хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэй байж болох талаар хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урамшуулан дэмж.

Хоёр суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, дүрд тоглоход урь. Нэг суралцагчийг өөрийнхөө дүрд тоглохыг, нөгөө суралцагчийг Сүмийн гишүүн биш нэг найзаа төлөөлж тоглохыг даалга. Сүмийн гишүүн бус найзыг төлөөлж байгаа суралцагчид дараах хоёр асуултыг бичсэн цаас өг. Уг суралцагчийг эдгээр асуултыг нэг нэгээр нь асууж, нөгөө суралцагчаас хариулахыг хүс. (Та асуултад хариулж байгаа суралцагчид боломжийн хариултууд санал болгохыг ангийнханд урамшуулж болох юм.)

  1. Би танай сүм Есүс Христийн цорын ганц үнэн сүм гэж зүтгэдэг гэж сонслоо. Чи бас тэгж итгэдэг үү?

  2. Манай сүм бас Есүс Христэд итгэдэг, тэгэхэд яагаад та нар сүмээ цорын ганц үнэн сүм гэж боддог юм бэ?

Суралцагчдыг оролцсонд нь талархаад, суудалдаа буцаж суухад урь.

Суралцагчдыг Матай 16-г үргэлжлүүлэн судлахдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг дэлхий дээрх Их Эзэний Сүм болгож ялгаж харагдуулдаг зүйл нь юу болохыг бидэнд ойлгуулж мөн бусдад тайлбарлахад туслах үнэнүүдийг олж мэдэхэд урь.

Зураг
Цезарь Филип

Цезарь Филип

Есүс шавь нараасаа Өөрийн хэн болох талаар асуух үед тэд Цезарь Филип гэдэг нэртэй нутгийн бүсэд байсныг суралцагчдад сануул (Maтай 16:13-ыг үзнэ үү). Боломжтой бол Цезарь Филипийн зургийг үзүүл (Библийн гэрэл зургууд, д. 26, “Цезарь Филип”-ийг үзнэ үү). Энэ зураг дээр голын цаана мөн моддын цаана юу байгааг олж хэлэхийг суралцагчдаас хүс. Цезарь Филип дэх том хадан чулуу нь Аврагчийн шавь нартайгаа яриа өрнүүлэхэд тохирсон орчин байсан байх гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Матай 16:18–20-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч чулууны сэдвийг ашиглан, Өөрийн Сүмийн суурийг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс.

  • Аврагч “энэ хадан дээр” Өөрийн Сүмийг босгоно гэж хэлсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (18-р шүлэг).

Суралцагчдад эдгээр үгийг ойлгоход нь туслахын тулд бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгийг чанга уншихад нэг суралцагчийг урь.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Есүс ‘Энэ хадан дээр би Өөрийн чуулганыг босгоно …’ хэмээн Есүс сургаалдаа заажээ. [Матай 16:18.] Юун хад билээ? Энэ чинь илчлэлт” Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит [2007], 220).

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм судруудад Бурханы үнэн Сүм үргэлж ингэж байгуулагдаж байсан шиг, шууд илчлэлт дээр үндэслэн байгуулагдсан (Амос 3:7 болон Үйлс 1:2)” (Сургаалаас: Иосеф Смит, 220).

  • Та нар 18-р шүлэгт цэдэглэгдсэн Өөрийн Сүмийн талаарх Аврагчийн сургамжийг хэрхэн нэгтгэн дүгнэж хэлэх вэ? (Суралцагчид Есүс Христийн Сүм Бурханаас ирдэг илчлэлтүүд дээр баригддаг гэсэн зарчимтай төстэй зүйлийг тодорхойлох ёстой. Энэ үнэнийг самбар дээр бич.)

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Бурханаас ирдэг илчлэлтүүд дээр байгуулагдсаныг мэдэх нь та нарын сайн мэдээний талаарх гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?

  • 19-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч Петрт юу өгөхөөр амладаг вэ?

  • Бид Аврагчийн Петрт өгсөн амлалтаас ямар сургаалыг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид Есүс Христ Өөрийн хаант улсын түлхүүрүүдийг сонгосон бошиглогч, төлөөлөгчдөдөө итгэмжлэн өгдөг гэсэн үнэнийг тодорхойлж байгаа эсэхийг бататга.)

  • Хаант улсын түлхүүрүүд гэж юу вэ? (Дэлхий дээрх Бурханы хаант улсыг буюу Есүс Христийн Сүмийг удирдахад шаардлагатай удирдах хүч, эрх мөн эрх мэдэл.)

Суралцагчдад санваарын түлхүүрүүд гэж юу болохыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“‘Санваарын түлхүүрүүд бол санваарын удирдагчдад Түүний санваарыг [атгагчдад] дэлхий дээр хэрэглэх, удирдах, хянах, засаглах Бурханаас олгосон эрх мэдэл юм’ [Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 2.1.1]. Сүмд хийгдэж байгаа бүх үйлдэл болон ёслолууд нь тэрхүү үйл ажиллагаа ёслолуудын түлхүүрүүдийг атгадаг нэгний шууд эсвэл шууд бус зөвшөөрлийн дагуу гүйцэтгэгддэг” (“Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68).

  • Петрт түлхүүрүүд өгөгдсөн учраас түүнийг юу хийх боломжтой болно гэж Есүс хэлсэн бэ?

Петрт амлагдсан түлхүүрүүдийн нэг нь лацдах хүчний түлхүүр байсан гэдгийг тайлбарла. Энэ хүч нь Сүмийн удирдагчдын эрх мэдэлтэй гүйцэтгэгдсэн ёслолуудыг тэнгэрт хүчинтэй болгодог. Энэ нь түүнчлэн гэр бүлүүдийг мөнхөд хамтдаа лацдан холбоход ашиглагддаг. Өнөө үед лацдах хүчийг Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга атгадаг.

  • Яагаад Их Эзэн Өөрийн бошиглогч, төлөөлөгчдөд санваарын түлхүүрүүд өгдгийг та нар хэрхэн нэгтгэн дүгнэж хэлэх вэ? (Суралцагчид Санваарын түлхүүрүүд нь Их Эзэний Сүмийг дэлхий дээр удирдахад шаардлагатай гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлох ёстой.)

Нэг суралцагчаас дүрд тоглоход тавьсан асуултуудыг чанга уншихыг хүс. Ангийнхныг Матай 16:18–19 дээрээс тодорхойлсон үнэнүүдийг ашиглан эдгээр асуултад хэрхэн хариулах талаараа тайлбарлахад урь. Та бас суралцагчдыг эдгээр үнэний тухай гэрчлэлээ хуваалцахад урьж болно.

Одоогийн Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын зургийг үзүүлэх талаар (LDS.org [жишээ нь, Meet Today’s Prophets and Apostles] болон Ensign эсвэл Лиахона дээрх ерөнхий чуулганы дугаарыг үзнэ үү) мөн Петрт болон өөр бусад төлөөлөгчид эрт дээр үед өгөгдсөн тэрхүү түлхүүрүүд өнөөдөр Их Эзэний амьд бошиглогч, төлөөлөгчдөөр ашиглагддаг талаар гэрчлэх тухай бодож үзээрэй.

Матай 16:21–28

Есүс Өөрийг нь дагах гэдэг нь ямар утгатай болохыг заав

Maтай 16:21–28-ыг дүгнэн, Есүс Өөрийн цагаатгах золиослолын талаар ярьсан гэдгийг тайлбарлан ярьж өг. Тэр түүнчлэн шавь нартаа, эгэл хүнээ орхин (Moзая 3:19-ийг үзнэ үү), дуулгавартай байж мөн Түүнийг баяртайгаар дагахын тулд золиослол хийхэд бэлэн байх хэрэгтэй хэмээн заасан.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Матай 16:15–19

Суралцагчдыг Maтай 16-аас сурснаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урамшуулан дэмж. Maтай 16:15–19-ийн нэг хэсгийг ирэх хэдэн өдрийн турш ангиараа чээжлэхийг сонгох тухай бодож үзээрэй. Та энэ гарын авлагын хавсралтаас чээжлэх санаануудыг олж чадна.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Maтай 16:1–4. Фарисайчууд болон садукайчууд тэмдэг эрэлхийлэв

Maтай 16:1–4 нь өөрсдөд нь тэмдэг үзүүлэх Аврагчийг “сорихоор” ирсэн, тэмдэг эрэлхийлж байгаа фарисайчууд, садукайчуудын Есүс Христтэй өрнүүлсэн яриаг өгүүлдэг (1-р шүлэг). (Сорих гэдэг үйл үгийн нэг утга нь шалгах гэсэн утга юм.) Тэдний хүсэлтийн хариуд Есүс тэднийг өөрчлөгдөж байгаа цаг агаарыг мэдэх чадвараараа бахархдаг мөртлөө Бурханы тэмдгүүдийг мэддэггүйнх нь төлөө зэмлэв (2–3-р шүлгийгүзнэ үү). Аврагч түүнчлэн “Бузар болон завхай үеийнхэн тэмдгийг эрэлхийлдэг” хэмээн заасан (4-р шүлэг). Хүмүүс ноцтой нүгэл үйлдэхээ үргэлжлүүлсээр байгаа үед нэг үр дагавар нь тэд Сүнсний чимээгүй, зөөлөн шивнээг цаашид танихаа больж, биет, бодит эсвэл дуулиант тэмдгийн хэлбэрээр баталгаа шаарддаг.

Maтай 16:4. “Бошиглогч Ионасын тэмдэг”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки, бошиглогч Ионасын тэмдгийг тайлбарлахдаа:

“Иона аварга загасан дотор “булшлагдсан” болон “аварга загаснаас” гарч ирдэг нь (Иона 1:15–172) Христийн үхэл, оршуулга, амилалтыг бэлгэддэг” гэжээ (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966], 711–712).

Maтай 16:18. “Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгоно”

“Аврагч Петрт илчлэлтийн талаар заахдаа Петрийн нэрийг өөрөөр хэрэглэж, Симон [Петрт] хандан, ‘Чи бол Петр [Петрос], энэ хадан дээр [петра] Би Өөрийн Чуулганыг босгоно” хэмээн тунхаглажээ (Maтай 16:18). Петрос гэдэг грек үг нь тусгай ганц эсвэл жижиг хад чулуу гэсэн утгатай. Петра гэдэг грек үг нь бас ‘чулуу’ гэсэн утгатайгаас гадна чулуурхаг хөрс, газрыг эсвэл том хэмжээний хадыг хэлж болдог. Эдгээр үгнээс бид Сүм нь Петр дээр хүний хувьд баригдах биш, харин илчлэлтийн хөрсөн дээр баригдах болно гэдгийг сурдаг” (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 53).

Матай 16:18–19. “Тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүд”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон Их Эзэнийг бошиглогчдоор болон санваарын түлхүүрүүдээр дамжуулан дэлхий дээрх хаант улсыг мөн Өөрийн Сүмийг хэрхэн үргэлжлүүлэн удирддаг талаар тайлбарласан.

“Амьд Их Эзэн Өөрийн амьд Сүмийг удирддаг юм! [С ба Г 1:30, 38-ыг үзнэ үү] Их Эзэн Сүмийн талаарх Өөрийн хүслийг бошиглогчдодоо илчилдэг. Өчигдөр биднээс Томас С.Монсоныг Сүмийн ерөнхийлөгчөөр батлан дэмжихийг хүссэний дараа, түүнийг мөн Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч мөн эш үзүүлэгчид хэмээн батлан дэмжих аз завшаан бидэнд олдсон билээ. Бодоод үз дээ! Бид 15 хүнийг Бурханы бошиглогчоор дэмжин баталдаг! Тэд бүгдээрээ энэхүү эрин үед хүмүүнд өгөгдсөн бүхий л санваарын түлхүүрүүдийг атгадаг. …

“[Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли тайлбарлахдаа,] ‘Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Зөвлөл нь санваарын түлхүүрүүдийг атгахаар дуудагдан томилогдож, Сүмийг удирдах, ёслолуудыг гүйцэтгэх, сургаалыг танилцуулах болон Сүмийн дэг жаягийг тогтоож, хэвээр хадгалан үлдээх эрх мэдэл болон үүрэг хариуцлагыг үүрдэг’ гэжээ [“God Is at the Helm,” Ensign, 1994 оны 5-р сар, 54]” (“Бошиглогчдыг дэмжин батлах нь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84).

Матай 16:21–23. Есүс Христ Петрийг зэмлэв

“Петр Аврагч руу ирж буй үхэл дээр төвлөрөөд, Есүс Христийн үнэн зорилгыг буюу бүх хүн төрөлхтний гэтэлгэлийг ойлгож чадаагүй. Аврагч Петрийг зэмлэж, түүнийг ‘Сатан’ хэмээн хэлэхдээ [Maтай 16:23; Maрк 8:33], Люсифер гэж хэлсэн биш юм. Сатан гэдэг еврей үг нь ‘дайсан эсвэл уруу татагч’ гэсэн утгатай. Иймээс, Христ тэр мөчид Петр өөрийгөө уруу татагчийн дүрд, Аврагчийн эцсийн авралын зорилгын эсрэг тавьсныг ойлгосон байв.

“Петр Есүс Христийг зовж мөн алагдах болно гэснийг эсэргүүцэхдээ сайн санааны үүднээс хэлсэн байх (Maтай 16:22; Maрк 8:32-ыг үзнэ үү). Гэхдээ, Есүс Петрийн хүссэнээр хийж, Цагаатгалын зовлонгоос зайлсхийсэн бол нүглээс гэтэлгэх гэтэлгэл ба үхлийг ялан дийлэх Амилалт гэж үгүй байхсан. Бүх хүн төрөлхтөн зайлшгүй мөхөж (Aлма 34:9 үзнэ үү), “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах“ Бурханы ажил [Мосе 1:39] биелэгдэхгүй байх байсан. Энэ бүхэн Сатаны устгалын зорилгод туслах байв. Петр эргэцүүлж бодолгүй эсэргүүцсэн мөчдөө өөрийн эрхгүй дайсны талд орсон байв” (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 122).