Номын сан
Петрийн эхний нийтлэг захидлын оршил


Петрийн эхний нийтлэг захидлын оршил

Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?

Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Аврагчийн шавь нар зовлон, хавчлагыг итгэлтэй даван туулж чадна гэсэн нийтлэг сэдэв Петрийн эхний захидалд байдаг. 1 Петрийн бүлэг бүрд сорилт, зовлонгийн тухай гардаг бөгөөд зовлонгоо тэвчээртэй туулах нь “алтнаас ч илүү үнэтэй” ба итгэгчдэд бодгалийн “сэтгэлийн авралыг олж ав[ахад]” тусална хэмээн Петр заасан (1 Петр 1:7, 9). Петр түүнчлэн гэгээнтнүүдэд тэд бол “сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн” (1 Петр 2:9) гэдгийг нь сануулсан. Петрийн энэ захидалд өгсөн зөвлөгөөг дагаснаар суралцагчид сорилт бэрхшээл тулгарсан үедээ туслах найдвар, урам дэм, хүчийг авч чадна.

Хэн энэ номыг бичсэн бэ?

Энэхүү захидлын зохиогч бол “Есүс Христийн элч Петр” (1 Петр 1:1-ийг үзнэ үү) юм. “Петр эхлэн гарахдаа Капернаумд эхнэртэйгээ амьдардаг байсан ба Бетсайдын загасчин Симеон буюу Симон (2 Петр 1:1) хэмээгддэг байв. … Петр өөрийн дүү Андрейн хамт Есүс Христийн шавь байхаар дуудагдсан билээ (Maтай 4:18–22; Марк 1:16–18; Лук 5:1–11). …

Их Эзэн [Петрийг] дэлхий дээрх хаант улсын түлхүүрүүдийг атгуулахаар сонгон авчээ (Maт. 16:13–18). …

“Петр өөрийнхөө үед ахлах төлөөлөгч байв” (Судруудын удирдамж, “Петр,” scriptures.lds.org).

Петрийн бичсэн зүйлс түүнийг энгийн загасчнаас хүчирхэг төлөөлөгч болсон өсөлтийг харуулдаг.

Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?

Петр эхний захидлаа МЭ 62–64 оны хооронд бичсэн байх магадлалтай. Тэрээр “Вавилон[оос]” (1 Петр 5:13) хэмээн бичсэн нь Ромыг төлөөлүүлэн хэлсэн бололтой.

Петрийг Ромын эзэн хаан Нерогийн засаглалын үед буюу МЭ 64 онд Неро Христийн шашинтнуудыг хавчиж эхлэх үед нас барсан гэж ерөнхийдөө үздэг (Bible Dictionary, “Peter, Epistles of”-г үзнэ үү).

Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?

Петр энэ захидлаа Ромын эзэнт гүрний Ази дахь таван мужид буюу одоогийн Туркт амьдарч байсан Сүмийн гишүүдэд хаяглан бичсэн (1 Петр 1:1-ийг үзнэ үү). Петр уншигчдаа Бурханы “сонгогдсон” хүмүүс гэж үзжээ (1 Петр 1:2). Тэрээр “итгэлийн шалгуур[ыг]” даван туулж буй гэгээнтнүүдийг дэмжиж, хүчирхэгжүүлэхийн хамт (1 Петр 1:7) ирээдүйд ирэх “галт сорилтод” (1 Петр 4:12) тэднийг бэлдэхийн тулд бичжээ. Петрийн захиас тэдэнд хавчлага дарамтад хэрхэн хариулахыг заасан (1 Петр 2:19–23; 3:14–15; 4:13-ыг үзнэ үү).

Сүмийн гишүүд илүү их хавчлагад өртөхийн өмнөхөн бичсэн Петрийн зөвлөгөө цагаа олсон зүйл байлаа. Ойролцоогоор МЭ 64 он хүртэл буюу Петр энэхүү захидлыг бичих хүртэл Ромын засгийн газар Христийн шашныг ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөг байв. Тэр оны 7-р сард гал түймэр Ромын ихэнх хэсгийг үгүй хийсэн бөгөөд Неро хаан өөрөө гал тавихыг тушаасан гэж дам ярилцах нь ч бий. Зарим нэр хүнд бүхий ромчууд сүйрлийн бурууг бусдад тохох гэж оролдсондоо Христэд итгэгчдийг гал тавьсан гэж буруушаав. Үүнээс үүдэн Ромын эзэнт гүрэн дэх Христийн шашинтнуудыг ихээр хавчиж эхэлжээ. Гэгээнтнүүд “Христийнх гэдгээсээ болж зовдог бол” (1 Петр 4:16) Есүс Христийн замналаар явж байгаа гэдгээ мэдэн, баяртай байхыг Петр заасан (1 Петр 2:19–23; 3:15–18; 4:12–19-ийг үзнэ үү).

Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?

Петр өөрийн цаг үед зовж, хавчигдаж байсан гэгээнтнүүдэд бие биенээ хайрлан, эелдэг зөөлөн хандахыг ухуулсан (1 Петр 1:22; 3:8–9-ийг үзнэ үү). Цаашлан бид 1 Петр 5-аас Петр цугларагсдыг хэрхэн хүчирхэгжүүлэх ёстойг Сүмийн удирдагчдад тайлбарласныг уншдаг.

Энэ захидалд сүнсний дэлхий болон тэнд явагддаг авралын ажлын талаар Библи дээр байдаг хамгийн тодорхой эшлэлүүдийг дурдсан байдаг. Есүс Христ сүнсний дэлхийд очиж, Ноагийн үед амьдарч байсан дуулгаваргүй сүнснүүдэд номлосон талаар Петр товчхон өгүүлдэг (1 Петр 3:18–20-ийг үзнэ үү). Нас барсан хүмүүс амьд хүмүүстэй адил нөхцөлөөр шүүгдэж болохын тулд нас барсан хүмүүст сайн мэдээ тунхаглагдсаныг тэр нэмж хэлсэн (1 Петр 4:5–6-г үзнэ үү). Бидний эрин үед ерөнхийлөгч Жозеф Ф.Смит 1 Петр 3:18–20-ийн болон 1 Петр 4:6-ийн утгыг тунгаан бодож байхдаа сүнсний дэлхийн талаарх сургаалыг тодруулсан илчлэлт хүлээн авчээ (С ба Г 138-ыг үзнэ үү).

Тойм

1 Петр 1:1–2:10 Гэгээнтнүүд мөнхийн шагналуудыг хүртэхийн тулд сүнслэгээр өсөж хөгжих хэрэгтэйг Петр бичив. Авралын амлалт нь Есүс Христийн үнэт цусаар дамжин боломжтой болсон юм. Гэгээнтнүүд бол Бурханы нигүүлслийг хүртсэн “сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн” (1 Петр 2:9) юм.

1 Петр 2:11–3:12 Есүс Христийн дагалдагчид бүх хүнийг хүндэтгэж, төрд болон хуульдаа захирагдахыг хичээдэг. Петр гэгээнтнүүдийн тодорхой бүлгүүдэд буюу эрх чөлөөт иргэд, боолууд болон эхнэр, нөхрүүдэд.хандан бичсэн.

1 Петр 3:13–5:14 Гэгээнтнүүд хавчлагаас болж зовсны эцэст өргөмжлөл хүртсэн Есүс Христийн жишээг санах хэрэгтэй. Есүс Христ сайн мэдээг нас барагсдад номлосон бөгөөд ингэснээр тэд шударга шүүгдэх боломжтой болсон. Сүмийн удирдагчид Есүс Христийн үлгэр жишээг даган, Бурханы сүргийг харж ханддаг. Гэгээнтнүүд өөрсдийгөө даруусгаж, зовлон зүдгүүрээ Бурханд даатгах хэрэгтэй.