Номын сан
30-р хичээл: Матай 26:1–30


30-р хичээл

Maтай 26:1–30

Оршил

Дээгүүр өнгөрөх баяраас хоёр өдрийн өмнө, Иудас Есүсийг алахыг хүсэж байсан иудейчүүдийн удирдагчидтай хуйвалдав. Есүс Дээгүүр өнгөрөх баярын орой ариун ёслолыг танилцуулав.

Заах зөвлөмж

Maтай 26:1–16

Иудас Есүсийг алахыг хүсэж байсан иудейчүүдийн удирдагчидтай хуйвалдсан

Хичээл эхлэхийн өмнө бүтээлэгтэй ширээн дээр хэдэн хэрчим талх (эсвэл жигнэмэг) мөн аяга тавьж бэлд. Сүнслэг хэсгийн дараа, Христийн тэр цаг үед Дээгүүр өнгөрөх баярын үеэр иудейчүүдийн ширээн дээр иймэрхүү зүйлс байдаг байсныг тайлбарлаж өг.

  • Дээгүүр өнгөрөх баярын зоогийн зорилго юу байсан бэ? (Дээгүүр өнгөрөх баяр нь Мосегийн үед тогтоогдсон ба Египетэд устгагч тэнгэр элч гэрийнх нь дээгүүр өнгөрөн, ууган хүүхдүүдийг нь алсныг Израилийн хүүхдүүдэд сануулах зорилготой юм [Eгипетээс гарсан нь 12:21–28; 13:14–15-ыг үзнэ үү]. Дээгүүр өнгөрөх баярын нэг хэсэг болгож, израильчууд хурга алж, цусыг нь хаалганы тотгон дээгүүр цацдаг байжээ. Энэ хурга нь цагаатгагч золиослолоороо хүн төрөлхтнийг үхэл ба нүглээс аврах ёстой тэрхүү Мессиагийн ирэлтийг бэлгэддэг байв [Судруудын удирдамж, “Дээгүүр өнгөрөх баяр,” scriptures.lds.org-ийг үзнэ үү].)

Нэг суралцагчийг Матай 26:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүс Христ Дээгүүр өнгөрөх баярын дараа юу тохиолдоно гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Есүс Дээгүүр өнгөрөх баярын дараа юу тохиолдоно гэж хэлсэн бэ?

Нэг суралцагчийг Матай 26:3–5-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, тэр үед хэн Есүсийг алахаар төлөвлөж байсныг олж тодорхойлохыг хүс.

  • Хуулийн багш нар болон ахлах тахилчид яагаад Есүсийг алахаа Дээгүүр өнгөрөх баяр өнгөртөл хүлээхээр шийдсэн бэ?

Maтай 26:6–13-ыг дүгнэн, Есүсийг Бетанд байхад нэгэн эмэгтэй ирж, Түүнд ирэх гэж буй үхэл, оршуулгыг хүлээн зөвшөөрөхөөр маш үнэтэй тосоор Түүнийг тосолсон гэдгийг тайлбарлан ярьж өг. Зарим шавь нь мөн уг бүлгийн санхүүч байсан, арванхоёр төлөөлөгчийн нэг Иудас ядууст туслахаар уг тосыг зарах ёстой байсан юм гэж үглэжээ. Гэвч үнэндээ, Иудас ядуусын төлөө санаа зовоогүй, харин мөнгийг нь өөрөө авахыг хүсэж байсан хулгайч байжээ (Иохан 12:4–6-г үзнэ үү). (Тэмдэглэл: Бетанд Есүсийг тосолсон талаар Марк 11–14-ийг судлах хичээлд илүү дэлгэрэнгүй ярилцах болно.)

Нэг суралцагчийг Матай 26:14–16-г чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч Иудасыг үглэснийх нь төлөө зэмлэсний дараа юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Иудас юу хийсэн бэ? (Тэр Есүсийг олж, баривчлахад нь тусална гэж ахлах тахилчидтай хуйвалдсан.)

  • Ахлах тахилчид Есүсийг өөрсдөд нь барьж өгөхийн төлөө Иудаст хэр их мөнгө төлсөн бэ?

“Мосегийн хуулийн дагуу, боол нь үхвэл эзэнд нь гучин шекел төлөх ёстой байсан (Eгипетээс гарсан нь 21:32-ыг үзнэ үү). … Энэхүү урвалт нь Иудас болон ахлах тахилчид Аврагчийг хэр бага үнэлдэг байсныг харуулдаг” гэдгийг тайлбарла (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Church Educational System manual, 2014], 81). Энэ нь мөн Аврагчаас урвах Иудасын урвалтын тухай Хуучин Гэрээний бошиглолыг гүйцэлдүүлдэг (Зeхариа 11:12-ыг үзнэ үү).

Maтай 26:17–25

Есүс шавь нартайгаа Дээгүүр өнгөрөх баярын зоог хүртсэн

Нэг толь харуулаад, асуу:

  • Толь ямар ямар арга замаар бидэнд тустай байж болох вэ?

Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бид зүрх сэтгэлийнхээ гүн рүү өнгийж; өөрсдийн сул тал, хязгаарлагдмал байдал, айдас зэрэгтэй нүүр тулахаас зайлсхийдэг. …

Гэвч сүнслэгээр хөгжиж, сайн сайхан амьдрахын тулд өөрсдийгөө байгаа байдлаар нь тодорхой харах нь нэн чухал юм. …

Өөрсдийгөө бодитоор шинжихэд ариун судрууд болон Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс сайн толь болж чадна гэж би санал болгомоор байна” (“Би биш биз дээ, Эзэн минь?” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 67–70).

  • Судрууд болон ерөнхий чуулган дээр хэлсэн үгс хэрхэн толь мэт байж болох вэ?

Суралцагчдыг Матай 26:17–25-аас суралцах явцдаа өөрсдийн сул дорой талуудыг харж, тэдгээрийг ялан дийлэхээр ажиллахад тэдэнд туслах зарчмыг олж мэдэхэд урь.

Матай 26:17–19-ийг дүгнэн, Есүс шавь нартаа Дээгүүр өнгөрөх баярын зоог хүртэхийн тулд Иерусалимд өрөө олох тухай хэлсэн гэдгийг тайлбарлан ярьж өг.

Нэг суралцагчийг Матай 26:20–21-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Дээгүүр өнгөрөх баярын зоогийн үеэр Есүс Өөрийн шавь нарт юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Есүс шавь нартаа юу гэж хэлсэн бэ?

  • Хэрэв та нар шавь нарынх нь нэг байсан бол тэр мөчид юу гэж бодох байсан бэ?

Нэг суралцагчийг Матай 26:22-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүсийн үгэнд төлөөлөгчид нь юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.

  • Төлөөлөгчид юу гэж асуусан бэ?

  • “Би биш биз дээ, Эзэн минь?” гэсэн асуулт арван нэгэн үнэнч төлөөлөгчийн талаар бидэнд юу заадаг вэ?

  • Энэ түүх дээр үндэслэн, Есүс Христийн шавь нар Их Эзэний үгийг сонсох үедээ хэрхэн хандах ёстой талаар ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Есүс Христийн шавь нар Их Эзэний үгсийг сонсох үедээ, өөрсдийн амьдралыг шинжиж, энэ нь тэдгээрт хэрхэн хамаарч болох талаар боддог гэсэн зарчмыг самбар дээр бич.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Угдорфын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Шавь нар нь Түүний хэлсэн зүйлс үнэн эсэхэд эргэлзсэнгүй. Мөн тэд эргэн тойрноо харж, хэн нэгэн рүү заан, ‘Энэ хүн үү?’ гэж асуусангүй.

Оронд нь ‘тэд ихэд гуниглан, дор бүрдээ л Түүнээс Би биш биз дээ, Эзэн минь?’ гэж асууж байлаа [Maтай 26:22].

… Бид яах байсан бол? Бид эргэн тойрныхоо хүмүүсийг харж ‘Тэр Дорж ахын талаар л ярьж байгаа байх. Би түүний талаар ер нь их эргэлздэг’ эсвэл ‘Бат ах энд байгаа нь сайн хэрэг, тэр л энэ захиасыг их сонсох хэрэгтэй байгаа юм даа’ гэж бодох болов уу? Аль эсвэл эртний шавь нар шиг дотоод сэтгэл рүүгээ өнгийж, ‘Би биш биз дээ, Эзэн минь?’ хэмээн зүрх сэтгэлийг нэвтлэх асуултыг өөрсдөөсөө асуух болов уу? (“Би биш биз дээ, Эзэн минь?” 67).

  • Бид Их Эзэний үгсийг үл хайхран, тэдгээр нь өөр хэн нэгэнд зориулагдсан гэж бодон, уруу татагдаж болох ямар зарим жишээ байдаг вэ?

Өөр нэг суралцагчийг ерөнхийлөгч Угдорфын хэлсэн дараах үгсийг чанга уншихад уриад, ерөнхийлөгч Угдорф биднийг Их Эзэний үгсийг сонсох үедээ юу хий хэмээн урьсныг сонсохыг ангийнхнаас хүс.

‘Би биш биз дээ, Эзэн минь?’ хэмээх энгийн энэ үгсэд мэргэн ухааны оршил болон хувийн хөрвөлт мөн эргэшгүй өөрчлөлтийн замнал оршдог. …

“Бид бардам зангаа хойш тавьж, хоосон ихэрхэлгүй, даруухнаар ‘Би биш биз дээ, Эзэн минь?’” хэмээн асуух хэрэгтэй.

“Хэрвээ Их Эзэн энэ асуултад ‘Тийм ээ, хүү [эсвэл охин] минь, чамд сайжруулах, даван туулахад чинь тусалж чадах зүйлс Надад байна’ хэмээн хариулж байгаа бол бид бүгд энэхүү хариултыг хүлээн авч, даруухнаар гэм нүгэл, дутагдлаа хүлээн зөвшөөрч, илүү сайн … болсноор замаа өөрчлөөсэй хэмээн би залбирч байна” (“Би биш биз дээ, Эзэн минь?” 70).

  • Та нар Их Эзэний үгийг хэрэгжүүлж, амьдралдаа өөрчлөлт хийснээр хэрхэн адислагдаж байсан бэ?

Суралцагчдын тодорхойлсон зарчмын талаар гэрчил. Суралцагчдыг Их Эзэний үгсийг сонсож, унших бүрдээ өөрсдийн амьдралыг шинжиж, өөрсдийн хүлээж авах сүнслэг өдөөлтүүдийн дагуу даруй үйлдэхэд урь.

Нэг суралцагчийг Матай 26:23–25-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, төлөөлөгчдийн асуултад Аврагч юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.

Есүс Иудасыг Өөрөөс нь урвах хүн хэмээн хэлсний дараа Иудас тэр даруй явсан гэдгийг тайлбарла (Иохан 13:30-ийг үзнэ үү).

Maтай 26:26–30

Есүс Христ Дээгүүр өнгөрөх баярын үеэр ариун ёслолыг танилцуулсан

Зураг
Сүүлчийн зоог

Сүүлчийн зоог зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 54; мөн LDS.org-оос үзнэ үү). Аврагч төлөөлөгчидтэйгөө Дээгүүр өнгөрөх баярын зоогоос хүртэх үедээ ариун ёслолын жаягийг танилцуулсан гэдгийг суралцагчдад хэлж өг.

Суралцагчдыг дараах асуултуудын хариултыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь (та дараах асуултыг хичээлийн өмнө самбар дээр бичиж болно).

Та нар хамгийн сүүлд ариун ёслолоос хүртэхдээ юу хийж байсан бэ? Юу бодож байсан бэ? Юу мэдэрсэн бэ?

Ширээн дээр тавьсан аягыг болон талхыг дээш өргөн бариад, харуул. Нэг суралцагчийг Матай 26:26–29-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Их Эзэн талхаар болон аяган доторх зүйлээр юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн талхаар болон аяган доторх зүйлээр юу хийсэн бэ?

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, ариун ёслолын энэ бэлгэдлүүд юуг төлөөлдөг вэ? (Суралцагчид Ариун ёслолын бэлгэдлүүд Есүс Христийн бидний төлөө золиосолсон бие, цусыг төлөөлдөг гэсэн сургаалыг тодорхойлох ёстой.

Иосеф Смитийн Орчуулга нь эдгээр шүлгийн талаар нэмэлт ойлголт өгдөг болохыг суралцагчдад тайлбарла. Суралцагчдыг Maтай 26:26, зүүлт тайлбар в дээрх Иосеф Смитийн Орчуулга, Maтай 26:22-ийн хэсгийг дотроо уншихад урь. Түүнчлэн тэднийг Иосеф Смитийн Орчуулга, Maтай 26:24–25 (Bible appendix)-ыг уншихад урь. Ариун ёслолын чухал зорилгыг ойлгоход бидэнд туслах ямар сүнслэгээр өдөөгдсөн өөрчлөлтүүд эдгээр шүлэгт хийгдсэн болохыг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

  • Есүс Христ яагаад ариун ёслолыг танилцуулсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа Есүс Христ Өөрийг нь дурсан санаж мөн бидний төлөө хийсэн Өөрийн Цагаатгалыг сануулахын тулд ариун ёслолыг бидэнд танилцуулсан гэсэн үнэнийг самбар дээр бич.)

  • Есүс Христийг болон бидний төлөө хийсэн Түүний Цагаатгалыг санахад ариун ёслол бидэнд хэрхэн тусалж байгааг бататгахын тулд бидний хийж болох зарим зүйл юу вэ?

  • Ариун ёслолоос хүртэх үедээ Аврагчийг болон Түүний Цагаатгалыг санахыг хичээх нь та нарын мэдрэмж, сэтгэгдэлд хэрхэн нөлөөлж байсан бэ?

Суралцагчдад өөр нэг зарчмыг тодорхойлоход нь туслахын тулд, асуу:

  • 27–28-р шүлэгт цэдэглэснээр, Христ цусаа асгаруулсан нь ариун ёслолоос хүртэх үедээ юуг хүлээн авах боломжийг бидэнд олгодог вэ? (Нүглүүдээсээ ангижрах боломжийг олгодог.)

Ариун ёслолын үеэр зүгээр л талх идэж, ус уух нь биднийг нүглийнхээ ангижралыг эсвэл уучлалыг шууд хүлээн авахад тэнцүүлчихдэггүй юм гэдгийг онцлон хэл. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчлах хэрэгтэй бөгөөд Түүнийг байнга санан, зарлигуудыг нь дагахыг үргэлж хичээдэг байх жинхэнэ хүсэлтэйгээр ариун ёслолоос хүртэх ёстой. Бид ариун ёслолоос зохистой хүртсэнээрээ баптисмын гэрээнүүдээ шинэчилдэг. Бид наманчилж, чин сэтгэлээсээ ариун ёслолоос хүртэх үедээ нүглүүдээсээ ангижирч чадна гэсэн үнэнийг самбар дээр бич.

Суралцагчдыг Maтай 26 дээрээс тодорхойлсон ариун ёслолын талаарх үнэнүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаараа хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Дараа нь хүсэлтэй байгаа цөөн суралцагчийг хариултаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

Нэг суралцагчийг Матай 26:29-ийг дахин чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч Өөрөө дараа нь хэзээ ариун ёслолоос хүртэх болно гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

“Ариун ёслол нь Аврагчийн Цагаатгалыг төдийгүй, Түүний дэлхий дээр алдар суутай буцаж ирэх тэр цагийг найдвар тавьж, харуулдан хүлээдгийг бэлгэддэг” гэдгийг тайлбарла (1 Коринт 11:26-г үзнэ үү) (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага, 83). Хэрвээ бид гэрээнүүдээ сахиж, эцсээ хүртэл тэвчих аваас ирээдүйд Аврагчтай хамт ариун ёслолоос хүртэх хүмүүсийн дунд байж чадна (C ба Г 27:4–14-ийг үзнэ үү).

Өнөөдрийн хичээл дээр тодорхойлогдсон үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Maтай 26:16. “Тэр Есүсийг барьж өгөх аятай боломжийг хайв”

Maрк 14:10-ын Иосеф Смитийн Орчуулга нь Иудасын Есүсээс урвасан нэг шалтгааныг тодорхой болгож өгдөг. Тухайлбал: “Мөн арванхоёрын нэг Искариотын Иудас Есүсийг тэдэнд барьж өгөхөөр ахлах тахилчид дээр очжээ; учир нь тэр түүнээс холдсон байв, мөн үгсээс нь болж гомдсон байжээ” (Иосеф Смитийн Орчуулга, Maрк 14:31 [Maрк 14:10, зүүлт тайлбар a]).

Maтай 26:28. “Нүглүүдийн уучлалын тулд“

Далын ахлагч Вон Ж.Фэдэрстөүн, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч болохын тулд ариун ёслолоос зохистой хүртэх гэдэг нь юу гэсэн үг болохыг заахдаа:

“Бид ариун ёслолоос хүртсэнээрээ гэрээнүүдээ шинэчлэх нь маш чухал юм. Биднийг үүнийг чин сэтгэлээсээ, жинхэнэ хүсэлтэйгээр хийж мөн нүглүүдээ орхиж, Бурханд өөрсдийгөө зориулна гэдгээ шинэчлэн гэрээлэх үед Их Эзэн бидний нүглийг долоо хоног тутам уучилж байх арга замыг хангаж өгдөг. Зүгээр л талх идэж, ус уух нь тэрхүү уучлалыг авчрахгүй. Бид бэлтгэх ёстой бөгөөд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр хүртэх ёстой. Ариун ёслолоос хүртэхээр бидний хийдэг сүнслэг байдлын бэлтгэл нь нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авахад чухал ач холбогдолтой” гэжээ (“Sacrament Meeting and the Sacrament,” Ensign, 2001 оны 9-р сар, 24–25).