Номын сан
79-р хичээл: Иохан 20


79-р хичээл

Иохан 20

Оршил

Цовдлуулсны дараах ням гарагт Магдалын Мариа хоосон булшийг олж, Иохан, Петр хоёрт энэ тухай хэлэхэд тэд хоосон булш руу гүйлдэв. Амилсан Есүс Магдалын Мариад, хожим нь Өөрийн шавь нарт үзэгдэв.

Заах зөвлөмж

Иохан 20:1–10

Магдалын Мариа хоосон булшийг олж, Иохан, Петр хоёрт энэ тухай хэлэхэд тэд хоосон булш руу гүйлдэв

Суралцагчдыг Иохан 20-ийг судлахад бэлтгэхийн тулд хайртай хэн нэгэн нь эсвэл таньдаг хүнийх нь хайртай хүн нас барж байсан үеийн тухай бодоход урь.

  • Хайртай хүн маань нас барах үед бидэнд ямар мэдрэмж төрж болох вэ?

Суралцагчдад Иохан 20-ийн хам сэдвийг ойлгоход туслахын тулд Есүс баасан гарагт 15:00 цагийн орчимд нас барсан ба Түүний биеийг тэр орой нь булшинд тавьж, булшны хаалгыг том чулуугаар даруулсан гэдгийг сануул. Нар жаргахад Хүндэтгэлийн өдөр эхлэв. (Та Есүс Христийг амилахаас өмнө Их Эзэний гэрээт хүмүүс баасан гаргийн орой нар жаргахаас эхлээд бямба гаргийн орой нар жаргах хүртэл хүндэтгэлийн өдрийг сахидаг байсан гэдгийг тайлбарлаж болно.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлиний хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас Есүсийн шавь нар тэрхүү эмгэнэлт баасан гарагт юу мэдэрснийг төсөөлөхийг хүс.

Зураг
Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Христийн загалмай дээр цовдлогдсон тэр баасан гараг ямар аймшигтай байсан бол гэж би боддог.

Тэр аймшигт баасан гарагт газар доргиж, харанхуй бүх газрыг нөмөрч, Хүчит шуурга дэлхийг бүхэлд нь эзэгнэж байсан.

Түүний амийг авахаар эрэлхийлж байсан нүгэлт хүмүүс баясаж, Есүс гэж үгүй хэмээн, Түүнийг дагадаг байсан хүмүүс сарних болно хэмээн ялалт байгуулсан мэт зогсож байв.

Тэр баасан гарагт сүмийн хөшиг хоёр тийш ярагдсан.

Магдалын Мариа, Есүсийн эх Мариа хоёр уй гашуу, цөхрөлд автагдсан юм. Тэдний хайрлаж, хүндэтгэж явдаг гайхалтай хүн загалмай дээр амьдралаа золиослон цовдлуулав.

Тэр баасан гарагт төлөөлөгчид гашуудаж байлаа. Есүс буюу тэдний Аврагч, усны мандал дээгүүр алхалж, үхэгсдийг амилуулсан Тэрээр ёсон бус хүмүүсийн нигүүлсэлд байсан. Тэд Түүнийг дайснууддаа ялагдаж байгааг яаж ч чадахгүй харж зогссон юм.

Уг баасан гарагт хүн төрөлхтний Аврагчийг доромжлон, харааж, зүхэж, занчиж байв.

Бурханы Хүүг хайрлан хүндэтгэж байсан хүмүүсийн зүрх сэтгэлийг тэрхүү баасан гараг шархлуулж, уйтгар гунигаар дүүргэсэн юм.

Дэлхийн түүхийн үүслээс өнөөг хүртэлх бүхий л өдрүүдийн дотроос хамгийн аймшигтай нь тэр баасан гараг байсан гэж би боддог” (“Sunday Will Come,” Ensign эсвэл 2006 оны 10-р сарын Ерөнхий чуулган).

  • Хэрэв та тэр баасан гарагт тэнд байсан шавь нарын нэг байсан бол танд ямар бодол, мэдрэмж төрөх байсан бэ?

Суралцагчдыг хариулсны дараа ахлагч Вөртлиний хэлсэн дараах нэмэлт үгсийг чанга уншиж өг.

“Гэвч тэр гунигт өдөр цааш давтагдаагүй” (“Sunday Will Come,” 30).

Суралцагчдыг Иохан 20-ийг судалж байхдаа хэрхэн “тэр гунигт өдөр цааш давтагдаагүйг” олж мэдэхэд урь.

Нэг суралцагчаас Иохан 20:1–2-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Магдалын Мариа долоо хоногийн эхний өдөр буюу ням гаргийн өглөө эрт Есүсийн булшин дээр ирэхдээ юу мэдсэнийг олж мэдэхэд урь.

  • Мариа юу олж мэдсэн бэ?

  • Мариа булшны хаалганаас чулууг зайлуулсныг мэдээд, юу хийсэн бэ? Тэр юу гэж таамагласан бэ?

Цөөн суралцагчийг Иохан 20:3–10-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петр болон “өөр шавь” (3-р шүлэг) хэмээн хэлэгдсэн Иохан хоёр Мариагийн хэлэхийг сонсоод, юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Петр, Иохан хоёр Мариагийн хэлэхийг сонсоод, юу хийсэн бэ?

  • 8-р шүлэгт цэдэглэснээр, Иохан хоосон булшийг хараад, ямар үйлдэл хийсэн бэ? Тэр юунд итгэсэн бэ?

Иохан хоосон булшийг харах хүртлээ Аврагчийн гурав дахь өдөр амилах болно хэмээх тунхаглалыг бүрэн дүүрэн ойлгоогүй байсан гэдгийг та тайлбарлаж болно. Иохан хоосон булшийг хараад, уг тунхаглалыг санаж, итгэсэн (Иохан 20:8–9-ийг үзнэ үү).

Иохан 20:11–31

Амилсан Есүс Магдалын Мариад мөн хожим нь Өөрийн шавь нарт үзэгдэв

Нэг суралцагчийг Иохан 20:11–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петр, Иохан хоёрыг булшийг орхисны дараа хэн Мариатай ярьсныг олж мэдэхийг хүс.

Нэг суралцагчийг Иохан 20:16–18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс Мариад Өөрийг нь таньсны дараа юу хийхийг зааварласныг олж мэдэхийг хүс.

Суралцагчдад “Надад гар бүү хүр” (17-р шүлэг) хэмээх үгсийн утгыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Библийн Хаан Жэймсийн хувилбар Есүсийг ‘Надад гар бүү хүр’ хэмээн хэлж байгааг эш татсан байдаг. Иосеф Смитийн Орчуулгад ‘Намайг бүү тэвэр’ гэж орчуулсан. Грек хэлнээс орчуулсан хэд хэдэн хэлбэр нь уг хэсгийг ‘Надаас бүү зуур’ эсвэл ‘Намайг бүү тэвэр’ гэж орчуулсан байдаг. Зарим нь ‘Надаас цаашид бүү зуур’ эсвэл ‘Намайг цаашид бүү тэвэр’ гэсэн утгыг илэрхийлдэг. Зарим нь Мариаг аль хэдийн түүнийг тэвэрсэн байсан гэдэг утгыг илэрхийлэн, намайг тэврэхээ боль эсвэл надаас зуурахаа боль гэж хэлдэг. Амилсан Их Эзэний Мариад: ‘Би Эцэг рүүгээ дээшлэх учраас намайг тэвэрч болохгүй’ хэмээн хэлсэн гэдэгт итгэх хангалттай шалтгаан бий” (The Mortal Messiah, 4 боть, [1979–1981], 4:264).

  • 17-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн Мариад юу хийхийг зааварласан бэ?

Суралцагчдыг өөрсдийгөө Мариагийн гэрчлэлийг сонссон шавь нарын нэг байсан гэж төсөөлөхөд урь. Суралцагчдаас дараах асуултуудад хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихийг хүс.

  • Та нар Мариаг сонсоод, юу мэдрэх байсан гэж бодож байна вэ?

  • Та нар түүнд итгэх байсан уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?

Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчаас бичсэн зүйлээ хуваалцахыг хүс. Зарим шавьд нь Мариагийн гэрчлэлд итгэхэд хэцүү байсан гэдгийг тэдэнд сануул (Марк 16:11-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг Иохан 20:19–20-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас тэр орой юу болсныг олж мэдэхийг хүс.

  • Тэр орой шавь нарыг цугларсан байх үед юу тохиосон бэ?

  • Мариа болон шавь нар ямар чухал сургаалаас суралцсан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христ амилснаар үхлийг ялсан гэсэн сургаалыг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • 20-р шүлэгт цэдэглэснээр, шавь нар амилсан Их Эзэнийг хараад юу мэдэрсэн бэ?

Нэг суралцагчийг ахлагч Жозеф Б.Вөртлиний хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Агшин зуур өвчин зовлон, уй гашуугийн улмаас урссан нулимс хатсан. Уй гашуу, зовлон шаналлын улмаас залбирч байсан уруул гайхамшигт магтаалын үгсийг уухайлав. Учир нь Есүс Христ, амьд Бурханы Хүү тэдний өмнө Амилуулалтын анхны үр жимс болон зогссон бөгөөд үхэл бол шинэ бөгөөд гайхамшигт амьдралын эхлэл гэдгийг баталсан билээ” (“Sunday Will Come,” 30).

  • Биднийг хайртай хүн маань нас барснаас болж уй гашууд автаж байгаа үед Есүс Христ амилсан гэдгийг мэдэх нь бидэнд хэрхэн туслах вэ? (Есүс Христ амилсан учраас энэ дэлхий дээр амьдарч байсан бүх хүн амилуулагдах болно [1 Коринт 15:20–22-ыг үзнэ үү].)

Есүс гар, хавирган дээрх сорвио шавь нартаа үзүүлснийхээ дараа тэдэнд Өөрийнх нь ажлыг гүйцэлдүүлэх үүргийг даалгаж, “Ариун Сүнсийг хүлээн авагтун” (22-р шүлэг) хэмээн хэлсэн гэдгийг тайлбарлан, Иохан 20:21–23-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчаас Иохан 20:24–25-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, тэрхүү ариун нандин үйл явдал болоход тэнд байгаагүй төлөөлөгчийг олж мэдэхийг хүс.

  • Бусад шавь нь амилсан Их Эзэнийг харж байхад ямар төлөөлөгч тэнд байгаагүй вэ?

  • 25-р шүлэгт цэдэглэснээр, Томас итгэхийн тулд юу хэрэгтэй гэж хэлсэн бэ?

  • Энэ шүлэгт цэдэглэсэн Томасын хариулт Иохан 20:8-д цэдэглэсэн Иоханы хоосон булшийг хараад үзүүлсэн хариу үйлдлээс хэрхэн өөр байна вэ?

  • Яагаад Томаст итгэхэд хэцүү байсан гэж та нар бодож байна вэ?

Хэд хэдэн суралцагчийг Иохан 20:26–29-ийг ээлжлэн чанга уншихад урь. Томас Есүсийг амилсанд итгэхгүй байна гэж хэлснээс хойш найман өдрийн дараа түүнд юу тохиолдсоныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

Та суралцагчдаар уншуулахын оронд эдгээр шүлэгт цэдэглэсэн, Томаст тохиолдсон зүйлийг төсөөлөхөд суралцагчдад туслахын тулд Есүс Христийн амьдрал Библийн видео бичлэгүүд-ээс “Хараагүй атлаа итгэсэн хүмүүс ерөөтэй еэ” (2:29) видео бичлэгийг үзүүлж болно. Энэ видео бичлэгийг LDS.org вэбсайтаас үзэх боломжтой.

  • Есүс Өөрийнхөө гар, хавирганд хүрч үзэхийг Томаст зөвшөөрсний дараа Томасыг ямар сонголт хийхэд урьсан бэ? (Итгэлтэй байх.)

  • 29-р шүлэгт цэдэглэснээр Есүс Томасыг юуг ойлгоосой гэж хүссэн бэ?

  • Бид Аврагчийн сургаалаас ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид Есүс Христийг харж чадахгүй ч гэсэн Түүнд итгэхийг сонговол адислагдах болно гэсэн зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдыг хоёр эсвэл гурваар нь бүлэг болгон хуваарилаад, бүлэг бүрд дараах асуултууд бүхий тараах материалыг өг.

Зураг
гарын авлага, Итгэхийг сонго

Хэрэв бид Есүс Христийг харж чадахгүй ч гэсэн Түүнд итгэхийг сонговол адислагдах болно.

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—79-р хичээл

  1. Та нар Есүс Христийг мөнх бус нүдээрээ харж чадаагүй ч гэсэн яагаад Түүнд итгэхийг сонгосон бэ?

  2. Бид Есүс Христэд итгэхийг сонгосон гэдгээ харуулахын тулд юу хийж болох вэ?

  3. Та нар Есүс Христэд итгэхийг сонгосноор хэрхэн адислагдаж байсан бэ?

Бүлэг бүрийг эдгээр асуултыг хамтдаа ярилцаад, хариултаа тараах материал дээр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчийг хариултаа ангийнхантай хуваалцахад урь.

Хэдийгээр Есүс Өөрийг нь нүдээрээ харж чадахгүй байсан ч Өөрт нь итгэхийг сонговол биднийг адислагдах болно хэмээн хэлсэн ч бидний итгэлийн үндэс болгон гэрчүүдийг өгсөн гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Иохан 20:30–31-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иохан яагаад эдгээр үйл явдлыг цэдэглэснийг олж мэдэхийг хүс.

  • Иохан яагаад эдгээр үйл явдлыг цэдэглэсэн бэ? (Та амь [31-р шүлэг] гэдэг үг нь мөнх амьдралыг хэлж байгааг тайлбарлаж болно.)

  • Бид бошиглогч, төлөөлөгчдийн тухай ямар үнэнийг 31-р шүлгээс мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бошиглогч, төлөөлөгчид биднийг Есүс Христ бол Бурханы Хүү гэдэгт итгүүлж болохын тулд Түүний тухай гэрчилдэг гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлох ёстой. Бид бошиглогч, төлөөлөгчдийн өгсөн Есүс Христийн гэрчлэлд итгэхийг сонгосноор мөнх амьдралыг хүлээн авч чадна. Уг итгэл нь биднийг Түүнийг зарлигуудыг сахихаар чармайж, тэрхүү гэрчлэлийн дагуу амьдрах болно гэдгийг харуулдаг.)

  • Бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэл Есүс Христэд итгэх та нарын итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж байсан бэ?

Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга. Суралцагчдыг Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн нотлон харуулахаа тодорхойлон, Иохан 20-оос олж мэдсэн үнэнээ хэрэгжүүлэхэд урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иохан 20:11–18. Амилсан Христийн анхны гэрчлэл

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст Есүсийг амилсны дараа гарч ирсэн хамгийн анхны хүн маш онцгой нэгэн байсан гэж тайлбарлажээ.

“Аврагч эмэгтэй хүнийг хэрхэн үнэлж, хүндэтгэдэг байсанд ямар ч эмэгтэй эргэлзэх шаардлагагүй. Уй гашууд нэрвэгдсэн Магдалын Мариа Есүсийг цовдлуулсны дараа булшин дээр нь очсон анхны хүн байв. Тэрээр булшнаас чулууг зайлуулсныг хараад, Петр, Иохан хоёрт хэлэхээр гүйжээ. Хоёр төлөөлөгч харах гэж ирээд, гунигтай буцав. Гэвч Мариа үлджээ. Тэрээр загалмайн хажууд зогсож байсан [Матай 27:56; Марк 15:40; Иохан 19:25-ыг үзнэ үү]. Тэр оршуулах үед нь ч байсан [Матай 27:61; Марк 15:47-г үзнэ үү]. Тэгээд одоо тэрээр хоосон булшны дэргэд уйлан зогсож байв [Иохан 20:11-ийг үзнэ үү]. Тэнд түүнийг амилсан Их Эзэнийг харсан анхны эгэл хүн болгон хүндэтгэсэн билээ” (“Woman, Why Weepest Thou?” Ensign, 1996 оны 11-р сар, 54).

Иохан 20:16–20. “Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин Есүс Христийн цовдлуулсан баасан гарагт шавь нар нь хэрхэн уй гашууд автсаныг тайлбарлажээ. Тэгээд тэр:

“Найдлага тасраагүй. Ням гарагт Их Эзэн үхлийн хүлээсийг тайлан, амилсан юм. Бидний Аврагч булшнаас гарч, ялгуусан алдар суундаа хүрч ирсэн билээ. …

Бидний хүн нэг бүрд өөрийн гэсэн баасан гараг байх болно. Тэр өдөр орчлон ертөнц сүйрч, бидний амьдрал утга учиргүй мэт санагдаж болох юм. Бидэнд аливаа зүйлс хэзээ ч дахин сайжрахгүй юм шиг тийм хүнд хэцүү цаг ирэх болно. Бид бүгд өөрсдийн гэсэн баасан гаригтай байх болно.

Гэвч би үхлийг ялан дийлсэн Түүний нэрээр гэрчилж байна. Ням гараг ирэх болно. Бидний уйтгар гунигийг үргээж, ням гараг айлчлах болно.

Бидний цөхрөл, бидний уй гашуугаас үл хамааран ням гараг айлчлан ирнэ. Энэ амьдралд эсвэл дараагийн амьдралд ням гараг ирэх болно.

Би та бүхэнд Амилалт үлгэр домог биш гэдгийг гэрчилж байна. Түүнийг харсан тэдгээрийн гэрчлэл бидэнд байгаа. Иерусалимд болон Америк тивд амьдарч байсан мянга мянган хүн амилсан Аврагчийг гэрчилсэн байдаг. Тэд Түүний гар, хөл, хавирган дахь сорвинд гар хүрсэн. Тэд Түүнийг тэвэрч, сэтгэлийн дүүрэн баясгаланд нулимсаа барьж чадалгүй унагаж байсан юм” гэжээ (“Ням гараг айлчлах болно,” Ensign эсвэл Liahona, 2006 оны 11-р сар, 30).

Иохан 20:22. “Тэр тэдэн уруу үлээн”

Ерөнхийлөгч Харолд Б.Лий энэ өгүүлбэрийн талаар дараах зүйлсийг хэлжээ.

“Тэрээр ‘тэдэн уруу үлээн, Ариун Сүнсийг хүлээн авагтун’ (Иохан 20:22) хэмээн хэлжээ. Энэ нь Түүний шавь нарын хойшид даган дуурайх, гар тавьснаар үйлддэг Ариун Сүнсний бэлэг эсвээс Сүнсний баптисмыг хүлээн авах гишүүний баталгаа, зарлигийг хэлж байсан байх магадлалтай” (in Conference Report, Apr. 1955, 18).

Мөн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки “Есүс ‘тэдэн уруу үлээн’ гэдэг нь тэрээр ‘Ариун Сүнсийг хүлээн авагтун’ хэмээн зарлиг буулгахдаа тэдэн дээр гараа тавьсан гэдэг утгатай байх магадлалтай” гэж зөвлөсөн байдаг. Ахлагч Макконки энэ үйл явдал нь Ариун Сүнсний бэлэг хүртээх мөн тэрхүү бэлэгт баясах хоёрын ялгааг харуулсан гэж заажээ. “Тэд хүлээн авсан боловч тэр үед Ариун Сүнсний бэлэгт баясаагүй байсан. … Ариун Сүнсний бэлэг нь Бурхан Тэргүүтэний энэ гишүүнийг өөртэйгөө байнга хамт байлгахын тулд итгэлтэй байдал дээр тулгуурлан ирдэг эрх юм; мөн энэ бэлэг нь баптисмын дараа гар тавилтаар ирдэг. Энэ бэлэг нь холбогдох хуулиудад бүрэн дуулгавартай байгаа эсэхээс шалтгаалан тодорхой адислал санал болгодог бөгөөд уг бэлгээс хүртсэн хүн бүр үнэндээ санал болгосон бэлэгт баясах юм уу түүнийг эзэмшдэггүй. Энэ тохиолдлын хувьд Пентекостын өдөр хүртэл төлөөлөгчид уг бэлэгт баясаж чадаагүй юм. (Үйлс 2.)” (Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973], 1:857).