62-р хичээл
Иохан 3
Оршил
Нэг шөнө Никодем хэмээх нэгэн фарисай хүн Есүс дээр ирж, Түүнтэй ярилцав. Есүс Никодемд бүх хүн Бурханы хаанчлалд орохын тулд дахин төрөх ёстой хэмээн заасан. Хожим нь Иохан Баптист шавь нартаа түүний үүрэг хариуцлага бол Есүс Христийн замыг бэлтгэх явдал юм гэдгийг тайлбарлажээ.
Заах зөвлөмж
Иохан 3:1–21
Есүс Никодемд сүнслэг үнэнийг заасан
Суралцагчдыг нэг өдөр зарим найзтайгаа шашны талаар ярилцаж байхад нэг нь “Би сайн хүн учраас тэнгэр рүү явж чадна” гэж хэлсэн гэж төсөөлөхөд урь. Суралцагчдыг тэр найздаа хэрхэн хариулах талаар тунгаан бодоход урь.
Иохан 3-аас бид Бурханы хаанчлалд орохын тулд юу хийх ёстойг олж мэдэхэд суралцагчдыг урамшуул.
Аврагч тохинууллынхаа эхэн үед Иерусалим руу Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхээр явсан гэдгийг тайлбарла. Иерусалим дахь олон хүн Есүсийг гайхамшиг үйлдсэний дараа Түүнд итгэсэн байдаг (Иохан 2:23–25-ыг үзнэ үү).
Нэг суралцагчийг Иохан 3:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагчийг Иерусалимд байхад юу болсон тухай олж мэдэхийг хүс.
-
Есүс дээр хэн ирсэн бэ?
“Иудейчүүдийн удирдагчдын нэг” (Иохан 3:1) болох Никодем нь Санхедриний гишүүн байсан гэдгийг тайлбарла. Санхедрин гэдэг нь Иудейн ард түмний иргэний болон шашны асуудлаас олныг шийдвэрлэж өгдөг, фарисайчуудаас болон садукайчуудаас бүрдсэн удирдах зөвлөл байсан юм.
-
Та нар Никодемийг Есүс дээр яагаад шөнө ирсэн гэж бодож байна вэ?
-
2-р шүлэгт өгүүлснээр, Никодем Есүсийн талаар юуг хүлээн зөвшөөрсөн бэ?
Никодем нь Есүсийг “Бурханаас ирсэн багш (2-р шүлэг) гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нь Никодем Есүсээс суралцахыг хүсэж байсан гэдгийг харуулж байна. Нэг суралцагчийг Иохан 3:3–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч Никодемд юу заасныг олж мэдэхийг хүс.
-
3-р шүлэгт өгүүлснээр, Аврагч Никодемд юу заасан бэ?
-
Аврагчийн “дээрээс төрнө” (3-р шүлэг) гэснийг Никодем юу гэж ойлгосон бэ?
Дахин төрнө гэдэг нь “Их Эзэний Сүнстэй байх нь хүний зүрх сэтгэлийг агуу их өөрчлөхөд нөлөөлснөөр тэрээр ёсон бусыг дахин хийх хүсэлгүй болж, харин үүний оронд Бурханы зүйлсийг эрж хайх хүсэлтэй болдог” гэдгийг тайлбарла (Судруудын удирдамж, “Дахин төрөх, Бурханаас төрөх,” scriptures.lds.org; мөн Мозая 5:2; Алма 5:14–15; Мосе 6:59-ийг үзнэ үү).
-
5-р шүлэгт өгүүлснээр, Есүс Никодемд Бурханы хаанчлалд орохын тулд ямар хоёр зүйлийг хийх шаардлагатай гэж заасан бэ? “Ус болон Сүнснээс төрнө” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?
-
Эдгээр шүлэгт сүнслэгээр төрж, селестиел хаант улсад орохын тулд юу хийх хэрэгтэй гэж заасныг та нар хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчдыг хариулсны дараа суралцагчдын үгсийг ашиглан, Баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах нь сүнслэгээр дахин төрөхөд болон селестиел хаант улсад өргөмжлөл хүлээн авахад шаардлагатай гэсэн зарчмыг самбар дээр бич.)
Суралцагчдад найзаа төсөөлсөн жишээг сануул. Суралцагчдыг хос хосоор нь хуваарил. Хос болгоноос нэг суралцагчийг урьж, түүнийг Бурханы хаант улсад орохын тулд сайн хүн байхад л хангалттай гэж үздэг найз нь болоход урь. Хос бүрээс нөгөө суралцагчийг Иохан 3:5-ыг ашиглан уг буруу ойлголтыг залруулах дадлага хийхэд урь.
Никодем Есүсээс хэн нэгэн дахин төрөх боломжийг юу олгодог юм бэ гэж асуусныг тайлбарлан, Иохан 3:6–12-ыг нэгтгэн дүгнэ. Есүс Никодемд, Израилийн багш болон шашны удирдагч атлаа сүнслэг дахин төрөлт шаардлагатай бөгөөд сүнслэг төрөлтийг юу боломжтой болгодог гэдгийг хэрхэн мэдэхгүй байж болох вэ? Гэсэн асуултыг тавьж хариулав.
Бид Иохан 3:13–21-ээс Аврагч Никодемд хэн нэгэн яаж дахин төрж болохыг тайлбарлаж өгснийг уншдаг. Цөөн суралцагчийг Иохан 3:13–15-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс Никодемийн асуултад хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс.
-
Иохан 3:13 дээр Аврагч Өөрийнхөө тухай юу гэж хэлсэн бэ? (Тэр Өөрийгөө тэнгэрээс доош бууж ирсэн Бурханы Хүү гэдгийг гэрчилсэн.)
Мосе ба гуулин могой (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 16; мөн LDS.org-оос үзнэ үү). Суралцагчдаас энэ зургийн өгүүлж буй түүхийг судраас тайлбарлахыг хүс. Хэрвээ шаардлагатай бол, Мосегийн үед израильчууд Бурханы эсрэг нүгэл үйлдсэний үр дагавар болгон Их Эзэн тэдний дунд хорт могойнуудыг илгээсэн гэдгийг тайлбарлаж өг. Израильчууд могойнд хатгуулж, хордсон. Их Эзэн Мосед гуулин могойг шургаагны оройд байрлуулахыг зарлиг болгож мөн оройд нь байгаа могой руу харсан израиль хүн болгон эдгэрэх болно гэж амласан. (Тооллого 21:4–9-ийг үзнэ үү.)
-
Иохан 3:14-т өгүүлснээр, Есүс хүрэл могой нь юуг төлөөлсөн гэж хэлсэн бэ?
Цовдлолт зургийг үзүүл (Сайн мэдээний зургийн цуглуулга [2009], д. 57; мөн LDS.org-оос үзнэ үү).
-
15-р шүлэгт өгүүлснээр, Аврагч руу хардаг хүмүүст ямар адислал ирдэг вэ?
-
Бид эдгээр шүлгээс Есүс Христийн Цагаатгалын талаар ямар сургаалыг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бүх хүн төрөлхтөн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөнх амьдрал авч чадна гэсэн үнэнийг илэрхийлсэн байхад онцлон анхаар. Энэ зарчмыг самбар дээр бич.)
Нэг суралцагчийг Иохан 3:16–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Тэнгэрлэг Эцэгийн талаар бидний суралцаж болох сургаалыг олж мэдэхийг хүс.
-
Тэнгэрлэг Эцэг Өөрийнхөө Хүүг юу хийлгэхээр илгээсэн бэ?
-
Бид эдгээр шүлгээс Тэнгэрлэг Эцэгийн талаар ямар сургаалыг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Тэнгэрлэг Эцэг Өөрийнхөө хүүхдүүдэд маш их хайртай учраас Төрсөн Ганц Хүүгээ тэдний нүглийн төлөө зовохоор илгээсэн гэсэн сургаалыг тодорхойлох ёстой. Самбар дээр жагсаан бичсэн зүйлс дээр энэ сургаалыг нэмж бич.)
-
Тэнгэрлэг Эцэг Хүү Есүс Христээ дэлхий рүү илгээхдээ бидэнд хайраа хэрхэн үзүүлсэн бэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхнаас өөрсдийг нь хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн хайрын тухай мэдэх нь тэдэнд ямар санагдаж байгаа талаар бодохыг хүс.
ЗурагАхлагч Даллин Х.Өүкс“Төлөөлөгч Иоханы тунхагласнаас өөр юу ч Бурханы хайрын хэмжээлшгүй хүч, төгс чанарыг нотлон харуулж чадахгүй [Иохан 3:16-г үзнэ үү]. … Тэнгэрлэг Эцэг маань Хүүгээ бидний нүглийн төлөө бидний ухаарах аргагүй зовлонг хүлцэн тэвчүүлэхээр илгээхдээ хэчнээн их уй гашуу болж байсныг бодоод үз дээ. Энэ бол бид бүгдийг хайрладаг Түүний хайрын аугаа нотолгоо юм!” (“Хайр ба хууль,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28).
-
Тэнгэрлэг Эцэг та нарт маш их хайртай учраас Төрсөн Ганц Хүүгээ та нарын төлөө зовж, үхүүлэхийн тулд илгээсэн гэдгийг мэдэх нь та нарт ямар санагдаж байна вэ?
-
Иохан 3:16–17-д өгүүлснээр, бид Цагаатгалаар дамжин хэрхэн аврагдаж чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид Есүс Христэд гэм нүглээ наманчлан, Түүний үгсэд дуулгавартай байж, итгэх аваас Түүний Цагаатгалаар дамжуулан мөнх амьдралтай болж чадна гэсэн зарчмыг самбар дээр нэмж бич.)
Суралцагчдыг самбар дээр жагсааж бичсэн, Есүсийн Никодемд заасан үнэнийг давтан үзэхэд урь.
-
Эдгээр үнэн хоорондоо ямар хамааралтай байна вэ?
-
Бид Есүс Христэд итгэлээ харуулж болох ямар ямар арга зам байдаг вэ?
Хэрэв бид наманчилж, Есүс Христийг дагаснаар Түүнд итгэх итгэлээ харуулж чадвал Цагаатгалаар дамжуулан аврагдан, мөнх амьдралтай болж чадна гэдэг талаар гэрчил.
Би Есүс Христэд итгэх итгэлээ …-ээр харуулах болно гэсэн өгүүлбэрийг самбар дээр бич. Суралцагчдаас хичээлийнхээ дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Есүс Христэд итгэх итгэлээ харуулахын тулд юу хийхээ бичихийг мөн энэ өгүүлбэрийг гүйцээхийг хүс.
Иохан 3:22–36
Иохан Баптист, Есүс бол Христ гэдгийг заасан
Усаар дүүргэсэн шилэн сав үзүүл. Хүнсний будаг оруулагчаас нэг, хоёр дуслыг усанд хий.
-
Хүнсний будаг оруулагч нь бидний бусдад үзүүлэх нөлөөтэй хэрхэн адилтгагдаж болох вэ?
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Дэвид О.Маккэйн хэлсэн дараах үгсийг чанга уншихад урь. Бид бусдын амьдралд нөлөөлөх талаар юу сурч авч болохыг сонсохыг ангийнхнаас хүс.
ЗурагЕрөнхийлөгч Дэвид О.Маккэй“Энэ дэлхий дээрх хүн бүр сайн ч бай, муу ёрын ч бай ямар нэгэн нөлөө үзүүлдэг” (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 227).
“Энэ дэлхийд бидний үгс ба үйлдлийн үр нөлөө үлэмж их байдаг. Амьдралынхаа бүх үед та хамаг дэлхийн амьдралыг тодорхой хэмжээгээр өөрчилж байдаг юм” (Сургаалууд: Дэвид О.Маккэй, 227).
Суралцагчдаас Иохан 3:22–36 дээрээс бусдад хэрхэн сайнаар нөлөөлж болох талаар заасан зарчмыг олж мэдэхийг хүс.
Иохан Баптистын шавь нар нь хүмүүс Иохан Баптистын оронд Есүсийг дагаж байгаад санаа зовцгоож байсан гэдгийг тайлбарлан, Иохан 3:22–26-г нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг Иохан 3:27–30-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иохан Баптист Есүс Христтэй холбоотой өөрийнхөө үүрэг хариуцлагын талаар юу ойлгосныг олж мэдэхийг хүс.
-
Иохан Баптист шавь нартаа өөрийнхөө үүрэг хариуцлагын талаар юуг ойлгуулахыг хүссэн бэ? (Тэр бусдыг Түүнд ирэхэд бэлтгэхийн тулд Есүс Христийн өмнө илгээгдсэн нэгэн байсан.)
-
Иохан Баптист ямар зүйрлэл хэрэглэсэн бэ (29-р шүлэг)?
Хүргэн гэдэг нь Есүсийг, бэр гэдэг нь Христэд ирэгч хүмүүсийг төлөөлж болох бөгөөд хүргэний найз нь Иохан Баптистыг төлөөлж байгаа юм гэдгийг тайлбарла.
-
Иохан Баптист “Тэр өсөж, харин би буурах ёстой” гэж хэлсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ (30-р шүлэг)? Энэ нь Иохан Баптистын зан чанарын талаар юу өгүүлж байна вэ?
-
Иохан Баптистын хийж чадахгүй юуг Есүс Христ хүмүүсийн төлөө хийж чадах байсан бэ?
-
Бид Иохан Баптистын жишээнээс бусдад сайнаар нөлөөлөхийн тулд хийж чадах юуг сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр үнэнийг тодорхойлж болох боловч бид бусдыг Есүс Христэд чиглүүлснээр тэдэнд сайнаар нөлөөлж чадна гэсэн санааг тодорхойлж байгаа эсэхийг бататга.)
-
Бид бусдыг Есүс Христ рүү чиглүүлэхэд өөрсдөө нөлөөлөх нь яагаад чухал вэ?
-
Та нар хэн нэгэн хүн бусдыг Аврагч руу чиглүүлж байгааг хэзээ харсан бэ?
Бусдыг Аврагч руу чиглүүлж болох арга замуудын талаар бодоход суралцагчдыг урь. Тэднийг ийн үйлдэхээр хичээхдээ Ариун Сүнсний удирдамж эрэлхийлэхэд урамшуулан дэмж.
Иохан Баптист Есүсийг Бурханаас илгээгдсэнийг мөн Түүнд итгэсэн хүн болгон мөнх амьдралтай болно хэмээн тунхагласан гэдгийг тайлбарлан, Иохан 3:31–36-г нэгтгэн дүгнэ.
Зурагтөгс эзэмших судрын шигтгээ зураг Төгс эзэмших судар—Иохан 3:5
Иохан 3:5-ыг чээжлэхэд суралцагчдад туслахын тулд тэднийг судрын тэмдэглэлдээ уг шүлэг дэх үг болгоны эхний үсгийг бичихэд урь. Суралцагчид тухайн судрыг эхний үсгүүдийг ашиглан чанга уншиж, шаардлагатай бол судрын хэсгээс харж, дадлага хийхэд урамшуул. Суралцагчид уг шүлгийг бүхэлд нь эхний үсгүүдийг ашиглан хэлж сурсан тохиолдолд тэднийг тэр хэсгийг чээжээр хэлж, дадлага хийхэд урь. Та нэлээд хэдэн өдрийн туршид хичээлийн эхэнд эсвэл төгсгөлд уг судрын хэсгийг чээжээр хэлэх дадлага хийхэд тэднийг урьж болно.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Иохан 3:3. Дахин төрөх нь
Зарим хүн Никодемтай адил, яаж дахин төрж болох талаар гайхаж болно. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон: “Баптисм ба гар тавих бодит ёслолуудаас гадна хүн өргөмжлөл болон мөнх амьдрал хүлээн авахын тулд сүнслэгээр дахин төрсөн байх ёстой” гэж заасан (“Born of God,” Ensign, 1989 оны 7-р сар, 2–4). Тиймээс, дахин төрөх нь баптисм хүртэх ба батлуулахаас илүү их зүйл шаарддаг юм. Хүн дахин төрөхийн тулд Ариун Сүнс зүрх сэтгэлийг нь өөрчилж болох тийм маягаар амьдрах хэрэгтэй.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар:
“Бид Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, нүглээ наманчилж мөн санваарын эрх мэдэлтэй нэгнээр нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмыг хүртээлгэснээр дахин төрөх үйл явцыг эхэлдэг. …
“Аврагчийн сайн мэдээнд бүрэн дүүрэн умбан ариусах нь дахин төрөх үйл явцын зайлшгүй чухал алхмууд юм” хэмээн заажээ (“Ye Must Be Born Again,” Ensign эсвэл Liahona, 2007 оны 5-р сар, 21).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон дахин төрнө гэдэг нь цаг хугацаа шаардсан үйл явц гэдгийг тайлбарлахдаа:
“Яагаад энэхүү хүчит өөрчлөлт надад илүү хурдан гарахгүй байгаа юм бол? гэж та өөрөөсөө асууж болно. … Бидний ихэнхэд өөрчлөлт алгуур, цаг хугацаа улиран өнгөрөх явцад гардаг. Дахин төрөх гэдэг нь бидний бие махбодын төрөлттэй адилгүй зүйл бөгөөд нэг удаагийн үйл явдал биш, харин урт хугацааны үйл явц юм. Энэхүү үйл явцыг туулах нь мөнх бус амьдралын гол зорилго юм.
“Түр зуурын, хайхрамжгүй хичээл зүтгэлээр өөрсдийгөө зөвтгөхийг бүү зөвшөөр. Зарим нэг хилэнцийг үйлдэх хүсэлдээ баясахыг өөрсдөдөө зөвшөөрч болохгүй. Бидний дотор байгаа эцсийн цэвэр бус үлдэгдлийг үндсээр нь сугалахын тулд долоо хоног бүр ариун ёслолоос зөв зохистой хүртэж, Ариун Сүнстэй үргэлжлүүлэн хамт байцгаая. Та нар сүнсээр дахин төрөх замаар үргэлжлүүлэн алхсанаар Есүс Христийн цагаатгагч ач ивээл та нарын гэм нүглийг болон гэм нүглийн хар толбыг авч, уруу таталтууд хүчгүй болж, Христээр дамжин та Түүн шиг мөн Эцэг шигээ ариун болох болно” гэжээ (“Born Again,” Ensign эсвэл Liahona, 2008 оны 5-р сар, 78).
Иохан 3:5. Авралыг олж авахын тулд бидэнд ёслолууд хэрэгтэй
Иохан 3:5-д заасан Аврагчийн сургаал нь Бурханы хаант улсад орохын тулд ёслолууд шаардлагатай гэдгийг нотолж байна. Бошиглогч Иосеф Смит “Дахин төрөх нь ёслолуудаар дамжин Бурханы Сүнсээр ирдэг” гэж заасан байдаг (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 111).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэр түүнчлэн “Сайн мэдээний ёслолгүйгээр зүгээр сайн байх нь хүн төрөлхтнийг гэтэлгэх ч үгүй, өргөмжлөлд ч хүргэхгүй юм. Гэрээ, ёслолууд нь нэн чухал” гэж хэлсэн (“The Only True Church,” Ensign, 1985 оны 11-р сар, 82).
Иохан 3:7–8. Есүс “дахин төрөхийг” яагаад салхитай харьцуулж зүйрлэсэн бэ?
Никодем дахин төрөх талаар будилж байсан тул Аврагч Сүнснээс төрөхийг салхитай зүйрлэж харьцуулсан. (Сүнс гэдгийг илэрхийлэх грек үг пневма нь мөн амьсгал эсвэл салхи гэсэн утгыг илэрхийлдэг.) Салхийг харахад хэцүү байдгийн адил дахин төрөх үйл явцыг харахад хэцүү байдаг. Бид салхины үр дүнг харж чаддаг ч хэзээ эхлээд, хэзээ дуусах, хаанаас ирдгийг нь олж мэдэхэд хэцүү байдаг билээ. Бид дахин төрөх үйл явцын талаар үүнтэй төстэй дүгнэлтэд хүрч болно. Түүнийг яг хэзээ эхлээд хэзээ дуусахыг олж харахад хэцүү байдаг ч үйлдэл, хүсэл өөрчлөгдөх үед үр дүн нь маш тод харагддаг юм.
Иохан 3:16. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул”
Энэ шүлгийн талаар Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки ийн тунхагласан:
“Энэ нь магадгүй хэлэгдэж байсан судруудаас хамгийн алдартай мөн хүчирхэг шүлэг юм. Энэ нь авралын төлөвлөгөөг бүхэлд нь нэгтгэн дүгнэж, Эцэг, Хүү, Түүний цагаатгагч золиослолыг болон үнэнч тэдэнд олгогдох эцсийн мөнхийн өргөмжлөл, зөв шударга үйлсийг урьдаас боддог Түүнд итгэх итгэлийг хамтад нь холбож өгдөг.
“… Үүний адилаар, Их Эзэн ‘итгэсэн болгон нь Бурханы хөвгүүд болж болохын тулд дэлхийг нэн ихээр хайрлаж амьдралаа өгсөн’ бөлгөө. (C ба Г 34:3.)” (Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973], 1:144).