108-р хичээл
1 Коринт 11
Оршил
Паул Коринтын гэгээнтнүүдийн дунд байсан шашны уламжлалт зан үйлтэй холбоотой маргааны талаар үг хэлэв. Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс мөнхийн болоод бурханлаг үүрэгтэйг мөн Их Эзэний төлөвлөгөөнд бие биедээ туйлын чухал болохыг онцолсон. Тэр Сүмийн гишүүдэд ариун ёслолоос хүртэхдээ зохих ёсоор бэлтгэх тухай заажээ.
Заах зөвлөмж
1 Коринт 11:1–16
Паул тухайн үеийн уламжлалт үйлийн талаарх маргааны тухай үг хэлэв
Гэрлэсэн хосын зургийг харуул (Ариун сүм рүү явж буй залуу хос, Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 120; мөн LDS.org зэргээс үзнэ үү). Зарим хүн гэрлэлтийн талаар ямар бодолтой байж болох талаар дараах мэдэгдлүүдийг чанга унш.
-
“Ажил мэргэжилдээ амжилттай байх нь миний хувьд хамгийн чухал. Би ажил мэргэжлийн зорилгодоо хандуулах анхаарлаа гэрлэлтээс болж хугасламааргүй байна.”
-
“Би урт хугацааны харилцаанд амлалт өгөхийг хүсэхгүй байна. Би хожим харамсах шийдвэр гаргана гэхээс санаа зовж байна.”
-
“Гэрлэлт намайг хүлж хорино шүү дээ. Би хүссэн зүйлсээ хийх боломжгүй болно.”
-
“Гэрлэх нь миний хийх хамгийн чухал шийдвэр гэдгийг би мэднэ, тиймээс ч тэсэн ядан хүлээж байна.”
Суралцагчдыг өөрсдөө гэрлэх тухайд ямар бодолтой байдгаа тунгаахад урь. Тэднээс 1 Коринт 11:1–16-г судалж байхдаа өөрсдөдөө болон бусдад гэрлэлтийн чухлыг ойлгоход туслах үнэнийг олохыг хүс.
Нэг суралцагчийг 1 Коринт 11:3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул нөхрүүдийн үүргийн талаар юу заасныг олж мэдэхийг хүс. Та энэхүү шүлгэн дэх “эр хүн” гэснийг “нөхөр” мөн “эмэгтэй хүн” гэснийг “эхнэр” гэж орчуулж болохыг тайлбарлаж болох юм.
-
Нөхрийн үүрэг юу вэ? (“Эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн” гэдэг нь нөхөр хүн гэр орноо тэргүүлэх ариун үүрэг хариуцлагатай гэсэн үг хэмээн тайлбарлах хэрэгтэй байж болно. Тэргүүлэх гэдэг нь сүнслэг болон материаллаг зүйлсэд бусдыг зөв шударга удирдан, чиглүүлэх гэсэн утгатай.)
-
Нөхөр нь гэр бүлээ тэргүүлж байхад хэн түүнийг удирдаж, тэргүүлэх вэ?
Шүтэн бишрэх цуглааныхаа үеэр эрэгтэй, эмэгтэйчүүдийн залбирч мөн бошиглохдоо баримталдаг уламжлалт үйлсийн талаарх асуултуудад Паулын хариулсныг тайлбарлан, 1 Коринт 11:4–16-г нэгтгэн дүгнэ.
Шинэ Гэрээний уншигчид заримдаа Паулын заасан зүйлс эрэгтэй хүний үүргийг эмэгтэй хүнийхээс илүү чухал эсвэл эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү үнэ цэнтэй буюу илүү онцгой гэж сургадаг хэмээн буруугаар ойлгодог гэдгийг ойлгоход суралцагчдадаа тусал. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын дараах мэдэгдлийг чанга унш.
“Эрэгтэй, эмэгтэй хүн нь Бурханы мэлмийд мөн Сүмд эрх тэгш, гэхдээ тэгш гэдэг нь тэд адилхан гэсэн үг биш юм. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага болон тэнгэрлэг бэлгүүд нь мөн чанартаа өөр өөр боловч ач холбогдол, нөлөө нь адилхан. Манай Сүмийн сургаалд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй эрх тэгш ч тэднээс ялгаатай гэж үздэг. Бурхан аль нэг хүйсийг нөгөөгөөсөө илүү эсвэл чухал хэмээн ханддаггүй” (“Men and Women in the Work of the Lord,” New Era, 2014 оны 4-р сар, 4).
Нэг суралцагчаас 1 Коринт 11:11-ийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул эхнэр, нөхрийн харилцааны талаар юу гэж заасныг олж мэдэхийг хүс.
-
Паул эхнэр, нөхрийн хоорондын харилцааны талаар юу заасан бэ?
“Эзэн дотор” гэдэг үгсийг онцлон хэл. Энэ үгс Түүнтэй адил болж, мөнх амьдрал хүлээн авахад бидэнд тусалдаг Их Эзэний төлөвлөгөөг хэлж байгааг тайлбарла.
-
Их Эзэний төлөвлөгөөн дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаар энэ шүлэг ямар сургаалыг заадаг вэ? (Суралцагчдын үгсийг ашиглан Их Эзэний төлөвлөгөөгөөр эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэг нэгэнгүйгээр мөнх амьдралыг олж авч чадахгүй гэсэн үнэнийг самбар дээр бич. (С ба Г 131:1–4-ийг үзнэ үү.)
Дээр тодорхойлсон үнэнийг ойлгоход суралцагчдад туслахын тулд хайч авч, хуудас цаас хайчил. Хайчны хоёр ирийг салангид байгаагаар төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс.
-
Хэрэв хэн нэгэн нэг иртэй хайчаар цаас хайчлах болбол хэр амжилттай байх вэ? Хайч нь хамтран ажиллаж байгаа эхнэр, нөхөр хоёртой хэрхэн төстэй вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарийн дараах мэдэгдлийг уншихад урь.
“Тэнгэрлэг загвараар эрэгтэй, эмэгтэй хүн нь төгс төгөлдөр ба алдар суугийн бүрэн байдал руу хамтдаа өсөж хөгжихөөр төлөвлөсөн байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүн нь өвөрмөц ялгаатай зан ааш, авьяас чадварынхаа ачаар гэрлэлтийн харилцаандаа хосгүй онцгой төлөв, туршлагуудыг авчирдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр үүрэг хариуцлагатай хэдий ч өөр ямар ч арга замаар олж авч чадахгүй нэгдмэл байдалд адил тэнцүү хувь нэмэр оруулдаг. Тэд хамтдаа суралцаж, бие биенээ адислан, хүчирхэгжүүлэх үедээ эрэгтэй нь эмэгтэйгээ нөхөн гүйцээж, төгөлдөржүүлэн мөн эмэгтэй нь эрэгтэйгээ нөхөн гүйцээж, төгөлдөржүүлдэг” (“Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, 2006 оны 6-р сар, 83–84).
-
Эрэгтэй, эмэгтэй хүний өөр өөр зан чанар, үүрэг хариуцлага нь гэр бүлд хэрхэн бие биенээ нөхөн гүйцээдэг вэ?
Суралцагчдад хичээлийн эхэнд уншсан жишээнүүд дэх гэрлэлтийн талаарх өөр өөр үзэл бодлын талаар сануул. Их Эзэний төлөвлөгөөн дэх гэрлэлтийн ач холбогдлын талаар үзэл бодол, гэрчлэлээ хуваалцахыг хэдэн суралцагчаас хүс. Мөн та өөрийн гэрчлэлийг хуваалцаж болно.
1 Коринт 11:17–34
Паул Коринтын гэгээнтнүүдэд ариун ёслолд хөнгөн хуумгай хандахгүй байх талаар заав
Самбар дээр үнэнхүү сүнслэг туршлага, бодгалиа шинэчлэх, хүндэтгэлийн өдрийн хамгийн онцгой мөч зэрэг үгсийг бич.
Суралцагчдаас тэд хамгийн сүүлд ариун ёслолоос хүртсэн туршлагаа болон тухайн үед төрсөн сэтгэгдэл нь самбар дээрх үгсийн аль нэгтэй таарах эсэхийг тунгаан бодохыг хүс. Суралцагчдыг 1 Коринт 11:17–34-ийг судалж байхдаа ариун ёслолоос хүртэх үеийн сэтгэгдлээ илүү сүнслэг, утга учиртай болгоход туслах үнэнийг олохыг хүс.
Паулын үед Сүмийн гишүүд Сүүлчийн зоогтой адил зан үйлийг дагадаг байсныг тайлбарла. Тэд хоол идчихээд, дараа нь ариун ёслолоос хүртдэг байжээ. Коринтын гэгээнтнүүд ариун ёслолоос хүртэхээр цуглах үедээ сөргөлдөөн, зөрчилдөөнтэй байдаг гэсэн мэдээг Паул авсан гэдгээ хэлснийг тайлбарлан, 1 Коринт 11:17–22-ыг нэгтгэн дүгнэ. Паул гэгээнтнүүдийг ариун ёслолын ариун нандин байдлыг хадгалахын оронд ердийн хоолны цуглаан мэтээр үзсэнд буруутгасан.
Нэг суралцагчийг 1 Коринт 11:23–26-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Сүмийн гишүүдэд ариун ёслолын талаар юуг санаж байхад урамшуулсныг олж мэдэхийг хүс. Та 26-р шүлэг дээрх тунхагладаг гэсэн нь номлох, зарлах, гэрчлэх гэсэн утгатайг тайлбарлаж болох юм (1 Коринт 11:26, зүүлт тайлбар б-г үзнэ үү).
Сүүлчийн зоог зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 54; мөн LDS.org-оос үзнэ үү).
-
Аврагч шавь нартаа ариун ёслолоос хүртэхдээ юуг санахыг заасан талаар Паул юу гэж хэлсэн бэ?
-
Ариун ёслолын үеэр Аврагчийн бие болон цусыг дурсан санах нь хоорондоо зөрчилдөөнтэй байгаа Сүмийн гишүүдэд хэрхэн тусалсан байж болох вэ?
Нэг суралцагчийг 1 Коринт 11:27–30-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын Коринтын гэгээнтнүүдэд ариун ёслолын талаар өгсөн сэрэмжлүүлгийг олж мэдэхийг хүс.
-
27, 29-р шүлгүүдэд цэдэглэснээр, Паул Коринтын гэгээнтнүүдэд юуны тухай сэрэмжлүүлсэн бэ?
-
Эдгээр шүлгээс бид ариун ёслолоос зохисгүй хүртвэл юу болох талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Ариун ёслолоос зохисгүй хүртдэг хүмүүс өөрсдөдөө шийтгэл, буруутгалыг авчирдаг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)
Бид “ариун ёслолоос хүртэхдээ төгс төгөлдөр байх шаардлагагүй ч даруу сүнстэй мөн зүрх сэтгэлдээ наманчлалтай байх хэрэгтэй” гэдгийг тайлбарла (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 27). Хэрэв бид ноцтой гэм нүгэлтэй, зүрх сэтгэлдээ наманчлаагүй, Аврагчийг дагах мөн дурсан санах хүсэлгүй байж ариун ёслолоос хүртвэл, ариун ёслолоос зохисгүй хүртэж байна гэсэн үг. Хэрэв суралцагчдад ариун ёслолоос хүртэх өөрсдийн зохистой байдлын талаар асуух зүйл байгаа бол Тэнгэрлэг Эцэгт залбирч, бишоптойгоо уулзахыг суралцагчдад урамшуул (3 Нифай 18:26–29-ийг үзнэ үү).
-
Яагаад ариун ёслолоос зохисгүй хүртэх нь бидний бодгальд шийтгэл авчирна гэж та нар бодож байна вэ?
-
1 Коринт 11:28-д цэдэглэснээр, Паул Сүмийн гишүүдэд ямар зөвлөгөө өгсөн бэ? (Бид ариун ёслолоос хүртэхдээ амьдралаа нягталж үзэх хэрэгтэй гэсэн үнэнийг суралцагчдын өөрсдийнх нь үгээр самбар дээр бич.)
Өөрсдийн амьдралыг дүгнэхийн зорилго нь зөвхөн ариун ёслолоос хүртэх зохистой эсэхээ бодох бус, түүнчлэн бид Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдээ сахихыг хэр хичээж байгаа болон хэрхэн наманчилж, илүү сайжрахыг эрэлхийлэх тухай бодох явдал юм.
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Би өөртөө ‘Би Бурханыг бүх зүйлээс илүү чухалчилж, Түүний бүх зарлигийг дагадаг уу?’ гэсэн асуулт тавьсан. Тэр үед би үүнийг тунгаан бодож, хийх хэрэгтэй зүйлсээ хийх шийдвэр гаргасан. Их Эзэний зарлигуудыг үргэлж дагахаар Түүнтэй гэрээ хийнэ гэдэг нь тун чухал үүрэг бөгөөд ариун ёслолоос хүртэж, тэрхүү гэрээгээ шинэчлэх нь адилхан чухал зүйл билээ. Ариун ёслолын үеэр бодож эргэцүүлэх цаг гаргах нь агуу ач холбогдолтой. Энэ нь өөрийгөө шалгах, дүгнэх, цэгнэх хийгээд тунгаах, шийдвэрлэх цаг юм” (“Thoughts on the Sacrament,” Ensign, 1977 оны 5-р сар, 25).
Суралцагчдад 1 Коринт 11:28 дээр тодорхойлсон үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодоход туслахын тулд тэднийг ариун ёслолоос хүртэхэд бэлтгэхдээ өөрсдөдөө тавьж болох асуултуудыг бодоход урь. Жишээ нь, тэд “Би хэрхэн илүү сайн Есүс Христийн шавь байх вэ?” гэж асууж болно. Суралцагчдаас өөрсдөдөө тавьж болох өөр асуултуудыг хуваалцахыг хүс. Та өөрийнхөө бодсон асуултаас санал болгож болно. Ариун ёслолын үеэрх зохистой байдлаа дүгнэхдээ өөрсдөдөө тавьж болох асуултуудыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ жагсаахыг суралцагчдаас хүс.
Суралцагчид ариун ёслолын үеэр болон өмнө зохистой байдлаа дүгнэснээр Их Эзэн тэдэнд гэрээгээ хэрхэн илүү сайн биелүүлж, Түүний тэдэнд өгөхийг хүсдэг адислалыг хүлээн авахуйц болохыг мэдэхэд тусалж чадна гэдгийг гэрчил. Эдгээр адислал нь нүглээсээ цэвэрших, амьдралдаа Ариун Сүнсний илүү агуу хүчийг хүлээн авах зэргийг багтаана. Суралцагчдыг дараагийн ариун ёслолоос хүртэхдээ хэрхэн илүү сайн бэлтгэх талаар зорилго тавихад урь.
Паул Коринтын гэгээнтнүүдэд ариун ёслолыг гүйцэтгэх үедээ иддэг байсан хоолных нь талаар нэмэлт удирдамж өгснийг тайлбарлан, 1 Коринт 11:33–34-ийг нэгтгэн дүгнэ.
1 Коринт 11-д гардаг үнэний талаар гэрчилснээр хичээлээ дуусга.