Гэрээр судлах хичээл
Авралын төлөвлөгөө–Шинэ Гэрээний оршил ба хам сэдэв (1-р бүлэг)
Оршил
Энэхүү хичээл нь суралцагчдад Есүс Христийн болон Түүний эртний төлөөлөгчдийн сургаалаас олж болох гол сэдвүүдийг танилцуулснаар тэднийг Шинэ Гэрээнээс судлахад бэлтгэн, урамшуулан дэмжих зорилготой. Суралцагчид Шинэ Гэрээг судалснаар Аврагчийн Өөр дээрээ ирэхийг ахин дахин урьсан урилгад хэрхэн хариулах мөн Түүний тусламж, удирдамжийг амьдралдаа хэрхэн хүлээн авах талаар олж мэднэ.
Заах зөвлөмж
Шинэ Гэрээний оршил
Шинэ Гэрээ бидэнд Есүс Христэд ирэхэд тусалдаг.
Хичээл эхлэхээс өмнө Бидний энэ үед өсвөр үеийнхэнд ямар ямар хүнд дарамт байдаг вэ? гэсэн асуултыг самбар дээр бич.
Хоосон хайрцаг эсвэл үүргэвчийг дотор нь хийх том чулуу, ном гэх мэт хүнд зүйлсийн хамт ангид авчир. Нэг суралцагчийг ангийн өмнө гарч ирэхэд уриад, түүнээс хоосон хайрцгийг барихыг эсвэл хоосон үүргэвчийг үүрэхийг хүс. Ангийнхнаас самбар дээр бичсэн асуултад хариулахыг хүсээд, харин өөр нэг суралцагчаас тэдний хариултыг самбар дээр жагсаан бичихийг хүс. Хариулах тоолондоо авчирсан хүнд зүйлсээс хайрцгийг эсвэл үүргэвчийг дүүртэл хийгээд бай.
-
Хэрэв та өдрийн туршид ийм хүнд ачааг тээж явах болбол танд ямар санагдах байсан бэ?
Суралцагчдаас самбар дээр жагсаан бичсэн зарим дарамтыг буюу хэн нэгэнд учруулж болох сорилт, бэрхшээлүүдийг тайлбарлахыг хүс.
Шинэ Гэрээ бидэнд Есүс Христийн мөнх бус амьдралын болон Амилалтын дараах үеийн тохинууллын, тухайлбал Түүний сургаал, гайхамшиг, цагаатгагч золиослолыг болон эртний сүмийн шавь нар дээрээ айлчлан ирсэн талаар заадаг болохыг тайлбарла. Түүний сургаалд болон бусадтай харьцах харьцаанд тээж явдаг ачаагаа хөнгөлөхөд маань бидэнд туслах үнэнүүд олон давтагдсан байдаг.
Энэ жил Шинэ Гэрээг судалж байхдаа олонтоо олж харах энэхүү гол сэдвийн жишээ Матай 11-р бүлэгт өгөгдсөн байдгийг суралцагчдад тайлбарла. Нэг суралцагчийг Матай 11:28-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн хүнд дарамт үүрсэн хүмүүст хандсан Аврагчийн урилгыг олж мэдэхийг хүс.
-
Эцэж туйлдан, хүнд дарамт үүрэх гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?
-
Бид Түүний амралтыг олж авахын тулд юу хийх ёстой хэмээн Аврагч хэлсэн бэ? (Суралцагчдын хариултыг ашиглан Бид ачаагаа үүрэн Есүс Христ дээр ирэх юм бол Тэр бидэнд амралтыг өгөх болно гэсэн зарчмыг самбар дээр бич:)
-
Есүс Христэд ирнэ гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдад Есүс Христэд ирэх гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Maтай 11:29–30-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн Түүн рүү ирэхийг хүссэн хүмүүст зориулсан Аврагчийн зааврыг олж мэдэхийг хүс.
-
Энэ шүлгүүдэд цэдэглэснээр, бид Христэд ирэхийн тулд юу хийх ёстой вэ?
Самбар дээр шарын буулганы зургийг зур эсвэл зургийг үзүүл.
Буулга нь ихэвчлэн хос шар юм уу өөр хос малыг хооронд нь холбосноор тэдэнд ачаа чирэх боломж олгодог модон тэгнээ болохыг тайлбарла.
-
Буулганы ашиг тус, зориулалт нь юу вэ? (Хэдийгээр буулга нь ачаа, дарамт болдог ч хоёр амьтны хүч чадлыг нэгтгэн, ажлын бүтээмжийг сайжруулдаг байна.)
-
Аврагчийн буулгыг өөр дээрээ авна гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Бид Аврагчийн буулгыг хэрхэн өөрсөд дээрээ авах, ингэснээр хэрхэн адислагдаж болох талаар олж сонсохыг ангийнхнаас хүс.
“Хос малыг хамт зүтгүүлж, ачаа чирүүлэх боломжтой болгохын тулд буулгыг тэдний чээжинд угладаг.
“‘Буулгыг минь өөр дээрээ ав’ хэмээн хүн бүрд өгсөн Их Эзэний ер бусын урилгыг бодож үзнэ үү. Ариун гэрээнүүдийг хийж, сахих нь биднийг Их Эзэн Есүс Христтэй нэг болгон нэгтгэдэг билээ. Чухамдаа бидний хамгийн сайн хүчин чармайлт Аврагчийнхтай эн зэрэгцэхгүй бөгөөд харьцуулах аргагүй ч Тэр биднийг Өөрт нь найдлага тавихад болон Өөртэйгөө хамт хөдөлмөрлөхөд урьдаг. Бид мөнх бус аяллынхаа үедээ Түүнд итгэж, Түүнтэй хамт ачаагаа үүрсэн үед Түүний буулга үнэхээр амархан, ачаа нь хөнгөн байдаг.
“Бид ганцаархнаа биш бас хэзээ ч ганцаардахгүй. Бид өдөр тутмын амьдралдаа тэнгэрлэг тусламж авч, урагш тэмүүлж чадна. Аврагчийн Цагаатгалын тусламжтайгаар [бид] ‘өөрсдөө олж авч чадахаас хавьгүй илүү’ чадвар, хүч чадлыг хүлээн авч чадна (‘Lord, I Would Follow Thee,’ Hymns, д. 220)” (“Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” Ensign, 2014 оны 5-р сар, 88 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 106).
-
Юу биднийг Аврагч Есүс Христтэй “буулганд” оруулдаг вэ?
-
Ахлагч Бэднарийн хэлснээр, бид Аврагчтай хамт буулганд орсноор ямар адислал хүлээн авах вэ?
Maтай11:28–29 дээрх Аврагчийн “амралтын” амлалт нь Тэр бидний асуудал, саад бэрхшээлийг байнга шийдвэрлэнэ гэсэн утгатай биш болохыг онцол. Ихэнхдээ Аврагч бидэнд бэрхшээлээ даван туулж, тэсвэрлэн гарахад хэрэгтэй амар амгалан, хүч чадлыг өгснөөр бидний ачааг хөнгөлдөг. Хэрэв бид мөнх бус байдлын саад бэрхшээлүүдийг итгэлээр даван туулах юм бол Бурхантай мөнхөд хамт байх эцсийн амралтыг олж авах болно (С ба Г 84:23–24-ийг үзнэ үү).
Тэднийг Аврагч руу ирэхэд, Тэр тэдэнд амралт өгч байсан үеийнхээ талаар тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Цөөн суралцагчийг өөрсдийн туршлагаас ангийнхантайгаа хуваалцахад урь.
Энэ жилийн туршид Шинэ Гэрээг судалснаар Христэд ирэх арга замын талаар тодорхой зорилго тавихад суралцагчдыг урь. Тэднийг өдөр бүр судраас суралцаж, энэ жил Шинэ Гэрээг уншиж дуусгах төлөвлөгөөг зорилгодоо оруулахад урамшуулан дэмж.
Шинэ Гэрээний товч тойм
Шинэ Гэрээний номууд Есүс Христ бол Бурханы Хүү, бидний Аврагч болохыг гэрчилдэг.
Дөрвөн сайн мэдээний бичээчдийн Maтай, Maрк, Лук, Иохан гэсэн нэрсийг самбар дээр бич. Есүс Христийн энэ шавь нар бүгд Аврагчийн амьдралд болсон үйл явдал, сургаалуудыг цэдэглэсэн гэдгийг тайлбарла. Тэдний цэдгийг сайн мэдээ хэмээн нэрлэдэг. Сайн мэдээ гэдэг нь “сайхан мэдээ” гэсэн утгатай. Иосеф Смитийн орчуулгад сайн мэдээ бүрийн гарчгийг “Гэгээн Матайн гэрчлэл”-ийн адил гэрчлэл болгон өөрчилснийг онцол.
-
Есүс Христийн амьдрал, сургаалын талаар нэгээс олон гэрч байх нь яагаад тустай вэ?
Энэ дөрвөн сайн мэдээн дэх зарим хэсэг, дүрслэл өөр өөр байдаг ч бүгд Аврагчийн амьдралд мөн дэлхий дээрх эртний еврейчүүдийн дунд хийсэн тохинууллын үед болж өнгөрсөн үйл явдлуудыг цэдэглэсэн байдаг болохыг тайлбарла. Дөрвөн сайн мэдээ нь дөрвүүлээ Есүс Христ бол Бурханы Хүү, дэлхийн Аврагч гэдгийг гэрчилдэг. Та 1-р бүлэг: Дөрөв дэх өдрийн хичээлийн төгсгөлд суралцагчдын анхаарлыг “Есүс Христийн мөнх бус амьдралыг цухас харвал” гэсэн хүснэгт рүү хандуул. Хүснэгтийг ашиглаад, Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын үед болсон томоохон үйл явдлыг олж тогтооход урь.
-
Хүснэгтээс харахад, Аврагчийн мөнх бус амьдралын тохинуулал хэр удаан үргэлжилсэн байна вэ?
-
Аврагч тохинууллынхаа ихэнх хугацааг хаана өнгөрүүлсэн бэ?
Суралцагчдыг Шинэ Гэрээг судалж байхдаа дөрвөн сайн мэдээний хам сэдвийг илүү сайн ойлгохын тулд энэ хүснэгтийг ашиглахад урь.
Суралцагчдыг Библийн гарчиг хэсгийг нээхэд урь. Сайн мэдээнүүдэд Аврагчийн тохинууллын талаар цэдэглэгдсэн байдаг бол Үйлсээс Илчлэлт хүртэлх номуудад Түүний цовдлолт, Амилалт ба Тэнгэр өөд авагдсаны дараах Түүний эртний төлөөлөгчдийн тохинуулал цэдэглэгдсэн байдаг болохыг тайлбарла. Эдгээр төлөөлөгч Израилийн нутгаар болон Ромын эзэнт гүрнээр хэрэн явж, сайн мэдээг тунхаглан, Сүмийн салбаруудыг зохион байгуулж байсан юм. Бид эдгээр төлөөлөгчийн үйлс, бичвэрүүдийг судалснаараа Аврагчид итгэх итгэлээ хүчирхэгжүүлэн, Түүний Цагаатгалын адислалуудаас хэрхэн хүртэж болох талаар суралцах болно. Түүнчлэн бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Есүс Христийн эртний сүмтэй хэрхэн адилхан болохыг олж харах болно.
Шинэ Гэрээний талаарх өөрийн гэрчлэлийг хуваалцаад, Шинэ Гэрээнээс Есүс Христийн болон Түүний төлөөлөгчдийн амьдрал, сургаалын талаар суралцсанаар тэднийг адислах үнэнүүдийг олж мэдэхэд суралцагчдыг урих тухай бодож үз.
Дараагийн бүлэг (Матай 1–5)
Дараагийн бүлэгт суралцагчид Бурханы Хүүгийн төрөлтийн эргэн тойронд болсон зарим үйл явдлыг судлах болно гэдгийг тайлбарла. Түүнээс гадна бид хэрхэн энэ амьдралд үнэхээр аз жаргалтай байж, Тэнгэрлэг Эцэг шигээ төгс болох талаар суралцах болно.