Номын сан
Гэрээр судлах хичээл: Иохан 11–15 (15-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Иохан 11–15 (15-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Иохан 11–15(15-р бүлэг)-ийг судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь таны хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

Эхний өдөр (Иохан 11)

Суралцагчид Есүс Лазарыг үхлээс босгосон тухай уншиж байхдаа дараах зарчмын талаар суралцсан. Үүнд: Бид сорилтыг туулах үедээ Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж болно. Есүс Христ бол Амилалт ба Амь мөн. Хэрэв бид Есүс Христэд итгэлтэй байвал мөнх амьдралыг хүлээн авч чадна. Бид сорилтыг туулах үедээ Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх сонголт хийх юм бол Түүнд итгэх бидний итгэл батлагдаж, гүнзгийрэх болно.

2 дахь өдөр (Иохан 12)

Энэ хичээлийн хүрээнд суралцагчид Марта, Лазар хоёрын дүү Мариа Есүсийн хөлийг тосолсон тухай мөн Есүс Иерусалимд ялгуусан байдалтай орж ирсэн тухай судалсан. Тэд мөн Аврагчийн Иерусалимд заасан зүйлсийн тухай суралцсан. Аврагчийн сургаалаас суралцагчид дараах үнэнийг мэдэж авсан. Үүнд: Гайхамшиг тохиолдсоноор л бид Есүс Христэд итгэхэд хүрдэг юм биш. Бурханд таалагдахаас илүү бусдад таалагдахыг хүсэх нь Есүс Христ болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлээ илэн далангүй хүлээн зөвшөөрөхөд саад болдог. Хэрэв бид Есүс Христэд итгэдэг бол сүнслэг харанхуйд амьдрах хэрэггүй.

3 дахь өдөр (Иохан 13)

Аврагч төлөөлөгчдийнхөө хөлийг угаасан тухай түүхийг уншиж байхдаа суралцагчид дараах үнэнийг олж мэдсэн. Үүнд: Бид бусдад үйлчилж, Аврагчийн үлгэр жишээг дагаснаар илүү аз жаргалтай байх болно. Хэрэв бид бие биенээ Есүс Христ биднийг хайрладгийн адил хайрлах юм бол бусад хүн биднийг Түүний шавь мөн гэдгийг мэдэх болно.

4 дэх өдөр (Иохан 14–15)

Суралцагчид энэ хичээлээр Аврагч цагаатгалын золиослолоо эхлэхийн өмнө төлөөлөгчдөдөө заасан сургаалын тухай мэдсэн. Бид зөвхөн Есүс Христийн Цагаатгал болон Түүний замыг дагаснаар Тэнгэрлэг Эцэгийн хаант улсад орж чадна гэдгийг тэд мэдэж авсан. Мөн бид Түүний зарлигуудыг сахиснаар Есүс Христийг хайрладгаа үзүүлдэг бөгөөд Ариун Сүнс биднийг тайтгаруулж, бүх зүйлд сургадаг мөн бүх зүйлийг сануулдаг гэдгийг сурсан. Суралцагчид усан үзэмний мод ба түүний мөчрүүдийн тухай судлахдаа, хэрэв бид зарлигуудыг дуулгавартай сахивал Аврагчийн хайран дотор байх бөгөөд бүрэн дүүрэн баяр баясгаланг хүлээн авах болно гэдгийг мэдэж авсан.

Оршил

Уг хичээл нь суралцагчдад Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очихын тулд юу хийх ёстойг ойлгоход тусална. Түүнчлэн суралцагчид Иохан 14-т цэдэглэсэн Аврагчийн зөвлөгөөг давтан судлахдаа, Аврагчийн заасан замаар хэрхэн илүү сайн дагаж болох талаар тунгаан бодож болно.

Заах зөвлөмж

Иохан 14:1–14

Аврагч төлөөлөгчдөдөө Тэнгэрлэг Эцэгт хэрхэн буцаж очихыг заав

Хэрвээ боломжтой бол хотынхоо газрын зургийг үзүүлж, суралцагчдыг газрын зураг дээр өөрсдийн байршлыг олоход урь. Газрын зураг дээр суралцагчдын сайн мэдэх газрыг олж тогтоо. Жижиг цаасан дээр одоо байгаа газраасаа тэр газар руу яаж очихыг бичихийг хүс. Нэг эсвэл хоёр суралцагчийг юу бичсэнээ хуваалцахад урь.

Самбар дээр Селестиел хаант улс гэж бич. Селестиел хаант улс руу хүрэхийг хүсэж байгаа хэн нэгэн хүнд ямар чиглэлд явахыг нь зааж өгөх талаар бодохыг суралцагчдаас хүс.

Суралцагчдад өдөр тутмын хичээлээр Иохан 14-өөс судалж байхдаа Тэнгэрлэг Эцэг рүү хэрхэн эргэн очиж, селестиел хаант улсад орж болохыг мэдэхэд туслах үнэнийг мэдэж авсан тухай сануул. Энэ хичээлээр тэд энэ үнэний талаар илүү ихийг мэдэж авах болно гэдгийг тайлбарла.

Суралцагчдад Иохан 14-ийн агуулгыг зөв ойлгоход туслахын тулд Есүс төлөөлөгчидтэйгөө Дээгүүр өнгөрөх баярыг Иерусалимд дээд давхрын өрөөнд тэмдэглэсэн гэдгийг сануул. Дээгүүр өнгөрөх баярын зоогийн дараа Есүс төлөөлөгчдөдөө удахгүй тэднийг орхин явах болно гэдгээ хэлсэн (Иохан 13:33-ыг үзнэ үү).

Хэд хэдэн суралцагчийг Иохан 14:1–5-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс төлөөлөгчдөд тайтгарахад нь туслах юу заасныг олж мэдэхийг хүс.

Иохан 14:3-ын Иосеф Смитийн Орчуулга нь “Би явахдаа, та нарт газар бэлдэнэ, мөн дахин ирж, та нарыг Өөртөө авна; тэгснээр миний байгаа газар та нар ч байж болох буюу” гэсэн байдгийг тайлбарла.

  • Есүс төлөөлөгчдөө тайтгарахад нь туслахын тулд юу заасан бэ?

  • “Миний Эцэгийн гэрт орон байр олон бий” (Иохан 14:2) гэж хэлсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгсийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, энэ үгийг ямар утгатай гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“‘Миний Эцэгийн гэрт орон байр олон бий’ … [гэсэн мэдэгдэл] бол та нар Бурханы өв залгамжлагчид бас надтай хамт өв залгамжлагчид байхын тулд ‘Миний Эцэгийн хаант улсад олон хаант улс бий’ гэсэн үг байх ёстой. … Селестиел хуулийг дуулгавартай дагадаг хүмүүст зориулсан, бас уг хуулийг дагадаггүй хүмүүст, хүн бүрд өөрийнх нь нөхцөлд тохируулсан орон байр байгаа билээ” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 247–248).

Та суралцагчдад хаант улс болон хаант улсууд гэсэн үгсийг судар дээрээ Иохан 14:2 дахь гэр болон орон байр гэсний дээр бичихийг санал болгож болно.

  • Иохан 14:1–4 дэх сургаалуудаас аль нь төлөөлөгчдийг тайтгаруулсан байж болох вэ?

  • 5-р шүлэгт цэдэглэснээр, төлөөлөгчид Тэнгэрлэг Эцэгийн хаант улсад хүрэх замыг мэддэг хэмээх Аврагчийн заасан зүйлсэд Томас хэрхэн хариулсан бэ?

Нэг суралцагчийг Иохан 14:6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс Томасын асуултад яаж хариулсныг олж мэдэхийг хүс. Энэ нь төгс эзэмших судрын хэсэг гэдгийг тэдэнд сануул.

  • Есүс Томасын асуултад хэрхэн хариулсан бэ?

Самбар дээр зам зур. Замын нэг үзүүрт Бид, нөгөө үзүүрт Тэнгэрлэг Эцэгийн Хаант улс гэж бич. Замын доор Зам гэж бичээд, энэ үг нь нэг газраас нөгөө газар руу хүргэх замыг хэлж байгаа юм гэдгийг онцлон хэл .

  • Аврагч хэрхэн Зам байдаг вэ? (Бурхантай илүү адилхан болохын тулд яаж амьдрахыг мөн Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд амьдрахын тулд хэрхэн зохистой байхыг Аврагч бидэнд үзүүлдэг гэж суралцагчид хариулж болно.)

Самбар дээр “Зам” гэсний доор Үнэн, Амьдрал гэж бич.

  • Есүс Христ ямар учраас Үнэн бэ? (Тэр бол бүх үнэний эх үүсвэр бөгөөд бүх үнэнээр төгс амьдарсан.)

  • Есүс Христ ямар учраас Амь бэ? (Тэр бидэнд махан биеийнхээ үхлийг даван туулж, үхэшгүй бие махбодтойгоор амилах мөн сүнсний үхлийг даван туулж, мөнх амьдрал хүлээн авах боломж олгодог. Тэр бол “бүх зүйлд байдаг, бүх зүйлд амьдралыг өгдөг” гэрэл юм [С ба Г 88:13].)

Самбар дээр зурсан замын доор буй “Зам” гэсний хажууд Есүс Христ бол гэж бич.

  • Дээрх ярилцлага дээр үндэслэн, Аврагчийн хэлсэн “хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” хэмээх үгсийг та нар хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Иохан 14:6). (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид гагцхүү Есүс Христийн Цагаатгалаар болон Түүний заасан замаар явбал Тэнгэрлэг Эцэгийн хаант улсад орж чадна гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлох ёстой.)

  • Хэрэв бид Аврагчийнхаас өөр замыг дагах юм бол бидэнд юу тохиолдох вэ?

Нэг суралцагчийг Далын ахлагч Лорэнс И.Корбрижийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Хэрэв бид Аврагчийн зааснаас өөр замыг дагавал юу болохыг олж сонсохыг ангийнхнаас хүс.

Зураг
Ахлагч Лорэнс И.Корбриж

“Есүс Христ бол зам мөн. Тэр бол Гэрэл ба Амь, Талх ба Ус, Эхлэл ба Төгсгөл, Амилалт ба Амь, дэлхийн Аврагч, Үнэн бөгөөд Зам мөн.

Аз жаргал, амжилт ололтод хүрэх цорын ганц зам байдаг. Есүс бол тэр Зам мөн. Үүнээс өөр бүх зам нь ямар ч зам байлаа гэсэн утга учиргүй юм. …

Их Эзэний зам хэцүү биш. Сайн мэдээ ч хэцүү биш, харин амьдрал хэцүү. Хаа сайгүй, хүн бүрийн хувьд ‘Бүх зүйлд үргэлж сөрөг тал’ [2 Нифай 2:11] байх нь зайлшгүй. Бидний хувьд амьдрал хүнд хэцүү ч эгэл жирийн юм. Бидэнд ердөө хоёрхон сонголт байдаг. … Нэг бол Их Эзэнийг дагаж, Түүний хүчийг хүлээж аван, амар амгалан, гэрэл, хүч чадал, мэдлэг, итгэл найдвар, удирдамж, хайр энэрэл, баяр баясгалантай байж болно. Харин өөр ямар ч замаар явсан, ганцаараа, Түүний дэмжлэг, хүч, удирдамж чиглэлгүйгээр харанхуй дотор гай зовлон, эргэлзээ тээнэгэлзээ, цөхрөл гутралын замаар явна. Аль замаар нь явбал илүү хялбар вэ гэж би асууя. …

Аз жаргал, амжилт ололтод хүрэх цорын ганц зам байдаг. Есүс Христ бол тэр зам мөн” (“Зам,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 42, 44).

  • Ахлагч Лорэнс И.Корбрижийн хэлсэн уг мэдэгдэлд хэрвээ бид Аврагчийн замыг дагахгүй бол юу тохиолдоно гэсэн байна вэ?

  • Хэрэв бид Аврагчийн замыг дагавал юу болох вэ?

  • Аврагчийн зам гэж юуг хэлдэг вэ? (Хэрэв шаардлагатай бол суралцагчдад Аврагчийн зам гэдэгт Түүнд болон Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэлээ хөгжүүлэх; наманчлах; баптисм, ариун сүмийн ёслолууд гэх зэрэг авралын ёслолуудаас хүртэх; итгэл ба дуулгавартай байдалд эцсээ хүртэл тэвчих гэх зэрэг зүйл хамрагддаг гэдгийг сануул.)

Суралцагчдаас тэд Аврагчийн замыг дагаснаар адислагдсан туршлагаасаа тунгаан бодохыг хүс. Тэдний цөөн хэдээс туршлагаасаа хуваалцахыг хүс.

Суралцагчдыг тэд Аврагчийн замыг хэр сайн дагаж байгаа талаар бодоход урь. Аврагчийг илүү сайн дагах нэг арга замын талаар бодохыг мөн түүнийг хэрэгжүүлэх зорилго тавихыг суралцагчдаас хүс.

Аврагч төлөөлөгчдөд Өөрийнх нь дэлхий дээр ирсэн зорилгуудын нэг бол хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүрээрээ Тэнгэрлэг Эцэгийн үнэн чанарыг илчлэхийн тулд байсан юм хэмээн заасан гэдгийг тайлбарлан, Иохан 14:7–14-ийг нэгтгэн дүгнэ. Тэр төлөөлөгчдөдөө тэд агуу ажлууд хийх хүч чадалтай байх болно хэмээн хэлсэн.

Дараагийн бүлэг (Иохан 16–21)

Суралцагчдыг Иоханы сайн мэдээг судалж дуусах үедээ дараах асуултуудад хариулахад урь. Үүнд: Есүс загалмай дээр цовдлуулсан байхдаа эхдээ юу гэж хэлсэн бэ? Есүс Христ амилсныхаа дараа хамгийн түрүүнд хэнд үзэгдсэн бэ? Хэн Есүсийн амилсныг гэрчилсэн бусдынхаа гэрчлэлд итгэхийг хүсээгүй вэ? Аврагч Өөрийг нь болон Өөрийнх нь Амилалтыг гэрчилсэн боловч сайн мэдээг номлохын оронд хуучин ажилдаа эргэж орохоор явсан шавь нартаа юу гэж хэлэх байсныг төсөөлөхөд суралцагчдыг урь. Аврагч тэдгээр шавьдаа юу гэж хэлснийг дараагийн бүлгээс олж мэдэхийг тэднээс хүс.