Паулын коринтчуудад бичсэн хоёр дахь захидлын оршил
Энэ номыг яагаад судлах хэрэгтэй вэ?
Паулын коринтчуудад бичсэн хоёр дахь захидал зовлон бэрхшээл дундах тайтгарал, сул дорой байдлыг даван туулах хүч чадлын талаар (Паул өөрөөрөө жишээ авсан) болон хуурамч, үнэн багш нарыг ялган таних тухай заадгаараа ялгаатай. 2 Коринтод цэдэглэсэн Паулын үлгэр жишээ болон заасан зүйлс суралцагчдыг нөхцөл байдал, үр дагавар нь ямар ч байсан Бурхан, Мөнхийн Эцэгтэй хийсэн үүрдийн гэрээнүүддээ үнэнч хийгээд итгэлтэй үлдэхэд урамшуулна.
Энэ номыг хэн бичсэн бэ?
Паул коринтчуудад хоёр дахь захидлаа бичсэн (2 Коринт 1:1-ийг үзнэ үү).
Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?
Паулыг 1 Коринтыг бичсэний дараахан заасан зүйлсийг нь эсэргүүцэн, Ефест үймээн дэгдсэн (Үйлс 19:23–41-ийг үзнэ үү) бөгөөд тэрээр Македон руу явсан (Үйлс 20:1; 2 Коринт 2:13; 7:5-ыг үзнэ үү). МЭ 55–57 оны орчимд тэрээр Македонд байхдаа 2 Коринтыг бичсэн бололтой (Библийн толь бичиг, “Паулын захидлууд”; Судруудын удирдамж, “Паулын захидлууд,” scriptures.lds.org-ыг үзнэ үү).
Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?
2 Коринт номыг Коринтын Сүмийн гишүүдэд хандан бичжээ. Паулыг гурав дахь номлолынхоо аяллын үеэр Македонд байхад өмнөх захидлыг нь гэгээнтнүүд сайнаар хүлээн авсан гэсэн мэдээг Коринтоос Тит түүнд авчирчээ (2 Коринт 7:6–13-ыг үзнэ үү). Коринтын салбар өсөж хөгжиж байсан ч тэнд Христийн цэвэр сургаалыг ялзруулж буй хуурамч багш нар байгааг Паул олж мэдэв. Паул Коринтод айлчилсан эхний, магадгүй хоёр дахь айлчлалынхаа дараа (2 Коринт 1:15–16), зарим гэгээнтнийг зэмлэсэн бололтой (2 Коринт 2:1; 12:21). Иерусалим хавиас ирсэн номлогчид Паулын заасны эсрэгээр, иудейчүүдийн зан үйлийг дагах хэрэгтэй хэмээн гэгээнтнүүдэд зааж эхэлсэн байв. 2 Коринтын ихэнх хэсэг эдгээр хуурамч багшийн үүсгэсэн асуудал руу чиглэсэн байдаг.
Паулын захидал нь түүний үгсийг илүү их сонсохыг хүсдэг (2 Коринт 1–9-ийг үзнэ үү) болон заасан зүйлсийг нь хүлээн авахдаа дурамжхан байдаг хүмүүсийн аль алинд хандан бичигдсэн (2 Коринт 10–13-ыг үзнэ үү). Ерөнхийдөө 2 Коринт нь энэ захидлын хэд хэдэн зорилгыг илчлэн харуулдаг. Тухайлбал:
-
Өөрийнх нь өмнөх захидалд элэгсгээр хариулсан гэгээнтнүүдэд талархлаа илэрхийлж, тэднийг хүчирхэгжүүлэх
-
Христийн цэвэр сургаалыг ялзруулсан хуурамч багш нараас сэрэмжлүүлэх
-
Есүс Христийн төлөөлөгчийн хувьд өөрийн зан чанар, эрх мэдлийг хамгаалах (2 Коринт 10–13-ыг үзнэ үү)
-
Коринтын гэгээнтнүүдийг Иерусалимын ядуу гэгээнтнүүдэд зориулж өгөөмрөөр өргөл өгөхөд урамшуулах (2 Коринт 8–9-ийг үзнэ үү) гэх мэт.
Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?
Паулын бичсэн олон захидал сургаал дээр төвлөрдөг бол энэ захидлын дийлэнх нь Паулын Коринтын гэгээнтнүүдтэй харилцах харилцааг болон тэдний төлөөх түүний хайр, халамжийг онцлон харуулдаг. 2 Коринтод Паул шүүмжлэгчдийн эсрэг хатуу тууштай зогсдог байсан ч бид түүнийг гэгээнтнүүдийн аз жаргал, сайн сайхны төлөө санаа тавьдаг, уян зөөлөн санваарын удирдагч хэмээн хардаг. Паул түүнчлэн амьдралынхаа зарим намтар түүхийг дэлгэрэнгүй хуваалцсан төдийгүй “махан бие [дэх] өргөс”-ийнхөө талаар бичсэн (2 Коринт 12:7).
Паул 2 Коринт 12:2–4-т цэдэглэгдсэн ариун туршлагадаа өөрийгөө “гурав дахь тэнгэрт [аваачигдан],” тэнд үгээр хэлшгүй зүйлсийг харсан “Христ доторх нэгэн хүн” хэмээн дүрсэлжээ. Амилуулагдсан биесийн алдар суугийн (1 Коринт 15:35–44-ийг үзнэ үү) ялгааны талаарх түүний өмнөх сургаалын мэдэгдэлтэй хамт энэхүү үзэгдэл нь Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн үзэгдлийн библи дэх харьцуулах хувилбар болж болно.
Тойм
2 Коринт 1–5 Бурхан хүүхдүүдээ зовж зүдрэх үед нь тайтгаруулдаг гэдгийг Паул гэрчлэв. Тэрээр гэгээнтнүүдийг бие биенээ хайрлаж, уучлахыг уриалав. Сайн мэдээ болон Их Эзэний Сүнсний ажлууд Мосегийн хуулиас илүү агуу юм. Паул уншигчдыг зовлон бэрхшээлт мөчид нь зоригжуулж, Бурханы хайр болон алдар суугийн үүрдийн мөн чанарыг сануулдаг. Тэрээр Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурхантай эвлэрэх хэрэгтэйг ойлгоход уншигчдад тусалдаг.
2 Коринт 6–13 Паул хуурамч багш нарын шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарахдаа Их Эзэний үйлчлэгчийн хувьд үнэнч байдлаа хамгаалж, уншигчдыг дэлхийнхнээс ангид байхад урьсан. Тэрээр “Бурханлаг гашуудлын” талаар заадаг (2 Коринт 7:10-ыг үзнэ үү). Паул Коринтын гэгээнтнүүдэд Иерусалим дахь ядууст өгсөн хандивт нь талархаж, тэднийг үргэлжлүүлэн өгөөмрөөр өгч байхад урамшуулсан. Тэрээр “хуурамч элч нарын” эсрэг шулуухан ярьдаг (2 Коринт 11:13). Паул Их Эзэнийг магтан алдаршуулж, Есүс Христэд итгэх итгэл болон зовлон зүдгүүрийнхээ талаар хуваалцсан юм. Тэр гурав дахь тэнгэрийн талаарх үзэгдлийнхээ тухай бичив. Паул гэгээнтнүүдийг өөрсдийгөө шалгаж, үнэнч гэдгээ батлахад урив.