117-р хичээл
2 Коринт 10–13
Оршил
Төлөөлөгч Паул Бурханы хүүхдүүдийн оролцож буй сүнслэг дайны тухай заав. Тэрээр өөрийг нь эсэргүүцэгчдээс өөрийгөө хамгаалав. Тэрээр гурав дахь тэнгэрт хэрхэн аваачигдсанаа өгүүлж, сул дорой байдал нь хэрхэн адислал болсныг дүрсэлсэн. Паул захидлаа дуусгахаас өмнө Коринтын гэгээнтнүүдэд өөрсдийгөө хянаж шалган, итгэлтэй байдлаа нотлохыг ухуулсан.
Заах зөвлөмж
2 Коринт 10–11
Паул сүнслэг дайн, Сатаны хууран мэхлэлт болон өөрийн зовлон бэрхшээлийн тухай бичив
Дайн гэдэг үгийг самбар дээр бич.
-
Ямар арга замаар бид Сатаны эсрэг дайнд ороод байгаа вэ?
-
Энэ сүнслэг дайнд бидэнд тулгардаг хамгийн хүнд тулаанууд юу вэ?
Нэг суралцагчийг 2 Коринт 10:3–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул бидэнд Сатаны эсрэг энэ дайнд ялахын тулд юу хийх ёстой гэж заасныг олж мэдэхийг хүс.
-
Бид Сатаны эсрэг энэ дайнд ялахын тулд юу хийх ёстой вэ?
-
“Ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (5-р шүлэг).
-
Сатаны эсрэг дайнд хэрхэн амжилттай оролцох талаар бид 5-р шүлгээс ямар зарчмыг мэдэж болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Бид Есүс Христэд дуулгавартай байх талаар өөрсдийн бодлыг хянахын хэрээр Сатаны эсрэг дайнд ялах болно гэсэн үнэнийг самбар дээр бич.)
-
Бид бодол санаагаа хянахын тулд юу хийж болох вэ? (Бид залбирах, судар чээжлэх мөн сүмийн дууг чээжлэх юм уу дуулах зэргийг хийж болно.)
Та Аврагчид дуулгавартай байх талаар бодол санаагаа хянаснаар Сатаны нөлөөг ялан дийлэхэд тусалсан тухай өөрийн туршлагыг хуваалцаж болно. Суралцагчдыг туршлагаа хуваалцахад урих талаар бодож үз. Суралцагчдыг Аврагчид дуулгавартай байх талаар бодол санаагаа илүү сайн хянах зорилго тавихад урь.
Нэг суралцагчийг дараах дүгнэлтийг чанга уншихад урь.
Бид 2 Коринт 10:7–18-аас Паул Их Эзэний алдар сууг магтаж мөн өөрийн сул дорой байдлыг түүнийг сонсохгүй байгаагийн шалтгаан болгож байгаа нь буруу гэдгийг заасан тухай мэдэж авдаг. Бодол санааг маань ялзруулж, хуурамч Христ болон хуурамч бошиглогчдоор дамжуулан биднийг Есүс Христээс холдуулдаг Сатаны арга замуудыг Паул дурдсан тухай 2 Коринт 11-ээс бид уншдаг. Паул Аврагчийн үнэн дагалдагч байсныхаа төлөө туулсан зовлон бэрхшээлийнхээ талаар өгүүлдэг.
2 Коринт 12
Паул тэнгэрт аваачигдсан тухайгаа өгүүлж, сул дорой байдлаа хүлээн зөвшөөрөх нь хэрхэн ач тустай байж болохыг заав.
Хичээлд зурган дээрхтэй төстэй өргөс авчрах юм уу самбар дээр өргөсний зураг зур. Суралцагчдыг өргөсөнд хатгуулж байсан тохиолдлуудаа бодоход урь.
-
Өргөс амьдралыг хэрхэн хэцүү болгож болох вэ?
Паул туулсан сорилт бэрхшээл, сул дорой байдлаа өргөстэй зүйрлэснийг тайлбарла.
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас үүнийг сонсох үедээ өөрсдөдөө юм уу хайртай хүмүүст нь тохиолдсон сорилт бэрхшээл, сул дорой байдлыг бодохыг хүс.
“Зарим нь хайртай нэгнээсээ хагацсан байдаг эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болсон нэгнээ асардаг. Зарим хүн гэр бүл нь салснаас болж, сэтгэл зүрх нь шархалсан байдаг. … Зарим хүн бие махбодын болон сэтгэцийн эмгэгтэй байдаг бол зарим нь ижил хүйстэнд сэтгэл татагдах асуудалтай байдаг. Зарим хүн сэтгэл санааны гүн хямралд орж, өөрийгөө голох аймшигт мэдрэмжтэй болсон байдаг. Их олон хүн ямар нэг байдлаар хүнд дарамт бэрхшээлтэй байдаг” (“He Heals the Heavy Laden,” Ensign эсвэл Liahona, 2006 оны 11-р сар, 6).
Суралцагчдыг 2 Коринт 12-ыг судалж байхдаа сорилт бэрхшээл, сул дорой байдал тохиох үед өөрсдөдөө туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Нэг суралцагчийг 2 Коринт 12:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын үзсэн үзэгдлийг олж мэдэхийг хүс. (Эдгээр шүлэгт гарах гуравдагч хүн нь Паул гэдгийг тайлбарла.)
-
Паулын “гурав дахь тэнгэрт” аваачигдсан гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (2-р шүлэг). (Тэр селестиел хаант улсыг үзэгдэлд харсан.)
“Бие дотроо юу эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь би мэдэхгүй” (2-р шүлэг) гэдэг нь Паул селестиел хаант улсад аваачигдсан эсвэл үүнийг үзэгдэлд харсан эсэхээ мэдэхгүй байсан гэсэн үг гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг 2 Коринт 12:5–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул энэ үзэгдэлд хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.
-
Паул энэ үзэгдэлд хэрхэн хандсан бэ?
-
Хэрэв Паул өөрөөрөө сайрхсан бол юу тохиолдох байх гэж санаа нь зовж байсан бэ? (Паулд даван туулах мөнх бус бэрхшээл байсаар байтал бусад хүн түүний тухай хэт дээгүүр бодох вий гэж санаа зовж байсан.)
Нэг суралцагчийг 2 Коринт 12:7–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Их Эзэн Паулыг даруу байхад хэрхэн тусалсан тухай олж мэдэхийг хүс. Та “өөрийгөө хэт дөвийлгөх” (7-р шүлэг) гэдэг нь бардам зантай байх гэсэн үг болохыг тайлбарлаж болно.
-
Их Эзэн Паулыг даруу байхад нь хэрхэн тусалсан бэ?
-
Паул “махан бие дэх өргөс”-өө зайлуулахаар хэдэн удаа гуйж залбирсан бэ?
Их Эзэн Паулын залбирлыг үл харгалзан “махан бие дэх өргөс”-ийг нь зайлуулахгүй байхаар сонгосон бололтой гэдгийг онцлон хэл.
-
Их Эзэн яагаад бидэнд сорилт бэрхшээл, сул дорой байдал тохиолдохыг хүлээн зөвшөөрдөг талаар бид Паулаас юу мэдэж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Биднийг даруу байхад суралцуулахын тулд Их Эзэн бидэнд сорилт бэрхшээл, сул дорой байдал тохиохыг зөвшөөрч болно гэсэн үнэнийг тодорхойлсон байхад анхаар. Энэ үнэнийг самбар дээр бич.)
Суралцагчдыг 2 Коринт 12:9–10-ыг дотроо уншаад, Паулд сул дорой байдлаа даван гарахад тусалсан үнэнийг олж мэдэхэд урь. Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ олж мэдсэн үнэнээ бичихэд урь.
-
Паул сул дорой байдлаа даван гарахад тусалсан ямар ямар үнэнийг мэдсэн бэ? (Суралцагчид хэд хэдэн үнэнийг тодорхойлж болно. Жишээ нь: Есүс Христийн ач ивээл бидэнд сул дорой байдлаа хүчирхэгжүүлэхэд хангалттай юм. Их Эзэн биднээс сорилт бэрхшээлийг маань үргэлж холдуулдаггүй ч тэдгээрийг итгэлтэйгээр тэвчихэд биднийг хүчирхэгжүүлэх болно.)
Ач ивээл гэдэг нь Есүс Христийн Цагаатгалаар бидэнд боломжтой болсон “бурханлаг тусламж эсвэл хүч чадал” гэдгийг сануул (Библийн толь бичиг, “Ач ивээл”).
-
Аврагчийн ач ивээл бидэнд сул дорой байдлаа хүчирхэгжүүлэхэд хангалттай гэсэн нь ямар утгатай вэ? (Бид Аврагчаас хүлээн авдаг хүч чадлаар дамжуулан Түүний биднээс хийхийг хүссэн бүх зүйлийг хийж чадна.)
Нэг суралцагчийг ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Их Эзэн Есүс Христийн эдгээх хүч нь бидний ачааг авч хаяхад ч бай эсвэл тэвчээртэй байж, төлөөлөгч Паулын адил зовлон бэрхшээл дунд амьдрахад маань биднийг хүчирхэгжүүлэхэд ч бай, мөнх бус байдлын бүхий л зовлон бэрхшээлийг эдгээх боломжтой” (“He Heals the Heavy Laden,” 8).
-
9–10-р шүлэгт бидний тодорхойлсон үнэн нь зовлон бэрхшээл, сул дорой байдлаа давахад бидэнд хэрхэн туслах вэ?
-
Аврагч хэзээ та нарыг эсвэл та нарын мэдэх хэн нэгнийг хүчирхэгжүүлж байсан бэ? (Суралцагчдад хэт хувийн юм уу нууц зүйлээ ярихгүй байхыг сануул.) Уг туршлага та нарт болон тэдэнд хэрхэн адислал болсон бэ?
2 Коринт 13
Паул гэгээнтнүүдэд өөрсдийгөө шалгаж, итгэлтэй байдлаа нотлохыг ухуулав
Коринтын гэгээнтнүүд дунд хуурамч багш нар байсан бөгөөд тэд Паулд болон төлөөлөгчийнх нь хувьд түүний эрх мэдэлд эргэлзэж байсан гэдгийг суралцагчдад сануул.
-
Өнөөгийн хүмүүс Сүмийн удирдах албан тушаалд дуудагдсан хүмүүст эргэлздэг ямар жишээ байж болох вэ?
Нэг суралцагчийг 2 Коринт 13:3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Коринтын Сүмийн зарим гишүүн юунд баталгаа хайж байсныг олж мэдэхийг хүс.
-
Коринтын Сүмийн зарим гишүүн юунд баталгаа хайж байсан бэ?
Нэг суралцагчийг 2 Коринт 13:5–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Коринтын гэгээнтнүүдэд хандан Их Эзэн төлөөлөгчийнх нь хувьд өөрөөр нь дамжуулан ярьсан гэдэгт эргэлзэхийн оронд юу хийхийг ухуулсныг олж мэдэхийг хүс. Шалгалтандаа унадаг гэдэг нь цэвэр бус, ёс суртахуунгүй хүн гэсэн үг гэдгийг тайлбарла.
-
5-р шүлэгт цэдэглэснээр, Паул Коринтын гэгээнтнүүдэд юу хийхийг ухуулсан бэ? (Та суралцагчдыг энэ шүлэг дэх шалга, батал, мэддэг гэсэн үгсийг тэмдэглэн авахад урамшуулж болно.)
-
Паул энэ гэгээнтнүүдэд өөрсдийнхөө талаар юуг шалгах хэрэгтэй гэж хэлсэн бэ? (“Итгэл дотор байгаа” [5-р шүлэг] гэдэг нь Их Эзэний Сүмд итгэлтэй гэсэн үг болохыг тайлбарла.)
-
Бид Сүмийн удирдагчдыг шүүмжлэхийн оронд юу хийж болох талаар энэ шүлгээс ямар зарчмыг мэдэж болох вэ? (Суралцагчид Сүмийн удирдагчдыг шүүмжлэхийн оронд гишүүд өөрсдийнхөө итгэлтэй байдлыг шалгах хэрэгтэй гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлох ёстой.)
Нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгсийг чанга уншихад урь.
“Бусдыг буруутган зэмлэж, Сүмээс дутагдал эрж хайдаг мөн Сүмийн гишүүд буруу замаар явж байна гэж хэлдэг мөртлөө өөрийгөө зөв шударга гэж үздэг хүн өөрөө урвалтын зам руу орсон байдаг. Хэрэв тэр хүн наманчлахгүй бол Бурхан амьд гэдэг нь баттайн адилаар урвах болно” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалууд: Иосеф Смит [2007], 356).
-
Хэрэв бид итгэлтэй байдлаа шалгахын оронд удирдагчдыг шүүмжилбэл юу болох вэ?
Суралцагчдад итгэлтэй байдал болон Сүмийн удирдагчдадаа хандах хандлагаа хянахад туслахын тулд дараах асуултуудыг хэвлэн тараа. Суралцагчдад асуултуудыг уншиж, дор бүрнээ хариулах хангалттай цаг өг.
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—117-р хичээл
-
1–10 гэсэн үзүүлэлтээр (10 бол төгс) хэмжвэл, та нар Сүмийн удирдагчдын зөвлөгөөг хэр сайн дагадаг вэ?
-
Та нарын илүү итгэлтэй дагаж болох бошиглогч, төлөөлөгчдийн заасан нэг жишиг юу вэ?
-
1–10 гэсэн үзүүлэлтээр (10=та нарт байгаа боломж бүрээр) хэмжвэл, та нар Сүмийн удирдагчдадаа талархаж явдгаа биечлэн юм уу залбиралдаа хэр их илэрхийлдэг вэ?
-
Та нар удирдагчдынхаа өөрсдийн чинь төлөө гаргадаг золиослол, хичээл зүтгэлд талархаж явдгаа илүү их харуулахын тулд юу хийж болох вэ?
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Хангалттай хугацаа өгсний дараа асуу.
-
Иймэрхүү сүнслэг хувийн шалгалтыг тогтмол хийх нь ямар адислал авчирч болох вэ?
Паул гэгээнтнүүдэд бузар муугаас зайлсхийж, төгөлдөржихийг эрэлхийлэхийг ухуулсан тухай тайлбарлан, 2 Коринт 13:7–14-ийг нэгтгэн дүгнэ.
Энэ хичээлээр ярилцсан үнэний талаар гэрчил. Суралцагчдыг эдгээр үнэний нэгийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой зорилго бичиж авахад урь.
Зурагтөгс эзэмших судрын шигтгээ зураг Төгс эзэмших судрын давтлага
Суралцагчид судрын хэсгийн тухай өөрсдийн асуултыг зохиовол тухайн судрын хэсгийн талаарх тэдний ойлголт нэмэгдэнэ. Суралцагчдыг хоёр (эсвэл түүнээс илүү) багт хуваа. Багуудыг тодорхой төгс эзэмших судруудыг илтгэсэн түлхүүр үгс бичихэд урь. (Та тэднээр судлуулахыг хүссэн судрын хэсгүүдийг урьдчилан сонгож өгч болно.) Түлхүүр үгс хэт хүнд байж болохгүйг анхааруул. Хангалттай хугацаа өгсний дараа багуудыг судрын түлхүүр үгсээ ээлжлэн уншихад урьж, нөгөө баг нь уг судрын хэсгийг олж чадах эсэхийг хар.
Тэмдэглэл: Хэрэв танд энэ үйл ажиллагааг энэ хичээлийн нэг хэсэг болгон ашиглах цаг байхгүй бол өөр өдөр ашиглаж болно. (Дараагийн хичээл ерөнхийдөө богинохон тул танд энэ үйл ажиллагааг явуулах цаг гарч магадгүй.) Бусад давтах үйл ажиллагааг энэ гарын авлагын төгсгөлд буй хавсралтаас үзнэ үү.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
2 Коринт 12:4. “Хүний илэрхийлж боломгүй”
Диваажинд аваачигдсан үедээ “үгээр хэлшгүй мөн хүний илэрхийлж боломгүй үгсийг сонссон” (2 Коринт 12:2, 4) Паулын адил, бидэнд ч бас Сүнсээр удирдуулсан үедээ л бусадтай хуваалцах сүнслэг туршлагууд байж болно. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр:
“Ер бусын сүнслэг туршлагын тухай байнга яриад байх нь мэргэн ухаан биш гэдэгт би итгэдэг. Тэдгээрийг нандигнан хадгалах хэрэгтэй бөгөөд зөвхөн бусдыг адислахын тулд Сүнсээр өдөөгдсөн үед л ярих хэрэгтэй” гэж заажээ [‘The Candle of the Lord,’ Ensign, 1983 оны 1-р сар, 53]” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 407).
2 Коринт 12:7. Төлөөлөгч Паулд саад болсон “өргөс” юу байсан бэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Паулын өргөсийг “Төлөөлөгчид байнга эсвэл хааяа мэдрэгддэг, нэр нь үл дурдагдсан бие махбодын хүнд өвчин зовиур байсан бололтой” хэмээн хэлжээ (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 2:448).
2 Коринт 12:9. “Мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болно”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс Аврагчийн ач ивээл биднийг сул дорой байдалтай байхад маань хэрхэн хүчирхэг болгодог талаар тайлбарлахын тулд бие махбодын бэрхшээлтэй холбоотой өөрийн туршлагыг хуваалцжээ.
“Өнгөрсөн хоёр жилд би бие махбодын өвчин, оюун санааны зовлон, тунгаан бодох цаг мөч зэргээр дамжуулан Их Эзэнийг надад мөнх бус байдлын хичээл заахыг хүлээсэн. Байнгын, хүчтэй өвдөлт бол агуу ихээр адислан цэвэршүүлэгч бөгөөд биднийг даруусгаж, Бурханы Сүнсэнд ойр аваачдаг гэдгийг би сурч авсан юм. Хэрэв бид сонороо нээж, дуулгавартай байвал өдөр тутмын үйлүүддээ Түүний Сүнсээр удирдуулж, хүслийг нь гүйцэлдүүлэх болно.
‘Энэ туршлагаас та намайг ямар хичээл сураасай гэж хүсэж байна?’ гэх мэт шууд асуултуудыг тавьж байсан цаг үе байсан.
Амьдралынхаа энэ хүнд үед намайг судруудаас судлах үед тэнгэрийн гивлүүр нимгэрч, минийхээс илүү хүнд сорилт бэрхшээл туулж байсан хүмүүсийн амьдралд ирж байсан шиг хариултууд надад ирж байлаа. …
Би сурах ёстой сургамжаа үнэхээр авчихсан, илүү зовлон зүдгүүр туулах шаардлагагүй хэмээн Их Эзэнд цөөн тохиолдолд л хэлж байсан. Тиймэрхүү гуйлтууд ямар ч ашиггүй мэт санагдаж байсан ба учир нь уг сорилтын цэвэршүүлэх үйл явц Их Эзэний цагт мөн Их Эзэний арга замаар үргэлжилнэ гэдгийг би тодорхой ойлгосон юм. ‘Таны хүсэл биелэг’ (Матай 26:42) гэдгийг заах нь нэг хэрэг. Үүгээр амьдрах нь бас нэг өөр хэрэг. Түүнчлэн би эдгээр сорилт бэрхшээл, зовлон зүдгүүртэй нүүр тулахад ганцаараа байхгүй бөгөөд хамгаалагч тэнгэр элчүүд над дээр ирнэ гэдгийг мэдэж авсан юм. …
Өнгөрсөн хоёр жилийн туршлага маань намайг сүнсээр илүү хүчирхэг болгож, зүрх сэтгэлийнхээ гүн гүнзгий мэдрэмжийг дэлхийд зоригтой гэрчлэх урам зоригийг өгсөн билээ” (“The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, 2000 оны 11-р сар, 6).