102-р хичээл
Ром 12–16
Оршил
Паул Ромын Сүмийн гишүүдэд өөрсдийн биеийг Бурханд амьд тахил болгон өргөж, Түүний зарлигуудад дуулгавартай байхыг заав. Паул түүнчлэн гэгээнтнүүдэд хувийн үзэл бодлын ялгаа гарахад хэрхэн амар амгаланг сахих талаар заасан. Захидлынхаа төгсгөлд Паул хууран мэхлэгчдээс сэрэмжлүүлэв.
Заах зөвлөмж
Ром 12–13
Паул гэгээнтнүүдэд өөрсдийн биеийг Бурханд амьд тахил болгон өргөж, Түүний зарлигуудад дуулгавартай байхыг заав
Ангид хоёр өөр хэлбэртэй сав болон аягатай ус авчир. Нэг сав болон аягатай усыг харуул.
-
Хэрэв би усыг энэ саванд хийвэл усны хэлбэр хэрхэн өөрчлөгдөх вэ? (Ус савныхаа хэлбэрт орно.)
Усыг саванд хий. Дараа нь усыг хоёр дахь саванд хийж, ус уг савны хэлбэрийг даган хэрхэн шилжиж байгааг онцол.
Энэ үзүүлэн дээр ус нь хүмүүсийг, сав нь дэлхийн итгэл, зан үйлийг төлөөлж байгааг тайлбарла.
-
Дэлхийн итгэл, зан үйлд байнга зохицон шилжих нь ямар аюул дагуулж болох вэ?
Нэг суралцагчийг Ром 12:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Ромын Сүмийн гишүүдийг юу хийхэд ухуулсан талаар олж мэдэхийг хүс.
-
Паул Сүмийн гишүүдийг юу хийхэд ухуулсан бэ?
Сүмийн гишүүд өөрсдийн биеийг “амьд тахил” (1-р шүлэг) болгох гэдгийг Паул Хуучин Гэрээн дэх амьтдаар тахил өргөх зан үйлтэй зүйрлэсэн гэдгийг тайлбарла. Энэ амьтад Бурханд өргөх тахил байв.
-
“Өөрийн биеэ Бурханд … амьд тахил болгон өргөх” гэж Паул бичсэн нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (1-р шүлэг). (Сүмийн гишүүд нүгэл үйлдэх хүслээ орхиж, өөрсдийгөө Бурханд бүрэн зориулах ёстой.)
-
1–2-р шүлэг дэх Паулын ухуулгад үндэслэвэл, Бурхан биднээс юу хийхийг хүсдэг вэ? (Бурхан биднээс амьдралаа Өөрт нь зориулан, дэлхийнхэнд уусан зохицохоос зайлсхийхийг хүсдэг гэсэн үнэнийг тогтооход суралцагчдад тусал. Энэ үнэнийг самбар дээр бич.)
Ром 12–13-р бүлгийн турш Паул Сүмийн гишүүдэд амьдралаа Бурханд зориулж, дэлхийнхэнд уусан зохицохоос зайлсхийхэд туслах олон зарчмыг заасан гэдгийг тайлбарла. Суралцагчдад эдгээр зарчмын заримыг нээж олоход туслахын тулд тэднийг гурав гурваар нь бүлгүүдэд хуваарил. Хуудас цаасны дээд хэсэгт дараах зааврыг бичээд, суралцагч бүрд тараа. (Хичээлээс өмнө цаасан дээрх гурван судрын аль нэгийг дугуйл. Бүлгийн суралцагч бүрд өгсөн цаасан дээр өөр өөр судар дугуйлсан байхад анхаар.
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—102-р хичээл
-
Цаасны дээд хэсэгт бичсэн судруудын дугуйлсныг унш.
-
Уншсан шүлгүүдээсээ Паулын заасан зүйлсээс нэгийг сонгоод, доорх зайд бич. Түүнчлэн Бурханд амьдралаа зориулж, дэлхийтэй уусан зохицохоос зайлсхийхэд уг заасан зүйл бидэнд хэрхэн туслах талаар бич. (Хэрэв та энэ цаасыг хамгийн түрүүнд аваагүй бол өмнөх суралцагчийн бичсэн зүйл дээр өөрийн бодлыг нэмж бич эсвэл уг дугуйлсан судар дээрээс өөр нэг заасан зүйлийн талаар бич.)
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Цаасан дээрх үйл ажиллагааг зааврын дагуу гурван минутад хийж дуусгах хэрэгтэй гэдгийг суралцагчдад тайлбарла. Гурван минут болоод, суралцагчдыг цаасаа өөрийн бүлэг дэх өөр суралцагчид дамжуулж өгөхөд урь. Суралцагч бүр цаасан дээрх гурван судрыг уншиж, сэтгэгдлээ бичсэн байхын тулд уг үйл ажиллагааг дахин явуул. Суралцагчдыг анх авсан цаасаа буцааж авсан байхад анхаар.
Суралцагчдад цаасан дээрх сэтгэгдлүүдийг дүгнэн харах цаг гаргаж өг. Хэд хэдэн суралцагчийг хэрхэн бид амьдралаа Бурханд зориулж, дэлхийд уусан зохицохоос зайлсхийж болох талаар сурсан зүйлээ хуваалцахад урь.
Нэг суралцагчийг Ром 13:14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул гэгээнтнүүдэд юу хийхийг зөвлөсөн талаар олж мэдэхийг хүс.
-
Та нар Паулын хэлсэн “Эзэн Есүс Христийг өөртөө өмс” гэсэн нь ямар утгатай гэж бодож байна вэ?
-
Бидний Ром 12–13-аас мэдсэн зүйл нь биднийг Есүс Христтэй илүү адил болоход хэрхэн туслах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбарт бичсэн үнэнийг Хэрэв бид амьдралаа Бурханд зориулж, дэлхийтэй уусан зохицохоос зайлсхийвэл Есүс Христтэй илүү адил болж чадна гэсэн байдлаар өөрчилж бич.)
-
Есүс Христ хэрхэн амьдралаа Бурханд зориулж, дэлхийтэй уусан зохицохоос зайлсхийхийн жишээ болдог вэ?
-
Бид дэлхийн жишгүүдэд уусан зохицохоос хэрхэн зайлсхийж болох вэ? (Та Хүндэтгэлийн өдрийг сахих, хувцаслалт эсвэл сайн мэдээний зарчмуудтай зөрчилддөг ёс заншил юм уу олон нийтийн асуудалд хандах хандлага зэрэг тодорхой жишээ өгч болно.)
Суралцагчдаас амьдралаа Бурханд зориулж, дэлхийтэй уусан зохицохоос зайлсхийхийг хичээдэг өөрсдийн мэддэг хэн нэгний тухай бодохыг хүс.
-
Та нар хэний тухай бодсон бэ? Яагаад?
-
Энэ хүн юугаараа Есүс Христтэй илүү адил байж чаддаг вэ?
Суралцагчдыг амьдралаа Бурханд зориулж, дэлхийтэй уусан зохицохоос зайлсхийж болох нэг арга замыг судрын тэмдэглэл дээрээ эсвэл хичээлийн дэвтэртээ бичихэд урь. Бичсэн зүйлээ хэрэгжүүлэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.
Ром 14:1–15:3
Паул Сүмийн гишүүдэд хувийн үзэл бодлын зөрчилдөөнөөс зайлсхийхийг зөвлөв
Суралцагчдаас хэрэв тэд дараах асуултуудад тийм гэж хариулах бол тухай бүрд гараа өргөхийг хүс. Та амьдарч буй газрынхаа ёс заншилд тохируулан эдгээр асуултын заримыг өөрчилж болно. Хэрэв өөрчлөх бол та тодорхой заасан зарлигуудад дуулгавартай байхтай холбоогүй хэрнээ хувийн сонголттой хамаатай байх жишээг сонгоорой. Энэ бүх асуултын хариу тийм гэсэн хариулт байх ёстой.
-
Хожмын үеийн гэгээнтэн (1) цагаан хоолны дэглэм барьж болох уу? (2) шоколад идэж болох уу? (3) олон нийтийн газар богино өмдтэй байж болох уу? (4) Хүндэтгэлийн өдөр техник технологи ашиглаж болох уу? (5) Бусад шашин болон ёс заншилд үндэслэсэн баяр ёслолд оролцож болох уу?
Зарим зан үйл нь Бурханы зарлигаар шууд хориглогдсон эсвэл шаардсан байхад зарим нь Сүмийн гишүүдийн хувийн үзэл бодолд сонголт өгсөн байдаг гэдгийг тайлбарла. Ийм нөхцөл байдал нь баяр наадам, хувцаслалт, хоолны дэглэм, Хүндэтгэлийн өдрийг сахих болон эцэг эхийн хүүхдүүддээ өгөх дүрэм зэрэгт хийх сонголтуудыг багтааж болно. Их Эзэн эдгээр нөхцөлийн заримд нь, жишээлбэл хэт богино өмд өмсөхгүй байх зэрэг дээр бидний сонголтыг удирдах жишиг болон зарлигуудыг өгсөн ч зарим шийдвэр хувийн сонголтоос хамаардаг. Гишүүд заримдаа хувийн нөхцөл байдал болон хэрэгцээ шаардлагадаа үндэслэн тэдгээр шийдвэрээ сүнслэг өдөөлтөөр гаргаж болно.
Суралцагчдыг Ром 14:1–15:3-ыг судалж байхдаа бид хувийн үзэл бодолтой холбоотой асуудлаа Сүмд хэрхэн авч үзэх талаар Паулын заасан үнэнийг олж мэдэхэд урь.
Паулын үе дэх хувийн үзэл бодлын асуудлын нэг жишээ бол Сүмийн гишүүдэд тулгарч байсан хоолны дэглэмийн талаарх асуудал байсан талаар тайлбарлан, Ром 14:1–5-ыг нэгтгэн дүгнэ. Зарим хүн хоолны дэглэм барьдаггүй байсан. Зарим нь Мосегийн хуулийн дагуу хоолны дэглэмийн хуулийг үргэлжлүүлэн сахидаг байсан ба цаашид дагах шаардлагагүй болсон ч мах идэхгүй, зөвхөн хүнсний ногоо иддэг байв (2-р шүлэг, зүүлт тайлбар a-г үзнэ үү). Түүнээс гадна Сүмийн зарим гишүүн иудейчүүдийн соёл, зан үйл болон баяр ёслолыг үргэлжлүүлэн дагахаар сонгосон байв.
-
Эдгээр зүйл дээр Сүмийн гишүүд өөр өөр шийдвэр гаргаж байсан нь ямар асуудал үүсгэсэн гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдыг Ром 14:3-ыг дотроо уншаад, хоолны дэглэмтэй холбоотой хувийн үзэл бодол нь Сүмийн зарим гишүүнийг юу хийхэд хүргэсэн талаар олж мэдэхэд урь.
-
Сүмийн гишүүдэд ямар асуудал тулгарч байсан бэ? (Сүмийн зарим гишүүн өөрсдөөс нь өөр сонголт хийсэн бусад гишүүнийг ад үзэн, шүүж байсан.)
-
Яагаад ийм зүйл болсон гэж та нар бодож байна вэ?
Ром 14:10–13, 15, 21 гэсэн судрын эшлэлүүдийг самбар дээр бич. Хэд хэдэн суралцагчийг эдгээр шүлгийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Сүмийн гишүүдэд хувийн үзэл бодолтой холбоотой ийм асуудалд юу хийхээс зайлсхийхийг заасан талаар олж мэдэхийг хүс. 15-р шүлгийг унших суралцагчийг Ром 14:16-ийн Иосеф Смитийн Орчуулгыг уншихыг зааварла (Ром 14:15, зүүлт тайлбар a).
-
13-р шүлэг дэх Паулын заасан зүйлд үндэслэвэл, тодорхой зарлигуудад заагдаагүй зүйлсийн тухайд ямар зүйл хийхээс зайлсхийх талаар бид ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчдын хариулт Тодорхой зарлигт заагдаагүй асуудлуудын тухайд бид бусдын сонголтыг шүүхээс зайлсхийх хэрэгтэй гэсэн үнэнийг тусгах ёстой.)
-
Сүмийн гишүүд зарлигт тодорхойлон шаардаагүй эсвэл тодорхой зан үйлийг хориглоогүй асуудлын талаар өөр сонголт хийсэн Сүмийн гишүүдийг ад үзэн, буруутгах нь яагаад асуудал болдог вэ?
13-р шүлэг дэх “бүдрүүлэх чулуу эсвэл саад тотгор тавих” гэснийг онцлон заа. Энэ нь Есүс Христэд итгэж, Түүний сайн мэдээний дагуу амьдрахыг хичээж байгаа хэн нэгнийг сүнслэг байдлаар нь бүдрүүлэх эсвэл унагах гэсэн утгатайг тайлбарла.
-
Ямар нэг тодорхой хоол иддэг Сүмийн гишүүн хэн нэгнийг сүнслэгээр бүдрэх эсвэл унахад хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Паул Сүмийн гишүүдэд, хэрэв тэдний хувийн хоолны дэглэм хэн нэгэнд сүнслэгээр хохирол учруулж байвал юу хийхийг зөвлөсөн бэ? (Паул гэгээнтнүүдэд өөрсдийнх нь үйлдэл бусдад хэрхэн нөлөөлж болох тухай бодож, бусдыг сүнслэгээр бүдрэхэд нөлөөлж болзошгүй үйлдлүүдээ зогсоохыг зөвлөв.)
-
Тодорхой зарлигуудад тусгагдаагүй ч бидний хийдэг үйлдлүүдийн талаарх Паулын зөвлөгөөнөөс бид ямар үнэнийг мэдэж болох вэ? (Тодорхой зарлигуудад тусгагдаагүй зүйлсийн тухайд бидний сонголт бусдад хэрхэн нөлөөлж болох талаар бид бодолтой байх хэрэгтэй гэсэн үнэнийг тодорхойлоход суралцагчдад тусал. Тэмдэглэл: Үүнтэй адил үнэний талаар 1 Коринт 8-д илүү гүнзгий авч хэлэлцэнэ.)
Нэг суралцагчийг Ром 14:19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Сүмийн гишүүдэд юуг эрэлхийлэхийг урамшуулсан талаар олж мэдэхийг хүс.
-
Хувь хүний үзэл бодол, сонголтын талаарх Паулын зөвлөгөөг дагах нь Сүмийн гишүүдийн амар амгалан байдал, өсөлт хөгжилд хэрхэн нөлөөлж болох вэ?
Хувийн үзэл бодлын талаарх түрүүчийн жагсаалтыг суралцагчдад сануул. Иймэрхүү асуудалд Сүмийн гишүүд Паулын зөвлөгөөг хэрхэн дагаж болохыг тайлбарлахыг суралцагчдаас хүс.
Ром 15:4–16:27
Паул ромчуудад бичсэн захидлаа төгсгөв
Паул захидлаа төгсгөхдөө Ромын гишүүдэд нэмэлт зөвлөгөө өгсөн болохыг тайлбарла. Нэг суралцагчийг Ром 15:4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул судрууд яагаад бичигдсэн талаар юу гэж заасныг олж мэдэхийг хүс.
-
Бид судрууд яагаад бичигдсэн талаарх ямар үнэнийг 4-р шүлгээс мэдэж болох вэ? (Суралцагчдын хариулт Судрууд бидэнд зааж мөн найдвар өгөхийн тулд бичигдсэн гэсэн үнэнийг тусгасан байх ёстой.)
Паул харь үндэстнүүдийн дундах номлолын ажил нь Бурханы төлөвлөгөөний дагуу байсныг гэгээнтнүүдэд нотлохын тулд Хуучин Гэрээнээс хэд хэдэн шүлэг эш татсанаар энэ үнэнийг харуулсан гэдгийг тайлбарла (Ром 15:9–12-ыг үзнэ үү).
Паул сайн мэдээг тунхаглахаар зүтгэснээ тайлбарласнаар захидлаа төгсгөсөн болохыг тайлбарлан, Ром 15–16-ийн үлдсэн хэсгийг нэгтгэн дүгнэ. Түүнчлэн тэрээр санал зөрөлдөөн үүсгэж, хуурамч сургаал заан, бусдыг мэхлэхийг оролддог хүмүүсээс сэрэмжлүүлсэн (Ром 16:17–18-ыг үзнэ үү).
Хичээл дээр ярилцсан үнэний тухай гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ төгсгө.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Ром 12:1. “Өөрсдийн биеэ Бурханд … амьд … тахил болгон өргө”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидний Бурханд өргөж болох өргөлийн талаар:
“Малын цусыг урсгаж, тахил өргөхийг зогсоосон ч золиослол хийхийг бидэнд зарлиг болгосон нь хэвээр байгаа билээ. Өөрсдийгөө илүү цэвэр ариун болгох үед золиослолын талаарх бидний эрхэм зорилго биелэгдэнэ. Бид энэхүү эрхэм зорилгодоо Бурханы зарлигуудад дуулгавартай байснаар хүрч чадна. Тийнхүү дуулгавартай байдлын болон золиослолын хуулиуд нь хоорондоо салшгүй холбоотой юм. … Эдгээр болон бусад зарлигийг дагаж хэрэгжүүлсэн үед бидэнд ямар нэг гайхамшиг тохиодог. Бид сахилга баттай болдог! Бид шавь нар болцгоодог! Бид Их Эзэнтэйгээ адил илүү цэвэр ариун болно!” гэж заасан (“Lessons from Eve,” Ensign, 1987 оны 11-р сар, 88).
Ром 13:1–7. “Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд”
Ром 13:1–7-ийн Иосеф Смитийн Орчуулга нь эдгээр шүлэгт буй Паулын мэдэгдэл улс орны эрх мэдэлтнүүдээс гадна Сүмийн эрх мэдэлтнүүдийг дагахад хамааралтай гэдгийг харуулдаг. Жишээ нь, Ром 13:1-ийн Иосеф Смитийн Орчуулгад бошиглогч Иосеф Смит “Сүмд” гэдэг үг нэмсэн. Тухайлбал: “Бурханаар тогтоогдсоноос өөр эрх мэдэл гэж Сүмд байхгүй.”
Ром 13:4-ийн Иосеф Смитийн Орчуулгад “илд” гэдэг үгийг “саваа” гэдэг үгээр сольсон байдаг. Мөн Ром 13:6-ийн Иосеф Смитийн Орчуулгад “татвар” гэдгийг “өөрсдийн зориулалтыг” гэж өөрчилсөн.
Паулын “дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд” (Ром 13:1) гэсэн зөвлөмж нь Итгэлийн арванхоёр дахь тунхгийн “Хаад, ерөнхийлөгчид, удирдагчид мөн шүүгчдэд захирагдаж хуулийг дуулгавартай дагаж, хүндлэн дээдэлж мөн дэмжих ёстой гэдэгт бид итгэдэг” гэсэн зарчмыг агуулдаг. Паул улс орны эрх мэдэлтнүүдийг “Бурханаар тогтоогдсон,” “Бурханы зарц нар” (Ром 13:1, 6) хэмээн дүрсэлсэн нь эрх мэдэлтэй бүх хүн Бурханы өмнө хариуцлага хүлээдэг ба зөвхөн Бурханы зөвшөөрсөн хэмжээнд л эрх мэдэл өгөгддөг болохыг хүлээн зөвшөөрч байгаа юм (Иохан 19:11-ийг үзнэ үү). Түүнчлэн Паул гэгээнтнүүд сайн үйлс үйлдсэнээр харьяа удирдагчийнхаа эрх мэдэл, хүч чадлаас айх хэрэггүй болдог гэдгийг сануулсан. Харин гэгээнтнүүд “сайныг үйлдэхэд” удирдагчдынхаа магтаалыг хүлээн авна (Ром 13:2–4-ийг үзнэ үү).
Ром 14:1–15:3. Тодорхой зарлигуудад заагдаагүй зүйлс
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс Сүмийн удирдагчид болон багш нар зарим зүйлийн талаар тодорхой дүрэм журам заахын оронд сайн мэдээний сургаал, зарчмуудыг заадаг гэж мэдэгдсэн. Тэрээр дараах зүйлийг хэлжээ.
“Багш нар … ер нь тодорхой дүрмүүдийг эсвэл тэдгээрийг хэрэгжүүлэхийг заахаас татгалзах хэрэгтэй. Жишээ нь, тэд аравны нэг бүрэн төлөхийг тодорхойлох ямар нэг дүрэм заах ёсгүй мөн тэд Хүндэтгэлийн өдөр хийж болох, болохгүй зүйлсийн жагсаалтыг гаргаж болохгүй. Багш хүн сургаалыг болон үүнтэй холбоотой зарчмуудыг судраас мөн амьд бошиглогчдоос заана. Харин үүнтэй холбоотой тодорхой хэрэгжүүлэлт эсвэл дүрэм нь хувь хүн, гэр бүлүүдийн үүрэг юм” (“Gospel Teaching,” Ensign, 1999 оны 11-р сар, 79).
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф сайн мэдээний зарчмуудад хувь хүний нэмж заасан зүйл бусдын хувьд хийх ёстой зүйлийн хүлээлт болох аюулаас сэрэмжлүүлсэн. Тухайлбал:
“Заримдаа бурханлаг зарчмуудад үнэхээр тохирсон мэтээр нэмж заах нь сүнсээр өдөөгдөөгүй л бол уг асуудлыг илүү түвэгтэй болгож, бурханлаг үнэнийг хүний бодож олсон зүйлээр сулруулдаг. Нэг хүний сайхан санаа зарим үед өөрт нь тохирч болох ч цааш тархаж, хийх ёстой гэсэн хүлээлт болж хувирдаг. Тийнхүү мөнхийн зарчмууд нь маш олон ‘сайхан санаанууд’ дунд аажмаар алдагдаж болох юм,” (“Бурханы хайр,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22).