Номын сан
140-р хичээл: Иаков 1


140-р хичээл

Иаков 1

Оршил

Иаков тараагдсан Израилийн угсааныханд зовлон зүдгүүртээ тэвчээртэй байж, Тэнгэрлэг Эцэгээс мэргэн ухаан эрэлхийлэхийг зөвлөсөн захидал бичив. Иаков мөн тэдэнд уруу таталтыг тэвчиж, үгийг үйлдэгчид байж, бусдад үйлчлэн, сүнсний хувьд цэвэр ариун байхыг заасан.

Заах зөвлөмж

Иаков 1:1–11

Иаков тараагдсан Израилийн угсааныханд зовлон зүдгүүртээ тэвчээртэй байж, Бурханаас мэргэн ухаан эрэлхийлэхийг зөвлөв

Хичээлээс өмнө Би илүү ухаантай байсан ч болоосой! гэсэн өгүүлбэрийг самбар дээр бич. Хичээл эхлэхэд суралцагчдыг самбар дээрх өгүүлбэрийн талаар бодож үзэхэд урь. Тэднийг мэргэн ухаан эрэлхийлэх хэрэгтэй байгаа ямар нэг сэдвийн эсвэл хувийнхаа асуудлын талаар дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Та тэдэнд сайн мэдээний сэдвүүд болон амьдралд нь тулгарсан асуултуудаа жагсаан бичихийг санал болгож болно. Цөөн суралцагчийг бичсэн сэдвүүдээ эсвэл асуултуудаа хуваалцахад урь. (Тэдэнд хэт хувийн шинжтэй зүйлийг хуваалцах шаардлагагүйг сануул.)

Зураг
Иосеф Смит Библиэс мэргэн ухааныг эрсэн нь

Иосеф Смит Библиэс мэргэн ухааныг эрсэн нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 89; мөн LDS.org-ийг үзнэ үү).

  • Иосеф Смит залуу байхдаа ямар хэцүү асуултын хариуг олохоор хичээж байсан бэ? (Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол тэднийг Иосеф Смит—Түүх 1:9–10 руу хандуул.)

Иосеф асуултынхаа хариуг хэрхэн олохыг Иаковын захидлыг уншиж байхдаа олсон гэдгийг тайлбарла. Иаков Есүс Христийн төлөөлөгч мөн Иерусалимд бишоп байсан. Христийн шашинтнуудын уламжлалаар Иаковыг Мариа, Иосеф хоёрын хүү буюу Есүсийн эх нэгтэй дүү хэмээн үздэг аж.

Нэг суралцагчийг Иаков 1:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иаков Израилийн угсаанд тэдний зовлон зүдгүүрийн талаар юу заасныг олж мэдэхийг хүс. 2-р шүлгэн дээрх “элдвийн сорилт” гэдгийг Иосеф Смитийн Орчуулга дээр “олон гай зовлон” хэмээн өөрчилснийг онцлон тайлбарла (Иаков 1:2, зүүлт тайлбар а-г үзнэ үү.)

  • Иаков Израилийн угсаанд зовлон зүдгүүрийнх нь талаар юу заасан бэ?

  • Зовлон зүдгүүрийг туулах үед тэвчээртэй байх нь яагаад чухал вэ?

Нэг суралцагчаас Иаков 1:5–6-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, асуултууддаа хариулт олоход нь Иосеф Смитэд тусалсан зүйлийг олж мэдэхийг хүс.

  • Иаков уншигчдадаа асуултынхаа хариултыг олохын тулд юу хий гэж зөвлөсөн бэ?

  • Бурхан “өгөөмрөөр, буруушаалгүй” өгдөг гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (5-р шүлэг). (Өгөөмрөөр гэдэг нь үнэгүй бөгөөд харамгүй гэсэн үг. Буруушаалгүй гэдэг нь зэмлэхгүй эсвэл шүүмжлэхгүй гэсэн үг.)

Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, Иаков 1:5–6-аас бидний сурч болох зарчмыг бичихэд урь. Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч тэд Бурхан өөрөөс нь итгэлээр асуудаг хүмүүст өгөөмрөөр мэргэн ухаан өгдөг гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.

  • “Ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг” гэдэг нь юу гэсэн үг вэ? (6-р шүлэг).

Нэг суралцагчийг Иаков 1:5–6 нь залуу Иосеф Смитийг хариултаа олоход хэрхэн нөлөөлснийг тайлбарлахад урь (Иосеф Смит—Түүх 1:12-ыг үзнэ үү). Өөр нэг суралцагчаас Иосеф Смитийн гэрийнхээ дэргэдэх ойн төгөлд хийсэн итгэлтэй залбирлын үр дүнг товч ярьж өгөхийг хүс.

  • Тэнгэрлэг Эцэг Өөрт нь хандсан таны итгэлтэй залбирлыг хэзээ өгөөмрөөр хариулж байсан бэ?

Бурхан Өөрөөс нь итгэлтэй гуйсан хүн бүрд өгөөмрөөр мэргэн ухаан өгдөг гэдгийг гэрчил. Суралцагчдыг Иосеф Смитийн үлгэр жишээг даган, энэхүү зарчмыг амьдралдаа хэрэгжүүлснээр Тэнгэрлэг Эцэгээс хэрэгтэй байгаа мэргэн ухааныг хүлээн авч байхад урь.

Иаков хоёр санаатай эсвэл Их Эзэнд үнэнч байж чаддаггүй, тогтворгүй хүмүүсийн эсрэг анхааруулсан гэдгийг тайлбарлан, Иаков 1:7–11-ийг нэгтгэн дүгнэ. Түүнчлэн Иаков баян хүмүүс даруусах хэрэгтэйг мөн дэлхийн эд баялгууд түр зуурынх байдаг бөгөөд удахгүй үгүй болно гэж бичсэн.

Тэмдэглэл: Хоёр суралцагчийг судрын дараах хоёр хэсгийг заахад урих талаар бодож үз. Энэ хичээлийг заахад бэлтгүүлэхийн тулд суралцагч багш нарт нэг эсвэл хоёр өдрийн өмнө даалгаж өгөх нь тустай. Та суралцагч багшийг хичээлийг бүхэлд нь заахад урьж болно. Эсвэл ангийг хоёр хэсэг болгоод, суралцагч багш бүрийг өөрийн оноогдсон судрын хэсгийг ангийн хоёр хэсэгт ээлжлэн заахаар зохион байгуулж болно.

1-р суралцагч багш—Иаков 1:12–21

Иаков уруу таталтын тухай заав

Суралцагчдад дараах асуултыг тавь.

  • Өнөөгийн өсвөр үеийнхэн ямар ямар уруу таталттай тулгардаг вэ? (Та суралцагчдын хариултыг самбар дээр бичиж болно.)

  • Яагаад уруу таталтыг тэвчихэд заримдаа хэцүү байдаг вэ?

Нэг суралцагчийг Иаков 1:12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэнийг хайрлаж, уруу таталтуудыг тэвчдэг хүмүүст амласан адислалуудыг олж мэдэхийг хүс. Энэ шүлгийн Иосеф Смитийн Орчуулга дээр (Иаков 1:12, зүүлт тайлбар б-д бий) “сорилтыг тэсвэрлэдэг” гэдгийг “сорилтыг эсэргүүцдэг” гэж өөрчилснийг онцлон тайлбарла.

  • Их Эзэнийг хайрлаж, уруу таталтыг эсэргүүцдэг хүмүүст ямар адислал ирэх вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Бид уруу таталтыг эсэргүүцсэнээр Их Эзэнийг хайрладгаа харуулдаг бөгөөд энэ нь мөнх амьдралын титмийг хүртэх нэг шаардлага юм гэсэн зарчмыг самбар дээр бич.)

Нэг суралцагчаас Иаков 1:13–16-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, уруу таталт хаанаас ирдэг, ирдэггүйг олж мэдэхийг хүс.

  • 13-р шүлэгт цэдэглэснээр, хэн бидний уруу таталтын эх сурвалж биш вэ?

14-р шүлэг дэх хүсэл тачаал гэдэг үг нь бидний унасан байдлаас болж ирдэг ариун бус хүслүүдийг хэлдэг гэдгийг тайлбарла. Сатан биднийг эдгээр ариун бус хүслээ дагахад уруу татдаг.

Суралцагчдаас өөрсдийнхөө тэмцдэг уруу таталтын тухай бодохыг хүс.

  • Бид уруу таталтыг эсэргүүцэх сүнслэг хүч чадлыг хэрхэн олж авч чадах вэ?

  • Уруу таталтыг тэвчих нь Их Эзэнийг хайрлах хайрыг маань хэрхэн харуулдаг вэ?

Иаков 1:12-оос суралцагчдын олж тогтоосон зарчмын үнэнийг гэрчил. Тэднийг тэмцдэг уруу татах зүйлүүдээ тэвчихийн тулд юу хийж болох талаар бодохыг хүс.

Иаков бүх сайн бэлэг Бурханаас ирдэг бөгөөд гэгээнтнүүд “бүх бузар байдлаа хаяж,” Их Эзэний үгсийг “даруухнаар” (21-р шүлэг) хүлээн авах хэрэгтэй гэж заасныг тайлбарлан, Иаков 1:17–21-ийг нэгтгэн дүгнэ.

2-р суралцагч багш—Иаков 1:22–25

Иаков уншигчдаа үгийг сонсогч, хэрэгжүүлэгч байхад уриалав

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күкийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Квинтин Л.Күк

“Би саяхан өсвөр насны нэгэн залуу эрэгтэйтэй уулзсан юм. Тэр номлолд явж, боловсрол эзэмшин, ариун сүмд гэрлэж, итгэлтэй аз жаргалтай гэр бүлтэй болох хүсэлтэй байв. … Тэр үнэхээр номлолд явахыг хүсэж, номлолд явахад саад болох ноцтой гэм нүглийг үйлдэхээс зайлсхийж байсан ч хийж буй өдөр тутмын үйл ажиллагаа нь түүнийг тулгарах бие махбод, оюун санаа, нийгмийн болон боловсрол, сүнслэг байдлын саад бэрхшээлд бэлтгэхгүй байна гэж надад санагдсан юм. Тэр шаргуу хөдөлмөрлөж сураагүй мөн сургууль семинартаа нэг их санаа зовдоггүй байв. Тэр сүмд явдаг ч Мормоны Номыг уншаагүй байлаа. Тэр ихэнх цагаа видео тоглоомд болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд зарцуулж байв. Тэр номлолд явахаар очих нь л хангалттай гэж бодож байсан” (“Ухаалаг сонголт хий,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55).

  • Хэрэв та ахлагч Күкийн оронд байсан бол энэ залуугийн номлолд бэлтгээгүй байдлын талаар юунд нь санаа зовох байсан бэ?

Нэг суралцагчийг Иаков 1:22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иаков ахлагч Күкийн дурдсан залууд тус болох юу заасныг олж мэдэхийг хүс.

  • Иаковын заасан зүйлсээс юу нь энэ залууд тус болж чадах вэ?

Иаков 1:23–24-т цэдэглэснээр, Иаков үгийг сонсоод хэрэгжүүлдэггүй хүнийг толинд царайгаа хараад эргэнгүүт өөрийнхөө ямар харагдаж байсныг мартдаг хүнтэй зүйрлэсэн гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Иаков 1:25-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, сонссон үнэнийхээ дагуу үйлддэг хүмүүст юу тохиолддогийг олж мэдэхийг хүс.

  • Сонсоод зогсохгүй хэрэгжүүлдэг хүмүүст юу тохиолддог вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид Бурханы үгийг сонсоод, хэрэгжүүлбэл Тэрээр бидний сайн үйлсийг адислах болно гэсэн зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдыг дараах асуултуудын талаар тунгаан бодож, Бурханы үгийг хэр сонсож, хэрэгжүүлдэг болохоо дүгнэж цэгнэхэд урь. Та эдгээр асуултыг чанга унших юм уу самбар дээр бичиж болно.

  1. Би судраас болон гэр орон, сүм, семинар дээр сурдаг үнэнүүддээ бүрэн итгэдэг үү?

  2. Би сурсан үнэнүүдээ хэрэгжүүлэх сүнслэг зорилгуудыг хэр зэрэг тавьдаг вэ? Тэдгээр зорилгынхоо хэр олонд нь хүрдэг вэ? Тэдгээрийг хэр их мартдаг вэ?

  3. Би зүгээр нэг сонсогч биш, үгийг хэрэгжүүлэгч байхын тулд юуг илүү сайн хийж болох вэ?

Сурсан зүйлүүдээ хэрэгжүүлснээр ирэх адислалын тухай гэрчил.

Иаков 1:26–27

Иаков гэгээнтнүүдэд бусдыгаа халамжилж байхыг зөвлөв

Хоёр суралцагчийг хүлээн авсан судрын хэсгүүдээ заасны дараа цөөн суралцагчаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Нэг суралцагчаас Иаков 1:26–27-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иаков биднийг шашныхаа дагуу хэрхэн амьдрах ёстой гэж зөвлөснийг олж мэдэхийг хүс.

  • Иаковын бичсэнээр бид хэрхэн шашныхаа дагуу амьдарч, Бурханд итгэл бишрэлээ харуулж болох вэ?

Иаков “зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойро[х]” гэдгийг бусдыг асран халамжлахын нэг жишээ болгосныг тайлбарла. “Өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх” (27-р шүлэг) гэдэг нь ёс бус явдал тархсан дэлхийд сүнсний хувьд цэвэр ариун байхыг хэлж байгаа юм.

  • Бид 27-р шүлгээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид бусдад анхаарал халамж тавьж, өөрсдийгөө сүнслэг байдлаар цэвэр ариун байлгаснаар цэвэр ариун сүсэглэдэг гэдгээ харуулдаг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ үнэнийг самбар дээр бич.)

  • Бусдыг асран халамжилж, өөрсдийгөө сүнслэгээр цэвэр байлгах нь яагаад Бурханыг шүтэн бишрэхийн чухал илэрхийлэл болох вэ?

  • Энэхүү “цэвэр ариун сүсэглэлийг” өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, үлгэр жишээ үзүүлдэг хэн нэгнийг та мэдэх үү? Энэ хүний ямар үйлдэл танд урам зориг өгдөг вэ?

Ирэх долоо хоногт хэрэгцээтэй хэн нэгэнд туслах эсвэл “дэлхийгээс бохирдохгүй” байхын тулд хийх нэг юм уу хоёр зүйлийг бичиж тэмдэглэхийг суралцагчдаас хүс. Амьдралдаа энэ зарчмыг хэрэгжүүлснээр Бурханы үгийг хэрэгжүүлэгчид болоход тэднийг уриал.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Иаков 1:5–6

Иаков 1:5–6-г чээжлэх нь амьдралынх нь туршид тэдэнд сайн мэдээний талаар асуух зүйл гарахад болон шийдвэр гаргахдаа Их Эзэний тусламжийг эрэлхийлэхэд мөн бусдад сайн мэдээг заахад туслах болно гэдгийг тайлбарла.

Суралцагчдад уг хэсгийг чээжлэхэд туслахын тулд хавсралтад буй чээжлэх үйл ажиллагаануудын нэгийг эсвэл өөрсдийн зохиосон үйл ажиллагааг ашигла. Чээжилсэн төгс эзэмших судрын эшлэлүүдийг ойр ойрхон давтах нь суралцагчдад сурсан зүйлээ санахад тусална гэдгийг санаарай. Дараагийн хичээлүүдийн үеэр энэ судрын эшлэлийг давтаж, суралцагчдыг чээжээр хэлүүлэх төлөвлөгөө гаргах тухай бодож үз.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иаков 1:5. “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки хожмын үеийн гэгээнтнүүдэд Иаков 1:5 нь ямар онцгой ач холбогдолтой талаар:

“Судрын энэ ганцхан шүлэг л Бурханы аль ч бошиглогчийн аль ч үед тэмдэглэсэн бүтэн өгүүлбэрээс илүүтэйгээр хүн төрөлхтөнд юутай ч зүйрлэх аргагүй агуу нөлөө үзүүлсэн юм. Иаковын тохинууллын хамгийн оргил үйлс нь Есүсийг гэрчилсний төлөө амиа өгсөн золиослол нь биш, харин орчин үед тэнгэр нээгдэхэд хүргэсэн эдгээр үнэн үгсийг Ариун Сүнсээр удирдуулан бичсэн явдал гэж хэлэх нь тохиромжтой болов уу.

Түүнчлэн илчлэгдсэн үнэнийг сонирхогч бүх хүн хэзээ нэгэн цагт үнэнийг хайх явцдаа Иосеф Смиттэй адил нөхцөл байдалд ордог. Тэр мөнх амьдрал руу хөтлөх нарийн бөгөөд шулуун зам дээр гарахын тулд Бүхнийг Чадагч руу эргэж, Бурханаас илчлэлтээр дамжуулан мэргэн ухааныг олж авах ёстой” гэж тайлбарлажээ (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 3:246–247).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард бидний өдрүүдэд Бурханаас асуухын ач холбогдлыг дараах үгээрээ онцлон тэмдэглэсэн.

“Өнөөдөр бид хүмүүс Бурханаас биш Google-ээс асуудаг болсон дэлхийд амьдарч байна. Итгэл бишрэлтэй холбоотой асуултуудад хүртэл үнэний гол эх сурвалж, Тэнгэрлэг Эцэгт найдахаас илүүтэйгээр интернэтээс алдаагүй, тэнцвэртэй, дундыг баримталсан хариултыг хайх хүмүүс олон болжээ. …

Өнөөдрийн интернэт нь мэдээлэлгүй болон туршлагагүй хүмүүсийг хуурахаар отож буй хүмүүсээр дүүрсэн.

Сайн мэдээний үнэнийг хайхдаа бид найдвартай эх сурвалжуудыг эрэхээс гадна үүнтэй адил цагийг Их Эзэнд зориулах хэрэгтэй. Бид судруудаас мөн Их Эзэний үйлчлэгчдийн үгсээс суралцах хэрэгтэй. Бид Бурханы өмнө зөв амьдрах буюу Түүний хүслийг биелүүлж байх хэрэгтэй [Иохан 7:16–17-г үзнэ үү]. Сүнслэг асуудлуудаа Бурханд шууд тавьж, Түүний сүнслэг удирдамж болон Сүнсний өдөөлтөд найдахын ач холбогдлыг хэзээ ч хэтрүүлж илэрхийлнэ гэж байхгүй” ([Бригам Янгийн Их Сургуулийн эмэгтэйчүүдийн чуулганаар хэлсэн үг, 2015 оны 5 сарын 1], ce.byu.edu/cw/womensconference).

Иаков 1:6. “Итгэлээрээ гуй”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар итгэлээр асуух гэдэг нь юу гэсэн үг болох талаар:

“Итгэлээр асуухын тод жишээ бол Иосеф Смит болон Анхны үзэгдэл юм. Залуу Иосеф шашны талаар үнэнийг хайж байхдаа [Иаков 1:5–6]-г уншсан. …

Миний ойлгож байгаагаар, итгэлээр асуух гэсэн шаардлагад асуугаад зогсохгүй үйлдэх, гуйсны дараа хэрэгжүүлэх, харилцах, үйлдэх шаардлагууд орж байгааг анхаарна уу” гэж тайлбарлажээ (“Ask in Faith,” Ensign эсвэл Liahona, 2008 оны 5-р сар, 94).

Иаков 1:14; 4:7–8. Уруу таталтыг эсэргүүцэх нь

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт заахдаа:

“Та зөв шударгын төлөө зогсох шийдвэр гаргасан бол хувийн жишгээ тогтоож, үүнийгээ дагах гэрээнд орсон бол уруу таталт ирэхэд жишгүүдээ дагаж, илүү бат зогсвол, хэрэв шаардлагатай бол өөрийн чадавхаас тань илүү хүч танд ирнэ. Уруу таталтын эсрэг тэмцэхдээ урьдчилсан төлөвлөгөөгүй орвол хэцүү нөхцөл байдалд орох болно” гэжээ (“Do What Is Right,” Ensign, 1997 оны 6-р сар, 53).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр:

“Хэрэв та бодол санаагаа хянаж чадвал зуршлуудыг, бүр гутамшигтай зуршлуудыг ч ялж чадна. Хэрэв та тэднийг захирч сурвал амьдрал тань аз жаргалтай байх болно. …

Та оюун ухааны тайзаа зохисгүй бодол санаанаас цэвэр байлгаж сурсныхаа дараа үргэлж үнэ цэнтэй зүйлсийг сурч, оюун ухаанаа завгүй байлга. Орчин тойрноо өөрчлөн, сайн сайхан, сүнслэгээр нөлөөлөх бодол төрүүлэх зүйлсээр өөрийгөө хүрээлүүл. Зөв шударга бодлоор оюун бодлоо дүүргэ” гэж хэлсэн юм (“Inspiring Music—Worthy Thoughts,” Ensign,1974 оны 1-р сар, 28).