Гэрээр судлах хичээл
Иохан 16–21 (16-р бүлэг)
Оршил
Амилсан Их Эзэн шавь нартаа тэднийг загас барьж байхад үзэгджээ. Эрэг дээр Есүс шавь нарынхаа хамт хооллосон бөгөөд Петрийг Өөрт нь хайртай гэдгээ Өөрийнх нь хоньдыг тэжээснээр харуулахад урьсан.
Заах зөвлөмж
Иохан 21:1–17
Амилсан Их Эзэн зарим шавь нартаа Тибер тэнгист (Галилын тэнгис) үзэгдсэн.
Самбар дээр том зүрх зур.
Суралцагчдыг самбарын өмнө гарч ирээд, зүрхний дотор дуртай хоёр юм уу гурван зүйлээ бичихэд урь. Эдгээр нь хүмүүс, эд баялаг эсвэл үйл ажиллагааг багтааж болно гэдгийг тайлбарла.
Суралцагчдыг бичиж дууссаны дараа та өөрийн дуртай цөөн зүйлийг бичиж болно.
Петр болон бусад зарим шавь нь Есүсийг хоёр өөр тохиолдолд харсныхаа дараа Галилын тэнгисийн эрэг (Тибер тэнгис гэж мөн нэрлэдэг) дээр ирсэн гэдгийг тайлбарлан, Иохан 21:1–2-ыг нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг Иохан 21:3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петр юу хийхээр шийдсэнийг олж мэдэхийг хүс.
-
Петр самбар дээрх бидний жагсаалт дээр ямар үйл ажиллагааг нэмэх байх гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа загасчлах гэсэн үгийг зүрхэн дотор самбар дээр бич.)
-
Петр болон бусад шавь хэр удаан загасчилсан бэ? Тэд хэр их загас барьсан бэ?
Петр болон бусад шавь ямар ч үр дүнгүй шөнөжин загасчилсны дараа юу мэдэрч байсныг бодож үзэхийг суралцагчдаас хүс.
Нэг суралцагчийг Иохан 21:4–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, маргааш өглөө нь юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.
-
Шавь нар шөнөжин амжилтгүй загасчилсны дараа юу болсон бэ?
Шавь нар загас дүүрэн торыг завь руу татахаар хичээж байх үед Иохан эрэг дээр байсан хүнийг Их Эзэн болохыг тунхагласан гэдгийг тайлбарлан, Иохан 21:7–14-ийг нэгтгэн дүгнэ. Петр тэнгис рүү үсрэн орж, бусдыг завинд суун ирэх зуур Есүс рүү сэлж хүрэв. Шавь нарыг эрэг дээр хүрч ирэхэд Есүс тэдэнд зориулан хоол хийж байжээ.
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад урь.
“Петр амилсан Есүстэй баяртайгаар эргэн уулзсаны дараа Аврагчтай ярилцсан бөгөөд уг яриа нь нийт төлөөлөгчдийн үйлчлэлийн хувьд, тэр тусмаа халшрахыг үл мэдэгч, хатан зоригт Петрийн хувьд агуу үйлчлэгч, удирдагч болоход шийдвэрлэх эргэлтийн үе байсан гэж би боддог. Есүс ачаагаа дааж ядсан тэдний завь, урагдаж сэмэрсэн тор, завин дээр овоолсон 153 загасыг харснаа ахлах төлөөлөгчид хандан [ярьсан]” (“Эхний агуу зарлиг,” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101).
Нэг суралцагчаас Иохан 21:15–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүсийн Петрт давтан тавьсан асуултыг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно.
-
Есүс Петрт ямар асуултыг гурван удаа тавьсан бэ?
-
Есүс “Чи Намайг тэднээс илүү хайрладаг уу?” гэж асуухдаа (15-р шүлэг), тэднээс гэж юуг хэлсэн гэж та нар бодож байгаа вэ? (Есүс овоолсон загасыг эсвэл загасчны амьдралтай холбоотой өөр зүйлсийг хэлсэн байж болно. Чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэсэн асуултыг самбар дээрх зүрхний ойролцоо бич.)
-
Петр юу гэж хариулсан бэ?
-
Хэрэв та нар Петрийн оронд байсан бол мөн Есүс та нараас Өөрийг нь хайрладаг эсэхийг гурван удаа асуусан бол та нарт ямар санагдах байсан бэ?
Есүс энэ асуултыг яагаад гурван удаа тавьсныг ойлгоход суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг ахлагч Холландын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Есүс Түүний энэ хариултад иймэрхүү янзаар хариулсан болов уу (Миний энэхүү зохиомол түүх судруудад байхгүй гэдгийг дахин хэлье). ‘Петр ээ, тэгвэл чи яагаад энд байгаа юм бэ? Яагаад бид нөгөөх л эрэг дээрээ, нөгөөх загасны торныхоо дэргэд нөгөө л зүйлээ ярьцгааж байгаа билээ? Тэр үед ч гэсэн, одоо ч гэсэн, хэрвээ надад загас хэрэгтэй байсан бол загасаа барьж чадна гэдэг нь тодорхой байгаа бус уу? Надад шавь нар хэрэгтэй байна, мөнхөд надтай хамт байх шавь нар хэрэгтэй. Хоньдыг маань тэжээж, хургануудыг маань аврах хүмүүс надад хэрэгтэй байна. Сайн мэдээг маань номлож, итгэлийг маань хамгаалах хүмүүс надад хэрэгтэй байна. Намайг хайрладаг, бүр чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс хэрэгтэй. Мөн Тэнгэр дэх бидний Эцэг надад итгэл хүлээлгэн өгсөн ажлыг хийх дуртай хүмүүс надад хэрэгтэй. … Тиймээс хоёр дахь буюу магадгүй хамгийн сүүлийн удаа Петр чамаас загасчлах ажлаа орхиж, Миний амийг егүүтгэсэн шиг чиний амийг хөнөөх тэр өдрийг хүртэл хүмүүст зааж, гэрчлэн, хөдөлмөрлөөч хэмээн хүсэж байна’” (“Эхний агуу зарлиг,” 101–102).
-
Бид Их Эзэний Петртэй ярилцсан энэ зүйлээс ямар зарчимд суралцаж болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид Аврагч, Тэнгэрлэг Эцэг хоёрыг бүхнээс илүү хайрладаг бол Тэдний хоньдыг тэжээх болно гэсэн зарчмыг самбар дээр бич.)
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн хоньд гэж хэн бэ? Бид хэрхэн тэднийг тэжээдэг вэ?
Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн хоньдыг хэрхэн тэжээж болохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь.
“Энэ бол өнөөдрийн Христийн шашинтан бүрд өгсөн Христийн дуудлага. ‘Миний хургануудыг тэжээ. … Миний хоньдыг тэжээ’—хөгшин, залууг харгалзалгүй бүгдийг өөдрөгөөр дэмжиж, адисалж, тайвшруулж, урамшуулан зоригжуулж мөн бусдыг хүчирхэгжүүлэн төлөвшүүлж ялангуяа биднээс өөр ойлголт, өөр итгэлтэй хүмүүстэй Миний сайн мэдээг хуваалц” (“Христтай илүү адил Христийн шашинтан байх нь,” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 110).
Тэдний дөнгөж тодорхойлсон зарчим хэрхэн тэдэнтэй холбогдож байгааг ойлгоход ангийнханд туслахын тулд гурван суралцагчийг дараах жишээнүүдийг ээлжлэн чанга уншихад урь. Жишээ бүрийг уншсаны дараа, дагалдах асуултуудыг тавь.
-
Хэсэг хөвгүүн нэгэн залуу эрэгтэйгээс үдийн хоолны үеэр өөрсөдтэй нь хамт суухыг хүсэхэд тэр тэдэнтэй найз болно гэж найджээ. Тэднийг ярилцаж байх хооронд хамт сууж байсан хөвгүүдийн нэг нь өөр нэгэн хөвгүүнийг олны өмнө шоолж эхлэв.
-
Нэгэн залуу эмэгтэй хөл бөмбөг тоглох дуртай байжээ. Тэр долоо хоногт олон цагийг хөл бөмбөг тоглоход зарцуулдаг ба гэр бүлийн үдэш, хувиараа судар судлах зэрэг бусад зүйлд зарцуулах цаг багатай байв.
-
Нэгэн залуу эрэгтэй хичээлийн болон хичээлээс гадуурх үйл ажиллагаануудаас болж маш их завгүй байдаг байв. Тэр долоо хоногийн турш баасан гаргийн орой найзуудтайгаа багахан цагийг зугаатай өнгөрүүлэхийг тэсэн ядан хүлээдэг байв. Түүнийг найзуудынхаа нэг рүү залгахаас өмнө гэрийн багшийн хамтрагч нь хуваарилагдсан гэр бүлд нь яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй болсон тул хамт явж чадах эсэхийг нь мэдэхээр түүн рүү залгажээ.
-
Энэ хүн ямар ямар сонголтыг хийх боломжтой вэ?
-
Энэ хүн Их Эзэнийг хайрладгаа харуулахын тулд юу хийж болох вэ? Энэ үйлдэл нь Их Эзэнийг хайрлах хайрыг хэрхэн харуулах вэ?
Нэг суралцагчийг ахлагч Холландын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Хайрт ах, эгч нар аа, Шүүлтийн өдөр бидэнд ямар туршлага ирэх талаар би сайн мэдэхгүй байна, гэвч тэр өдөр нэгэн мөчид Бурхан бидэнд Христийн Петрээс асуусан “Чи Намайг хайрласан уу?” гэх асуултыг тавивал би нэг их гайхахгүй байх болно.” (“Эхний агуу зарлиг,” 101).
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг бүх зүйлээс илүү хайрлахыг сонгохын мөн Тэдний хоньдыг тэжээснээр хайраа харуулахын ач холбогдлын тухай гэрчлэлээ хуваалц.
Самбар дээрх зүрхэн дотор жагсаан бичсэн зүйлсийг болон тэдгээрийн хажууд бичсэн “Чи намайг тэднээс илүү хайрладаг уу?” гэсэн асуултыг дахин дурд. Тэднээс гэдэг үгийн доогуур зураад, суралцагчдыг дараах асуултуудад хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихэд урь.
-
Хэрэв Есүс та нарт адилхан асуулт тавьсан бол “тэднээс” гэдэг үгийг та нарын амьдрал дахь ямар зүйлсэд хамааруулж хэлэх байсан бэ?
-
Та нар Түүний асуултад хэрхэн хариулах байсан бэ?
Сайн мэдээний судруудын хичээлийг дуусгахдаа хэд хэдэн суралцагчийг 4 дэх өдрийн хичээлийн даалгаврын хүрээнд судрын тэмдэглэл дээрээ Есүс Христ бол Бурханы Хүү мөн гэдэгт итгэх итгэлийг нь бэхжүүлсэн эсвэл итгэхэд хүргэсэн Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын хүрээнд болсон ямар түүх, үйл явдал, сургаалын талаар бичиж авснаа хуваалцахад урь.
Дараагийн бүлэг (Үйлс 1–5)
Суралцагчдыг Үйлс 1–5-ыг судалж байхдаа дараах асуултуудын хариултыг олж мэдэхэд урь. Үүнд: Аврагчийг үхээд амилсны дараа Сүмийг хэн тэргүүлэх ёстой байсан бэ? Бусад төлөөлөгчийг хэрхэн сонгосон бэ? Пентекостын өдөр ямар гайхамшиг тохиосон бэ? Ариун Сүнс тэр өдрийн гайхамшигт хэрхэн нөлөөлсөн бэ? Петр сүмд ямар гайхамшиг үйлдсэн болон үүнээс болж Петрт юу тохиолдсон бэ? Санваарын удирдагчдад худал хэлснээс болж Ананиа, Сапфира хоёрт юу тохиолдсон бэ?