Номын сан
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлагын оршил


Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлагын оршил

Бидний зорилго

Шашны институт, семинарын зорилго:

“Бидний зорилго бол өсвөр үеийнхэн болон залуучуудыг Есүс Христийн сургаал, Цагаатгалыг ойлгон, үүнд найдаж, ариун сүмийн адислал хүлээн авахуйц зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ түүнчлэн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнх амьдралд бэлтгэхэд нь туслахад оршдог” (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт ба семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], x).

Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид суралцагчдад сайн мэдээний сургаал, зарчмуудыг судруудад цэдэглэснээр мөн бошиглогчдын үгсийг ашиглан заадаг. Эдгээр сургаал, зарчмыг ойлгуулан, сэнхрүүлэх аргаар заадаг. Бид суралцах үйл явц дахь өөрсдийнхөө үүргийг биелүүлэхэд нь суралцагчдад тусалж, сайн мэдээг бусдад заахад тэднийг бэлтгэдэг.

Эдгээр зорилгод хүрэхийн тулд таныг заадаг суралцагчидтайгаа хамтдаа судраас суралцаж байх үедээ дараах Сайн мэдээг заах ба судлах үндэс зарчмуудыг дагахад урамшуулан дэмжиж байна. Үүнд:

  • Сүнсээр зааж, суралц.

  • Хайр, хүндэтгэл, зорилго бүхий суралцах орчныг бүрдүүл.

  • Судраас өдөр бүр судалж, хичээлийн материалыг унш. (Шинэ Гэрээний судар уншлагын хүснэгтийг LDS.org дээрх Шинэ Гэрээний төгс эзэмших судрын карт мөн store.lds.org [item no. 10480] дээрээс харж болно.)

  • Судрын болон бошиглогчдын үгсийн хам сэдэв, агуулгыг ойлго.

  • Сайн мэдээний сургаал, зарчмуудыг хэрэгжүүлж, эдгээрийн үнэн ба ач холбогдлыг таньж мэдэн, ойлгож мэдэр.

  • Сайн мэдээний сургаал, зарчмуудыг тайлбарла, хуваалц мөн гэрчил.

  • Төгс эзэмших судрын хэсгүүд болон үндсэн сургаалуудыг төгс эзэмш” (Сайн мэдээг заах ба судлах нь, 10).

Та эдгээр зорилгыг гүйцэлдүүлэхээс гадна суралцагчдад Есүс Христийн сайн мэдээнд итгэлтэй байж, үнэнийг буруугаас ялган танихад туслах ёстой. Суралцагчдад Сүмийн сургаал, түүх, нийгмийн асуудлуудын талаарх байр суурийн тухай асуух зүйлс байж болно. Та суралцагчдад “судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийл[эхэд]” (С ба Г 88:118) нь тусалснаар мөн si.lds.org хэсгийн Үнэнийг эрэлхийл дэх эх сурвалжуудыг ашигласнаар иймэрхүү асуултууд тавихад нь бэлтгэлтэй байж чадна.

Энэхүү багшийн гарын авлагыг эдгээр зорилгодоо амжилттай хүрэхэд тань туслахын тулд бэлтгэсэн билээ.

Хичээлийн бэлтгэл

Их Эзэн Өөрийнхөө сайн мэдээг заадаг хүмүүст “Библи хийгээд сайн мэдээний бүрэн байдал байгаа Мормоны Номон дахь миний сайн мэдээний зарчмуудыг заах ёстой” (C ба Г 42:12) хэмээн зарлигласан. Тэрээр хожим нь эдгээр үнэн “итгэлийн залбирлаар … өгөгдөх” “Сүнсээр чиглүүлэгд[сэнээр]” (C ба Г 42:13–14) заагдах ёстой хэмээн зааварчилсан. Та хичээл бүрийг бэлдэхдээ тэдгээрийн агуулж буй судар, сургаал, зарчмуудыг ойлгоход туслах Сүнсний удирдамжийг залбирч эрэлхийл. Үүний нэгэн адил суралцагчид тань судруудыг ойлгож, Ариун Сүнсээр заалгаж, өөрсдийн суралцсан зүйлсийг хэрэгжүүлэх хүсэлтэй байхад нь хэрхэн туслахаа төлөвлөхдөө Сүнсний өдөөлтүүдийг дага.

Энэ ангид таныг хичээлээ бэлтгэж, заахад Шинэ Гэрээ гол эх сурвалж байх болно. Заах гэж буй бүлгээ эсвэл шүлгүүдээ залбирч судал. Түүхэн холбоос, хүмүүс, газар нутаг, үйл явдлуудыг оролцуулан судрын хэсгийн хам сэдэв, агуулгыг ойлгохыг эрэлхийл. Судрын хэсэг бүрийн хам сэдэв, агуулгыг судалж, танилцсан бол тэдгээрт агуулагдах сургаал, зарчмуудыг тодорхойлохоор эрэлхийлж, суралцагчдын хувьд эдгээр үнэнээс аль нь ойлгож, хэрэгжүүлэхэд хамгийн чухал болохыг шийд. Та юун дээр анхаарлаа хандуулах хэрэгтэйгээ нэгэнт олж мэдсэн бол судрууд дээрх ариун нандин үнэнийг суралцагчид тань мэдэж авч, хэрэгжүүлэхэд хамгийн сайн тусалж чадах арга барил, заах арга, үйл ажиллагаануудыг тодорхойлж чадна.

Энэ үйл явцад туслахын тулд энэ гарын авлагыг бүтээсэн билээ. Хичээлийн материалууд таны заах гэж байгаа судрын хэсэгтэй холбоотой эсэхийг анхааралтай шалга. Та судрын хэсэгт зориулсан зөвлөмжүүдээс заримыг нь эсвэл бүгдийг нь ашиглахаар сонгож болно. Эсвэл та зааж байгаа суралцагчдынхаа хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулан санал болгосон санаануудыг ашиглаж болох юм.

Та суралцагчдадаа хичээл бүрд байгаа судрын хэсгүүдийг бүхэлд нь судлахад туслах нь чухал. Ингэснээр судрын бичээчийн хүргэхийг хүссэн захиасыг бүрэн дүүрэн ойлгоход суралцагчдад туслах болно. Гэхдээ та хичээлээ төлөвлөж байхдаа хичээлийнхээ цагт амжиж, энэ гарын авлага дээрх бүх заах зөвлөмжийг ашиглах хангалттай цаггүй гэдгээ ойлгож болно. Сайн мэдээний үнэний ач холбогдол ба үнэнийг мэдэрч, тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд судрын аль хэсгүүдийг онцлохоо шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийлж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг залбирч бодож үз. Хэрэв цаг бага байвал та бүлэг шүлгийг товч дүгнэн ярилцсанаар эсвэл дараагийн бүлэг шүлэг рүү орохоосоо өмнө зарчим, сургаалыг хурдан олж тогтооход суралцагчдыг чиглүүлснээр хичээлийн бусад хэсгийг зохицуулан өөрчлөх хэрэгтэй байж болно.

Хичээлийн материалуудыг хэрхэн тохируулан өөрчлөх талаар бодож үзэхдээ Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн өгсөн дараах зөвлөгөөг дага.

“Ерөнхийлөгч Пакэр эхлээд өөрсдийн болгоод, дараа нь зохицуулан өөрчилдөг хэмээн байнга заадаг байсан. Хэрэв бид заах гэж байгаа хичээлээ сайтар судалсан бол үүнийг зохицуулан өөрчлөхдөө Сүнсийг дагаж чадна” (“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Шашны институт ба семинарын шууд нэвтрүүлэг, 2012 оны 8-р сарын 7]; LDS.org).

Та заахаар бэлтгэж байхдаа онцгой анхаарал халамж шаардлагатай суралцагчдад анхаарлаа хандуулаарай. Тэдэнд амжилттай суралцахад нь туслахын тулд үйл ажиллагаа болон хүлээх үр дүнг зохицуул. Эцэг эх, удирдагчидтай харилцаатай байх нь танд суралцагчдынхаа хэрэгцээг мэдэж авахад тусалж, утга учиртай, сургамжтай хичээл заах боломжоор хангана.

Та хичээлээ бэлтгэж байхдаа LDS.org вэбсайт дахь эсвэл хөдөлгөөнт хэрэгслээр үзэх бол Gospel Library дээрх Notes and Journal tools-ийг ашиглахыг сонгож болно. Та эдгээр хэрэгслийг судрууд болон чуулган дээр хэлсэн үгс мөн Сүмийн сэтгүүлийн өгүүлэл, хичээл зэргийг тэмдэглэхдээ ашиглаж болох юм. Та бас хичээлийнхээ үеэр ашиглахаар тэмдэглэл нэмж бас хадгалж болно. Эдгээр хэрэгслийг хэрхэн ашиглах талаар илүү их мэдээлэл авахын тулд LDS.org вэбсайт дээрх Notes and Journal Help хуудсыг үзнэ үү.

Энэ гарын авлага дахь зарим материалыг Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлагаас (Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014) авсан болно.

Өдөр тутам заах багшийн гарын авлагыг ашиглах нь

Номын оршил

Номын оршлууд нь ном бүрийн товч дүгнэлт болж өгдөг. Тэдгээрт ном тус бүрийг хэн бичсэнийг тайлбарлаж, бичээсийн өвөрмөц онцлогуудыг дүрслэн, ном бүрийн агуулгын тоймоор хангаж өгдөг.

Судрын хэсгийн оршил

Судрын хэсгийн оршлууд нь хичээл бүрийн судрын хэсгийн хам сэдэв, агуулгын товч тойм болдог.

Бүлэг шүлэг ба хам сэдвийн тойм

Судрын хэсгүүд нь ихэвчлэн тодорхой сэдэв, үйл явдлууд дээр төвлөрдөг жижиг хэсгүүд эсвэл бүлгүүд болон хуваагддаг. Бүлэг шүлэг бүрд зориулсан тайлбарыг үйл явдлын товч тойм эсвэл тухайн бүлэг шүлэг доторх сургаалууд дагалддаг.

Заах тусламж

Заах тусламжид сайн мэдээг заах зарчим, арга барилуудыг тайлбарладаг. Тэдгээр нь багшлах арга барилаа сайжруулахаар хичээж чармайхад тань тусалж чадна.

Хичээлийн гол хэсэг

Хичээлийн гол хэсэгт хичээлээ судалж, заахад тань зориулсан удирдамж багтсан байдаг. Энэ нь асуулт, үйл ажиллагаа, эшлэл, диаграмм, хүснэгт бүхий заах санаануудыг санал болгодог.

Сургаал, зарчмууд

Судрын хэсгээс сургаал, зарчмууд аяндаа урган гарч ирэхэд суралцагчидтайгаа ярилцах үедээ тэдгээрийг тодорхойлж, онцлон хэлэхэд тань туслах үүднээс тодруулсан байгаа.

Зураг

Та зааж байхдаа боломжтой бол Сүмийн удирдагчдын болон судрын үйл явдлуудын талаарх зургуудыг үзүүлэн болгон ашиглаж болно.

Төгс эзэмших судар

Шинэ Гэрээний төгс эзэмших судрын 25 шүлгийг хичээлийн хам сэдэвт тодруулсан. Хичээл тус бүрд эдгээр хэсгийг заах санаа багтсан болно. Төгс эзэмших судруудыг тогтмол заахад тань туслах үүднээс энэхүү гарын авлагад төгс эзэмших судрыг шалгах үйл ажиллагаанууд олон орсон. Төгс эзэмших судар заах нэмэлт санаануудыг гарын авлагын хавсралтаас эсвэл LDS.org вэбсайт дээрх Seminary Student Resources-оос үзэж болно.

Хуудсан дээрх зай

Хэвлэгдэн гарсан гарын авлага дээрх зайг хичээлээ бэлтгэж байхад Ариун Сүнсний өдөөлтийг мэдрэх үедээ тэмдэглэл, зарчим, тохиолдсон үйл явдал юм уу бусад санаа сэтгэгдлээ бичсэнээр ашиглаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Тодорхой ойлголт ба судрын хэсгүүдийн талаар нэмэлт ойлголт өгөхийн тулд түүхэн нөхцөл байдлын талаарх нэмэлт эшлэл, тайлбаруудыг зарим хичээлийн төгсгөлд оруулсан. Заах үедээ асуултуудад хариулах эсвэл нэмэлт ойлголт өгөхөөр бэлтгэхдээ энэ хэсэгт байгаа мэдээллийг ашиглаарай. Нэмж тайлбарлах зүйлсийг LDS.org вэбсайт дээрх энэ гарын авлагын цахим хувилбаруудаас мөн Gospel Library программаас олж авч болно.

Заах нэмэлт санаа

Заах нэмэлт санааг зарим хичээлийн төгсгөлд оруулсан. Эдгээр заах санаа нь хичээлийн гол хэсэгт олж тогтоож эсвэл онцлоогүй байж болох сургаал, зарчмуудыг заах зөвлөмж юм. Тэдгээр нь мөн LDS.org вэбсайт дээрх DVD үзүүлэн болон видео бичлэг ашиглах зөвлөгөөнүүдийг багтаасан байж болно. Нэмж тайлбарлах зүйлсийг LDS.org вэбсайт дээрх энэ гарын авлагын цахим хувилбаруудаас мөн Gospel Library программаас олж авч болно.

Өдөр тутмын семинарын хөтөлбөр (чөлөөт цагтай болон өглөө эрт хичээллэх)

Энэхүү гарын авлага нь өдөр тутам заах семинарын багш нарт зориулсан өдөр тутам заах багшийн 160 хичээл, заах тусламж, төгс эзэмших судар заах эх сурвалж, үндсэн сургаалуудыг багтаасан.

Номын оршил

Номын оршил нь судрын ном бүрийн эхний хичээлийн өмнө байдаг. Номын оршил нь дараах асуултуудад хариулан, ном бүрийг товч тоймоор хангадаг. Тухайлбал: Яагаад энэ номыг судалдаг вэ? Хэн энэ номыг бичсэн бэ? Хэзээ, хаана энэ номыг бичсэн бэ? Энэ номыг хэнд зориулж мөн яагаад бичсэн бэ? Энэ ном ямар ямар онцлог талтай вэ? Түүнчлэн оршил нь ном бүрийн агуулгыг товч харуулдаг. Багш нар шаардлагатай үед номын оршлоос хам сэдэв, нөхцөл байдлын тухай мэдээллүүдийг хичээлдээ ашиглах хэрэгтэй.

Багшийн өдөр тутмын хичээлүүд

Хичээл явуулах байдал

Энэ гарын авлагын хичээл бүр нь тодорхой нэг санаа, сургаал, зарчим дээр төвлөрөхөөсөө илүү судрын хэсгүүд дээр төвлөрдөг. Энэхүү загвар нь танд болон суралцагчдад судруудыг дэс дараатай судалж, судрын хэсгээс гарч ирэх сургаал, зарчмуудын талаар хэлэлцэхэд туслах болно. Суралцагчид сургаал, зарчим дээрх хам сэдвээс суралцсанаар тухайн үнэний талаарх тэдний ойлголт гүнзгийрнэ. Үүнээс гадна суралцагчид сүнсээр өдөөгдсөн бичээчийн захиасын бүрэн цар хүрээг илүү сайн харж, ойлгох болно. Ийм арга замаар судруудыг заах нь суралцагчдад хувиараа судраас судлах үедээ мөнхийн үнэнийг олж мэдэн, хэрэгжүүлж сурахад тусалдаг.

Хичээл бүрд судрын хэсгийн бүх хэсгийг онцолдоггүй. Сүнсээр өдөөгдсөн бичээчийн захиас дотор тийм ч чухал биш эсвэл өсвөр үеийнхэнд тийм ч их хэрэгтэй биш хэсгүүд байгаа учраас зарим хэсэгт багахан анхаарал хандуулсан. Та зааж байгаа суралцагчдынхаа хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн, эдгээр материалыг ашиглах үүрэгтэй. Та тодорхой нэг сургаал, зарчимд хичээлийн материалд зааварласнаас илүү их ач холбогдол өгөх эсвэл тус гарын авлагаар гүнзгийрүүлэн судлах судрын хэсгүүдэд арай бага анхаарал хандуулах зэргээр тус гарын авлага дээрх хичээлийн санаануудыг тохируулан ашиглаж болно. Хичээлдээ бэлтгэх, заах үедээ эдгээрийг тохируулан өөрчлөхөд туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Сургаал ба зарчмууд

Та хичээл бүрийн гол хэсэгт хэд хэдэн гол сургаал, зарчим тодруулсныг олж харах болно. Эдгээр сургаал, зарчим нь: (1) судрын хэсгийн гол захиасыг тусгасан; (2) суралцагчдын хэрэгцээ, нөхцөл байдалд яв цав нийцсэн; эсвэл (3) суралцагчид ба Их Эзэний хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэхэд тусалж чадах гол үнэнүүд учраас энэхүү сургалтын материал дээр тодорхойлсон юм. Шинэ Гэрээ нь энэхүү сургалтын материалд тодорхойлсноос илүү их үнэнийг заадаг болохыг анхаарна уу. Ерөнхийлөгч Боид К.Пакэр судрууд нь “бүх нөхцөл байдалд хүн бүрийн хэрэгцээнд нийцэх үнэний төгсгөлгүй хэлхээг агуулсан байдаг гэж заажээ” (“The Great Plan of Happiness” [CES Symposium on the Doctrine and Covenants/Church History, Aug. 10, 1993], LDS.org; мөн Teaching Seminary: Preservice Readings [2004], 69, LDS.org-ийг үзнэ үү).

Та заах үедээ судрууд дахь сургаал, зарчмуудыг олж тогтоох боломжийг суралцагчдад байнга олгож бай. Суралцагчид өөрсдийн олж мэдсэн үнэнийг илэрхийлэхдээ сургаал, зарчмуудыг гарын авлага дээр тодорхойлсноос өөр үгс ашиглан тайлбарлаж болох юм. Тэд мөн хичээлийн тоймд багтаагүй үнэнийг олж мэдэж болно. Суралцагчдын ашигласан үгс гарын авлагад байгаагаас өөр эсвэл тэд сургалтын хөтөлбөрт дурдаагүй ямар нэг үнэнийг олж тогтоосон гэсэн шалтгаанаар тухайн суралцагчийн хариултыг буруутгахаас зайлсхий. Гэхдээ суралцагчийн хэлсэн зүйл сургаалын хувьд буруу байвал хайр, итгэлээ харуулан, эелдгээр залруулах нь таны үүрэг мөн. Энэ нь ангийн бусад суралцагчийн хувьд чухал ач холбогдолтой суралцах туршлага болж болох юм.

Суралцагчийн үүрэг

Энэ гарын авлагад өдөр тутмын 160 хичээл бий. Та энэ ангийг заах хугацаанаасаа хамааран шаардлагатай бол хичээлүүд болон суралцах хуваарийг тохируулж өөрчилж болно. Гарын авлагын хавсралтаас хичээл хуваарилах удирдамжийг үзнэ үү. Энэхүү суралцагчийн удирдамж нь 36 долоо хоног буюу хичээлийн 180 хоногт суурилсан бөгөөд танд өдөр тутам үзэх хичээлүүдээ сонгож, төгс эзэмших судар, үндсэн сургаалуудыг төгс эзэмшихэд нь суралцагчдад туслах, өмнөх материалуудаа эргэн харж, хуваарь тасалдсаныг нөхөх боломжоор хангах 20 “чөлөөт өдрийг” багтаасан.

Нэмэлт ажил

Шинэ Гэрээг гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамжийг өдөр тутмын семинарын хөтөлбөрүүдэд суралцагчдыг нэмэлт ажлаар хангах эх сурвалж болгон ашиглаж болно. Гэрээр судлах суралцагчдад зориулсан судлах удирдамжин дээрх хичээлүүд нь уг гарын авлагад танилцуулсан хичээлүүдтэй тохирдог. Хичээл их тасалсан суралцагчид хамрагдаж амжаагүй хичээлийн агуулгадаа тохирохуйц судлах удирдамжин дээрх даалгавруудыг гүйцэтгэж болно. Даалгаврыг LDS.org вэбсайтаас хэвлэн авч болох учраас нэмэлт ажил хийх шаардлагатай суралцагчдад гарын авлагыг бүтнээр нь өгөх шаардлагагүй. Шинэ Гэрээг гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамжтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг “Гэрээр судлах семинарын хөтөлбөр” гэсэн гарчигтай хэсгээс олж авч болно.

Заах тусламж

Заах тусламж нь энэхүү гарын авлагын хуудаснуудын захад байрласан. Эдгээр заах тусламж Шинэ Гэрээг судлахдаа сайн мэдээг заах ба суралцах үндсийг танд төдийгүй таны зааж байгаа суралцагчдад хэрхэн хэрэгжүүлэхийг тайлбарлаж, үлгэрлэн үзүүлэхэд тусалдаг. Тэдгээр нь мөн олон янзын заах арга барил, ур чадвар, санааг хэрхэн үр бүтээлтэй ашиглах зөвлөгөөг санал болгодог. Заах тусламжин дээрх зарчмуудыг ойлгосон бол зааж байхдаа тэдгээрийг тохируулж хэрэгжүүлэх арга замуудыг олж мэд.

Төгс эзэмших судар ба үндсэн сургаалууд

Мөнхийн үнэнийг эрхэмлэн хайрлаж, судруудаас судлах, заах үедээ итгэлтэй байх чадварыг тань өсгөх зорилгоор Шашны институт, семинар (ИС) суралцагчдыг анги хичээллэх хугацаанд эзэмшихэд нь зориулан нэлээд хэдэн судрын хэсгийг сонгосон билээ. Мөн суралцагчдын ойлгох, итгэх, семинарын дөрвөн жилд болон үлдсэн амьдралынхаа турш дагаж амьдрах хэрэгтэй гол сургаалуудыг тодотгосон үндсэн сургаалуудын жагсаалтыг багтаав. Анги бүрд зориулсан уг гарын авлагыг суралцагчийг судруудаас дэс дараатай судалсан үед үндсэн сургаалуудыг тодруулах зорилгоор бэлтгэсэн болно. Төгс эзэмших судрын олон шүлгийг үндсэн сургаал болгон сонгосон. Тиймээс та суралцагчдад төгс эзэмших судрын хэсгээс заахдаа үндсэн сургаалыг мөн заах болно.

Хүн мөнхийн үнэнийг оюун ухаан, зүрх сэтгэлдээ нандигнан хайрлах аваас Ариун Сүнс эдгээр үнэнийг хэрэгтэй мөчид сануулан, итгэлтэй үйлдэх урам зоригийг тэдэнд өгөх болно (Иохан 14:26-г үзнэ үү). Ерөнхийлөгч Ховард В.Хантэр:

“Би та нарыг заахдаа судруудаас ашиглахыг мөн суралцагчдадаа судруудтай нөхөрлөж, тэдгээрийг ашиглаж сурахад нь туслахын тулд бүх хүч чадлаа дайчлахыг урамшуулан дэмжиж байна. Би өсвөр үеийнхнийг судруудад итгэж найддаг болоосой гэж хүсдэг. …

… Бид суралцагчдыг судруудын үнэн ба хүч чадалд, тэдний Тэнгэрлэг Эцэг үнэхээр судруудаар дамжуулан тэдэнтэй ярьдаг гэдэгт мөн өөрсдийн асуудал, залбирлын хариултыг судруудаас авч чадна гэдэгт итгэж найддаг байгаасай хэмээн хүсдэг. …

… Танай ангийн суралцагчдын хэн нь ч судруудаа хангалттай сайн мэддэггүйн улмаас хэрэгтэй судрын хэсгээ олж чадалгүй мөн ичиж зовон эсвэл айж эмээн ангиас гардаггүй байгаасай хэмээн бид найдаж байна” гэж заажээ (“Eternal Investments” [address to CES religious educators, Feb. 10, 1989], 2, si.lds.org; мөн Teaching Seminary: Preservice Readings [2004], 20, LDS.org-ийг үзнэ үү).

Төгс эзэмших судар ба үндсэн сургаалын талаарх мэдээллийг гарын авлагын хавсралтаас олж үзнэ үү.

Гэрээр судлах хичээлүүдийг ашиглах нь

Суралцагчийн хичээлийн тойм

Уг тойм нь суралцагчийн судлах удирдамжаас суралцагчдын энэ долоо хоногт судалсан хам сэдэв, сургаал, зарчмуудтай танилцахад туслах болно.

Хичээлийн оршил

Хичээлийн оршил нь энэ хичээлд судрын аль хэсгийг онцлох шаардлагатайг мэдэхэд танд тусална.

Бүлэг шүлэг ба хам сэдвийн тойм

Судрын хэсгүүд дэх хам сэдэв, агуулга өөрчлөгдөх үед шүлгүүд бүлэг болон хуваагддаг. Бүлэг шүлэг бүрд зориулсан тайлбарыг үйл явдлын товч тойм эсвэл тухайн бүлэг шүлэг доторх сургаалууд дагалддаг.

Хичээлийн гол хэсэг

Хичээлийн гол хэсэг нь таныг судлах мөн заах үед удирдамжаар хангах болно. Энэ нь асуулт, үйл ажиллагаа, эшлэл, диаграмм, хүснэгт бүхий заах санаануудыг санал болгодог.

Сургаал ба зарчмууд

Судрын хэсгээс сургаал, зарчмууд аяндаа урган гарч ирэх үед суралцагчидтайгаа ярилцах үедээ тэдгээрийг тодорхойлж, онцлон хэлэхэд тань туслах үүднээс тодруулсан байдаг.

Дараагийн хэсгийн оршил

Хичээл бүрийн сүүлийн догол мөр дараагийн хэсгийн талаар цухас дурддаг. Ирэх долоо хоногт судлах судруудыг урьдчилан мэдэхэд суралцагчдад туслахын тулд энэ догол мөрийг хичээл бүрийн төгсгөлд хуваалц.

Гэрээр судлах семинарын хөтөлбөр

Хол ойр болон бусад хүчин зүйлээс (хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт) шалтгаалан өдөр тутмын ангидаа суух боломжгүй байгаа суралцагчидтай газруудад гэрээр судлах семинарын ангиудыг орон нутгийн санваарын удирдагчид болон институт, семинарын төлөөлөгчдийн удирдлагаар зохион байгуулж болно. Гэрээр судлах семинарын ангиуд нь ерөнхийдөө өглөө эрт ордог эсвэл чөлөөт цагтай өдөр тутмын ангиуд бүхий газруудад боломжгүй байдаг.

Гэрээр судлах семинарын хөтөлбөр суралцагчдад долоо хоногийн турш ангид хамрагдахын оронд гэртээ бие даан суралцан, семинарын кредит хүлээн авах боломжийг олгодог. Эдгээр хичээлийг Шинэ Гэрээг гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамж гэсэн тусдаа гарын авлагаас олж авч болно. Суралцагчид долоо хоногт нэг удаа семинарын багштайгаа уулзан, өөрсдийн ажлыг танилцуулж, хичээлд хамрагдана. Суралцагчийн судлах удирдамж, долоо хоног тутмын хичээлүүдийг доор тайлбарласан болно.

Гэрээр судлах суралцагчдад зориулсан судлах удирдамж

Шинэ Гэрээг гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамж нь гэрээр суралцдаг суралцагчдад Шинэ Гэрээг долоо хоногийн өдрүүдэд семинарт хамрагдан суралцдаг суралцагчидтай ижил туршлага олж авахад нь туслахын тулд бий болгосон билээ. Иймээс суралцагчийн судлах удирдамж болон сургаал, зарчмууд нь энэ гарын авлага дээрх материалтай адил. Суралцагчийн удирдамж бас төгс эзэмших судрын зааврыг агуулдаг. Төгс эзэмших судрын хэсгүүд нь судрын текстэд агуулгаараа харагддаг бөгөөд ихэнхдээ бичих үйл ажиллагаа тухайн хэсгүүд бүхий хичээлүүд дээр багтсан байдаг.

Долоо хоног бүр гэрээр судлах семинарын суралцагчид суралцагчийн судлах удирдамжаас дөрвөн хичээлийг үзэж дуусган, семинарын багшийнхаа долоо хоног тутмын нэг хичээлд хамрагдана. Суралцагчид өөрсдийн судрын тэмдэглэл дээр судлах удирдамжийн нэлээд хэдэн даалгаврыг гүйцэтгэсэн байна. Суралцагчид хоёр ширхэг судрын тэмдэглэлийн дэвтэртэй байх ёстой. Тэгснээр тэд нэгийг нь багшдаа шалгуулахаар үлдээж, нөгөө дэвтэр дээрээ ажлаа үргэлжлүүлж болно. Суралцагчид долоо хоног бүр багштайгаа уулзахдаа нэг тэмдэглэлийн дэвтрээ гэрээр заах багшдаа өгч, нөгөө дэвтрээ буцаан авч, ирэх долоо хоногийнхоо хичээлүүдэд ашиглана. (Жишээлбэл, нэг долоо хоногийн турш суралцагч 1-р дэвтэр дээрээ даалгавраа хийнэ. Дараа нь суралцагч энэ дэвтрээ ангид авчирч, багшдаа өгнө. Дараагийн долоо хоногийн турш суралцагч 2-р дэвтэр дээрээ даалгавраа хийнэ. Суралцагч багшдаа 2-р дэвтрээ өгөхөд, багш 1-р дэвтрийг түүнд буцааж өгнө. Суралцагч 1-р дэвтэр дээрээ дараагийн долоо хоногийнхоо даалгавраа хийнэ.)

Семинарын бүх суралцагчийг өдөр бүр судраас суралцаж, сургалтын материалыг уншихад урамшуулан дэмждэг ч гэрээр судлах суралцагчид нэмэлт 30–40 минутыг гэрээр судлах дөрвөн хичээлийн хэсэг бүр дээр зарцуулж, долоо хоног бүр гэрээр судлах хичээлд хамрагдах хэрэгтэйг ойлгох ёстой.

Гэрээр заах багшийн долоо хоног тутмын хичээлүүд

Шинэ Гэрээг гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамж дээрх нэг хэсэг нь өдөр тутмын багшийн гарын авлагын таван хичээлтэй дүйцнэ. Уг гарын авлагын таван хичээл тутмын дараа, долоо хоног тутмын гэрээр заах багшийн нэг хичээл байгаа. Гэрээр судлах хичээлүүд нь суралцагчийн судлах удирдамжин дээрх хичээлүүдийг долоо хоногийн турш судалж дуусгаснаар суралцсан сургаал, зарчмуудынхаа талаарх ойлголтыг нэгтгэн дүгнэж, гүнзгийрүүлж, хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах болно. Эдгээр хичээл суралцагчийн судлах удирдамжин дээр тэмдэглэгдээгүй нэмэлт үнэнийг гаргаж ирж болох юм. (Хичээлийн хуваариа төлөвлөх тусламжийг гарын авлагын төгсгөл дэх хавсралтын гэрээр заах багш нарт зориулсан хичээлийн хуваарилалтын талаарх удирдамжаас харж болно.)

Та гэрээр заах багшийн хувьд суралцагчдыг долоо хоног бүр гэртээ юу суралцаж буйг ойлгож мэдэх ёстой. Тэгснээр тэдэнтэй уулзах үедээ тэдний асуултуудад хариулж, ач холбогдолтой ярилцлага өрнүүлж чадна. Суралцагчдаас долоо хоног тутмын нэг удаагийн хичээлдээ судруудаа болон судрын тэмдэглэл, суралцагчийн судлах удирдамжаа авчрахыг хүс. Тэгснээр хичээлийн үеэр тэдгээрийг сөхөн харах боломжтой. Зааж буй суралцагчдынхаа хэрэгцээнд тохируулан Ариун Сүнсний нөлөөгөөр хичээлүүдийг тохируулан заа. Та мөн хичээлд бэлтгэж, заах үедээ энэ гарын авлага дээрх өдөр тутмын багшийн хичээлүүдийг ашиглаж болно. Өдөр тутмын хичээлүүдэд ашиглах заах тусламж, арга барилыг судлах нь долоо хоног бүр заах хичээлийг тань баяжуулах болно. Зааж буй суралцагчдынхаа онцгой хэрэгцээ шаардлагад нийцүүл. Жишээлбэл, суралцагчдын хэн нэг нь бичиж чадахгүй бол дуу хураагуур ашиглах эсвэл өөрийн бодол санааг гэр бүлийнхээ хэн нэгэнд юм уу найздаа хэлж бичүүлэхийг зөвшөөрч болно.

Долоо хоног тутмын хичээлийн дараа суралцагчдын судрын тэмдэглэлийг хураан авч, тэднийг үргэлжлүүлэн судлахад урамшуулан дэмж. Дээрх “Гэрээр судлах суралцагчдын удирдамж” хэсэгт тайлбарласнаар тэдэнд дараагийн долоо хоногийн даалгавруудаа хийх судрын тэмдэглэлийг тарааж өг. (Гадасны семинарын багш нар гэрээр судлах семинарт бүртгүүлсэн семинарын суралцагчидтайгаа санваарын удирдагч, эцэг эхчүүдийн удирдлаган дор цахим хэлбэрээр харилцаж болно.)

Суралцагчийн судрын тэмдэглэл дээрх даалгаврыг шалгах үедээ тэдний ажлын талаар цаг тухайд нь товч тэмдэглэл бичиж эсвэл дараа нь уулзахдаа өөрийн сэтгэгдлийг хэлж бай. Түүнчлэн та дэмжлэг үзүүлж, утга учиртай санал зөвлөгөөг хэлэх өөр бусад арга замыг эрэлхийлж болно. Энэ нь ажлынх нь талаар санаа тавьж байгаагаа мэдэх боломжийг суралцагчдад олгох бөгөөд тэднийг өөрсдийн хариултуудад анхааралтай ханддаг байх хөшүүрэг нь болж болох юм.

Суралцагчид гэрээр судлах хичээлүүдээ хийж гүйцэтгэсэн үедээ төгс эзэмших судрын хэсгүүдийг эзэмшихээр ихээхэн хичээж чармайсан байх болно. Гэрээр заах семинарын багш нар тухайн долоо хоногийн хэсгийг судалж байх үед гарч ирсэн төгс эзэмших судрын хэсгүүдийг чээжээр уншихад эсвэл давтахад урьснаар суралцагчдынхаа долоо хоногийн турш гаргасан хичээл зүтгэлийг шалгаж болдог.

Бусад эх сурвалж

LDS.org

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага (nttm.lds.org) мөн Шинэ Гэрээг гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамжийг LDS.org болон зөөврийн хэрэгслүүд дээр Gospel Library-гаас үзэж болно. Багшийн гарын авлагын цахим хувилбар нь тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл, заах нэмэлт санаа, зайны асуудлаас шалтгаалан хэвлэгдсэн гарын авлагад оруулаагүй медиа эх сурвалжуудыг нэмж багтаасан байгаа.

si.lds.org

Багш нар хичээлд бэлтгэх, заах нэмэлт санаа авах бол Шашны институт, семинарын вэбсайт (si.lds.org) руу орж болно.

Тайлбар ба бүртгэлийн хэрэгслүүд

Багш, суралцагчид хичээлээ бэлтгэж, судраас судалж байхдаа эдгээр гарын авлагын онлайн хувилбарт тайлбар хийж, тэмдэглэл нэмэхэд онлайн болон гар утасны Notes and Journal хэрэгслүүдийг ашиглаж болно. Багшийн гарын авлага, суралцагчийн судлах удирдамжийг LDS.org вэбсайтаас олон төрлийн форматаар (PDF, ePub, mobi [Kindle] файлууд гэх мэт) татаж авах боломжтой болсон.

Нэмэлт зүйлс

Дараах эх сурвалжуудыг өөрийн зааварлагч, Сүмийн орон нутгийн хангамжийн алба, Сүмийн онлайн дэлгүүр зэргээр (store.lds.org) дамжуулан авч болно. Үүнд:

  • LDS.org вэбсайт дээрх Media Library

  • Сайн мэдээний уран зургийн цуглуулга (зүйлийн дугаар 06048)

  • Судрын тэмдэглэл (зүйлийн дугаар 13256)

  • Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт (зүйлийн дугаар 36863)

  • LDS.org дээрх Gospel Topics

  • Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол (зүйлийн дугаар 09403)

  • Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага (Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014) (зүйлийн дугаар 10734)