37-р хичээл
Марк 6
Оршил
Есүсийг төрсөн нутаг Назарт нь эсэргүүцэв. Тэрээр арванхоёр төлөөлөгчөө сайн мэдээг номлуулахаар илгээжээ. Херод Антипын тушаалаар Иохан Баптистыг алав. Есүс таван мянгаас илүү цугласан олныг хооллон, усан дээгүүр алхалж, шуурга намдаан, өвчтөнг эдгээж, гайхамшиг үзүүлжээ.
Заах зөвлөмж
Марк 6:1–29
Есүс Назарт эсэргүүцэгдэж, Арванхоёрыг илгээв; мөн Иохан Баптистын үхлийн талаар өгүүлэв
Суралцагчдыг ямар нэгэн буруу гэдгийг нь мэдэж байсан зүйлийг хийх дарамт шахалтад орсон хамгийн сүүлийн тохиолдлынхоо тухай бодоход урин, хичээлийг эхлүүл.
Дараах өгүүлбэрийг самбар дээр бич (энэ өгүүлбэрийг “Making the Right Choices,” Ensign, 1994 оны 11-р сар, 37-оос үзэх боломжтой):
-
Бусад хүн та нарын буруу гэж мэдэж байгаа зүйлийг та нараар хийлгэхээр шахаж болох ямар ямар жишээ байдаг вэ?
Суралцагчдыг Марк 6-аас судалж байхдаа үе тэнгийнхнийхээ сөрөг дарамт шахалтад бууж өгөхөөс зайлсхийхэд туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Есүс төрсөн нутаг Назартаа номлосон гэдгийг тайлбарлан, Марк 6:1–16-г нэгтгэн дүгнэ. Гэвч хүмүүсийн итгэлгүй байдлаас болоод Тэрээр олон гайхамшгийг тэдний дунд үйлдээгүй. Есүс тэнд байхдаа арванхоёр төлөөлөгчийг хоёр хоёроор нь сайн мэдээг номлуулахаар илгээсэн. Тэд сайн мэдээг номлож байхдаа чөтгөрүүдийг зайлуулан, өвчтэй хүмүүсийг эдгээж байв. Херод Есүсийн үйлдэж буй олон гайхамшгийн талаар сонсоод, Иохан Баптист үхлээс босоод, эдгээр гайхамшгийг үйлдэж байна гэж айсан.
Марк 6:17–29 нь Иохан Баптистад юу тохиолдсон тухай түүхийг агуулдаг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Марк 6:17–18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Херодын Иохан Баптистад юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
Эдгээр шүлэгт өгүүлснээр, Херод Иоханд юуг, юуны учир хийсэн бэ?
Эдгээр шүлэгт дурдагдсан Херод нь аавыгаа нас барсны дараа Галил, Переагийн газар нутгуудыг захирдаг байсан Херод Антип бөгөөд Агуу Херод гэдгийг тайлбарла. Херод Антип эхнэрээсээ салаад, дүү Филипийнхээ эхнэр Херодиатай гэрлэсэн юм. Энэ үйлдэл нь иудейчүүдийн хуулийг ноцтой зөрчсөн хэрэг байсан ба (Левит 18:16-г үзнэ үү) Иохан Баптист үүнийг нь зэмлэсэн байна. Херодиа Иоханыг энэ гэрлэлтийг эсэргүүцсэнд уурлаж, тиймээс Херод эхнэрээ тайвшруулахын тулд Иоханыг шоронд хорьжээ.
Нэг суралцагчийг Марк 6:19–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Херодиа Иохан Баптистад юу хийхийг хүссэнийг олж мэдэхийг хүс.
-
Херодиа Иохан Баптистад юу хийхийг хүссэн бэ?
-
Тэр яагаад түүнийг алуулж чадаагүй вэ? (Учир нь Херод Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг Бурханы хүн гэдгийг мэддэг байв; Иосеф Смитийн Орчуулга, Марк 6:21 [Херод Иохан Баптистын талаар юу гэж боддог байсан талаар илүү ихийг мэдэхийн тулд Марк 6:20, зүүлт тайлбар б-г үзнэ үү].)
Цөөн суралцагчийг Марк 6:21–29-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Херодын Иохан Баптистад юу хийснийг олж мэдэхэд урь.
-
26-р шүлэгт цэдэглэснээр, Херод Иохан Баптистыг алах тухайд ямар бодолтой байсан бэ?
-
Херод буруу гэдгийг нь мэдэж байсан ч мөн хийхийг хүсэхгүй байсан ч яагаад Иоханы толгойг авахуулсан бэ? (Та суралцагчдад Херод өөртэй нь хамт сууж байсан хүмүүсийн үзэл бодолд санаа зовж байсныг илэрхийлэх “зочид байсан тул” хэмээх үгсийг тэмдэглэхийг санал болгож болно.)
-
Бид зөвийг хийхийн оронд бусдад таалагдахыг эрэлхийлбэл юу тохиодог тухай Херодын хийсэн сонголтуудаас ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Зөв гэж мэдэж байгаа зүйлээ хийхийн оронд бусдад таалагдахыг эрэлхийлэх нь буруу сонголт, гуниг зовлон, харамсал гашуудал руу хөтөлдөг гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
Суралцагчдад энэ үнэнийг илүү сайн ойлгоход туслахын тулд тэднийг хоёроос дөрвөн хүнтэй бүлгүүд болгон хуваарилаад, өсвөр үеийнхэн бусдын таалалд нийцэх мөн зөв гэдгийг нь мэдэж байгаа зүйлээ хийхийн аль нэгийг сонгох ёстой цөөн нөхцөл байдал гаргаж ирэхийг тэднээс хүс. Хангалттай хугацаа өгсний дараа бүлэг бүрийг хуваалцахад урь. Тэднийг хуваалцах үед зарим жишээг самбар дээр бич.
-
Та нар эдгээр жишээтэй адил дарамт шахалтад бууж өгөх нь гуниг зовлон, харамсал гашуудал руу хөтөлж байгааг ямар ямар арга замаар харж байсан бэ?
-
Та нар хэн нэгний бусдад таалагдахыг эрэлхийлэхийн оронд зөвийг хийхийг сонгож байгааг хэзээ харж байсан бэ?
-
Бусдад таалагдахыг эрэлхийлэхийн оронд зөв гэж мэдэж байгаа зүйлээ хийхийг сонгоход бидэнд юу туслах вэ?
Суралцагчдыг ирэх долоо хоногийн талаар бодоод, бусдад таалагдах эсвэл зөвийг хийхийн аль нэгийг сонгох шаардлагатай болж магадгүй нөхцөл байдлуудыг тодорхойлоход урь. Тэднийг ийм дарамт шахалтууд тохиолдвоос хэрхэн хариу үйлдэл үзүүлэх тухай төлөвлөгөө гаргахад урь.
Maрк 6:30–44
Есүс таван мянгаас илүү хүнийг хооллон, гайхамшиг үзүүлэв
Суралцагчдыг дараах нөхцөл байдлыг бодож үзэхэд урь. Дөнгөж дуудагдсан нэгэн номлогч номлолдоо гарахаар маш их сандарч байна. Тэр ярих ур чадвараар тааруу мөн олон хүний дунд дасан зохицохдоо муу байлаа.
-
Та нар энэ залуу номлогчид юу гэж хэлэх вэ?
Суралцагчдыг Марк 6:30–44-өөс судалж байхдаа энэ номлогчид болон бидэнд Их Эзэний биднээс хүссэн зүйлийг хийхэд өөрсдийгөө хангалтгүй гэж бодох үед туслах зарчмыг олж мэдэхэд урь.
Арванхоёр төлөөлөгч сайн мэдээг тунхагласныхаа дараа буцаж ирэн, Есүст юу хийж, зааснаа тайлагнасан гэдгийг тайлбарлан, Марк 6:30–33-ыг нэгтгэн дүгнэ. Есүс арванхоёр төлөөлөгчтэйгөө тусдаа зайдуу байж, амрах нэг газарт очихоор завиар явжээ. Гэвч ойр орчмын хотуудаас хүмүүс Есүсийн завинаас буух газар руу очиж, Түүний хүрч ирэхийг хүлээж байв.
Нэг суралцагчийг Марк 6:34-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Аврагч цугласан олонд хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.
-
“Хүмүүс хоньчингүй хонь мэт байв” хэмээх үгс нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?
Аврагч бүхэл өдрийн турш цугласан олонд заасныхаа дараа агуу гайхамшиг үйлдсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдад энэ гайхамшгийг ойлгоход нь туслахын тулд тэднийг хос болгон хуваарилаад, хос бүрд дараах тараах материалыг өг. Хос бүрийг Марк 6:35–44 ба Матай 14:18-ыг хамтдаа уншаад, тараах материал дээрх үйл явдлуудыг он дарааллаар дугаарлахад урь.
5000 хүнийг хооллосон нь
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—37-р хичээл
-
____ Аврагч шавь нарынхаа авчирсан зүйлийг арвижуулж, хэрэгцээтэй байснаас нь илүү их болгожээ.
-
____ Шавь нар өөрсдөд нь таван талх, хоёр загас байгаа хэмээн хэлжээ.
-
____ Шавь нар хоол худалдаж авахуулахаар хүмүүсийг явуулахыг санал болгожээ.
-
____ Аврагч шавь нараас тэдэнд юу байгааг асуужээ.
-
____ Аврагч шавь нартаа хүмүүсийг хоолло хэмээн хэлжээ.
-
____ Цугласан олонд идэх зүйл байсангүй.
-
____ Аврагч байгаа зүйлээ Өөрт нь өгөхийг шавь нараасаа хүсжээ.
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Суралцагчдад энэ үйл ажиллагааг гүйцэтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа ангиараа хариултыг шалга. (Хариултуудын зөв дараалал нь 7, 5, 2, 4, 3, 1, 6.)
-
Хэдэн хүнийг хооллосон бэ? (Марк 6:44-ийн грек эх бичмэл нь “таван мянган эр” гэдэг нь таван мянган насанд хүрсэн эрэгтэй хүн гэсэн утгатай гэдгийг тодорхой болгож өгдөг гэдгийг тайлбарла. Иймээс хооллосон хүмүүсийн тоо эмэгтэйчүүд, хүүхдүүдийг оролцуулаад бүр илүү их байсан байх магадлалтай [мөн Матай 14:21-ийг үзнэ үү].)
Аврагч энэ гайхамшгийг үйлдэхээсээ өмнө, эхлээд шавь нараасаа байгаа бүхнээ буюу таван талх, хоёр загасыг Өөрт нь өгөхийг хүссэн гэдгийг онцол.
-
Биднийг байгаа бүхнээ Аврагчид өгөх үед Тэрээр юу хийж чадах тухай энэ гайхамшгаас бид ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид дараахтай төстэй зарчмыг олж тогтоох ёстой: Биднийг байгаа бүхнээ Аврагчид өгөх үед Тэрээр Өөрийнхөө зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд бидний өргөлийг арвижуулж чадна. Энэ зарчмыг самбар дээр бич.)
Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход туслахын тулд өмнөх дөнгөж дуудлага хүлээн аваад, ихэд сандарч байсан номлогчийн нөхцөл байдлыг сануул.
-
Аврагч энэ залуу эрэгтэйн эсвэл эмэгтэйн сул дорой чанараас үл хамааран уг номлогчоос Өөрт нь юу авчрахыг хүсэж болох вэ? (Аврагч Өөрийнх нь зорилгуудыг гүйцэлдүүлэхийг эрэлхийлэх хүн бүрийг бүх хүсэл эрмэлзэл, чадавх, авьяас билэг, ур чадвар, хүч, бэлэг, хичээл зүтгэлээ Өөрт нь өгөхөд урьдаг [Омнай 1:26; 2 Нифай 25:29-ийг үзнэ үү].)
-
Хэрэв энэ номлогч өөрт байгаа бүхнээ Аврагчид өгвөл ямар үр дүн гарах вэ?
-
Сүмийн залуу гишүүнд энэ зарчмыг мэдэж байгаа нь тус болж болох өөр ямар ямар нөхцөл байдал байдаг вэ?
Их Эзэн тэднээс хүссэн зүйлээ хийх боломжийг гаргаж өгөхийн тулд тэдний хичээл зүтгэлийг хэрхэн арвижуулсныг тунгаан, хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд суралцагчдыг урь. Хэрэв тэд хүсэж байвал цөөн суралцагчийг бичсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урих талаар бодож үз.
Биднийг байгаа бүхнээ Аврагчид өгөх үед Тэрээр Өөрийнхөө зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд бидний өргөлийг арвижуулж чадна хэмээх гэрчлэлээ хуваалц. Суралцагчдыг энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд урамшуулан дэмж.
Марк 6:45–56
Есүс усан дээгүүр алхаж мөн өвчтэйг эдгээв
Есүс таван мянган хүнийг хооллосныхоо дараа шавь нартаа завинд суугаад, Галил тэнгисийн нөгөө эрэг рүү явахыг зааварласан гэдгийг тайлбарлан, Марк 6:45–56-г нэгтгэн дүгнэ. Дараа нь Тэрээр цугласан олныг тараав. Шөнө шуурга эхэлж, шавь нар нь бэрхшээлтэй тулгарч, цааш урагшилж чадахгүй байх үед Аврагч уулан дээрээс харж байв. Тэрээр усан дээгүүр тэдэн рүү алхан, шуургыг намдаасан бөгөөд тэд Галил тэнгисийн нөгөө эрэгт аюулгүй хүрчээ.
-
Энэ тохиолдолд Их Эзэний хүч шавь нарт нь Түүний зааварласан зүйлийг гүйцэлдүүлэх боломжийг хэрхэн өгсөн бэ?
Өнөөдрийн хичээлээр ярилцсан үнэний талаар мэдрэмж эсвэл гэрчлэлээ хуваалцахыг хүсэж байгаа суралцагчдыг гэрчлэлээ хуваалцахад урин, хичээлийг дуусгах талаар бодож үз.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Марк 6:26. “Зочид байсан тул”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт өсвөр үеийнхэнд үе тэнгийнхнийхээ сөрөг дарамт шахалтыг эсэргүүцэхэд туслах зарим санааг хуваалцжээ.
“Та нар Сатаны урмыг хугалахгүйгээр Бурханд таалагдаж чадахгүй. Иймээс түүний буруу зүйл хийхэд уруу татдаг хүмүүс та нарт дарамт шахалт үзүүлэх болно. Буруу зүйл хийдэг хүмүүс хэн нэгнийг өөрсөдтэй нь хамтрах үед илүү тайван тухтай байдаг учраас та нарыг өөрсөдтэйгөө нэгдэхийг хүсдэг. Тэд мөн та нарыг ашиглахыг хүсэж болно. Үе тэнгийнхнээрээ хүлээн зөвшөөрөгдөж, тэдний нэг хэсэг байхыг хүсэх нь энгийн зүйл боловч зарим нь бүр харилцаа хамааралтай байх хүслээсээ болоод танхайрагчдын бүлэгт хүртэл нэгддэг. Ийн тэд эрх чөлөөгөө алддаг ба зарим нь бүр амиа алддаг. Та нар хэр их хүчтэй байгаагаа мөн бусад хүн та нарыг нууцхан хэр их хүндэлдэг болохыг олж мэдэх нь олж мэдэхэд хамгийн хэцүү зүйлсийн нэг юм. Бид та нарт маш их итгэдэг. Та нар сайн найзуудаараа хүлээн зөвшөөрөгдөхийн тулд жишгээ бууруулах шаардлагагүй. Та нар дуулгавартай байхын хэрээр мөн үнэн зарчмуудын төлөө зогсохын хэрээр Их Эзэн та нарт уруу таталтыг ялахад илүү их тусалж чадна. Бусад хүн та нарын хүч чадлыг мэдрэх учраас та нар тэдэнд тусалж чадна. Жишгүүдийнхээ дагуу тууштай амьдарснаар тэдэнд жишгүүдээ харуул. Бусад хүн та нарын зарчмуудын талаар асуух үед хариул. Гэхдээ сургаж заахаас зайлсхий. Энэ нь үнэхээр үр ашгаа өгдөг гэдгийг би хувийн туршлагаасаа мэддэг билээ.
Хэн ч санаатай ноцтой алдаа гаргадаггүй. Та нар бусдад илүү хүлээн зөвшөөрөгдөхийн тулд жишгээ бууруулах үед тэдгээр нь ирдэг. Та нар хүчтэй бай. Та нар удирдагч бай. Сайн найзуудыг сонгож, үе тэнгийнхний дарамт шахалтыг хамтдаа сөрөн зогс” (“Making the Right Choices,” Ensign, 1994 оны 11-р сар, 37).
Далын ахлагч Линн Ж.Роббинс үе тэнгийнхний дарамт шахалтын талаар дараах зүйлийг заажээ.
“Бурханы таалалд нийцэхээсээ өмнө бусдын таалалд нийцэхийг хичээх нь эхний болон хоёр дахь агуу зарлигийн дарааллыг сольж байгаа хэрэг юм (Матай 22:37–39-ийг үзнэ үү). Энэ нь хаашаа харах ёстойгоо мартаж байгаа гэсэн үг. Гэсэн хэдий ч бид бүгд хүмүүнээс айснаас болж л энэ алдааг гаргадаг. Исаиагийн номд Их Эзэн ‘Хүний зэмлэлээс бүү ай’ (Исаиа 51:7; мөн 2 Нифай 8:7-г үзнэ үү) хэмээн бидэнд сануулсан. Лихайн зүүдэнд энэхүү айдас нь агуу хийгээд нүсэр барилга дотор хүмүүс хуруугаараа чичилснээс үүдэлтэй бөгөөд ингэснээр хүмүүс хаашаа харах ёстойгоо мартаж, ‘ичингүйрхсэн’ (1 Нифай 8:25–28-ыг үзнэ үү) байдалтайгаар модыг орхиход хүрсэн.
Энэ шахалт нь тухайн хүнд бусдыг гомдоох вий гэдгээс айх тийм мэдрэмж төрүүлэх замаар хүний зан төлөвийг биш юм аа гэхэд хандлагыг өөрчилдөг. Бид хуруугаараа чичилж байгаа хүмүүстэй эвтэй байхыг хүсдэг ч энэхүү айдас нь нүглийг зөвтгөхөд биднийг уруу татах үед Сургаалт үгс номд дурдсанчлан ‘занга’ болж хувирдаг (Сургаалт үгс 29:25-ыг үзнэ үү). Энэ занга нь бидний өрөвч сэтгэлийг ашиглан, нүгэлтэй эвлэрэхэд хүргэх юм уу, тэр байтугай Бурханы буруутгасан зүйлийг ч сайшаахад хүргэхүйцээр тун зальжин тавигдсан байдаг. Итгэл султай хүмүүсийн хувьд энэ нь томоохон тээглэх чулуу болдог. Жишээлбэл, зарим номлогч энэхүү хүнээс айх айдсаасаа салалгүй, номлолын талбарт ирсэн байдаг. Тэр дур зоргоороо байгаа хамтрагчаа гомдоохыг хүсдэггүй учраас хамтрагчийнхаа дуулгаваргүй байдлыг номлолын ерөнхийлөгчдөө хэлж чаддаггүй. Харин эхний болон хоёр дахь агуу зарлигийн дарааллыг санах юм бол зөв шийдвэрүүд гардаг юм (Матай 22:37–39-ийг үзнэ үү). Эдгээр будилсан номлогч хамтрагчийнхаа өмнө бус, харин Бурханы өмнө хариуцлага хүлээдэг гэдгээ ойлгосноор тэднийг зөвийг хийхэд зоригжуулах болно” (“Та хаашаа харсан байна вэ?” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 8).
Марк 6:35–44. Таван мянган хүнийг хооллосон нь
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст биднийг хичээл зүтгэл маань цөөхөн хэдэн талх, загастай тэнцэнэ гэж бодож байгаа үед хүртэл Тэрээр Өөрийнх нь Сүмд үйлчлэх бидний итгэлтэй хичээл зүтгэлийг арвижуулах болно гэдгийг Аврагчийн талх, загасыг арвижуулсан хүч харуулдаг хэмээн заахдаа:
“Тавхан талх, хоёрхон загастай тэнцэхүйц бэлэгтэй олон хүн [Сүм дэх] дуудлагаа эрхэмлэн биелүүлж, магтаал, талархал хүлээлгүйгээр үйлчилж, олон мянган хүнийг тэжээдэг. … Эдгээр нь бүх туслах бүлэг, санваарын чуулга дахь олон зуун мянган удирдагч, багш, гэрийн багш, Халамжийн нийгэмлэгийн айлчлагч багш юм. Эдгээр нь албан ёсны сургалт аваагүй ч Их Эзэнд болон тойргийнхоо хүмүүст үйлчлэх даруухан хүсэлтэй, дуудлагаа эрхэмлэн биелүүлдэг, үргэлж суралцдаг Сүм дэх олон даруу бишоп юм. …
Энэ сүм даруухан эхлэлээс өдийг хүртэл хүчирхэгжсэн гол шалтгаан нь Эзэний үйлчлэлд өргөх зөвхөн таван талх, хоёр загастай мөн даруу, шийдэмгий олон сая хүний итгэлтэй байдал, хичээл зүтгэлийн учир юм” гэжээ (“Five Loaves and Two Fishes,” Ensign, 1994 оны 5-р сар, 5, 6).