7-р хичээл
Матай 3
Оршил
Иохан Баптист Иудейд номлож мөн баптисм хүртээв. Есүс Христ Галилаас Иордан гол хүртэл аялж, тэнд Иоханаар баптисм хүртжээ. Бурхан Эцэг Есүсийг Өөрийн Хайрт Хүү хэмээн гэрчилсэн.
Заах зөвлөмж
Maтай 3:1–12
Иохан Баптист Иудейд номлов
Хэрвээ ангид байгаа суралцагчдын нэг нь босоод, бусад суралцагчийн хувийн эд зүйлсийг авч эхлэх юм бол тэдэнд ямар санагдах талаар ангийнхныг төсөөлөхийг хүс. Тэгээд уг суралцагч тэднээс нэг зүйлийг авах тутамдаа уучлалт гуйх мөртлөө бусад суралцагчаас эд юмсыг нь аваад байдаг гэж төсөөлөхийг хүс. Асуу:
-
Та нар энэ суралцагчийн уучлалт хүсэж байгааг юу гэж бодож болох вэ?
-
Энэ суралцагчийн үйлдэл нь чин сэтгэлээсээ бус наманчлахаар хичээж байгаатай хэрхэн адилхан байж болох вэ?
Суралцагчдыг Maтай 3-аас суралцах явцдаа чин үнэнээсээ наманчлахын тулд юу хийх ёстойг ойлгоход бидэнд туслах үнэнүүдийг олж мэдэхэд урь.
Нэг суралцагчийг Матай 3:1–4-ийг чанга уншихад урь. Хүмүүсийг Аврагчийн тохинуулалд бэлтгэхэд нь туслах чухам юу тохиолдсон болохыг олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Иохан Баптист хэн байсан бэ? (Тэр бол Мариагийн хамаатан болох Елизабет, Захариа хоёрын хүү байв. Тэр Аароны санваарын түлхүүрүүдийг атгадаг байсан [С ба Г 13; 84:27–28-ыг үзнэ үү].)
-
Иохан юу хийж байсан бэ?
-
Иохан өөрийг нь сонсогчдод юу хийхийг ухуулсан бэ?
Иоханы томилгоо нь Исаиагаар (Эсаиа) болон бусад бошиглогчоор урьдаас зөгнөн хэлэгдсэн гэдгийг тайлбарла (Исаиа 40:3; Maлахи 3:1; 1 Нифай 10:7–10-ыг үзнэ үү). Иохан наманчлалыг тунхаглан, усаар баптисм хүртээснээрээ Мессиагийн (Есүс Христийн) замыг бэлтгэх ёстой байсан.
-
Наманчлалыг тунхаглан, усаар баптисм хүртээх нь Их Эзэний замыг бэлтгэхэд хэрхэн тусалсан гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг Матай 3:5–6-г чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, хүмүүс Иоханы захиаст хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.
-
Хүмүүс Иоханы захиасыг хэрхэн хүлээж авсан бэ? (Тэд нүглээ хүлээн зөвшөөрч, баптисм хүртсэн. Тэнгэрлэг Эцэгт, шаардлагатай бол хуваарилагдсан санваарын удирдагчдад өөрийн нүглийг хүлээхэд бэлэн байх нь наманчлахад маш чухал гэдгийг тайлбарла [Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт (2004), 136-г үзнэ үү].)
Нэг суралцагчийг Матай 3:7-г чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Иохан хэнд ярьж байсныг олж мэдэхийг хүс.
-
Энэ шүлэгт цэдэглэснээр, Иохан хэнд хандан ярьж байсан бэ?
Фарисайчууд бол иудейчүүдийн шашны бүлэг бөгөөд тэдний нэр нь тусдаа тусгаар байх гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Тэд Мосегийн хуулийг чанд сахидгаараа бахархдаг байсан бөгөөд хүмүүний санал болгосон нэмэлт хуулиуд буюу амаар өгөгдсөн хуулиуд нь Мосегийн хуультай адилхан чухал гэдэгт итгэдэг байжээ (Bible Dictionary, “Pharisees” үзнэ үү). Садукайчууд нь Мосегийн хуулийн үгсийг дагахад итгэдэг жижигхэн, гэхдээ улс төрийн хувьд хүчирхэг бүлэг байв. Тэд амилуулалтын юм уу мөнх амьдралын сургаалд итгэдэггүй байсан (Bible Dictionary, “Sadducees”-ыг үзнэ үү).
-
Иохан фарисайчуудыг болон садукайчуудыг юу гэж нэрлэсэн бэ?
Хэрэв боломжтой бол хорт могойн зураг үзүүлэн, энэ нь Израильд ихэд түгээмэл байдаг хорт могой гэдгийг тайлбарла. Хорт могойнууд шөнөөр ангаа хийдэг бөгөөд ихэнхдээ нуугдаж байгаад, идэш рүүгээ чимээгүй дайрдаг. Хорт могойнууд сүрдсэн үедээ биеэ цагираглан бөөгнөрүүлж, исгэрэн, дайсан руугаа дайрдаг.
-
Иохан яагаад фарисайчуудыг болон садукайчуудыг хорт могой гэж нэрлэсэн гэж та нар бодож байна вэ? (Иохан тэдний хилэнцэт нөлөө, хуурамч сургаалаас олон хүнийг холдуулж байсан болохоор фарисайчууд болон садукайчууд Иоханаас сүрдэж байсан гэдгийг та онцлон хэлж болох юм.)
Иосеф Смитийн Орчуулга нь Иоханы фарисайчуудад болон садукайчуудад ярьсан нэмэлт үгсийг агуулдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Иосеф Смитийн Орчуулга, Матай 3:34–36-г (Bible appendix) гаргахад урь. (Эдгээр шүлэг нь Maтай 3:8–9-ийн орчуулга гэдгийг та тайлбарлахыг хүсэж болох юм.) Нэг суралцагчаас эдгээр шүлгийг чанга уншихыг хүс.
-
Иоханы өгүүлснээр, фарисайчууд болон садукайчууд түүний заасныг эсэргүүцэх юм бол тэд бас өөр хэнийг эсэргүүцэх вэ?
-
Та нар Иоханы тэдэнд өгсөн захиасыг хэрхэн дүгнэх вэ?
Самбар дээр Наманчлалд хүргэх жимсийг авчир гэж бич.
Суралцагчдад энэ үгсийг ойлгоход нь туслахын тулд заримдаа судруудад хүмүүсийг сайн эсвэл муу жимсийг гаргадаг модтой зүйрлүүлдэг болохыг онцолж хэл. Нэг жимсийг үзүүлж эсвэл зураад, энэ нь бидний хүсэл ба үйлдлийг төлөөлж байгаа хэмээн тайлбарла. Та “хүргэх” гэдэг үг нь “зохистой” гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно (Maтай 3:8, зүүлт тайлбар б-г үзнэ үү).
Хичээлийн эхэнд тэднээс төсөөлөхийг хүссэн үйлдлийн талаар ангийнханд сануул (нэг суралцагч өөр бусад суралцагчаас уучлалт гуйсныхаа дараа, үргэлжлүүлэн хувийн эд зүйлсийг нь авч байсан).
-
Уг суралцагч өөрийн хүсэл ба үйлдлээр наманчлалын зарчмыг зөв зохистой харуулсан уу? Яагаад үгүй гэж? (Уг суралцагч уучлалт гуйсныхаа дараа ч бусад суралцагчаас эд зүйлсийг нь үргэлжлүүлэн авсаар байсан.)
-
Та нар “Наманчлалд зохистой жимсийг авчрах” гэдэг нь ямар утгатай болохыг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Матай 3:8). (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Их Эзэний сургаалыг дагахын тулд өөрсдийн хүсэл ба үйлдлийг өөрчилснөөр Түүнд үнэн наманчлалыг харуулдаг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Ямар хүсэл ба үйлдлүүд биднийг нүглээ үнэхээр наманчилсан гэдгийг харуулдаг вэ?
Суралцагчдад энэ үнэнийг ойлгоход туслахын тулд самбар дээр сургууль дээрээ худал хэлэх ба ах, эгч, дүү нартайгаа муухай харьцах, бусад суралцагчийг дээрэлхэх, доромжлох, муу үгс хэрэглэх болон порнограф үзэх гэсэн жишээнүүдийг жагсааж бич. Эдгээр нүглээ наманчилсан хүн хэрхэн бодож, үйлдэж болох талаар тайлбарлахыг суралцагчдаас хүс.
Матай 3:10-ыг чанга унш. Суралцагчдыг дагаж уншаад, жинхэнээсээ наманчлахгүй байхын үр дагаврыг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. “Цавчуулан, галд хаягдах” гэдэг нь наманчлаагүй хүмүүс Бурханы Сүнсний нөлөөг алдаж, яваандаа селестиел хаант улсын адислалуудыг авах эрхээ хасуулдаг гэдэг утгатай болохыг тайлбарла.
Суралцагчдыг жинхэнээсээ наманчлахын тулд өөрчлөх хэрэгтэй байж болох хүсэл эсвэл үйлдлүүдийнхээ талаар тунгаан бодоход урь. Бурханы сургаалуудтай нийцэхгүй хүсэл, үйлдлүүдээ өөрчилснөөр үнэнээсээ наманчилж байгаагаа харуулахыг тэдэнд урамшуул.
Суралцагчдыг Maтай 3:11-ийг дотроо уншиж, Иохан Аврагчийг юу хийнэ гэж хэлснийг олж мэдэхэд урь.
-
11-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Иоханы хийж чадахгүй юуг хийх вэ? (Есүс “Ариун Сүнсээр мөн галаар” баптисм хүртээнэ. Иохан Ариун Сүнсний бэлгийг хүлээж авах талаар ярьж байсан бөгөөд энэ нь баптисмын ёслол ба гэрээний хоёр дахь хэсэг гэдгийг тайлбарла. Ариун Сүнс бидний бодгалийг галаар лугаа адил ариусган цэвэршүүлдэг [2 Нифай 31:13–14, 17-г үзнэ үү].)
12-р шүлгийг дүгнэн, Есүс Христийг хүлээн авах зөв шударга хүмүүст (улаан буудай) мөн Түүнийг эсэргүүцдэг ёсон бус хүмүүст (хивэг хальс) юу тохиохыг бэлгэ тэмдгээр дүрсэлдэг гэдгийг тайлбарлан хэлж өг.
Матай 3:13–17
Есүс Христ баптисм хүртэж мөн Эцэг Түүнийг Өөрийн Хайрт Хүү хэмээн зарлав
Баптисм хүртсэн суралцагчдыг өөрсдийн баптисмын талаар дурсан бодохыг хүс. Санаж байгаа зүйлсээ хуваалцахад хэдэн суралцагчийг урь.
Maтай 3:13–17-д Аврагчийн баптисм хүртсэн тухай өгүүлдэг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг эдгээр шүлгээс суралцах явцдаа, тэдний баптисм болон Аврагчийн баптисм хоёрын хоорондох адил төстэй зүйлсийг олж мэдэхэд урь.
Дараах асуултуудыг самбар дээр бич.
Хэнээр?
Хэрхэн?
Яагаад?
Суралцагчдыг хос болгон хуваарил. Хос бүрийг Матай 3:13–17-г ээлжлэн чанга уншиж, энэ гурван асуултын хариултуудыг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа асуу.
-
Хэн Есүст баптисм хүртээсэн бэ? (Самбар дээр Хэнээр? гэдгийн хажууд Иохан Баптист гэж бич).
-
Есүс Иохан Баптистаар баптисм хүртээлгэхийн тулд яагаад Галилаас Иорданы гол хүртэл аялсан бэ? (Иохан Аароны санваарын түлхүүрийг атгадаг байсан ба тэр үед баптисмын ёслолыг гүйцэтгэх эрх мэдэлтэй цорын ганц хүн байсан гэдгийг суралцагчдад сануул. Самбар дээр Иохан Баптист гэсний хажууд Зөв эрх мэдэл гэж бич).
-
16-р шүлгэн дээрх ямар үгс Есүсийн яаж баптисм хүртсэн болохыг харуулж байна вэ? (Есүс тэр даруй “уснаас гарч ирсэн” гэдэг нь Тэр усанд умбуулалтаар буюу бүх бие нь усанд бүрхэгдэн баптисм хүртсэнийг харуулж байгаа гэдгийг суралцагчид ойлгож байгаа эсэхийг бататга. Самбар дээр Яаж? гэсэн асуултын хажууд Усанд умбуулалтаар гэж бич).
Суралцагчдыг өөрсдийгөө Есүсийн баптисм хүртэхээр ирсэн Иордан голын дэргэд байна гэж төсөөлөхөд урь.
-
Иохан эхэндээ Аврагчид баптисм хүртээхдээ яагаад эргэлзэж байсан бэ? (Тэр Есүсийн байр суурь, эрх мэдэл өөрийнхөөс нь илүү гэдгийг мэдэж байсан.)
-
15-р шүлэгт цэдэглэснээр, Есүс яагаад баптисм хүртэх хэрэгтэй хэмээн хэлсэн бэ? (”Аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэхийн тулд.” (Яагаад? гэсэн асуултын хажууд эдгээр үгийг бич.)
-
Эдгээр үг ямар утгатай гэж та нар бодож байна вэ?
“Аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх” гэдэг нь бид Тэнгэрлэг Эцэгтэй хамт дахин амьдрахын тулд Түүний биднээс хүсэх бүх зүйлийг хийнэ гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Энэ нь Бурханы бүх хүүхдээсээ бүр Есүсээс хүртэл хүсдэг тэрхүү авралын ёслолуудыг хүлээн авахыг багтаана. Есүс баптисм хүртсэнээрээ бидний дагах төгс жишээг үзүүлж, даруу байдлыг харуулан, Эцэгийнхээ зарлигуудыг сахиж мөн мөнх амьдралыг олж авахад шаардлагатай ёслолыг хүлээн авчээ (2 Нифай 31:4–11-ийг үзнэ үү).
Суралцагчдыг самбар дээрх гурван асуултыг ашиглан Матай 3:13–17 дээрээс бидний сурч болох сургаалыг олж тодорхойлохыг хүс. Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч тэд Эрх мэдэлтэй нэгнээр усанд умбуулан баптисм хүртэх нь авралд зайлшгүй шаардлагатай гэсэн сургаалыг олж тогтоосон эсэхийг бататга.
-
Та нарын баптисм Аврагчийн өгсөн жишээтэй хэрхэн харьцуулагдах вэ?
Матай 3:16–17 нь түүнчлэн бидэнд Бурхан Тэргүүтэний тухай сургаалыг судлахад тусалдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг эдгээр шүлгийг дахин дотроо уншиж, эдгээр нь Эцэг, Хүү, Ариун Сүнсний талаар юу зааж байгааг олж мэдэхэд урь.
-
Христийн баптисмын үеэр Бурхан Тэргүүтэний гишүүн бүр хаана байсан бэ? (Есүс Христ Иордан голд байсан ба Ариун Сүнс Түүн дээр тагтаа адил бууж ирсэн мөн Тэнгэрлэг Эцэг тэнгэрээс ярьсан. Ариун Сүнс үнэндээ тагтаа болж хувираагүй гэдгийг та тайлбарлаж болох юм. Харин тагтаа нь Ариун Сүнс Есүс дээр ирсний бэлгэ тэмдэг байсан.)
-
Эдгээр шүлэг нь Бурхан Тэргүүтэний талаар бидэнд юу зааж байна вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч тэд Эцэг, Хүү, Ариун Сүнс бол гурван тусгай, бие даасан биес юм гэсэн сургаалыг олж тогтоосон эсэхийг бататга.)
Олон хүн Бурхан Тэргүүтэний талаар бүрэн дүүрэн эсвэл зөв мэдлэгтэй байдаггүй гэдгийг онцлон хэл. Бид Бурхан Тэргүүтэний үнэн мөн чанарыг илүү их ойлгох тусам Тэдний төлөө илүү их хайрыг мэдэрч, Тэдний талаар бусдад зааж, гэрчлэхэд илүү бэлтгэлтэй байх болно.
Суралцагчдад Бурхан Тэргүүтэний гишүүн тус бүрийн хувийн шинж чанарыг илүү сайн ойлгоход туслахын тулд тэднийг гурав гурваар нь бүлгүүдэд хувааж мөн тэднийг Bible Dictionary дээрээс “God” гэдэг үгийг үзэхийг хүс. Бүлэг бүрийн гишүүн бүрд Бурхан Тэргүүтэний нэг гишүүнийг хуваарил. Тодорхойлолтыг уншин, өөрсдөд нь хуваарилагдсан гишүүний талаарх мэдээллийг олоход суралцагчдыг урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг өөрсдийн сурсан зүйлийг бүлгийнхэндээ зааж, тэдгээр үнэн нь бидний хувьд мэдэхэд яагаад чухал болохыг тайлбарлахыг хүс.
Хичээлээ төгсгөхдөө, суралцагчдыг Эцэг, Хүү, Ариун Сүнсний талаарх гэрчлэлээ ангийнхантайгаа хуваалцахад урих талаар бодно уу.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Maтай 3:11 “Тэр та нарт Ариун Сүнсээр мөн галаар баптисм хүртээх болно”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар галаар баптисм хүртэх гэдэг нь юу гэсэн үг болохыг ийн тайлбарласан.
“Бид Ариун Сүнсний ариусгагч хүчээр дамжуулан унасан байдлаа өөрчлөхийн төлөө амьдрах ёстойг бидэнд зарлиг болгож мөн заадаг билээ. Ариун Сүнсээр галан баптисм хүртэх нь ‘биднийг дэлхийн шинж байдлаас сүнслэг амьдралд хөрвүүлдэг гэж ерөнхийлөгч Марион Ж.Ромни сургажээ. Энэ нь бодгалийг цэвэршүүлж, эдгээж, ариусгадаг. Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, усаар баптисм хүртэх нь … Ариун Сүнсээр хийх галан баптисмын урьдчилсан нөхцөл мөн. Харин галан баптисм нь оргил цэг юм. Энэхүү галан баптисмыг хүлээн авах гэдэг нь тэр хүний өмсгөл Есүс Христийн цагаатгагч цусанд угаагдахыг хэлдэг’ (Learning for the Eternities, эмхэтгэсэн Жорж Ж.Ромни 1977, 133; мөн 3 Нифай 27:19–20-ийг үзнэ үү).
“Ийнхүү бид дахин төрж, Түүний Сүнсийг үргэлж өөртэйгөө хамт байлгахыг хичээх аваас Ариун Сүнс бидний бодгалийг галаар лугаа адил ариусган цэвэршүүлдэг (2 Нифай 31:13–14, 17-г үзнэ үү). Эцэст нь, бид Бурханы өмнө толбогүй зогсох ёстой” (“Clean Hands and a Pure Heart,” Ensign эсвэл Liahona, 2007 оны 11-р сар, 81).
Maтай 3:12. “Түүний гарт нь шигшүүр байна”
Матай 3:12-т дурдагдсан ‘шигшүүр’ нь улаан буудайг дээш шидэхэд ашиглагддаг шигшүүр байжээ. Энэ нь улаан буудайг хальснаас нь салгадаг байв. Улаан буудай нь эргээд газар унаж, харин хөнгөн хальс нь салхинд хийсдэг байжээ. Тэгээд улаан буудайг саравчинд хурааж, хальсыг нь галд шатаадаг байв. Иохан Баптист өөрийнх нь дараа ирэх Аврагч итгэгчдийг үл итгэгчдээс, улаан буудайг хальснаас нь салгадаг тийм арга замаар тусгаарлах болно гэж заасан юм (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 17).
Maтай 3:16. Тагтааны тэмдэг
Бошиглогч Иосеф Смит Есүс Христийн баптисмын дараа Ариун Сүнс тагтаа болж харагдаагүй хэмээн тайлбарласан. Харин бууж ирсэн тагтаа нь Ариун Сүнс тэр үйл явдлын үед тэнд байсныг чухалчлан харуулдаг. Иосеф Смит:
“Тагтааны тэмдэг нь Ариун Сүнсний гэрч болон дэлхий бүтээгдэхээс өмнө бий болгогдсон бөгөөд тагтааны тэмдэг байгаа үед чөтгөр ирж чаддаггүй юм. Ариун Сүнс бол хүн бөгөөд хүний хэлбэр дүрстэй юм. Энэ нь өөрийгөө тагтааны хэлбэрээр илэрхийлдэггүй ч, тагтааны тэмдгээр илэрдэг. Ариун Сүнс нь тагтааны хэлбэрт хувирч чадахгүй; харин тагтааны тэмдэг нь Христийн баптисмын тухай үнэнийг гэрчлэхийн тулд Иоханд өгөгдсөн ажээ. Учир нь тагтаа бол үнэн болон гэм зэмгүйн бэлгэдэл буюу бэлгэ тэмдэг юм” хэмээн заажээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 94).
Матай 3:13–17. Эцэг, Хүү, Ариун Сүнс нь гурван тусгаар, ангид биес билээ
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Бурхан Тэргүүтэний гишүүд нь нэгдмэл боловч тусгаар биес болох талаар тайлбарлахдаа:
“Бид эдгээр бурханлаг гурван хүн нь зорилго, арга зам, гэрчлэл, үүргээрээ нэгдмэл нэг Бурхан Тэргүүтэнийг бүрдүүлдэг гэдэгт итгэдэг. Тэд бол бидний зөвхөн төсөөлж чадах нэн чухал бөгөөд мөнхийн бүх зүйлд нэг хүн мэт нэгдмэл байдаг гэдэгт бид итгэдэг гэж хэлэх нь зөв боловч нэг материд нэгдсэн гурван хүн гэдэгт итгэх Гурвалсан нэгдлийн тухай үзэл баримтлал үнэн биш учраас энэ нь сударт хэзээ ч тавигдаж байгаагүй юм” гэжээ (“The Only True God and Jesus Christ Whom He Hath Sent,” Ensign эсвэл Liahona, 2007 оны 11-р сар, 40).
Ахлагч Холланд цааш нь, Бурхан Тэргүүтэний бодит шинж чанарын талаар төөрөгдөл байдгийн нэг шалтгаан нь Их урвалтын үеэр “сүмийн ажилтнууд, философичид болон шашны төлөөлөгчид Бурхан Тэргүүтэний бодит шинж чанарын талаар мэтгэлцэн, эцэст нь Бурхан бол мэдэгдэшгүй, ойлгогдошгүй гэж шийдвэрлэсэн явдал гэж тайлбарлажээ (“The Only True God and Jesus Christ Whom He Hath Sent,” 40–41-ийг үзнэ үү).