107-р хичээл
1 Коринт 9–10
Оршил
Өөрийн материаллаг хэрэгцээг хангахын тулд Сүмийн эх сурвалжийг ашиглаж байгаа явдалд Коринтын гэгээнтнүүд зовниж байгаад Паул хариу өгчээ. Тэрээр номлож буй зүйлийнх нь зорилго Бурханы хүүхдүүдийг авралд авчрах явдал гэдгийг тайлбарлав. Тэрээр тэднийг нүгэл үйлдэхээс зайлсхийхийг мөн бусдыг шашны итгэл үнэмшлийнх нь хувьд гомдоохгүй байхыг ухуулав.
Заах зөвлөмж
1 Коринт 9
Паул өөрөө болон өөрийнх нь сонсогчид аврагдаж болохын тулд сайн мэдээг тунхагладаг
Хичээлд сэрүүлэгтэй цаг авчирч, суралцагчдаас нуу. Таныг зааж эхлээд удаагүй байхад сэрүүлэг дуугарч байхаар тохируул.
Хичээлээ эхлэхдээ суралцагчдыг мөнх амьдрал ямар байх тухай төсөөлөхөд урь. Мөнх амьдралыг яагаад хүсдэг тухайгаа хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг тэднээс хүс. Цөөн суралцагчаас бичсэн зүйлээ ангийнхандаа уншиж өгөхийг хүсэж болно.
Энэ үйл ажиллагааны төгсгөл орчимд сэрүүлэг дуугарах ёстой. Энэ үед нэг суралцагчаас сэрүүлэгтэй цагийг олж унтраахыг хүс.
-
Энэ чимээг сонсоход та нарт ямар санагдсан бэ?
Суралцагчдаас сэрүүлгээрээ сэрж чадаагүйгээс болж нэг чухал зүйлээс хоцорч байсан эсэх талаараа бодохыг хүс. Цөөн суралцагчаас туршлагаа хуваалцахыг хүс.
Сэрүүлэгтэй цагтаа сэрээгүйгээс болж чухал зүйлээсээ хоцрох эсвэл бүр түүнийгээ биелүүлж чадахгүй байж болохтой адил, амьдралдаа “сэрж,” зарим зан авираа өөрчлөөгүйгээс болж бид хамгийн чухал зүйл болох мөнх амьдралд хүрч чадахгүй байж болохыг тайлбарла.
Суралцагчдыг 1 Коринт 9-ийг судалж байхдаа тэдний мөнх амьдралд хэрхэн баттай хүрэхээ мэдэхэд туслах зарчмыг олоход урь.
Нэг суралцагчийг 1 Коринт 9:1–21-ийн дараах дүгнэлтийг чанга уншихад урь.
Паул Коринтын гэгээнтнүүдийн янз бүрийн асуултад хариулав. Тэрээр материаллаг зүйлсийн хувьд Сүмийн гишүүдээр дэмжигдэж байгаадаа бүрэн зөвтгөгдөх хэдий ч амьдралын өртөг зардлын хувьд гишүүдэд тулгуурлаагүй хэмээн бичсэн. Паул сайн мэдээний жишгүүдийг өөрчлөлгүй өөр өөр нөхцөл байдалд дасан зохицсоноор иудейчүүдэд болон харь үндэстнүүдэд мөн сайн мэдээг хүлээн авахад сул дорой хүн бүрд туслах боломжтой байснаа тайлбарлав.
Нэг суралцагчаас 1 Коринт 9:17-г чанга уншихыг хүс. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Паул сайн мэдээг хэрхэн номлосныг олж мэдэхэд урь. “Нярвын үүрэг нь надад даалгагдсан юм” гэдгээр Паул сайн мэдээг тунхаглах өөрийн үүрэг даалгаврыг хэлж байгааг та тайлбарлаж болно.
-
Паул сайн мэдээг хэрхэн номлосон бэ?
Нэг суралцагчийг 1 Коринт 9:22–23-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, яагаад Паул сайн мэдээг сайн дураараа номлосныг олж мэдэхийг хүс.
-
Яагаад Паул сайн мэдээг сайн дураараа номлосон бэ?
Эрчимжсэн сургалтад илүү цагаар явдаг нэг суралцагчийг (хөгжимчин, тамирчин байж болно) ангийн урд гарч ирэхэд урь. Уг суралцагчид дараах асуултуудыг тавь.
-
Чиний сургалтын хөтөлбөр ямар вэ?
-
Чамд ямар нэг арга хэмжээ эсвэл зорилгын төлөө дадлага, сургалт хийж байсан удаа бий юү? Тодорхой нэг зорилгын төлөө хичээх нь чамайг хэрхэн урамшуулсан бэ?
Уг суралцагчид талархлаа илэрхийлээд, суудалдаа суухыг хүс.
Нэг суралцагчаас 1 Коринт 9:24–25-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Коринтын гэгээнтнүүдэд ямар спортын тэмцээн заадаг байсан талаар олж мэдэхэд урь.
-
Паул ямар спортын тэмцээний тухай ярьж байна вэ?
-
Амжилтад хүрэхийн тулд ямар чанар эсвэл зан төлөв гүйгчид хэрэгтэй гэж Паул хэлсэн бэ? (“Бүх талаараа биеэ барих чадвар” гэдэг нь өөрийгөө хянадаг гэсэн утгатайг тайлбарла.)
-
Паул мөнхөд тэвчих үүрдийн үл муудах титэм гэж юуг хэлсэн бэ? (Мөнх амьдрал)
-
Бид мөнх амьдралыг олж авахын тулд юу хийх ёстой талаар 25-р шүлгээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид мөнх амьдралтай болохын тулд бүх зүйлд өөрийгөө бүрэн хянаж сурах хэрэгтэй гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич. Мөнх амьдралтай болохын тулд өөрийгөө бүрэн хянах шаардлагатай ч эцсийн эцэст үүнээс илүүтэй Есүс Христийн “сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээлээр” [2 Нифай 2:8] л ирдэг гэдгийг суралцагчид ойлгосон байхад анхаар.)
-
Өөрийгөө бүрэн хянадаг байх нь мөнх амьдралыг олж авахад яагаад шаардлагатай байдаг гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчаас 1 Коринт 9:26–27-г чанга уншихыг хүс. Ангийнхныг шүлгүүдийг дагаж уншаад, Паул өөрийгөө хянахыг хичээж байсан хичээл зүтгэлээ хэрхэн тайлбарласныг олж мэдэхэд урь.
-
26-р шүлэгт цэдэглэснээр, Паул мөнх амьдралыг олж авах өөрийн хичээл зүтгэлийг хэрхэн дүрсэлсэн бэ? (Өөртөө итгэлтэйгээр, хичээл зүтгэлээ дэмий үрэлгүй)
-
27-р шүлэгт цэдэглэснээр, “биеэ зовоож өөрийнхөө боол болгодог” гэж Паулын бичсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдад Паулын юу гэж хэлснийг ойлгоход туслахын тулд нэг суралцагчаас ерөнхийлөгч Бригам Янгийн дараах үгийг чанга уншихыг хүс.
“Тэнгэрлэг Эцэгийн өгсөн, та нарын дотор байдаг тэрхүү сүнсэнд өөрсдийн дур хүслийг захируулахаас нааш та нар мөнх амьдралыг өвлөн авч чадахгүй. Бидний биед буюу табернеклд эдгээр сүнсийг хийсэн нь бидний сүнсний Эцэг юм. Уг табернекл нь сүнсэндээ төгс захирагдах ёстой эсвээс та нарын бие махбод мөнх амьдралыг өвлөн авахаар босгогдож чадахгүй. … Та нар Христийн хуулинд бүрэн захирагдах хүртлээ хичээнгүйлэн эрэлхийл. …
… Хэрэв сүнс нь бие махбодод захирагдвал [сүнс] ялзрах болно; хэрэв бие махбод нь сүнсэнд захирагдвал [бие] цэвэр ариун болно” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 204–205).
-
Бие махбодоо сүнсэндээ захируулахад туслахын тулд бидний хийж болох зарим зүйл юу байх вэ?
1 Коринт 10
Паул Коринтын гэгээнтнүүдэд нүгэл үйлдэж, бусдыг гомдоохоос зайлсхийхийг анхааруулав
Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс.
“Энэ амьдралын хамгийн том ташаарлуудын нэг бол [хувь хүн] өөрийгөө дийлдэшгүй гэж бодох явдал юм. Хэтэрхий олон хүн өөрийгөө ган төмрөөр хийгдсэн бөгөөд ямар ч уруу таталтыг давж чадна гэж боддог. Тэд ‘энэ надад ердөө тохиолдохгүй’ хэмээн өөрсдийгөө хуурдаг” (“It Can’t Happen to Me,” Ensign, 2002 оны 5-р сар, 46).
-
Ямар нөхцөл байдалд хүмүүс өөрсдийгөө сөрөн зогсох хангалттай хүчтэй гэж бодон уруу татагдах боломжийг өөрсдөдөө олгодог вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр жагсаан бич.)
Паул Коринтын гэгээнтнүүдэд уруу таталт, нүглийн талаар анхааруулахын тулд израильчуудын түүхээс жишээ татсаныг тайлбарла. Нэг суралцагчаас 1 Коринт 10:1–5-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг шүлгүүдийг дагаж уншаад, Мосегийн үед Израилийн хүүхдүүдийг сүнслэг байдлаар хүчтэй болгох байсан ямар зүйлсийг тэд туулсныг олж мэдэхэд урь.
-
Мосегийн үед Израилийн хүүхдүүдийг сүнслэг байдлаар хүчтэй болгох байсан ямар зүйлс тэдэнд тохиолдсон бэ? (Паул “сүнслэг хад” эсвэл Жеховаг Христ гэж тодорхойлсныг онцолж болно [Дэд хууль 32:3–4-ийг мөн үзнэ үү].)
-
5-р шүлэгт цэдэглэснээр, эртний израильчуудын ихэнхийнх нь зан авир Бурханд ямар санагдсан бэ?
Хэд хэдэн суралцагчаас 1 Коринт 10:6–11-ийг ээлжлэн чанга уншихыг хүс. Ангийнхныг шүлгүүдийг дагаж уншаад, Паул Коринтын гэгээнтнүүдийг эртний израильчуудын жишээнээс юу сурч авахыг хүссэн талаар олж мэдэхэд урь.
-
Паулын эртний израильчуудын жишээг хуваалцах зорилго юу байсан бэ? (Коринтын гэгээнтнүүд эртний израильчуудын нүглийг давтан үйлдэхгүй байхын тулд Паул тэдэнд сэрэмжлүүлэхийг хүссэн.)
Ангийнхныг босож зогсоод, 1 Коринт 10:12-ыг нэг зэрэг чанга уншихад урь.
-
12-р шүлэгт өгүүлсэн Паулын захиасыг та нар өөрсдийн үгээр хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Ангийнхныг суудалдаа суухад урь. Нэг суралцагчийг 1 Коринт 10:13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул уруу таталтын талаар юу заасныг олж мэдэхийг хүс.
-
Паул уруу таталтын талаар юу заасан бэ?
-
Хэрэв Бурхан биднийг сөрж чадахаас маань илүү их уруу таталтад оруулдаггүй юм бол эртний израильчууд яагаад уруу татагдсан бэ?
Бурхан бидэнд уруу таталтаас гарах замыг өгнө, харин бид … ёстой гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.
Нэг суралцагчийг 1 Коринт 10:14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Коринтын гэгээнтнүүдэд юу хий хэмээн заасныг олж мэдэхийг хүс.
-
Паул Коринтын гэгээнтнүүдэд юу хий хэмээн заасан бэ?
-
Уруу таталтаас гарах бидний үүргийн талаар 14-р шүлэг юу зааж байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх үнэнийг Бурхан бидэнд уруу таталтаас гарах замыг өгнө, харин бид өөрсдөө уруу таталтаас хол байхыг сонгох ёстой гэсэн байдлаар гүйцээж бич.)
Та суралцагчдад судар дээрээ 1 Коринт 10:13–14-ийн дэргэд Алма 13:28 гэж бичихийг санал болгож болно. Нэг суралцагчаас Алма 13:28-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, уруу таталтаас хол байхын тулд бид юу хийж болох талаар олж мэдэхэд урь.
-
Алма 13:28-д цэдэглэснээр, бид уруу таталтаас хол байхад туслах юуг хийж болох вэ?
-
Өөрсдийгөө даруусгаж, үргэлж сэрэмжлэн залбирах нь бидэнд уруу таталтаас хол байхад хэрхэн туслах вэ?
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг дээш бариад, суралцагчдаас уг товхимол дахь жишгүүдийн дагуу амьдрах нь бидэнд уруу таталтаас хол байхад хэрхэн туслах талаар тайлбарлахыг хүс.
Суралцагчид уруу таталтаас үргэлж зайлсхийж чадахгүй байж магадгүй гэдгийг тайлбарла. Тиймээс бид уруу татагдах мөчид хэрхэн хариу үйлдэхээ одоо шийдэх хэрэгтэй. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Туйлын зорилгоо санаж, шийдвэрээ урьдчилан гаргасан байвал бидэнд зөв шийдвэр гаргахад амархан байх болно. Энэ нь бидний хүндээр соригдох үедээ шийдвэр гаргахаар шаналан зовох цагийг багасгадаг. …
Та нар хувийн сахилга батыг хөгжүүлснээр, адил зүйлд ахин дахин уруу татагдах үедээ хэрхэх талаар олон удаа шийдвэр гаргах шаардлага багасдаг. Та нар зарим зүйлийг нэг л удаа шийдэх хэрэгтэй байдаг! …
Гэм нүглийн замаа орхих цаг энэ зам дээр гарахаас ч өмнө байдаг. Сайхан амьдралын нууц нь хамгаалах, сэргийлэхэд оршдог. Хилэнцэд бууж өгдөг хүмүүс ихэвчлэн өөрсдийгөө хамгаалалт муутай орчинд байлгасан хүмүүс байдаг” (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 108–109).
Суралцагчдын өнөөдөр тодорхойлсон үнэний талаар гэрчлэлээ хуваалц. Суралцагчдаас тэдэнд ямар уруу таталт сөрж зогсоход хамгийн хэцүү байдаг талаар бодохыг хүс. Тэднийг дараах асуултуудын талаар тунгаан бодоход урь.
-
Та нар уруу таталттай тулгарахаасаа өмнө тэдгээрээс зайлсхийхийн тулд ямар өөрчлөлтийг хийж болох вэ?
-
Та нар эдгээр өөрчлөлтийг хийхэд бэлэн үү?
Суралцагчдыг уруу татагдахаас зугтан гарах төлөвлөгөө зохиоход урь. Тэднийг төлөвлөгөөгөө биелүүлэхдээ залбирлаар дамжуулан Их Эзэнээс тусламж эрэлхийлэхэд урамшуул.
Паул Коринтын гэгээнтнүүдэд өөрсдийн итгэл үнэмшилд нөлөөлүүлэхгүйгээр бусдын шашны зан үйлийг хүндэтгэхийг зөвлөсөн ба тэрээр олон хүнийг аврагдаж болохын тулд тунхаглаж байгаагаа давтан хэлсэн гэдгийг тайлбарлан, 1 Коринт 10:15–33-ыг нэгтгэн дүгнэ.