Номын сан
Паулын ромчуудад бичсэн захидлын оршил


Паулын ромчуудад бичсэн захидлын оршил

Энэ номыг яагаад судлах хэрэгтэй вэ?

Паулын ромчуудад бичсэн захидал бол түүний захидлуудаас хамгийн урт нь бөгөөд олон хүн уг захидлыг түүний хамгийн агуу захидал гэж үздэг. Энэ захидалдаа тэрээр зөвтгөл бол Мосегийн хуулийг биелүүлснээр биш, харин Есүс Христэд итгэснээр ирдэг тухай сургаалыг хамгийн бүрэн гүйцэд тайлбарласан. Энэ нь авралын талаарх сургаалуудыг болон тэдгээрийг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар олон сургамжийг багтаадаг. Суралцагчид энэ номыг судалснаар Есүс Христийн Цагаатгалд болон бүх хүн Христээс олж болох найдвар хийгээд амар амгаланд талархах агуу талархлыг олж авч чадна.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Төлөөлөгч Паул бол ромчуудад бичсэн захидлын бичээч юм (Ром 1:1-ийг үзнэ үү). Паул энэ захидлыг бичихдээ бичээч Тертийн тусламжийг ашигласан бөгөөд захидлынхаа төгсгөлд Ромын гэгээнтнүүдэд хандан өөрийн мэндчилгээг бичжээ (Ром 16:22).

Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?

Паул ромчуудад бичсэн захидлаа гурав дахь номлолынхоо төгсгөлийн үеэр Коринтод байхдаа бичжээ. Паул энэ захидлыг МЭ 55–56 оны орчимд Коринтод гурван сар байх хугацаандаа бичсэн байх магадлалтай хэмээн хэд хэдэн мэдээлэлд дурддаг (Үйлс 20:2–3; эдгээр шүлэгт Грек гэсэн нь Коринтыг хэлж байгаа юм). (Судруудын удирдамж, “Паулын захидлууд”-ыг үзнэ үү)

Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?

Ромчуудад бичсэн захидлыг Ромын Сүмийн гишүүдэд хандан бичсэн (Ром 1:7-г үзнэ үү). Ромд Сүм хэрхэн үүссэн талаар мэдээ байдаггүй ч Пентекостын өдөр Паулыг номлож байхыг иудейчүүд ирж сонссон үеийн дараахан байж магадгүй юм (Үйлс 2:10-ыг үзнэ үү). Паул хэдийгээр Ромд очиж байгаагүй ч Прискила, Акул зэрэг урьд нь мэддэг байсан эсвэл Ромд амьдарч байсан хүмүүсээр дамжуулан танилцсан тодорхой гэгээнтнүүдэд мэнд хүргэсэн байдаг (Үйлс 18:1–2, 18; Ром 16:1–16, 21-ийг үзнэ үү).

Паул ромчуудад захидал илгээх болсон дор хаяж гурван гол шалтгаан байсан бололтой. Тухайлбал:

(1) Ромд айлчлах ирээдүйн айлчлалдаа бэлтгэх. Паул Ромд сайн мэдээг тунхаглахыг олон жилийн турш хүсэж байсан (Үйлс 19:21; Ром 1:15; 15:23-ыг үзнэ үү). Мөн тэрээр Ромын Сүм нь түүний Испанид үйлчлэх номлолыг дэмжих үндэс болно гэж найдаж байв (Ром 15:22–24, 28-ыг үзнэ үү).

(2) Өөрийн заасан зүйлсийг тодруулж, хамгаалах. Мосегийн хууль, Христэд итгэх итгэлийн талаарх түүний заасан зүйлсийг буруу ойлгосон эсвэл гуйвуулсан хүмүүсийн эсэргүүцэлтэй Паул ахин дахин тулгарч байсан (Үйлс 13:45; 15:1–2; 21:27–28; Ром 3:8; 2 Петр 3:15–16-г үзнэ үү). Паул Ромын Сүмийн гишүүдэд тиймэрхүү буруу ойлголтууд хүрсэн гэж бодох шалтгаантай байсан учраас үүсээд байгаа аливаа асуудлыг очихоосоо өмнө хөнгөлөх гэж бичсэн.

(3) Иудей болон харь үндэстэн Сүмийн гишүүдийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх. Паулыг энэ захидлыг бичихийн өмнө, Ромоос захирагч Клаудын хөөсөн иудей үндэстний Христийн шашинтнууд (Үйлс 18:2-ыг үзнэ үү) Ром руу буцаж, гол төлөв харь үндэстэн Христийн шашинтны бүлгүүдэд очиж эхэлцгээсэн байв. Энэ нөхцөл байдлаас болж иудейчүүд болон харийнхны Христийн шашинтнуудын хооронд асуудал, сөргөлдөөн нэмэгдсэн байж болох талтай. Паул “Харь үндэстнүүдийн элч”-ийн хувьд (Ром 11:13), харь үндэстэн хөрвөгчдийг Сүмд нэгтгэн багтаахыг эрэлхийлж байв. Гэхдээ иудей үндэстний хувьд (Ром 11:1-ийг үзнэ үү) Паул өөрийн хүмүүсийг сайн мэдээг хүлээн аваасай гэсэн асар их хүсэлтэй байсан юм. Паул сайн мэдээний сургаал бүх гэгээнтэнд хэрхэн хамаардаг тухай зааснаар Сүмийн нэгдмэл байдлыг дэмжсэн (Ром 3:21–4:25; 11:13–36; 14:1–15:13-ыг үзнэ үү).

Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?

Мэндчилгээ хүргэсний дараа уг захидал “Сайн мэдээ нь … “итгэлээр амьдрагч” хүнийг авралд хүргэх Бурханы хүч мөн” (Ром 1:16–17) гэсэн өөрийн уриалгаар эхэлдэг.

Хэдийгээр ромчуудад бичсэн захидал нь Христийн шашны түүхэнд чухал үүрэг гүйцэтгэдэг ч, харамсалтай нь энэ нь Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлснээр “Библийн бусад номоос илүү сургаалын буруу ойлголт, буруу тайлбар, хор хөнөөлийн эх сурвалж” болсон байна (Doctrinal New Testament Commentary, 3 боть. [1965–1973], 2:211). Паулын захидлууд бүр эрт үеийн Христийн шашинтнуудад ч “ойлгоход хэцүү” байсан бөгөөд түүний заасан зүйлсийг заримдаа гуйвуулж, буруугаар тайлбарладаг байжээ (2 Петр 3:15–16).

Тойм

Ром 1–3 Паул Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан зөвтгөл ирдэг тухай сургаалыг тайлбарлав. Паул бүх хүн төрөлхтөнд учирдаг нүглийн нөхцөл байдлыг тодорхойлж, энэ асуудлыг шийдэх Бурханы арга нь Есүс Христийн Цагаатгал хэмээн заадаг. Христийн Цагаатгалыг итгэлтэй хүлээн зөвшөөрснөөр бүх хүн төрөлхтөн зөвтгөгдөж (өршөөгдөж), авралыг хүлээн авч болно.

Ром 4–8 Паул итгэлээр дамжуулан зөвтгөгдөх сургаалыг тайлбарлахдаа Абрахамын жишээг татав. Тэрээр авралын сургаалыг ухуулан тайлбарлаж, эдгээр сургаал Христэд итгэдэг хүн бүрийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг заав.

Ром 9–16 Паул Израилийн сонгогдсон байдал болон сайн мэдээг одоо эсэргүүцэж байгааг мөн эцэст нь ирэх авралын талаар бичив. Паул иудей болон харь үндэстэн Сүмийн гишүүдэд сайн мэдээний дагуу амьдарснаар Сүмд амар амгалан, нэгдмэл байдал бий болох тухай зөвлөв. Тэрээр Ромын гэгээнтнүүдээс зарлигуудыг үргэлжлүүлэн сахихыг гуйв.