Гэрээр судлах хичээл
Үйлс 20–Ром 7 (20-р бүлэг)
Оршил
Паул хоригдож байхдаа өвлийн цагаар далайгаар Ромд хүргэгджээ. Хөдлөхөөсөө өмнө Паул цааш аялах нь “том гарз мөн аюул учруулах” аюултайг анхааруулжээ (Үйлс 27:10). Шуурганы үеэр Паул завь сүйрлээ ч үүн дээрх хүмүүс амьд үлдэнэ гэдгийг бошигложээ. Паулын бошиглол биелсэн.
Заах зөвлөмж
Үйлс 27
Ромд хүргэгдэх үед Паулын завь сүйрэв
Хичээл эхлэхээс өмнө дараах мэдэгдлүүдийг самбар дээр бич. (Эдгээр мэдэгдэл нь Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол [2011]-ын 4, 11, 16-д бий.)
Нэг суралцагчийг самбар дээрх мэдэгдлийг чанга уншихад урь.
-
Зарим өсвөр үеийнхэн эдгээр сэрэмжлүүлэгт яагаад анхаарал тавихгүй байхыг сонгож болох вэ?
Суралцагчдыг Үйлс 27-г судалж байхдаа Их Эзэний үйлчлэгчдийн сэрэмжлүүлэг, зөвлөгөөг анхаарах итгэлийг нь хүчирхэгжүүлэх үнэнийг олж мэдэхэд урь.
Паул урвагч хэмээн гүтгэгдэж, хоригдсон гэдгийг суралцагчдад сануул. Тэрээр Ромын иргэний эрхээ эдэлж, өөрийн хэргийг Ромын Цезарьт давж заалджээ. Паул Ромын харуулуудын хяналтан дор Ром руу өөр хоригдлуудтай завиар аялсан гэдгийг тайлбарлан, Үйлс 27:1–8-ыг нэгтгэн дүгнэ. Тэд олон хоног аялсны эцэст Крет арлын боомтод ирэв. Тэднийг боомтоос хөдлөх үед Паул аяллаа үргэлжлүүлэх хэрэггүй хэмээн завин дээрх хүмүүст анхааруулав.
Нэг суралцагчаас Үйлс 27:9–10-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, хэрэв тэд Ром руу завин аяллаа үргэлжлүүлбэл юу тохионо гэж Паул сэрэмжлүүлсэн талаар олж мэдэхийг хүс. Та 9-р шүлэг дэх мацаг барих гэдэг үг нь сайн дураараа идэхээс татгалзах гэсэн утгатайг тайлбарлаж болно. Энэ тохиолдолд “мацаг барих” гэдэг нь хүчтэй шуургануудаас болж Газрын дундад тэнгист аялах нь осолтой байдаг улирлын эхлэлийг тэмдэглэдэг Цагаатгалын өдөр гэгдэх Иудейн ариун өдрийг хэлж байж болно. Цагаатгалын өдөр нь ихэвчлэн есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр тохиодог байжээ. 10-р шүлэг дэх ачаа гэдэг нь завин дээр зөөж явсан зүйлсийг хэлсэн болохыг тайлбарла.
-
Үйлс 27:10-т цэдэглэснээр, хэрэв тэд аяллаа үргэлжлүүлбэл юу болно гэж Паул сэрэмжлүүлж, бошиглосон бэ?
Нэг суралцагчийг Үйлс 27:11–12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Ромын зуутын дарга болон усан онгоцон дээр байсан бусад хүн Паулын сэрэмжлүүлэгт хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.
-
Зуутын даргад яагаад Паулд итгэснээс хөлгийн ахмадад итгэх нь амар байсан гэж та нар бодож байна вэ?
-
12-р шүлэгт цэдэглэснээр, усан онгоцон дээрх ихэнх хүн яагаад Паулын сэрэмжлүүлгийг үл тоосон бэ? (Та боомт гэдэг нь усан завины зогсоол хот буюу боомт, тохиромж гэдэг нь тухтай, амар гэсэн үг гэдгийг тайлбарлаж болно.)
Цөөн суралцагчийг Үйлс 27:13–21-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, усан онгоц Ром руу үргэлжлүүлэн аялахад юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.
-
Ром руу үргэлжлүүлэн аялахад завинд юу тохиолдсон бэ?
-
20-р шүлэгт цэдэглэснээр, завин дээрх хүмүүс шуурганы үеэр юу бодоцгоосон бэ?
-
Хэрэв бид Их Эзэний үйлчлэгчдийн сэрэмжлүүлэг, зөвлөгөөг үл анзаарвал юу тохиож болох талаар 21-р шүлгээс ямар зарчим мэдэж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Их Эзэний үйлчлэгчдийн сэрэмжлүүлэг, зөвлөгөөг үл тоовол өөрсдийгөө аюулд оруулна гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич. Аюул гэдэгт бид хүлээн авах байсан адислалаа алдахыг багтааж болно гэдгийг тайлбарла.)
Завин дээрх зуутын дарга болон бусад хүн Паулын сэрэмжлүүлэг, зөвлөгөөг үл хайхарсан шалтгааныг суралцагчидтай давтан хэлэлц (Үйлс 27:11–12-ыг үзнэ үү).
-
Өнөөгийн хүмүүс Их Эзэний үйлчлэгчдийн сэрэмжлүүлэг, зөвлөгөөг үл тоохдоо үүнтэй адил ямар шалтгаан хэлдэг вэ?
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол юм уу саяхны чуулганы материалыг ашиглан өөрийн суралцагчдад хамааралтай гэж бодож байгаа бошиглогчийн сэрэмжлүүлэг болон зөвлөгөөний нэмэлт жишээнүүдийг өг.
-
Бошиглогчдоос ирсэн иймэрхүү сэрэмжлүүлэг, зөвлөгөөг үл тоосноор тэд өөрсдийгөө ямар аюулд оруулдаг вэ?
Нэг суралцагчийг Үйлс 27:22–26-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул завин дээрх хүмүүст юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Хэрэв та нар аймшигт шуурганаар тэр завин дээр байсан бол Паулын ямар үгс та нарыг тайвшруулах вэ?
-
Завинд юу тохионо гэж Паул бошиглосон бэ?
Шуурганы 14 дэх шөнө онгоцны багийнхан усан онгоцоо хад мөргүүлэн сүйрүүлэхгүйн тулд дөрвөн зангуу буулгасныг тайлбарлан, Үйлс 27:27–30-ийг нэгтгэн дүгнэ. Тэгээд онгоцны багийнхан нэмж зангуу буулгах гэж байгаа юм шиг онгоцны толгой руу явцгаажээ. Хэдий тийм ч тэд үнэн хэрэгтээ усан онгоц нь живнэ гэдгээс айгаад жижиг завин дээр суугаад, усан онгоцоо орхин зугтаах гэж төлөвлөж байсан байжээ.
Нэг суралцагчийг Үйлс 27:31–32-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын зуутын дарга болон цэргүүдэд өгсөн сэрэмжлүүлгийг олж мэдэхийг хүс. 31-р шүлэг дэх энэ хүмүүс гэдэг нь зугтахыг оролдож байсан завины багийнхныг хэлж байгааг тайлбарла.
-
Паул зуутын дарга болон цэргүүдэд ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ?
-
Цэргүүд Паулын сэрэмжлүүлэг, зөвлөгөөнд хэрхэн хандсан бэ? (Тэд түүний сэрэмжлүүлгийг анхаарч, багийнхныг зугтахаас сэрэмжлэн жижиг завинуудын олсыг тасалж, хоосон хөвүүлсэн.)
Паул завин дээрх хүн бүрийг хүч тэнхээ авахын тулд хоол идэхийг зөвлөсөн талаар тайлбарлан, Үйлс 27:33–44-ийг нэгтгэн дүгнэ. Хожим нь тэр өдөр эх газарт дөхөх үедээ завь нь сүйрсэн ч бүгд амьд гарчээ. Үйлс 27:22–26-д цэдэглэсэн, завь сүйрсэн ч хэн ч үхэхгүй гэсэн Паулын бошиглолыг суралцагчдад сануул.
-
Хэрэв бид Их Эзэний үйлчлэгчдийн сэрэмжлүүлэг, зөвлөгөөг анхаарвал юу болж болох талаар ямар ямар зарчмыг эндээс мэдэж болох вэ? (Суралцагчид дараахтай төстэй зарчмуудыг тодорхойлж болно. Үүнд: Хэрэв бид Их Эзэний үйлчлэгчдийн сэрэмжлүүлэг, зөвлөгөөг анхаарвал Их Эзэн бидэнд өгсөн амлалтаа биелүүлэх болно. Хэрэв бид Их Эзэний үйлчлэгчдийн сэрэмжлүүлэг, зөвлөгөөг анхаарвал биднийг заналхийлсэн аюулыг даван гарч чадна. Эдгээр зарчмыг самбар дээр бич.)
Үйлс 27-оос тодорхойлсон зарчмуудыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь.
“Би амьдралдаа сүнслэгээр өдөөгдсөн зөвлөгөөнүүдийг дагахаа хойшлуулахыг сонгох юм уу надад хамаарахгүй гэж шийдэх бүрдээ өөрийгөө аюултай байдалд авчирч байснаа ухаарсан. Би бошиглогчдын зөвлөгөөг сонсох бүрдээ мөн үүний баталгааг залбирлаар олж авсны дараа зөвлөгөөг дагадаг болохоор аюулгүй явж байгаагаа мэддэг” (“Finding Safety in Counsel,” Ensign, 1997 оны 5-р сар, 25).
-
Их Эзэний үйлчлэгчдийн сэрэмжлүүлгийг болон сүнсээр өдөөгдсөн зөвлөгөөг анхаарах нь өөрсдийн сүнслэг болон биеийн аюулгүй байдалд заналхийлж байгаа аюулуудыг сөрж зогсоход та нарт хэрхэн тусалж байсан бэ?
Суралцагчдыг Их Эзэний үйлчлэгчдээс ирсэн аливаа сэрэмжлүүлэг, зөвлөгөөг үл тоож байгаа эсэхийг бодож үзэхэд эсвэл хүлээн авсан сэрэмжлүүлэг, зөвлөгөөг илүү сайн анхаарах арга замуудыг бодоход урь. Тэднийг энэ зөвлөгөөнд илүү сайн анхаарлаа хандуулах талаар нэг зорилго бичихэд урь.
Дараагийн бүлэг (Ром 8–1 Коринт 6)
Суралцагчдад дараагийн долоо хоногт Ром 8–16 болон 1 Коринт 1–6-г судалж байхдаа Ромын болон Коринтын Сүмийн гишүүдэд ёс бус болоод адармаатай дэлхийд Бурханд ойр байхад нь туслахын тулд төлөөлөгч Паулын өгсөн мэргэн зөвлөгөөний талаар суралцана гэдгийг тайлбарла. Бидний махан бие яагаад ариун сүмтэй адил вэ? гэсэн асуултын хариултыг олж мэдэхийг тэднээс хүс. Сүмийн гишүүд өөр хоорондох ялгаагаа хэрхэн шийдэх хэрэгтэй вэ?