Номын сан
126-р хичээл: Колоссай


126-р хичээл

Колоссай

Оршил

Паул Есүс Христийн бусдаас давуу талыг (дээд чанар, агуу байдал, онцгой гойд) заан, хуурамч сургаалыг эсэргүүцэхийг сануулсан. Тэрээр Колоссайн гэгээнтнүүдийг бурханлаг зүйлс рүү тэмүүлж, Христийн зан чанаруудыг хөгжүүлэхэд урамшуулан дэмжсэн. Түүнчлэн Паул тэдэнд бусадтай харилцахдаа өгөөмөр бөгөөд ухаалаг байхыг зааварласан.

Заах зөвлөмж

Колоссай 1–2

Паул Есүс Христийн давуу талыг (дээд чанар, агуу байдал, онцгой чанар) заан, хуурамч сургаалын эсрэг сануулав

Дараах зургийг самбар дээр зур.

Зураг
зурах, модод ба хүчит салхи
  • Хэрэв маш хүчтэй салхи дэгдвэл эдгээр модны аль нь унах вэ? Яагаад?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах үгийг уншихад урь. Ангийнхнаас бидний болгоомжлох хэрэгтэй салхины тухай сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Бошиглож хэлсэн газар хөдлөлт, дайн тулаануудаас илүү санаа зовоож буй зүйл бол сүнслэг сууринаас тань та нарыг суга татан гаргаж чадах, заримдаа бүр хөдөлгөгдөж байгаагаа ч бараг анзаараагүй байхад тань та нарын өмнө нь боломжтой гэж хэзээ ч төсөөлж байгаагүй газруудад сүнсийг тань газардуулж чадах тэрхүү сүнслэг хуй салхинууд юм” (“Сүнслэг шуурганууд,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32).

  • Биднийг Есүс Христэд итгэх итгэлээс маань холдуулах сүнслэг шуурганы ямар ямар жишээ байна вэ? (Та суралцагчдыг хариултаа самбар дээр зурсан шуурганы дэргэд жагсаан бичихэд урьж болно.)

  • Яагаад эдгээр шуурга газар хөдлөлт, дайн зэрэг бодит үйл явдлаас илүү түвэгтэй байдаг вэ?

Суралцагчдыг ямар сүнслэг шуурга тэдэнд нөлөөлж болох талаар эргэцүүлэн бодоход урь.

Паул Колоссай дахь Сүмийн гишүүдийн (колоссайчууд хэмээх) Есүс Христэд итгэх итгэлийг ганхуулах аюул заналхийлсэн нөлөө, хуурамч сургаалын тухай судалсныхаа дараа энэ захидлыг тэдэнд хандан бичсэн. (Суралцагчдыг Библийн газрын зураг д. 13, “Төлөөлөгч Паулын номлолын аяллууд”-аас Колоссайгаас холгүй оршдог Лаодикийг хайж олоход урь.) Суралцагчдыг Колоссайг судалж байхдаа Паул Сүмийн гишүүдийн Христэд итгэх итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлснийг болон Христэд итгэх итгэлээ гүн гүнзгий суурилуулснаас ирдэг адислалуудыг хэрхэн илэрхийлж байсныг олж мэдэхэд урь.

Паул Колоссай дахь гэгээнтнүүдтэй мэндчилснийхээ дараа тэдний итгэлтэй байдлыг хүлээн зөвшөөрч, сайн мэдээг хүлээн аваад, үүний дагуу амьдардаг хүмүүсийн амьдралд сайн мэдээ үр жимс буюу адислал авчирдаг гэдгийг заасныг тайлбарлан, Колоссай 1:1–11-ийг нэгтгэн дүгнэ. Дараа нь Паул Есүс Христийн тухай тэдэнд заасан.

Цөөн суралцагчийг Колоссай 1:12–19-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын Есүс Христийн талаар заасан үнэнийг олж мэдэхийг хүс. (15-р шүлэг дээрх “үл үзэгдэгч” хэмээх үг нь aoратос гэсэн грек гаралтай үг бөгөөд “үл харагдах” гэсэн утгатай. Еврей 11:27 нь Мосе “үзэгдэхгүй Түүнийг” харсан гэдэг нь ихэвчлэн харагддаггүй гэсэн утгатай хэмээн заадаг [С ба Г 67:11-ийг үзнэ үү].)

  • Паул Есүс Христийн тухай юу заасан бэ? (Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглан, Есүс Христ бол Гэтэлгэгч, Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүдийн Ууган нь, бүх зүйлийг Бүтээгч, Сүмийн тэргүүн, анхны амилсан Нэгэн юм гэсэн үнэнийг самбар дээрх гүн үндэстэй модны доор бич.)

  • Есүс Христийн тухай эдгээр үнэнийг мэдэж, тэдгээрт итгэх нь бидэнд яагаад чухал гэж та нар бодож байна вэ? Эдгээр үнэнийг мэдэж, тэдгээрт итгэх нь Түүнд итгэх итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?

Самбар дээр Гэтэлгэгч гэсэн үгийг өгүүлбэртэй нь хамт бичээд, Паул Колоссайн гэгээнтнүүдэд тэдэнд Гэтэлгэгч шаардлагатай байгаа шалтгааныг сануулсан гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Колоссай 1:20–22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Колоссайн гэгээнтнүүдэд Гэтэлгэгчтэй байх шаардлагынх нь тухай юу заасныг олж мэдэхийг хүс.

  • 21-р шүлэгт цэдэглэснээр, хүн Бурханаас хэрхэн холдож, хөндийрдөг вэ?

  • 20-р шүлэгт гарч буй эвлэрүүлсэн гэсэн үгийн утга юу вэ? (Зөвшилцөх буюу зохицох.)

  • 20 ба 22-р шүлэгт цэдэглэснээр Есүс Христ хэрхэн биднийг Бурхантай эвлэрүүлсэн бэ? (“Түүний загалмайн цусаар энх тайвныг тогтоон” гэдэг нь Есүс Христийн Цагаатгал гэсэн утгатай.)

Бурхантай эвлэрүүлэгдэхийн адислал нь тодорхой нөхцөлтэй байдаг гэдгийг тайлбарла. Хэрэв бид … -вэл Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурхантай эвлэрч чадна гэсэн хэллэгийг самбар дээр бич.

Нэг суралцагчийг Колоссай 1:23-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Бурхантай эвлэрэхийн тулд юу хийх шаардлагатай байгааг олж мэдэхийг хүс.

  • Бурхантай эвлэрэхийн тулд бидний зүгээс юу хийх шаардлагатай вэ?

  • Бидний хувьд “итгэл дотроо үргэлжид байж, суурилагдсан бөгөөд бат тогтон” гэсэн нь юу гэсэн утгатай вэ? (Есүс Христэд тууштай итгэх)

  • Та 23-р шүлгээс уншсан зүйл дээрээ үндэслэн самбар дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичих вэ? (Суралцагчдын хэлсэн үгийг ашиглан, Хэрэв бид үргэлжлүүлэн итгэл дээрээ суурилан, бат зогсвол Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурхантай эвлэрэх болно гэсэн зарчмыг самбар дээр гүйцээж бич.)

Суралцагчдын анхаарлыг самбар дээрх зураг руу хандуулаад, асуу.

  • Та гүн гүнзгий үндэс бүхий модтой адил Христэд итгэх итгэл дээрээ бат зогссон ямар хүнийг мэдэх вэ?

  • Түүний үлгэр жишээ танд хэрхэн адислал болсон бэ?

Ангийнхнаас Колоссай 2:4, 8-ыг дотроо уншаад, Колоссайн гэгээнтнүүдийг үндэснээс нь суга татах аюул заналхийлсэн сүнслэг шуургануудыг олж мэдэхийг хүс.

  • Колоссайн гэгээнтнүүдийг үндэснээс нь суга татах аюул заналхийлсэн ямар ямар сүнслэг шуурга байна вэ? (Есүс Христийн ач холбогдлыг бууруулахыг хичээсэн хүмүүсийн заасан хэд хэдэн янзын философи, уламжлал байсан гэдгийг тайлбарла.)

  • Есүс Христийн ач холбогдлыг бууруулсан сургаал зэрэг хуурамч сургаалд итгэсэн хэн нэгний хувьд сүнслэг байдлаараа сул дорой болоход яагаад хялбар байх вэ?

Нэг суралцагчийг Колоссай 2:5–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын гэгээнтнүүдэд дэлхийн философи, уламжлал зэргээс болоод төөрөн одохоос зайлсхийхэд туслах зөвлөгөөг олж мэдэхийг хүс.

  • Колоссай 2:5–7 биднийг дэлхийн хуурамч гүн ухаан, шашны сургаалаас эсвэл уламжлалаас болж, төөрөн одохоос зайлсхийхэд туслах юуг зааж байна вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Есүс Христ дээр суурилан, зохион байгуулагдсанаар дэлхийн гүн ухаан, уламжлалаас болж төөрөн одохоос зайлсхийж чадна гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

Дараах асуултуудыг самбар дээр бич.

Есүс Христэд суурилан, зохион байгуулагдахын тулд бидний хийж болох хамгийн чухал зүйлсийн нэгийг та нар юу гэж бодож байна вэ? Та үүнийг яагаад тийм их чухал гэж үзэж байна вэ?

Суралцагчдыг гурав эсвэл дөрвөн хүнтэй бүлгүүдэд хуваарил. Суралцагч бүрийг самбар дээрх асуултуудад хариулсан хариултаа бүлгийнхээ суралцагчдад тайлбарлахад урь. Тэдэнд хангалттай цаг өгсний дараа цөөн суралцагчаас бүлгийн гишүүдээсээ олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Хичээлийн эхэнд бодож байсан хувийн сүнслэг шуурганы тухай эргэн санахад суралцагчдыг урь. Суралцагчдыг Есүс Христэд суурилан, зохион байгуулагдсан хэвээр үлдэж, сүнслэг шуурганаас болж үндэс сууринаасаа ховхрохоос зайлсхийхийн тулд юу хийх талаар хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

Колоссай 3–4

Паул колоссайчуудыг бурханлаг зүйлс рүү тэмүүлж, ухаалаг байхад урамшуулан дэмжив

Паул Колоссайн гэгээнтнүүдийг зөв шударга бус байдлаа зогсоон, Есүс Христийн зан чанаруудыг хөгжүүлэхэд уриалан дуудсан гэдгийг тайлбарлан, Колоссай 3–4-ийг нэгтгэн дүгнэ. Түүнчлэн Паул тэднийг Христийн шашинтан бус хүмүүстэй харьцах харилцаандаа ухаалаг хандаж, залбирдаг байхад урамшуулан дэмжсэн. Тэрээр Лук зэрэг хамтран үйлчилдэг хүмүүсийнхээ мэндчилгээг дамжуулсан.

Энэ хичээл дээр ярилцсан үнэний тухай гэрчлэлээ хуваалц.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Колоссай 1:15, 18. Есүс Христ бол Ууган нь мөн

“Бүх бүтээлийн Ууган нь” (Колоссай 1:15) гэсэн хэллэг Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгийн маань бүх хүүхдийн ууган нь гэдгийг гэрчилдэг. Тэргүүн Зөвлөл

“Елохимын [Эцэг Бурханы] сүнсэн хүүхдүүдийн дунд байсан Ууган нь Иехова буюу Есүс Христ бөгөөд бусад бүх хүүхэд дүү нар нь мөн” хэмээн батлан мэдэгдсэн (“The Father and the Son: A Doctrinal Exposition by the First Presidency and the Quorum of the Twelve Apostles,” Ensign, 2002 оны 4-р сар, 18).

18-р шүлэг дээрх “үхэгсдээс анх төрсөн” гэдэг нь Есүс Христ газар дэлхий дээр төрж, амилсан анхны хүн байсан гэсэн утгатай. Түүнийг бас “нойрсогсдоос анхны үр жимс” хэмээн нэрлэдэг (1 Коринт 15:20).

Колоссай 1:16–17. Есүс Христээр дамжуулан “бүх юмс бүтээгдсэн”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс Есүс Христ бол Бүтээгч бөгөөд Өөрийн бүх бүтээлийг удирдан захирах хүчтэй хэмээн тайлбарласан.

“Бурхан Эцэгийн удирдлагаар мөн Түүний төлөвлөгөөний дагуу Есүс Христ бол Бүтээгч, гэрлийн болон бүх юмсын амьдралын эх ундарга мөн. ‘Гэрэл мөн дэлхийн Гэтэлгэгч; дэлхий түүгээр хийгдэж мөн хүмүүний амьдрал хийгээд хүмүүний гэрэл түүнд байсан учраас, дэлхийд ирсэн үнэний Сүнс болой.

Дэлхийнүүд түүгээр хийгдсэн байлаа; хүмүүн түүгээр хийгдсэн байлаа; бүх зүйл түүгээр мөн түүгээр дамжин мөн түүнээс хийгдсэн байлаа’ хэмээн цэдгийг хуваалцсан Иоханы тухай гэрчлэл орчин үеийн илчлэлтээр дамжуулан бидэнд ирдэг” (С ба Г 93:9–10)” (“The Light and Life of the World,” Ensign, 1987 оны 11-р сар, 63; мөн Иохан 1:1–3; Еврей 1:2; С ба Г 76:24; Moсе 1:33-ыг үзнэ үү).

Колоссай 2:9. “Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог”

Паул Есүс Христийн тухай хэлэхдээ “Учир нь Түүн дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог” хэмээн гэрчилсэн. Энэ үг Есүс Христ бүрэн бурханлаг бөгөөд бурханлаг байдлын бүрэн дүүрэн хүчийг эзэмшдэг гэснийг харуулдаг (Maтай 28:18-ыг үзнэ үү).