Номын сан
Иоханы эхний нийтлэг захидлын оршил


Иоханы эхний нийтлэг захидлын оршил

Яагаад энэ номыг судалдаг вэ?

Иохан энэ захидалдаа Сүм доторх урвалтын нөлөө тархах аюулын талаар хандаж бичсэн. Тэрээр гэгээнтнүүдэд харанхуйтай нөхөрлөхгүй байхыг мөн сайн мэдээний гэрлийн аюулгүй байдалд байхыг анхааруулсан. 1 Иоханыг судлах нь Есүс Христийн талаарх хуурамч сургаалыг илүү сайн ялгадаг болоход нь суралцагчдад тусалж чадна. Мөн Иоханы зөвлөмжийг дагах нь тэдэнд үнэн дотор байснаар Их Эзэнтэй ойр дотно нөхөрлөж чадахад тусалдаг. Үүнээс гадна, энэ номыг судлах нь бүх хүн төрөлхтний төлөө золиос болгон Өөрийн Хүү Есүс Христийг өгснөөр хүүхэд нэг бүрээ хайрлах аугаа хайр Тэнгэрлэг Эцэгт байдгийг ойлгоход нь суралцагчдад тусалж чадна.

Хэн энэ номыг бичсэн бэ?

“Эдгээр гурван захидлыг бичигч нэрээ хэлээгүй ч гэсэн, тэдгээрийг бүгдийг нь анхны Арванхоёрын нэг, төлөөлөгч Иохан бичсэн гэдгийг үг хэллэг нь яах аргагүй нотолдог” (Библийн толь бичиг, “Иоханы захидлууд”).

Иоханы захидлуудыг бичигч нь амилсан Аврагчийг нүдээрээ харсан хүн байсан болохоор төлөөлөгч Иохан байсан нь гарцаагүй юм (1 Иохан 1:1–4;4:14-ийг үзнэ үү).

Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?

1 Иохан нь яг хэзээ, хаана бичигдсэн нь тодорхойгүй. Энэ нь МЭ нэгдүгээр зууны сүүлчээр бичигдсэн байх магадлалтай.

Иохан амьдралынхаа эхэн хэсгийн ихэнхийг Палестинд өнгөрүүлсэн ч энэ газар нутгийнхан МЭ 70 оны үед Иерусалим ба түүний ариун сүм устгагдсаны дараа Христэд итгэгчид болон иудейчүүд рүү дайсагнадаг байжээ. Иохан амьдралынхаа сүүлийн жилүүдэд Ефест амьдрахаар Палестинаас явсан гэдэг хууч яриа байдаг. Хэрэв тийм бол Иохан энэ захидлыг МЭ 70-аас 100 оны хооронд Ефесээс бичсэн байж болох юм.

Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?

1 Иоханыг хэнд зориулсан бичсэнийг тодорхой дурдаагүй ч түүний бичсэнээр бол Иохан итгэгчдэд хандан бичсэн нь харагддаг (1 Иохан 1:3–4; 2:12–14-ийг үзнэ үү). Зарим түүхэн эх сурвалжид МЭ нэгдүгээр зууны сүүлчээр Иоханы амьдарч, үйлчилж байсан гэж үздэг Бага Азийн хүмүүст зориулсан байж болох юм.

Энэ үед хуурамч багш нар бүс нутаг дахь гэгээнтнүүдийн дунд хагарал бутрал үүсгэж, тэднийг хуваан бүлэглэснээр урвалт Сүмд тархжээ (1 Иохан 2:18–19, 22, 26; 4:1-ийг үзнэ үү). Түгээмэл болж эхэлсэн нэгэн гүн ухаан нь докетизм байв. Докетизм нь гностицизм гэгддэг томоохон хөдөлгөөний нэг хэсэг байсан. Гностицизмын олон урсгал доторх гол сургаал нь сүнсийг бүхэлдээ сайн, матери буюу бие махбодыг муу гэж үздэг байсан.

Гностицизмыг дагагчид нь нүглээс ангижирснаар биш, харин сүнс материас буюу бие махбодоос чөлөөлөгдсөнөөр авралд хүрдэг гэж итгэдэг байжээ. Тэд бас Есүс Христэд итгэх итгэлээр биш, харин (гнозис) гэгч онцгой мэдлэгээр дамжуулан авралд хүрнэ гэдэгт итгэдэг байв.

Докетизмыг дагагчид нь Есүсийн сүнслэг мөн чанарыг хэтрүүлэн онцолсноор Түүнийг жинхэнэ бодит биеэр дэлхий дээр ирсэн гэдэг үзлийг үгүйсгэсэн байна. Тэд Бурхан бол үл үзэгдэгч, үхэшгүй, бүхнийг мэдэгч, бодит бус гэж итгэдэг байсан бөгөөд бодит дэлхийг болон бие махбодыг бузар, хорон муу зүйл гэж үздэг байв. Тиймийн тул тэд Есүс нь Бурханы тэнгэрлэг Хүү байсан учраас хүн байхын хязгаарлалтуудыг мэдэрч чадахгүй гэж итгэдэг байсан. Тэдний бодлоор, Есүс Христ жинхэнэ махан биетэй төрөөгүй бөгөөд бодит бие, цус, зовлон шаналал, үхлийг амсаагүй мөн амилсан биеэр босоогүй, зөвхөн эдгээр зүйлийг хийсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн байна. Докетизм нь “санагдуулах” эсвэл “харагдах” гэсэн утгатай dokeō гэдэг грек үгнээс үүсэлтэй.

Хэдийгээр 1 Иохан эдгээр хуурамч сургаалыг няцаадаг ч тэд Сүмийн гишүүнчлэл рүү үргэлжлүүлэн гэтсээр байдаг. Эдгээр болон бусад хуурамч сургаал нь Их урвалт руу хөтөлсөн хэсэг болсон.

Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?

Иохан Есүс Христийн анхны төлөөлөгчийн нэгний хувьд амилсан Аврагчийн онцгой гэрч байсан. Иохан энэ захидлыг Есүс Христийг биеэрээ харж, сонсож, Түүнд хүрч байсан гэдгээ тунхагласнаар эхлүүлсэн юм. Иохан энэхүү хувийн гэрчлэлээ өргөтгөн, уншигчдыг “Эцэг ба Түүний Хүү Есүс Христтэй нөхөрлөх[өд]” урьсан (1 Иохан 1:3). Хайр бол Иоханы эхний захидлын гол сэдэв юм. Бурханд хайртай гэж хэлчихээд, эргэн тойрны хүмүүсээ хайрладаггүй хүмүүс бол худал хэлэгчид гэж Иохан онцолсон (1 Иохан 4:20–21-ийг үзнэ үү).

Тойм

1 Иохан 1–3 Бид дуулгавартай байдлаараа дамжуулан Бурханыг мэдэж, Түүнтэй нөхөрлөж мөн адилхан болно гэж Иохан заасан. Эцсийн өдрүүдэд Христийг эсэргүүцэгчид гарч ирнэ. Бидний төлөөх Аврагчийн хайр Түүний цагаатгагч золиослолоор илэрдэг.

1 Иохан 4–5 Иохан гэгээнтнүүдийг багш нь Бурханаас илгээгдсэн эсэхийг тодорхойлоход урамшуулсан. Бурхан бол хайр бөгөөд биднийг агуу ихээр хайрладаг учраас бидний төлөө зовж шаналуулахаар Өөрийн Хүүг илгээсэн. Бурханыг хайрладаг хүмүүс зарлигуудыг нь сахих болно. Есүс Христэд итгэдэг, Бурханаар төрсөн хүмүүс дэлхийг ялах болно.