123-р хичээл
Ефес 5–6
Оршил
Паул гэгээнтнүүдэд чөтгөрийн нөлөөллийг хэрхэн эсэргүүцэх талаар заасан. Түүнчлэн тэр тэдэнд гэр бүлийн харилцаагаа хэрхэн хүчирхэгжүүлэхийг заасан. Паул гэгээнтнүүдийг Сатаны хууран мэхлэлтийг сөрөн зогсохын тулд “Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөхийг” уриалж, захидлаа төгсгөсөн (Ефес 6:11).
Заах зөвлөмж
Ефес 5:1–20
Паул гэгээнтнүүдэд хилэнцэт нөлөөллийг хэрхэн эсэргүүцэх талаар заав
Боломжтой бол суралцагчдын шинээр дөнгөж хийсэн эсвэл худалдаж авсан гэдгийг нь мэдэх ямар нэг зүйлийг харуулаад, дараах асуултыг тавь.
-
Бид шинэ зүйлд ерөнхийдөө хэрхэн ханддаг вэ?
Eфес 4 Сүмийн шинэ гишүүдэд өөрсдийн “ялзарч буй хуучин […]-ээ” “тайлж” (22-р шүлэг), “шинэ хүнийг өмсөх” (24-р шүлэг) Есүс Христийн дагалдагчийн шинэ амьдралыг эхлүүлэх тухай өгсөн буюу Паулын зөвлөгөөг агуулдаг гэдгийг суралцагчдад сануул.
-
Есүс Христийг дагах шийдвэр гаргасан хэн нэгний амьдралыг хэрхэн шинэ гэж тооцож болох вэ?
Тэднийг Ефес 5–6-г судалж байхдаа Есүс Христийн дагалдагчийн хувьд “шинэ хүнийг өмсөхөд” туслах нэг зарчмыг олж мэдэхэд урь.
Нэг суралцагчийг Ефес 5:1–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул гэгээнтнүүдэд Есүс Христийн дагалдагчийн хувиар юу хийх мөн хийхгүй байхыг зөвлөснийг олж мэдэхийг хүс.
-
Паул Есүс Христийн дагалдагчдад юу хийхийг зөвлөсөн бэ? Тэрээр тэдэнд юу хийхгүй байхыг зөвлөсөн бэ?
-
Их Эзэний дагалдагч байх талаар бид эдгээр шүлгээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христийн дагалдагчийн хувьд бид дэлхийн хилэнцээс хүртэхгүй байх хэрэгтэй гэсэн үнэнийг ойлгосон эсэхийг бататга.)
-
5-р шүлэгт цэдэглэснээр, дэлхийн хилэнцээс хүртдэг хүмүүс юу алдах вэ?
-
Дэлхийн хилэнцээс хүртэх нь хэн нэгний Есүс Христ доторх шинэ амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ? Энэ хүний үлгэр жишээ бусдад хэрхэн нөлөөлж болох вэ?
Паул гэгээнтнүүдийг “гэрлийн хүүхдүүд шиг явах” (8-р шүлэг), ухаалаг байх, “Сүнсээр дүүрэн байж,” Их Эзэний хүслийг мэдэхийг эрэлхийлэхэд (18-р шүлэг) урамшуулан дэмжсэн гэдгийг тайлбарлан, Eфес 5:8–20-ийг нэгтгэн дүгнэ.
Eфес 5:21–6:9
Паул ефесчүүдэд гэр бүлийн харилцааны талаар зөвлөв
Суралцагчдыг сүүлийн хорин дөрвөн цагийн туршид гэр бүлийнхэнтэйгээ ямар харилцаатай байсан талаараа мөн энэ харилцаа нь эерэг эсвэл сөрөг аль нь байсан тухай бодоход урь. (Жишээлбэл, энэ харилцаа дотно эсвэл маргаантай байсан уу? Чин сэтгэлийнх эсвэл гомдмоор байсан уу? Урам өгсөн үү эсвэл дорд үзсэн үү?)
-
Яагаад заримдаа гэр бүлийн харилцаагаа эерэг байлгахад хэцүү байдаг вэ?
Суралцагчдыг Ефес 5:21–6:9-ийг судалж байхдаа гэр бүлийн харилцаагаа бэхжүүлэхэд туслах зарчмуудыг олж мэдэхэд урь.
Нэг суралцагчийг Ефес 5:21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул гэгээнтнүүдийг юу хийхэд урамшуулан дэмжсэнийг олж мэдэхийг хүс.
-
Паул гэгээнтнүүдийг юу хийхэд урамшуулан дэмжсэн бэ? (“Нэг нэгэндээ захирагд” гэсэн нь бусдыг өөрсдөөсөө дээгүүрт тавих, “Бурханаас эмээх” гэсэн нь Бурханыг хайрлан, хүндэтгэх гэсэн утгатай гэдгийг тайлбарла.)
-
Есүс Христ ямар ямар арга замаар нэг нэгэндээ захирагдах зан байдлын үлгэр жишээ болсон бэ?
-
Бусдыг өөрөөсөө дээгүүрт тавих нь бидний гэр бүлийн харилцааг хэрхэн бэхжүүлж болох вэ?
Нэг суралцагчийг Ефес 5:22–29-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул эхнэр нөхрүүдийг бие биетэйгээ харилцахдаа юу хийх хэрэгтэй хэмээн зөвлөснийг олж мэдэхийг хүс.
-
Паул эхнэр нөхөртэйгөө харилцахдаа ямар харилцааг загвар болгохыг зөвлөсөн бэ? (Паул эхнэр нь нөхөртөө “захирагдах” [22-р шүлэг] хэрэгтэй хэмээн заасныг тайлбарла. Үүнийг эхнэр хүн Их Эзэнийг дэмжин, хүндэтгэдэг шиг нөхрөө дэмжин, хүндэтгэх гэсэн утгаар ойлгож болно. Нөхөр хүний бурханлагаар томилсон үүрэг бол Аврагч Сүмийг харж хамгаалан, удирддагийн адил гэр бүлээ тэргүүлэн, харж хамгаалах явдал юм.)
-
Паул нөхөр хүнд эхнэртэйгээ харилцахдаа ямар харилцааг загвар болгохыг зөвлөсөн бэ?
-
Аврагч Сүмийг хайрладаг шиг эхнэрээ хайрладаг нөхөр хүн эхнэртээ хэрхэн хандах вэ? (Тэр түүний төлөө “өөрийгөө [өгөх]” [25-р шүлэг] буюу түүнийг өөрөөсөө дээгүүрт тавьж, “тэжээж, хамгаалах” болно [29-р шүлэг].)
-
Их Эзэний Сүмтэй харилцдаг харилцааг удирдамжаа болгон ашиглавал гэр бүлийн маань харилцаанд тохиолдох зүйлийн талаар ямар үнэнийг Паулын заасан зүйлээс бид таньж мэдэж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Аврагчийн Сүмтэй харилцдаг харилцааг удирдамжаа болгон ашигласнаар гэр бүлийнхээ харилцааг хүчирхэгжүүлж чадна гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
Нэг суралцагчийг Ефес 5:30–33-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад эхнэр, нөхрүүд гэрлэхдээ ямар хүмүүс болдгийг олж мэдэхийг хүс.
-
31-р шүлэгт цэдэглэснээр, эхнэр, нөхрүүд гэрлэх үедээ ямар хүмүүс болдог вэ? (Tэд “нэг махан бие” болох буюу бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд нэгддэг.)
-
Нэг нэгэнтэйгээ харилцахдаа Аврагчийн жишээг дагах нь гэрлэсэн хосуудад (мөн гэр бүлд) өөрсдийнхөө харилцаанд хайр, нэгдмэл байдлыг нэмэгдүүлэхэд хэрхэн тус болж болох вэ?
Нэг суралцагчийг Ефес 6:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Есүс Христийн үлгэр жишээг хэрхэн хүүхдүүд эцэг, эхтэйгээ харилцахад удирдамж болгон ашиглаж болохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
-
Хүүхэд эцэг эхдээ дуулгавартай байснаар Есүс Христийн үлгэр жишээг хэрхэн дагадаг вэ?
-
Паул нөхрүүдэд хүүхдүүдээ өсгөхдөө юу хий хэмээн зөвлөсөн бэ?
Суралцагчид Аврагчийн харилцааг удирдамж болгон ашигласан бол тэдний гэр бүлийн харилцаа хэрхэн хүчирхэгжих байсныг тунгаан бодохыг хүс. Тэднийг сайжруулахыг хүсэж байгаа нэг харилцаагаа сонгоод, Аврагчийн үлгэр жишээг дагаснаар энэ харилцаагаа хэрхэн сайжруулж болох арга замуудыг бичиж авахад урь. Бичсэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд тэднийг урамшуулан дэмж.
Паулыг боол, эздийн хоорондох харилцааны талаар заасан гэдгийг тайлбарлан, Ефес 6:5–9-ийг нэгтгэн дүгнэ. Шинэ Гэрээний үед боолчлол Ромын эзэнт гүрэн даяар, тэр бүү хэл Сүмийн гишүүдийн дунд ч нийтлэг байсан. Паулын зөвлөгөө боолын ёсыг хүлээн зөвшөөрсөн гэсэн санаа агуулдаггүй.
Ефес 6:10–24
Паул гэгээнтнүүдэд “Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөхийг” зөвлөв
Самбар дээр ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний хэлсэн дараах үгийг бич. (Энэ үгийг “The power of the Word,” Ensign, 1986 оны 5-р сар, 79-өөс олж уншиж болно.) Нэг суралцагчийг энэ үгийг чанга уншихад урь.
-
Сатан ямар ямар арга замаар Сүмийн өсвөр үеийнхний эсрэг дайн хийдэг вэ?
Нэг суралцагчийг Ефес 6:10–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул гэгээнтнүүдийг тухайн үед юуны эсрэг тулалдаж байна гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Заль мэх гэдэг нь хууран мэхлэх, урхиндаа оруулахын тулд ашигладаг арга заль, хууран мэхлэлт гэсэн утгатай.
-
Паул тухайн үеийн гэгээнтнүүд юуны эсрэг тулалдаж байна гэж хэлсэн бэ?
-
12-р шүлэг дээр Паулын жагсаан бичсэн зүйл өнөө үед бидний тулалдаж байгаа зүйлтэй хэр адил байна вэ?
-
Паул тухайн үеийн гэгээнтнүүдэд эдгээр хилэнцийн эсрэг зогсож чадахын тулд юу өмс хэмээн хэлсэн бэ? (Суралцагчдыг хариулах үед самбар дээр Хэрэв бид өөрсөд дээрээ Бурханы бүрэн хуяг дуулгыг авах юм бол хилэнцийг тэвчих боломжтой байх болно гэсэн зарчмыг бич.)
Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—123-р хичээл
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Суралцагч бүрд дараах тараах материалын хуулбарыг өг. Ангийнхныг таван бүлэг болгон хуваарилж, бүлэг бүрд Eфес 6:14–17-д дурддаг Бурханы хуяг дуулгын нэг хэсгийг өг. (“Бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж” [14-р шүлэг] гэсэн хэсгийг оноохгүй. Хэрэв танай анги цөөн суралцагчтай бол та нэг хэсгийг олон бүлэгт оноож болно.)
Дараах асуултуудыг самбар дээр бич.
-
Хуяг дуулгын энэ хэсгийг юунд ашигладаг вэ?
-
Паул хуяг дуулгын энэ хэсгийг юу гэж нэрлэсэн бэ?
-
Хуяг дуулгаар хамгаалагдсан биеийн хэсэг сүнслэг байдлын юуг төлөөлж болох вэ?
-
Сүнслэг байдлын ийм хуяг дуулгыг өмсөх нь хилэнцийг сөрөн зогсоход хэрхэн туслах вэ?
Суралцагчдад тараах материал дээр хэрхэн ажиллахыг харуулахын тулд нэг суралцагчийг Ефес 6:14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, “бэлхүүсээрээ үнэнийг бүслэх”-тэй холбоотой мэдээлэл гарч ирэх үед самбар дээр бичсэн асуултуудын хариултыг олж мэдэн, тараах материал дээрээ бичихийг хүс.
“Бүслэх” бүс гэдэг нь биеийн бэлхүүс хэсгээр бүсэлдэг бүс хэмээн тайлбарла. Суралцагчид дараахтай төстэй хариултуудыг хэлж болно. Тухайлбал: (1) Энэ нь бэлхүүс орчмыг (нөхөн үржихүйтэй холбоотой чухал эрхтнүүдийг) далдалдаг. (2) Үнэн. (3) Бидний ариун явдлыг буюу ёс суртахууны цэвэр байдлыг төлөөлдөг. (4) Авралын төлөвлөгөөний үнэн байдлыг мэдэх нь биднийг ёс суртахууны хувьд илүү цэвэр ариун үлдэхэд урамшуулан дэмжих болно.
Суралцагчдыг бүлгийнхэнтэйгээ Eфес 6:14–18-ыг уншиж, тэдэнд оноосон хуяг дуулгын хэсгүүдэд тохирох тараах материалын энэ хэсгийг бөглөхдөө дараах загварыг дагахад урь. (“Хөлдөө өмс” [15-р шүлэг] гэсэн нь гутал эсвэл хөл хамгаалдаг бусад зүйлийг өмсөх гэсэн утгатай гэдгийг тайлбарла.)
Хангалттай хугацаа өгсний дараа бүлэг бүрээс нэг суралцагчийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Бүлгүүдийг хуваалцсаны дараа суралцагчдыг бүлгийнхнийхээ олж мэдсэн зүйлийг тараах материал дээр тэмдэглэж авахад урь.
-
Яагаад Бурханы бүрэн хуяг дуулгаар өөрсдийгөө хамгаалах нь чухал вэ?
Суралцагчдыг хариулсны дараа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг уншаад, бид хэрхэн Бурханы хуяг дуулгыг өмсөж мөн хүчирхэгждэгийг олж сонсохыг хүс.
ЗурагАхлагч М.Рассэлл Баллард“Би энэхүү сүнслэг хуяг дуулгыг биенд яг таг сууж өгдөг хатуу төмрөн хуяг биш, харин гинжин хэлхээстэй хуяг гэж бодох дуртай. Гинжин хуяг нь хамгаалахын зэрэгцээ бусад хуягаас илүү хөдлөх боломжтой, уян хатан маш олон жижиг хэсгээс бүрдсэн байдаг. Өөрсдийгөө сүнслэг байдлаар хуяглаж болох цор ганц агуу, гайхамшигт зүйл байдаггүй гэдгийг би өөрийн туршлагаар мэддэг учраас ингэж хэлж байгаа юм. Жинхэнэ сүнслэг хүч нь бүхий л хилэнцээс хамгаалдаг сүнслэг хэрмэнд бат суулгагдсан олон жижиг үйлдлээс гарч ирдэг” (“Be Strong in the Lord,” Ensign, 2004 оны 7-р сар, 8).
-
Та өдөр бүр Бурханы хуяг дуулгыг өмсөж, хүчирхэгжихийн тулд юу хийдэг вэ? Энэ нь танд хилэнц, уруу таталт, хууран мэхлэлтийг сөрөн зогсоход хэрхэн тусалж байсан бэ?
Дараах асуултуудыг самбар дээр бичээд, суралцагчдыг хариултуудаа доор нь бичихэд урь.
Та сүнслэг хуяг дуулгынхаа аль хэсгийг хүчтэй гэж үздэг вэ?
Хуяг дуулгын тань аль нь хамгийн сул байна вэ?
Та амьдралдаа сүнслэг хуяг дуулгынхаа хэсэг бүрийг хүчирхэгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй байж болох вэ?
Паул гэгээнтнүүдийг өөрт нь “үг өгөгдөж” (19-р шүлэг), шоронд байхдаа сайн мэдээг зоригтой номлож болохын тулд залбирал өргөөсэй хэмээн гуйж, захидлаа төгсгөсөн гэдгийг тайлбарлан, Eфес 6:19–24-ийг нэгтгэн дүгнэ.
Суралцагчдын Eфес 5–6-аас олж мэдсэн үнэний талаар гэрчлэлээ хуваалц. Суралцагчдыг өнөөдрийн хичээлээр хүлээн авсан өдөөлт бүрийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Eфес 5:25–28; 6:4. “Христ чуулганыг хайрласны адил”
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон нөхрүүдэд гэр бүлээ хэрхэн удирдах талаар зөвлөхдөө Аврагчийн жишээг онцолсон.
“Аврагч Сүмийг хатуу гараар эсвэл эелдэг бусаар удирдаж байсан гэсэн мэдээлэл байхгүй. Түүнчлэн Аврагч Сүмийн хүмүүст хүндэтгэлгүй хандаж эсвэл тэднийг анхааран халамжилж байгаагүй гэсэн мэдээлэл байхгүй. Аврагч Өөрийн зорилгод хүрэхийн тулд хүч хэрэглэн, албадаж байсныг бид мэдэхгүй. Аврагч Сүмийнхэнд заан, дэмжиж, тайтгаруулан, өргөмжлөхөөс өөр бусад зүйл хийж байсан гэсэн мэдээллийг бид хаанаас ч олохгүй билээ” (“To the Fathers in Israel,” Ensign, 1987 оны 11-р сар, 50).
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл Аврагч Сүмийг хайрласны адилаар нөхөр хүний гэр бүлээ хайрлах үедээ үзүүлж болох нөлөөний талаар заасан.
“Христ Сүмийг болон Сүмийн хүмүүсийг маш их хайрладаг байсан учраас тэдний өмнөөс сайн дураараа мөрдлөг хавчлага туулан, доромжлогдож, өвчин шаналал, бие махбодын зовлонг тэвчиж, эцэст нь өөрийн үнэт амийг өгсөн билээ.
Нөхөр хүн өрх гэрийнхэндээ үүний адил хандах юм бол эхнэр нь төдийгүй гэр бүлийн бүх хүн түүгээр удирдуулах болно” (“Home, the Place to Save Society,” Ensign, 1975 оны 1-р сар, 5).
Eфес 6:1. “Эзэн дотор эцэг эхээ дага”
“Паул ‘Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм’ хэмээн айлдсан (Eфес 6:1; тодотгол нэмэгдсэн) бөгөөд тэр даруй ‘Эцэг эхээ хүндэл’ хэмээн нэмж хэлсэн (2-р шүлэг). Тэр үед тэрээр ‘амлалт бүхий эхний тушаал’ хэмээн дүрслэн хэлжээ (Eфес 6:2). Эзэн дотор эцэг эхээ дагах гэдэг нь зөв шударга байдалд тэднийг дагах гэсэн утгатай (Макконки, Doctrinal New Testament Commentary, 2:521). Зөв шударга амьдардаг ямар ч хүүхэд эцэг эх нь зөв шударга эсвэл ёс бус байсан эсэхээс үл хамааран тэдэнд хүндлэл аваачдаг. Үүний эсрэг тал нь ч бас үнэн юм. Ёс бус амьдардаг хүүхэд эцэг эх нь зөв шударга байсан эсэхээс үл хамааран тэднийг шившигт аваачдаг. Тиймээс эцэг эхээ хүндлэх гэдэг нь тэднийг дагах гэсэн утгаар үргэлж илэрхийлэгддэггүй. Харьцангуй цөөн тохиолдолд хүүхдүүдийнхээ шударга бус байдлыг эцэг эхчүүд хүсдэг эсвэл дэмждэг байж болох юм. Хүүхдүүд эдгээр эцэг эхээ дагавал тэдэнд хүндлэл авчрахгүй” (Хуучин Гэрээний суралцагчийн гарын авлага: Эхлэл–2 Самуел [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 131).
Eфес 6:11. “Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс”
Ерөнхийлөгч Харолд Б.Лий Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөхийн ач холбогдлыг тайлбарлахдаа
“Төлөөлөгч Паулын хэлсэн харанхуйн хүчинд хамгийн их автагдаж болохуйц биеийн дөрвөн хэсэг бидэнд байдаг. Бүсэлхий бол ариун журам, ариун явдлын бэлгэдэл. Зүрх нь үйл хөдлөлийн бэлгэдэл. Хөл бол амьдралын зорилго, зорилт. Эцэст нь бидний толгой бол оюун санааны бэлгэдэл юм” (Харолд Б.Лий, Feet Shod with the Preparation of the Gospel of Peace, Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн үг [1954 оны 11-р сарын 9], 2) гэжээ.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл бидний Бурханы хуяг дуулгыг өмсөхөөсөө өмнө хийх ёстой зүйлийн тухай заасан.
“Эгэл хүнээ тайлснаар өмнө нь таарахгүй байсан Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөх боломжтой болгодог! (Eфес 6:11, 13-ыг үзнэ үү)” (“Plow in Hope,” Ensign, 2001 оны 5-р сар, 60).
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Н.Элдон Таннэр Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөхдөө бидний хийж болох зүйлийн талаар
“Хуяг дуулгаа шалга. Хамгаалагдаагүй газар байна уу? Одоо дутаж байгаа хэсэг дээр нэмэх зүйлээ тодорхойл. …
Наманчлалын агуу зарчмаар дамжуулан та амьдралаа эргүүлж, Бурханы хуяг дуулгыг өмсөөд, суралцах, залбирах, Бурханд үйлчлэх шийдвэр гаргах, түүний тушаалуудыг дагах зэргээр эхэл” (“Put on the Whole Armor of God,” Ensign, 1979 оны 5-р сар, 46) гэж заасан юм.