Номын сан
71-р хичээл: Иохан 11


71-р хичээл

Иохан 11

Оршил

Мариа, Марта хоёр ах Лазарыгаа өвчтэй байгаа тухай Есүст хэл хүргүүлэв. Есүс аяллаа хойшлуулж, Лазарыг нас барснаас дөрөв хоногийн дараа тэнд ирэв. Есүс хайр, нигүүлслээр Лазарыг үхлээс босгов. Бурханлаг хүч чадлыг ийнхүү сүр хүчтэй харуулсан нь Есүс бол тэрхүү сонгогдсон Мессиа мөн бөгөөд үхлийг ялах чадалтай гэдгийг онцлон харуулсан юм. Энэхүү гайхамшгийн талаар мэдсэний дараа ахлах тахилчид болон фарисайчууд Есүс, Лазар хоёрыг алахаар хуйвалдсан.

Заах зөвлөмж

Иохан 11:1–46

Есүс Лазарыг үхлээс амилуулав

Суралцагч бүрд жижиг цаас өг. Суралцагчдыг өөрсдөө эсвэл тэдний мэдэх хэн нэгний туулж байсан сорилт бэрхшээлийг уг цаасан дээр бичихэд урь. Суралцагчдыг бичиж байх хооронд тэдний бичсэн зүйлийг нэрийг нь дурдалгүйгээр ангийнхантай хуваалцах тул цаасан дээр нэрээ бичих хэрэггүйг хэл. Цааснуудыг хураан авч, зарим сорилтыг чанга уншиж өг. (Хэрвээ ангидаа цөөхөн суралцагчтай бол суралцагчид тодорхой бэрхшээл туулж байгааг мэдэж болохоос зайлсхийхийн тулд, суралцагчдыг бусдын туулахыг харсан хэд хэдэн сорилт бэрхшээлийг жагсааж бичихийг хүс.)

  • Хүмүүсийн Есүс Христэд итгэх итгэлд тэдэнд тулгарсан сорилтууд ямар ямар арга замаар нөлөөлж болох вэ?

Суралцагчдыг Иохан 11-ээс судалж байхдаа бидэнд сорилт тулгарсан үед Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Иохан 11:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүсийн зарим анд найзад ямар сорилт тулгарсныг олж мэдэхийг хүс.

  • 1-р шүлэгт цэдэглэснээр, Лазарт ямар бэрхшээл тохиолдсон бэ? Энэ нь хэрхэн Мариа, Марта хоёрын хувьд ч гэсэн сорилт байсан байж болох вэ?

  • Лазарын өвчний улмаас Мариа, Марта хоёр юу хийсэн бэ? Хийсэн үйлдэл нь тэр хоёрын талаар юуг илэрхийлж байна вэ?

Есүс Бетанаас нэг өдрийн аяны зайд байдаг Переягийн Бетабара гэдэг газар байсан гэдгийг онцлон хэл (Иохан 1:28; 10:40-ийг үзнэ үү). Тийм учраас, энэ мэдээг Есүст хүргэсэн хүн доод тал нь нэг өдрийг зарцуулж мөн Есүс Бетан руу явахад бас нэг өдөр зарцуулах байсан.

Нэг суралцагчийг Иохан 11:4–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс Лазарын өвчний тухай сонсоод юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.

  • Есүсийн Марта, Мариа, Лазар гуравт хайртай байсныг мэдэж байсан шавь нар нь Есүсийг Лазарын өвчний тухай сонсмогц юу хийнэ гэж бодож байсан бэ? (Бетан руу даруй явж, Лазарыг эдгээх; эсвэл магадгүй Есүс түшмэлийн хүүг холоос эдгээсэн шигээ түүнийг холоос эдгээх байх гэж бодсон [Иохан 4:46–53-ыг үзнэ үү].)

  • Ингэхийн оронд Есүс юу хийсэн бэ?

  • 4-р шүлэгт цэдэглэснээр, Лазарын өвчнөөр дамжуулан, юуг гүйцэлдүүлнэ гэж Есүс хэлсэн бэ?

Бетан нь Иудейн газар нутагт, Иерусалимаас 3.2 километр хүрэхгүй зайд оршдог байсан гэдгийг (Иохан 11:18-ыг үзнэ үү) суралцагчдад сануул. тэр бүс нутгийн иудейчүүдийн удирдагчид Есүсийг алахыг завдаж байсан учраас зарим шавь нь Түүнийг Иудей рүү буцаж явахгүй байхыг зөвлөсөн гэдгийг тайлбарлан (мөн Иохан 10:31–39 болон Иосеф Смитийн Орчуулга, Иохан 11:16 [Иохан 11:16, зүүлт тайлбар a-г үзнэ үү]), Иохан 11:8–10-ыг нэгтгэн дүгнэ. Есүс амьдралынхаа үлдсэн хугацааг Өөрийнхөө ажлыг саадгүй гүйцэлдүүлэхэд зориулна гэдгээ илэрхийлэн хариулсан.

Нэг суралцагчийг Иохан 11:11–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Лазарын байдлын талаар Есүс юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Шавь нар нь Лазарын байдлын талаар Есүсийг юу гэж хэлсэн гэж буруугаар ойлгосон бэ?

  • 15-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Лазарын өвчнийг эдгээхийн тулд тэнд байгаагүйдээ яагаад баяртай байсан бэ? (Суралцагчдыг судар дээрээ “та нарыг итгүүлэхийн тулд” гэдэг үгсийг тэмдэглэх талаар бодоход урь.)

Аврагчийн Бетанд хийх үйлдэл шавь нарынх нь Өөрт нь итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тусална хэмээн Тэр хэлснийг онцлон хэл.

Төлөөлөгч Томас Есүстэй хамт үхэх байсан ч Иудей рүү Өөртэй нь хамт явахад бусад шавиа зоригжуулсан гэдгийг тайлбарлан, Иохан 11:16-г нэгтгэн дүгнэ.

Суралцагчдыг Иохан 11:17-г дотроо уншин, Есүсийг Бетанд ирэхэд Лазар нас бараад, хэд хонож байсныг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхнаас Лазар нас бараад, дөрөв хонож байсан нь ямар утга учиртай болохыг олж сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Ялзрал ид явагдаад эхэлчихсэн байсан; үхэл нь маш тодорхой, бодитой болоод удаж байсан хэрэг. … Иудейчүүдийн хувьд дөрвөн хоногийн хугацаа чухал ач холбогдолтой байсан бөгөөд тэдний уламжлал ёсоор дөрөв дэх өдөр сүнс биеийнхээ хүрээнээс бүрмөсөн, эргэлт буцалтгүй оддог гэж итгэдэг байсан юм” (Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973], 1:533).

  • Иудейчүүдийн хувьд хүн нас бараад дөрөв хонож байгаа нь ямар утга учрыг агуулдаг байсан бэ?

  • Хэрэв та нар Мартагийн эсвэл Мариагийн оронд байсан бол Есүс Лазарыг нас бараад дөрөв хонотол ирэхгүй байвал юу бодох эсвэл мэдрэх байсан бэ?

Цөөн суралцагчийг Иохан 11:18–27-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас Марта энэ сорилтын талаар Есүст юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

Суралцагчдаас уншихыг хүсэхийн оронд Аврагч, Марта хоёрын хооронд өрнөсөн энэ яриаг Есүс Христийн амьдрал Библийн видео бичлэгүүд-ээс “Лазарыг үхлээс амилуулав” видео бичлэгээс үзүүлж болно [цагийн код 2:02–3:35]. Энэ видео бичлэгийг LDS.org вэбсайтаас үзэх боломжтой.

  • 21–27-р шүлэг дэх ямар үг Марта энэ сорилтын туршид Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхийг сонгосон гэдгийг харуулж байна вэ? (Хэрэв та видео бичлэгийг үзүүлсэн бол, суралцагчдад эдгээр шүлгийг давтан харахад зориулан нэг минутыг өгч болно.)

  • Мартагийн хэлсэн ямар үг та нарт гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Яагаад?

  • Сорилт тулгарсан үед юу хийж болох талаарх Мартагийн үлгэр жишээнээс бид юу сурч чадах вэ? (Суралцагчид Бид сорилттой тулгарсан үедээ Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхээр сонгож чадна гэсэнтэй адил нэг зарчмыг тодорхойлж болно.)

Суралцагчдын анхаарлыг Иохан 11:25–26-д хандуул. “Хэзээ ч үхэхгүй” (Иохан 11:26) гэдэг үгс нь хоёр дахь буюу сүнслэг үхлийг эсвэл Бурханы хаант улсаас тусгаарлагдахыг хэлж байгаа юм гэдгийг тайлбарла.

  • Бид Аврагчийн Мартад хэлсэн үгнээс ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид Есүс Христ бол Амилалт ба Амьдрал мөн; Хэрэв бид Есүс Христэд итгэх юм бол мөнх амьдрал хүлээн авч чадна гэсэнтэй адил үнэнийг тодорхойлж болно.)

Цөөн суралцагчийг Иохан 11:28–36-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас Мариа Есүст юу гэж хэлснийг, Тэр түүнд хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс. Та эдгээр шүлгэн дэх “гүнээ шаналж” гэдэг нь ихэд гашуудан, зовсон гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж өгч болно.

Суралцагчдаас уншихыг хүсэхийн оронд эдгээр шүлэгт гарч буй үйл явдлыг “Лазарыг үхлээс амилуулав” видео бичлэгээс үзүүлж болно [цагийн код 3:36–4:50].

  • Мариагийн 32-р шүлэгт хэлсэн үг түүний Аврагчид итгэх итгэлийг хэрхэн харуулж байна вэ?

  • Мариа болон түүнтэй хамт байсан хүмүүс уйлахыг хараад Есүс яасан бэ?

  • Та нар Есүсийг яагаад уйлсан гэж бодож байна вэ?

Суралцагчдыг Иохан 11:37-г дотроо уншин, зарим хүн Есүсийг Лазарын төлөө юу хийж чадах байсан гэж бодож байсныг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Цөөн суралцагчийг Иохан 11:38–46-г ээлжлэн чанга уншихад урь. Аврагч дараа нь юу хийснийг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

Суралцагчдаас уншихыг хүсэхийн оронд эдгээр шүлэгт гарч буй үйл явдлыг “Лазарыг үхлээс амилуулав” видео бичлэгээс үзүүлж болно [цагийн код 4:51–7:51].

  • 40-р шүлэгт тэмдэглэснээр, Лазарын булшны хадыг холдуулах талаар Мартаг эргэлзсэний дараа Есүс түүнд юу гэж сануулсан бэ?

  • Энэ амлалт хэрхэн гүйцэлдсэн бэ? (Та, Лазарыг үхэгсдээс амилуулаагүй бөгөөд тэр үхэшгүй байдалд ороогүй; түүний сүнслэг биеийг бие махбодтой нь буцааж нийлүүлсэн боловч бие махбод нь мөнх бус хэвээрээ байсан юм гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно.)

Нэг суралцагчийг ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Аврагч Лазарыг үхлээс босгосноор биелүүлсэн нэг чухал зорилгыг олж сонсохыг ангийнхнаас хүс.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Тэр бүх цаг хугацааны хамгаас агуу болох сургаалаа онцлохын тулд бэлтгэл хийж байсан юм: Тэр бол амилалт ба амь бөгөөд үхэшгүй байдал болон мөнх амьдрал түүгээр дамжиж ирнэ мөн түүний үгийг дагадаг хүмүүс сүнслэг байдлын хувьд хэзээ ч үхэхгүй” (Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973], 1:531).

  • Энэ гайхамшиг нь Аврагчийн Амилалтыг хэрхэн урьдаас бэлгэдэн харуулсан бэ?

  • Энэ гайхамшиг нь үхэшгүй байдал, мөнх амьдралыг өгч чадах Түүний хүч чадлыг хэрхэн харуулсан бэ?

  • Бид Аврагчийн үхэшгүй байдал, мөнх амьдралыг өгөх хүчийг ойлгосноор хэрхэн адислагдаж чадах вэ?

Марта, Мариа хоёр бүр эхнээсээ Лазарыг өвчтэй байхад Есүс рүү хүн илгээж, Лазарыг үхсэнээс хойш ч гэсэн Түүнд үргэлжлүүлэн найдаж, итгэж байсан гэдгийг ангийнханд сануул. Хэрэв бид сорилтынхоо үед Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхээр сонгох юм бол … гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.

  • Та нар Иохан 11-ээс мэдсэн зүйлс дээрээ үндэслэн энэ зарчмыг хэрхэн гүйцээх вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх өгүүлбэрийг Хэрэв бид сорилтынхоо үед Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхээр сонгох юм бол бидний Түүнд итгэх итгэл батлагдаж, улам гүнзгийрнэ гэсэнтэй адилаар гүйцээж бич.)

Зарим хүн Есүс яагаад Лазарыг үхүүлэхгүй байж чадаагүй юм бол гэж бодож байсан ч (37-р шүлгийг үзнэ үү), Есүс Лазарыг үхээд дөрөв хонотол Бетанд ирэхээ азнаж байсан (17-р шүлгийг үзнэ үү) гэдгийг суралцагчдад сануул.

  • Лазарыг үхээд дөрөв хоносны дараа түүнийг амилуулах нь Есүсийн шавь нар ба Марта, Мариа нарын Аврагчид итгэх итгэлийг хэрхэн бататгаж, улам бүр гүнзгийрүүлж болох вэ? (Есүс Лазарыг нас бараад, дөрөв хоносны дараа үхлээс босгосноор үхлийг дийлэх хүч чадалтай гэдгээ иудейчүүдээр үгүйсгэгдэж эсвэл ташаа тайлбарлагдах аргагүйгээр харуулсан юм.)

  • Та нар хэзээ сорилтод орсон үедээ Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхээр сонгож мөн үүний үр дүнд та нарын Түүнд итгэх итгэл батлагдаж эсвэл гүнзгийрч байсан бэ?

Суралцагчдыг өөрсдийн туулж байгаа эсвэл туулж болох сорилтуудын үед Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийг сонгоход туслах юуг хийхээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

Иохан 11:47–57

Ахлах тахилчид ба фарисайчууд Есүсийг алахаар хуйвалдав

Нэг суралцагчийг Иохан 11:47–48-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс Лазарыг үхлээс амилуулсан тухай мэдээг хүлээн авсны дараа ахлах тахилчид болон фарисайчууд хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Ахлах тахилч Каиаф бүх үндэстнээрээ ромчуудад эзлэгдэж устгагдахгүйн тулд Есүс үхэх нь дээр гэж ухуулж байсныг тайлбарлан, Иохан 11:49–57-г нэгтгэн дүгнэ. Мөн Тэрээр Есүсийн үхэл нь Бурханы хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж болох тухай санамсаргүй бошиглосон. Иудейн удирдагчид Есүсийг үхэлд хүргэхээр шийдсэн бөгөөд Түүний хаана байгааг мэдэж байгаа хүмүүс тэдэнд мэдэгдэж, Түүнийг баривчлахад туслах ёстой гэжээ.

Энэ хичээлээр ярилцсан үнэний тухай гэрчилснээр дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иохан 11:11. “Лазар унтжээ”

Аврагч Лазарын үхлийг унтаж байна хэмээн хэлсэн. Унтах гэдэг нь үүнд тохирохуйц зүйрлэл юм. Учир нь бүх мөнх бус хүн бүгд унтдаг, унтах бол түр зуурын нөхцөл байдал бөгөөд бид нойрноос сэрдэг, унтаж авсны дараа бие шинэчлэгдсэн байдаг. Үүний адилаар, мөнх бус хүмүүс бүгд үхэх ёстой байдаг, үхэл бол түр зуурын нөхцөл байдал бөгөөд биднийг амилуулагдахад дуусдаг мөн Амилуулалтаар бидний бие шинэчлэгддэг.

Есүст Лазарыг өвчтэй байна гэсэн мэдээ хүрэх үед Лазар аль хэдийн нас барчихсан байсан байж болох юм. Есүсийн Переяд байсан газраас Бетан хүрэхэд ойролцоогоор нэг өдрийн аян хийх байсан (Иохан 10:40-ийг үзнэ үү). Есүс замд гарахаас өмнө хоёр хоног хүлээгээд, дараа нь замдаа нэг бүтэн өдөр өнгөрүүлсний дараа Бетанд Лазарыг үхээд 4 хонож байхад ирсэн юм.

Иохан 11:43–44. Лазарыг үхлээс амилуулахад чухал зорилгууд биелүүлэгдсэн

“Лазарыг үхлээс амилуулсан нь түүхэнд тохиолдсон хамгийн гайхалтай гайхамшгуудын нэг юм. Энэхүү гайхамшгийг үйлдэхийн өмнө Аврагч хоёр өөр хүнийг буюу Иайрын охин (Лук 8:41–42, 49–56-г үз), Найны бэлэвсэн эмэгтэйн хүү хоёрыг амилуулсан (Лук 7:11–17-г үзнэ үү). Гэвч Лазарыг амилуулсан нь дээрх хоёр гайхамшгаас ялгаатай байсан бөгөөд чухал зорилготой байсан гэдгийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки тайлбарласан юм. Тухайлбал:

“‘Харин “бидний анд Лазар” бол өөр байсан юм. … Энд хоёр шалтгаан тод харагдаж байна. (1) Бидний Их Эзэн мөнх бус амьдрал дахь тохинууллынх нь төгсгөл ойртох тусам Мессиа, тэнгэрлэг Хүү болон Бурханы төрсөн Хүү мөн болох тухай няцаах аргагүй байдлаар дахин дахин гэрчилж байлаа; (2) Тэр амилалт, амь бөгөөд үхэшгүй байдал ба мөнх амьдрал Өөрөөр нь дамжиж ирнэ гэдгийг мөн өөрт нь итгэж, өөрийнх нь үгийг дагадаг хүмүүс сүнслэг байдлын хувьд хэзээ ч үхэхгүй гэсэн хамгийн агуу сургаалуудынхаа нэгийг сүр хүчтэй дүрслэн харуулахад бэлтгэж байлаа’ (Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973], 1:530–531)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он], 236).

Лазарыг үхлээс амилуулсан нь Есүс бол иудейчүүдийн хувьд Мессиатай холбоотой нэр алдар болох Бурханы Хүү үнэхээр мөн байсан гэдгийн нотолгоо болсон ( Дуулал 2:7; Иохан 11:41–42-ыг үзнэ үү).

Иохан 11:25. “Би бол амилалт ба амь мөн”

Аврагч “Би бол амилалт ба амь мөн” хэмээн хэлэхдээ Өөрийнхөө бурханлаг мөн чанар ба хүч чадлын тухай тунхаглажээ. Энэ мэдэгдлээр Есүс Өөрийнх нь бодгаль амилалт ба мөнх амьдралыг төлөөлдөг гэдгийг зааж өгсөн. Тэр бол амилуулалт ба мөнх амьдралын эх үүсвэр бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд эдгээр нь боломжтой байгаагийн шалтгаан юм. “Амилалтын түлхүүрүүд нь бидний Их Эзэн Багшид маань аюулгүй хадгалагдаж байгаа” гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон тайлбарласан (“Life after Life,” Ensign, 1987 оны 5-р сар, 10).

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон яагаад амилалтын хүч Аврагчид байсан талаар тайлбарлахдаа

“Тэр бол Амилалт ба Амь. (Иохан 11:25-ыг үзнэ үү.)

Түүний Өөрийгөө амилуулах энэ хүч Есүс Христ Бурхан—-бүр Бурханы Хүү байсан учраас боломжтой байсан юм. Тэр үхлийг дийлэх хүчтэй байсан учраас бүх хүн төрөлхтөн амилуулагдах болно. ‘Яагаад гэвэл би амьд байна, та нар ч амьд байна’ гэжээ (Иохан 14:19.)” (“Jesus Christ: Our Savior and Redeemer,” Ensign, 1983 оны 11-р сар, 7).

Есүс Христ сүнснээс амилахыг боломжтой болгосноор амьдрал өгдөг (Иохан 3:3–5-ыг үзнэ үү) бөгөөд бусдыг Түүний мөнх амьдралд хүрэх амийн замаар амьдрахад хүчирхэгжүүлдэг (Иохан 14:6-г үзнэ үү). Сүнсээр дахин төрсөн болон Аврагчийг үнэнчээр дагадаг хүмүүс гэм нүглийнхээ уучлалыг хүлээн авах бөгөөд тэдний зүрх сэтгэл яваандаа нүглээс цэвэршигддэг. Хэрвээ тэд амьдралынхаа эцсийг хүртэл үнэнчээр үргэлжлүүлбэл “амийн амилалт”-д ирнэ (Иохан 5:29), өөрөөр хэлбэл, тэд мөнх амьдралыг хүлээн авах болно. Энэ бүгд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болсон.