Гэрээр судлах хичээл
Лук 18–Иохан 1 (12-р бүлэг)
Оршил
Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийн тухай өөрсдөд нь зааж өгөх Ариун Сүнсийг хэрхэн урихыг ойлгоход тусална. Түүнээс гадна тэд Есүс Христ бол мах, ясан биетэй амилсан нэгэн гэдгийг мэдэж авах болно.
Заах зөвлөмж
Лук 24:13–32
Амилсан Их Эзэн Еммау орох зам дээр хоёр шавьтайгаа ярив
Суралцагчдаас сайн мэдээний ямар нэгэн ойлголт үнэн гэдгийг мэдэхэд хэцүү байсан эсэх талаар тунгаан бодохыг хүс.
Бид Лук 24:13-аас эмэгтэйчүүд Есүсийн булш хоосон байгааг мэдсэн тэр өдөр шавь нараас хоёр нь Иерусалимаас явсан гэдгийг мэдэж авдаг болохыг тайлбарла. Тэд 6–7.5 милийн (10–12 километр) зайтай “Еммау хэмээх тосгон руу” явж байжээ. Тэдэнд Еммау орох замд тохиолдсон явдлыг судлах нь бидэнд Есүс Христ болон Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлэхийг мэдэхэд тусалж чадна.
Нэг суралцагчийг Лук 24:14–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, хоёр шавийг аян замдаа явж байхад нь хэн аянд нэгдсэнийг олж мэдэхийг хүс.
-
Тэднийг Еммау руу явж байхад хэн тэдэнтэй нэгдсэн бэ?
-
Шавь нар нь яагаад Есүсийг таниагүй вэ? (Лук 24:16-д гарч байгаа халхлагдаж гэсэн үг нь таглагдсан, хучигдсан гэсэн утгатай болохыг тайлбарла.)
Суралцагчдыг Лук 24:17–33-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, шавь нар нь Есүсийг хэн болохыг танилгүй хамт алхахдаа юу сурсныг нь олж мэдэхийг хүс.
-
Есүс шавь нартаа юу заасан бэ?
-
Тэр Өөрийнхөө тухай заахын тулд ямар хэрэгсэл хэрэглэсэн бэ? (Судрууд.)
-
32-р шүлэгт шавь нарынх нь зүрх тэдний дотор шатаж байсан гэдэг нь ямар утгатай вэ? (Судрууд дахь Есүсийн тухай сургаал нь үнэн байсныг Ариун Сүнс гэрчилж байсан.)
Суралцагчдыг Есүс шавь нартаа Өөрийнхөө хэн гэдгийг илчлэн хэлэхийн оронд судруудыг ашиглан сургаснаар тэд юу сурсан байж болох тухай тунгаан бодоход урь. Та цөөн суралцагчаас бодлоо хуваалцахыг хүсэж болно.
-
Эдгээр шүлэг нь бидэнд судруудаас судлах нь ямар үр нөлөөтэй тухай ямар зарчмыг зааж өгч байна вэ? Суралцагчдыг хариулсны дараа Бид судруудаас судлахдаа Ариун Сүнсийг Есүс Христийн талаар бидэнд гэрчлэхэд урьдаг гэсэн зарчмыг бич.
-
Зүрх маань бидний дотор шатахаас гадна Ариун Сүнс Есүс Христийн талаар гэрчлэхэд бид өөр юу мэдэрч болох вэ?
Өөрсдөд нь Есүс Христийн талаар Ариун Сүнс зааж байхыг мэдрэхэд тусалсан судрын хэсгийг олохыг суралцагчдаас хүс. Тэднийг судрын хэсгээ мөн ямар үр нөлөө мэдэрсэн тухайгаа хуваалцахад урь. Та бас өөрийн тань амьдралд нөлөөлж, тусалсан судруудаас хуваалцаж болно.
Суралцагчдад семинарын оноо авахын тулд Шинэ Гэрээг унших нь чухал хэдий ч Аврагчийн талаарх гэрчлэлээ бэхжүүлэхийн тулд Ариун Сүнсийг урьдаг арга замаар судраас суралцах нь бүр ч их чухал болохыг сануул.
Хэрэв боломжтой бол, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн үгийг буулгасан хавчуургыг суралцагчдад өг эсвэл суралцагчдыг уг мэдэгдлийг цэвэр цаасан дээр эсвэл номын хавчуурга болж болох хатуу цаасан дээр бичихэд урь. (Хэвлэн авч болох хэд хэдэн хавчуургатай PDF файл уг хичээлийн онлайн хувилбарт өгөгдсөн байгаа.)
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—Гэрээр судлах хичээл (12-р бүлэг)
ЗурагАхлагч Д.Тодд Кристоффэрсон“Бүх судрын үндсэн зорилго бол бидний бодгалийг Бурхан Мөнхийн Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэлээр дүүргэх явдал мөн. …
… Итгэл нь бид Бурханы үгийг сонсох юм уу уншсанаар Ариун Сүнс бидний оюун санаанд мөн Сүнснээс сүнсэнд гэрчилснээр ирдэг билээ. Бид үгийг шимтэн судлахаа үргэлжлүүлсэн үед итгэл өсөн хөгждөг. …
… Судруудыг шаргуу, хичээнгүй судал. Түүний талаар тунгаан бодож, залбир. Судрууд бол илчлэлт бөгөөд илүү их илчлэлтийг өгөх болно” (Судрын адислал,” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 37).
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Нэг суралцагчийг ахлагч Кристоффэрсоны уг мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, хувиараа судраас судлахаа хэрхэн сайжруулж болох арга замуудыг олж мэдэхийг хүс.
Суралцагчдыг Ариун Сүнсийг урьж, Есүс Христэд итгэх итгэл, мэдлэгээ хөгжүүлэх арга замаар судруудаас судлах зорилт тавихад урь. Тэднийг уг зорилтоо номын хавчуургынхаа ар талд, судраас судлахад нь сануулга болохын тулд бичиж авахыг санал болгож болно.
Лук 24:36–39
Есүс шавь нартаа үзэгдэж, тэдэнд амилсан биеэ үзүүлэв
Еммау орох замд Есүстэй хамт алхсан шавь нар нь тэр даруй Иерусалим руу буцаж, төлөөлөгчид болон бусад шавьд юу тохиолдсон туршлагаасаа ярьж өгсөн гэдгийг тайлбарла (Лук 24:33–35-ыг үзнэ үү).
Судраас төгс эзэмших хэсэг болох Лук 24:36–39-ийг хамтдаа чанга уншихад ангийнхныг урьж, шавь нар тохиолдсон туршлагаа бусад шавь нарт ярьж байхад нь юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.
-
Тухайн шавь нар өөрсдөдөө тохиолдсон туршлагын тухай ярьж өгч байхад юу тохиосон бэ?
Есүс шархаа үзүүлсэн нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 60; мөн LDS.org-оос үзнэ үү).
-
Есүс Өөрийгөө зүгээр нэг сүнс биш, бодит бие махбодтой гэдгийг тэдэнд ойлгуулахын тулд шавь нараа юу хийхэд урьсан бэ?
-
Бид эдгээр шүлгээс ямар сургаалыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөр сургаалыг тодорхойлж болох боловч Есүс Христ бодит бие махбодтой амилсан бие юм гэдгийг онцлоход анхаар. Энэ сургаалыг самбар дээр бич мөн С ба Г 130:22-ыг үзнэ үү.)
Цөөн суралцагчийг Аврагчийн Амилалтын талаар гэрчлэлээ хуваалцахад мөн уг сургаал яагаад тэдэнд чухал болохыг тайлбарлахад урь эсвэл судраас суралцах өдрийн тэмдэглэл дээрээ 12-р хичээл: 3 дахь өдрийн хичээлийн 3-р даалгаврын хүрээнд юу бичиж авснаа хуваалцахад урь. Есүс Христийн Амилалт нь бодит юм гэдэг талаар гэрчлэлээ хуваалцаж, хичээлийг дуусга.
Дараагийн бүлэг (Иохан 2–6
Суралцагчдад Иохан 2–6-г судалж байхдаа дараах асуултын хариултуудыг олж мэдэх болно гэдгийг тайлбарла. Тухайлбал: Есүсийн олон түмний өмнө анх үйлдсэн гайхамшиг юу байсан бэ? Тэрээр эхдээ хэрхэн тусалсан бэ? Тэр яагаад ариун сүмийг цэвэрлэсэн бэ? Есүс хэнд анх удаа Өөрийгөө Мессиа мөн гэдгийг тунхагласан бэ? Тэр эмэгтэйн амьдралын талаар зөвхөн Тэр л мэдэж чадах ямар зүйлийг илчилсэн бэ? Аврагч яагаад Өөрийгөө амийн ус болон Амьдралын талх гэсэн бэ? Суралцагчид мөн Есүсийг сүр хүч, хүч чадалтайгаар тохинуулсан тухай унших болно.