Паулын тесалоникчуудад бичсэн хоёр дахь захидлын оршил
Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?
Паул тесалоникчуудад бичсэн хоёр дахь захидалдаа Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаарх тодорхой зүйлсийг буруу ойлгосон Сүмийн гишүүдэд зориулан зөвлөмж, тайлбар бичжээ. Түүний заасан зүйлсийг судалснаар суралцагчид Урвалтын мөн чанарыг ойлгож, Их Эзэнийг ирэхэд хэрхэн зүй ёсоор бэлтгэхээ мэдэж авах болно.
Хэн энэ номыг бичсэн бэ?
Паул 2 Тесалоник номыг бичжээ (2 Tесалоник 1:1; мөн 2 Tесалоник 2:5; 3:17-г тус тус үзнэ үү). Мөн уг номын эхэнд Силас, Тимот хоёрын мэндчилгээ байдаг (2 Tесалоник 1:1).
Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?
Ойролцоогоор МЭ 50–51 оны үед “Паул номлолынхоо хоёр дахь аяллын үед Коринтоос тесалоникчуудад хандан уг захидлуудыг бичжээ” (Судруудын удирдамж, “Паулын захидлууд,” scriptures.lds.org).
Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?
Паул 2 Тесалоник номыг Тесалоникийн Сүмийн гишүүдэд зориулан бичсэн. 1 Тесалоник, 2 Тесалоник номнууд хоорондоо ихэд төстэй байдаг нь Паул 2 Тесалоник номыг эхний номыг дэлгэрүүлэн тайлбарлахын тулд бичсэн болохыг харуулдаг. Тесалоникчууд Паулын гэх хуурамч захидал хүлээн авсан бөгөөд тэрхүү захидал нь Хоёр дахь ирэлт аль хэдийн болсон гэдэгт зарим хүнийг итгэхэд хүргэжээ (2 Tесалоник 2:2-ыг үзнэ үү).
“Энэхүү хоёр номын хоорондох богино хугацаанд Сүм хавчлагад өртсөн (2 Tесалоник 1:4); Их Эзэн үтэр түргэн ирнэ гэж горьдсоны улмаас хэвийн бус сэтгэл хөдлөл үүссэн (2:2)” (Библийн толь бичиг, “Паулын захидлууд”). Паул 2 Тесалоник номыг тэр гишүүдийн итгэлийг хүчирхэгжүүлж, сургаалын талаарх буруу ташаа ойлголтыг нь засаж залруулахын тулд бичсэн.
Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?
Тесалоникчуудад бичсэн хоёр дахь захидал нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн тухай чухал зүйлсийг өгүүлдэг. Тэдгээрээс заримыг нь дурдвал, Их Эзэн “дүрэлзэх гал” дотор эргэн ирж, ёс бусчууд “мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй[гаас] сална” гэсэн санаа юм (2 Tесалоник 1:7–9).
Энэ номноос бид Паул мөн Их Эзэний Хоёр дахь ирэлтийн өмнө Сүм сайн мэдээнээс “салах” тухай зааж, Их урвалтын тухай бошиглосон болохыг уншдаг (2 Tесалоник 2:2–12-ыг үзнэ үү). Паулын Урвалтын талаар заасан зүйлс орчин цагийн Сүмийн гишүүдэд сайн мэдээний хожмын үеийн сэргээлт яагаад шаардлагатай байсныг сануулдаг.
Тойм
2 Tесалоник 1 Паул Тесалоникийн гэгээнтнүүдтэй мэндчилж, тэднийг сайшаан магтдаг. Тэрээр бурханлаг бусчууд Хоёр дахь ирэлтийн үед Их Эзэний өшөө авалтыг амсах болно хэмээн заадаг.
2 Tесалоник 2 Паул Хоёр дахь ирэлт аль хэдийн тохиосон гэх худал хуурмаг санааг засаж залруулан, Их Эзэнийг ирэхээс өмнө урвалт болно хэмээн бошиглодог. Тэрээр Тесалоникийн гэгээнтнүүдийг итгэлтэй хэвээр үлдэхэд зоригжуулдаг.
2 Tесалоник 3 Паул Сүмийн гишүүдийг өөрсдийн материаллаг хэрэгцээг хангахын тулд ажиллаж, сайныг үйлдэхээс бүү зүрхшээ хэмээн зөвлөдөг.