Паулын тесалоникчуудад бичсэн анхны захидлын оршил
Энэ номыг яагаад судлах хэрэгтэй вэ?
Тесалоникчуудад бичсэн анхны захидал нь Паулын мэдэгдэж буй захидлуудаас хамгийн анхных нь гэж тооцогддог бөгөөд Шинэ Гэрээний хамгийн эртний ном байх магадлалтай. Энэ номд Паулын заасан зүйлс Есүс Христийн дагалдагчид Түүнийг ирэхээс өмнө амсах зовлон зүдгүүр (1 Tесалоник 3:3-ыг үзнэ үү), Хоёр дахь ирэлтийн үеийн Христийн шашинтнуудын амилуулалт (1 Tесалоник 4:13–14-ийг үзнэ үү), Христийн Хоёр дахь ирэлтийн цаг хугацаа (1 Tесалоник 5:1–2-ыг үзнэ үү) зэрэг Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн тухай байдаг. Суралцагчид энэ номыг судалж байхдаа Хоёр дахь ирэлтийн тухай мэдэж, Их Эзэнд итгэлтэй хэвээр үлдэх урам зоригийг олж авах болно.
Хэн энэ номыг бичсэн бэ?
Паул 1 Tесалоник номыг бичжээ (1 Tесалоник 1:1; мөн 2:18-ыг тус тус үзнэ үү).
Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?
Ойролцоогоор МЭ 50–51 оны үед “Паул номлолынхоо хоёр дахь аяллын үед Коринтоос тесалоникчуудад хандан уг захидлуудыг бичжээ” (Судруудын удирдамж, “Паулын захидлууд,” scriptures.lds.org).
Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?
Паул 1 Тесалоник номыг Тесалоникийн Сүмийн гишүүдэд зориулан бичсэн. Тесалоник бол эртний Грекийн хаант улс Македоны хамгийн их хүн амтай, хөгжин цэцэглэсэн хот байсан нь уг хот Эгийн тэнгисийн хамгийн сайхан эрэг дээр байгуулагдсан бөгөөд Ром болон Ази тивийг холбосон гол худалдааны замд байрладаг гэсэн хоёр чухал онцлогтой нь холбоотой юм.
Паулын номлолын хоёр дахь аяллын үеэр Сүнс Паулыг болон түүний хамтрагчид болох Силас, Тимот, Лук нарыг Эгийн тэнгисийг гатлан Македон руу аялахад удирдан чиглүүлжээ (Үйлс 16:6–12-ыг үзнэ үү). Энэхүү үйл явдал Европ тивд сайн мэдээний номлолыг эхлүүлсэн. Филиппойд номлосныхоо дараа (Үйлс 16:12–40-ийг үзнэ үү) Паул, Силас хоёр Тесалоник руу аялсан.
Паул, Силас хоёр Тесалоникт ажилласан боловч тэднийг иудей эрх баригчид хотоос хүчээр хөөн гаргажээ (Үйлс 17:1–9-ийг үзнэ үү). Дараа нь Тесалоникийн гэгээнтнүүд хавчлагыг үл хайхран, итгэлтэй хэвээр үлдсэн бөгөөд тэдний зөв шударга нөлөө тархаж байгааг Тимот Паулд хэлжээ (Үйлс 18:5; 1 Tесалоник 1:7–8; 3:6–8-ыг үзнэ үү).
Тесалоникийн хөрвөгчид сайн мэдээг хүлээн авсан анхны европчуудын нэг хэсэг байсан бөгөөд үүнийхээ улмаас тэд хавчлагад өртсөн байна. Тэдэнд мөн Хоёр дахь ирэлтийн талаар олон асуулт байсан. Тиймээс Паул тесалоникчуудад бичсэн захидалдаа урам зориг, хүч чадал өгөх үгс бичин, Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаарх тэдний асуултуудад хариулжээ.
Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?
Паулын тесалоникчуудад бичсэн анхны захидлын гол сэдвүүдийн нэг нь Хоёр дахь ирэлт юм. Тэрээр Хоёр дахь ирэлтийн үйл явдлуудад зөв шударга хүмүүс, ялангуяа урьд нь нас барсан гэгээнтнүүдийн оролцооны тухай голчлон өгүүлдэг (1 Tесалоник 2:19; 3:13; 4:13–17; 5:1–10-ыг үзнэ үү). Паулын бусад захидлыг бодвол 1 Тесалоник номонд хурц тод буруушаалт зэмлэл байдаггүй бөгөөд харин Тесалоникийн гэгээнтнүүдэд хандсан магтаал сайшаал байдаг.
Тойм
1 Tесалоник 1–3 Паул Тесалоникийн гэгээнтнүүдэд гүн талархлаа илэрхийлдэг. Тэрээр уншигчдад тэдний дунд хийсэн чин сэтгэлийн үйлчлэлээ сануулж, тэдний итгэлтэй байдалд баярлаж буйгаа илэрхийлдэг. Тэр гэгээнтнүүдийг бие биенээ болон бусад бүх хүнийг хайрлахыг урамшуулдаг.
1 Tесалоник 4–5 Паул гэгээнтнүүдийг цэвэр ариун байж, өөрсдийгөө ариусгахыг тушаадаг. Тэрээр Их Эзэнийг дахин ирэхэд Христийн талаарх гэрчлэлдээ итгэлтэй байсан, нас барсан болон амьд байгаа гэгээнтнүүд амилж, Их Эзэнтэй уулзана гэдгийг тайлбарласан. Христийн ирэх өдөрт бэлтгэж, сонор сэрэмжтэй байхыг төлөөлөгч Сүмийн гишүүдэд сануулсан.